Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 25

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга О.Болормаа,

Улсын яллагч Д.Цолмон,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр, Т.Баярцэнгэл,

Шүүгдэгч Д.Ганзориг, Б.Доржхорлоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэг, 181.2.5 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Ганзориг, Б.Доржхорлоо нарт холбогдох 201525013047 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн  тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 10-624А тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзагдсан, Боржигон овогт Даваадоржийн Ганзориг /Регистрийн дугаар: УХ 89120173/;

 

          2. Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн  тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 2-96 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 344 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дах хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны

 

 1 дүгээр  шүүхийн  2015  оны  05  дугаар  сарын  01-ний өдрийн 563 дугаар шийтгэх

тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай пардамент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дах заалтаар хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хамааруулж хэрэгсэхгүй болгогдсон, Сартуул овогт Батхоролын Доржхорлоо /Регистрийн дугаар: УУ 92012334/;

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

          Д.Ганзориг, Б.Доржхорлоо нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны шөнө 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэт байрлах “Скай” их дэлгүүрийн урд талын талбай дээр бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, шалтаг шалтгаангүйгээр иргэн Г.Тэмүүлэнгийн эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

          Хохирогч Г.Тэмүүлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “... Даваасүрэнгийн хамт Sky их дэлгүүрийн ертөнцийн зүгээр баруун талын талбай дээр ирсэн. Даваасүрэнгийн уулзах гэж байсан хүн нь тэнд байсан бөгөөд Даваасүрэн миний машиныг барин нөгөө хүмүүс дээрээ очсон. Очтол Даваасүрэнгийн найз 4 хүн байсан ба Даваасүрэн бууж гар барин мэндэлсэн. Би автомашинаасаа буусан чинь Даваасүрэн миний машинд буцаж суугаад нэг удаа эргэсэн. Тэгэхээр нь би явж очоод чи болио, би баръя гээд хажуу талд нь суусан. Тэгсэн цаанаас нэг ах ирээд Даваасүрэнг машинаас татаж гаргахаар нь би машинаас буусан чинь намайг нэг намхан биетэй залуу чи хэн юм бэ гэж асуухаар нь би найз нь байна гэсэн чинь би ч гэсэн найз нь байна гэж хэлсэн. Тухайн үед миний машины хаалга онгорхой байсан бөгөөд нөгөө залуу миний явах замыг хаачихсан байсан. Тэгсэн хажуу талаас өөр нэг танихгүй залуу цохиод авсан. Тэгтэл эхэлж надаас юм асуугаад байсан залуу шууд миний амруу нэг удаа гараараа цохисон. Даваасүрэн муудалцаад байсан залуутайгаа цаанаас ирээд 2 найзыгаа цаашаа авсан. ....Уг хоёр залуу хоёулаа намайг цохисон. Найз охинтойгоо явж байсан өндөр биетэй залуу нь баруун талын шанааруу нэг удаа цохисон. Харин намхан биетэй, урт үстэй, саравчтай малгайтай залуу нь миний шүд рүү нэг удаа гараараа цохисон. Тэр хоёр залуу болон түүний найз надаас уучлал гуйсан. ....Миний биед учирсан баруун дээд 1-р шүдний хугарал гэмтлийг миний ам руу цохиосон Даашка гэх залуу учруулсан. Харин баруун шанаа руу Ганзориг цохисон. ...Би Даашка гэх залууг урьд нь огт харж байгаагүй тэр өдөр анх таарсан. Бид 2-ын дунд ямар  нэгэн таарамжгүй харьцаа, өр авлага,  өс  хонзонгийн харьцаа байхгүй.”

 гэсэн мэдүүлэг /хх.80-81/,

         

          Гэрч Г.Баасанжавын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “...2015.11.30-ны орой ажил дээрээ байхад найз Ганзориг ярин миний төрсөн өдөр чи ирэх үү гэж асуусан. Би 22 цагт Ганзоригийн байгаа газар очсон. Ганзориг “Оффис” нэртэй караокед эхнэр, Даашка, Тэмүүжин нарын хамт байсан. Намайг ороход 0,75л Болор архийг талд нь ортол уусан байсан. Би ороод 5-10 минут хамт сууж байгаад бүгдээрээ гарсан. Ганзоригийн эхнэр утсаар нэг хүнтэй яриад байсан. Караокенээс гарсны дараа Тэмүүжин бүгдийг нь хүргэж өгий гэтэл Ганзориг дрифт хийе гээд Sky их дэлгүүрийн гадаа очсон. Ганзоригийн эхнэрийн найз болох Даавка гэх залуу хажуудаа нэг залуу суулган талбай руу орж ирсэн. Даавка ганцаараа бууж ирсэнээ Ганзориг руу орилоод байсан. Би машиндаа бусад гадаа байсан. Тэгсэн гэнэт Даавкатай Тэмүүжин заамдалцаад авахаар нь Ганзориг бид 2 салгасан. Тэр хооронд Даавкатай цугтаа ирсэн залуу автомашинаас буугаад ирсэн чинь манай найз Даашка согтуу цаанаас ирээд нөгөө залуугийн нүүр лүү нэг удаа цохьсон. Даашкаг Тэмүүжин бид 2 автомашинд нь суулгачихаад буцаад нөгөө цохиулсан залуу дээр очсон. Уг залуу тэр үед автомашиндаа суучихсан байсан. Тэмүүжин бид 2 очоод манай найзыг уучлаарай гэхэд тэр уучлах яахав миний шүдийг хугалаад хаячихсан байна гэсэн. Тэгэхээр манай найзыг уучлаарай гээд маргааш эрүүл болохоороо учраа олохгүй юу даа гэж хэлсэн. Удалг бид нар салж, түүнээс хойш юу болсныг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх.34-36/,

Гэрч Б.Даваасүрэнгийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтанд өгсөн: “…2016.11.30-ны орой найз Тэмүүлэнтэй цуг гэрт нь байсан. Учир нь би эхнэртэйгээ жоохон муудсан байсан юм. Эхнэрийн найз Тука гэх эмэгтэй рүү залгасан чинь Sky дээр байна гэхээр нь найзынхаа машинаар хүргүүлээд очсон. Би Тэмүүлэнгийн гэрт байхдаа түүний найз охинтой хоёулахнаа нэг шил 0.5 л, 2.5 литрийн пиво хуваан уусан. Пивыг бараг би ганцаараа уусан. Sky-ийн гадаа Тука, нөхөртэйгээ, Даашка, нэг танихгүй залуу байсан. Би бууж гар барьж мэндлээд юм ярьсан. Буцаад Тэмүүлэнгийн авто машинд суутал танихгүй бүдүүн залуу яагаад байгаа юм бэ гээд шууд дайраад машинаас татаад буулгасан. Би тэр үед тасарчихсан байсан болохоор юу ярьснаа санахгүй байна. Миний бодлоор найз Бааска салгасан юм шиг байна лээ. Нэг мэдсэн Тэмүүлэнгээр гэртээ хүргүүлж байсан бөгөөд Тэмүүлэн танай найз чинь шүд рүү цохичихлоо гэхээр нь харсан чинь үүдэн шүд нь хугарчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх.9-10/,

 

          Гэрч Д.Баасандуламын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед намайг харахад манай нөхөр Ганзориг нь хохирогч Тэмүүлэнг нэг удаа гараараа цохисон. Тэрийг би харсан. Тэмүүлэнтэй Доржхорлоо маргалдаж байхад хажуунаас нь манай нөхөр цохисон. Би яг хаашаа цохихыг хараагүй ч баруун талаас нүүр лүү нь цохих шиг болсон. Манай нөхөр Тэмүүлэнтэй ямар ч маргалдах маргаан байгаагүй бөгөөд согтуудаа шууд очоод нэг удаа цохисон. Доржхорлоо цохиж байхыг хараагүй. Гэвч Доржхорлоог цохисон гэж Баасанжав хэлж байгаа. Тэгэхээр манай нөхөр, Доржхорлоо нар Тэмүүлэнг нэг  удаа цохиод авсан юм шиг байгаа юм. Богино хугацаанд болсон болохоор сайн мэдэхгүй байна хохирогч л сайн мэдэх байх. Би нөхрийгөө цохисоныг харсан тухайн залуу шүд  уначихлаа  гэхээр  нь  тухайн  үед  нөхрийгөө шүдийг нь хугачихлаа гэж

бодсон. Уг асуудал болсны дараа машин дотор Доржхорлоо, манай нөхөр, Даваасүрэн бид 4 байхдаа би нөхрийг тэр залууг цохисон гэж хэлсэн. Доржхорлоог дахиж Тэмүүлэнг цохисон гэдгийг сүүлд Тэмүүлэнгээс өөрөөс нь мэдсэн ба Баасанжав ч хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх.89-90/,

 

          Шүүгдэгч Д.Ганзоригийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр сэжигтнээр тооцож байцаахад өгсөн: “…Би 2015 оны 11 дүгээр сарын 30-ны орой өөрийн найзууд болох Тэмүүлэн, Доржхорлоо, эхнэр Баасандулам нарын хамт гэрээсээ гараад миний төрсөн өдрийг тэмдэглэхээр явсан юм. Улмаар бид 4 гандангийн тэнд нэг караокед орсон. Ингээд уг караокед ороод нэг шил 0,75 литрийн Болор нэртэй архи, 3 шил пиво авсан. Үүнийгээ уугаад юм яриад сууж байхад манай өөр нэг нэйз болох Баасанжав орж ирсэн. Бид нар Баасанжавыг ирсний дараа удалгүй гарсан. Уг караокеноос гарсаны дараа манай эхнэр лүү түүний найзынх нь нөхөр болох Даваасүрэн гэж залуу залгаад байсан бөгөөд амжиж ирээд уулзвал уулз, амжихгүй бол явлаа гэж манай эхнэр хэлсэн юм. Тэгтэл Даваасүрэн ирэхгүй удаад байсан бэгөөд бид нар скай их дэлгүүрийн талбай орж Баасанжавын автомашинаар дривт хийхээр очсон. Ингээд тэнд очоод юм яриад байж байтал Даваасүрэн, нэг залуутай цугтаа автомашинтай ирсэн. Тэгэхдээ автомашиныг Даваасүрэн согтуу барьчихсан орж ирээд бид нарыг хажууд зогссоноо бууж ирээд надад төрсөн өдрийн мэнд хүргэсэнээ манай найзуудад янз бүрийн зүйл хэлээд байсан. Даваасүрэнг автомашинаас нь манай найз Тэмүүлэн буулгах гэж оролдож байгаад хоорондоо жоохон маргалдаад цаашаа явсан юм. Тэгтэл уг автомашины нөгөө талын хаалганаас өөр нэг залуу бууж ирсэн бөгөөд уг залуутай манай найз Доржхорлоо явж очоод маргалдаад унасан. Уг 2 залуу бие биенийхээ өдөөс хараад автомашины хаалга, кабин 2-ын завсарт нэг нэгнийгээ түлхсэн байдалтай зогсож байхаар нь би хажуунаас нь явж очоод тэр залуугийн баруун хацар луу нэг удаа цохисон юм. Тэр 2 намайг очиход бие биенийгээ гараараа түлхсэн маягтай зууралдаад байж байсан. Гэхдээ бол нэг нэгнийгээ цохиогүй. Тэр үед би явж очоод эхлээд цохисон юм. Тэгсэн чинь ардаас манай эхнэр намайг татаад авсан бөгөөд тэр 2 тэндээ маргалдаад үлдсэн. Тэгсэн чинь Доржхорлоо уг залууг дахиад нэг удаа цохисон юм шиг байна лээ. Гэвч уг асуудал маш хурдан болж өнгөрсөн. Би Доржхорлоог бол цохиж байхыг хараагүй. Харин өөрийнхөө цохисныг мэдэж байгаа. Тухайн үед би согтуудаа тэнэг зүйл хийсэн байна лээ.” гэсэн мэдүүлэг/хх.102-103/, 

 

Шүүгдэгч Б.Доржхорлоогийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар татаж байцаахад өгсөн: “…Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sky” их дэлгүүрийн урд талын талбай дээр 2015 оны 11 дүгээр сарын 30-ны орой 23 цагийн үед иргэн Г.Тэмүүлэнг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтлийг учруулан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрснаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би тухайн үед яг өөрийнхөө цохисныг бол мэдэхгүй байгаа юм. Ямар ч байсан шүдийг нь цохьсон гээд байгаа залуутай маргалдаад юм ярьж байснаа бол

санаж байна. Мөн уг залуу нь тухайн үед намайг түлхэж байсан. Өөр юу болсныг сайн санахгүй байна. Харин тухайн үед надтай цуг явж байсан манай найзууд чи цохьсон гэж хэлсэн. Тэгээд би дээрх хүмүүсийн хэлснийг сонсоод тухайн үед уг залууг цохьсноо ойлгосон” гэсэн мэдүүлэг /хх.66-67/,

 

    Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 17234 дугаар дүгнэлт:

  1. Тэмүүлэнгийн биед баруун дээд 1-р шүдний хугарал гэмтэл тогтоогдсон.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөхгүй. /хх.51/,

    -иргэний үнэмлэхний лавлагаа /хх.69, 73/,

    -ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.70, 74/,

    -Сүхбаатар дүүргийн шүүхийн 349 дүгээр шийтгэх тогтоол /хх.117-119/, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 563 дугаар шийтгэх тогтоол /хх.120-122/, Баянгол дүүргийн шүүхийн 218 дугаар шийтгэх тогтоол /хх.127-133/ зэрэг болно.

 

          Д.Ганзориг, Б.Доржхорлоо нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны шөнө 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” их дэлгүүрийн урд талын талбай дээр бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, шалтаг шалтгаангүйгээр иргэн Г.Тэмүүлэнгийн эрх чөлөөнд халдан хүч хэрэглэж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь        хохирогч Г.Тэмүүлэнгийн мэдүүлэг /хх.80-81/, гэрч Г.Баасанжавын мэдүүлэг /хх.34-36/, гэрч Б.Даваасүрэнгийн мэдүүлэг /хх.9-10/, Б.Баасандуламын мэдүүлэг /хх.89-90/, шинжээчийн 17234 дугаар дүгнэлт /хх.51/  зэрэг хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлж авагдан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн, хэрэгт шууд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тал бүрээс хангалттай тогтоогджээ.

 

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.Ганзориг, Б.Доржхорлоо нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэг, 181.2.5 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч нарыг тус бүр догшин авирлаж, бүлэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт тухайн хуулийн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн оролцоо, нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөлүүд, гэмт этгээдүүдийн хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн болно.

 

Ялтан Д.Ганзориг, Б.Доржхорлоо нар урьд  нь 2-3 удаа  ял шийтгүүлж байсан боловч энэ гэмт хэргийг үйлдэх үед ялгүй болсон, ялтан нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх тул тэдгээрт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмд эдлүүлж, ялтан нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, ялтан Д.Ганзоригийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх шийдвэрлэв.

 

Ялтан Д.Ганзориг, Б.Доржхорлоо нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Даваадоржийн Ганзориг, Сартуул овогт Батхоролын Доржхорлоо нарыг догшин авирлаж, бүлэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэг, 181.2.5 дах хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Доржхорлоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэг, 181.2.5 дах хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар, ялтан Д.Ганзоригт оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг, ялтан Б.Доржхорлоод оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар, ялтан Д.Ганзоригт оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан Д.Ганзоригт хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Ялтан Д.Ганзоригт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялтан Б.Доржхорлоод урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Ялтан Д.Ганзориг, Б.Доржхорлоо нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид  төлөх    төлбөргүй,  хэрэгт   эд  мөрийн баримтаар  хураагдсан  зүйлгүй,

 

битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, уг шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Д.Ганзоригт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Доржхорлоод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР