Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 08

 

 

Б.Цолмонгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                                 

Хэргийн индекс 132/2017/00190/И

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Т.Ганбат, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 220 дугаартай шийдвэртэй,

 

Б.Цолмонгийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох тэтгэмжийн зөрүү 6832261 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

           Нэхэмжлэгч Б.Цолмон

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазар 

           Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нарантуяа 

         Нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Цолмон шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 1985 онд Анагаах Ухааны дээд сургуулийн эмчилгээний ангийг төгсөөд Булган аймгийн Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 32 жил ажиллаж байна. 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 31 жил 08 сар ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарахдаа Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж авахад сарын үндсэн цалингийн дундажийг Засгийн Газрын 2012 оны 78, 2014 оны 75 дугаар тогтоолыг баримтлан 7-5 дахь шатлалаар тооцож 23603167 төгрөг олгосон нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан “Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил өрх, сум тосгоны эрүүл мэндийн төвд 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас тооцож олгох, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан “төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөх, тэтгэвэр тогтоолгосон төрийн албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн жинхэнэ албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн хэмжээг тухайн албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцож тогтооно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоол, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан 2015 оны 338 дугаар тогтоолд өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг хэрхэн тооцох талаар зохицуулсан бөгөөд энэ тогтоолуудыг баримтлалгүй, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 75 дугаар тогтоол буюу “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишиг”-ийг тогтоох тухай тогтоолыг баримтлан олгосон тул тэтгэмжийн зөрүү  6832261 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сүүлийн 3 жилийн дунджаар 1 сарын цалин 981788 төгрөг болж байгаа, үүнийг 31 жилээр үржүүлээд 30435428 төгрөг авах ёстойгоос өмнө авсан 23603167  төгрөгийг хасч 6832261 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Их эмч Б.Цолмон нь 2016 оны 8 дугаар сард өндөр насны тэтгэврээ тогтоолгосон. Манай байгууллага нь “Эрүүл мэндийн тухай” хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүйгээр ханган ажилладаг бөгөөд Эрүүл мэндийн харилцааг зохицуулж буй хууль, дүрэм, журам, Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажилладаг. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтаар төрийн албан хаагчдад тэтгэврийн тэтгэмж олгохдоо салбарын яамны заавар, журам, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан зөвлөмжийг үндэслэн олгодог. Эрүүл мэндийн яам 2015 оноос эхлэн өндөр насны тэтгэвэрт гарч буй төрийн албан хаагчдад олгох тэтгэмжийг Засгийн газрын 2014 оны “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам батлах тухай” 405, 2015 оны “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 338, “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай” 2012 оны 78, 2014 оны 75 дугаар тогтоолуудыг үндэслэн олгож эхэлсэн. Манай аймгийн нэгдсэн эмнэлгийн төрийн албан хаагчдын цалингийн шатлал нь улсын хэмжээнд Монгол улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан, өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй цалингийн жишгээс дээгүүр тогтоогдсон байдаг. Манай байгууллага нь тэтгэвэрт гарах албан хаагчдын судалгаа, тооцооллыг гаргаад яам руу хүргүүлдэг бөгөөд яам хянаад тэтгэмж олгох тооцоог гаргаад мөнгийг нь манай данс руу явуулдаг. Манай байгууллага нь зөвхөн дамжуулах үүрэг бүхий байгууллага юм. Энэ асуудлын талаар яам руу хэд хэдэн удаа хүсэлт явуулж байсан боловч боломжгүй гэсэн хариу ирж байсан. Яамнаас энэ талаар удаа дараа зөвлөмж чиглэл авч байсан. Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн зөвлөмж, мэдээлэл болон холбогдох хууль журмын дагуу  батлагдаж ирсэн хуваарийг үндэслэн төрийн албан хаагчдад тэтгэмжийг олгосон тул  тэтгэмжийн зөрүү олгох боломжгүй” гэв.

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 220 дугаар шийдвэрээр: Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг баримтлан Булган аймгийн Эрүүл мэндийн газраас 6732100 /зургаан сая долоон зуун гучин хоёр мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Цолмонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100161 /нэг зуун мянга нэг зуун жаран нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124266 /нэг зуун хорин дөрвөн мянга хоёр зуун жаран зургаа/ төгрөгийг Төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Булган аймгийн Эрүүл мэндийн газраас 122663 /нэг зуун хорин хоёр мянга зургаан зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулан Төрийн санд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Нарантуяа давж заалдах гомдолдоо: “... “Төрийн албаны тухай хууль”, “Эрүүл мэндийн тухай” хуулиуд болон холбогдох дүрэм, журмаар эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч буй төрийн албан хаагчдад тэтгэвэрийн тэтгэмж олгож байгаа нь Эрүүл мэндийн салбарын төрийн албан хаагчдын нийгмйин баталгааг хангасан, тогтвор суурьшилтай ажиллахад дэмжлэг үзүүлсэн үйл ажиллагаа юм.

Манай байгууллага нь “Эрүүл мэндийн тухай” хуулинд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмжийг хүргүүлэн , Эрүүл мэндийн харилцааг зохицуулж буй хууль дүрэм, журам, Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажилладаг.

“Эрүүл мэндийн тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтаар “Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төвд 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлэгийн мэргэжилтэн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь 1 удаагийн мөнгөн тэтгэмж олгоно гэж заасан байдаг.

“Эрүүл мэндийн тухай” хууль 2011 онд шинэчлэн найруулагдсан ба 2016 онд хуулийн холбогдох заалтанд нэмэлт өөрчлөлтүүд орж байсан.

Эрүүл мэндийн яам 2015 оноос эхлэн Эрүүл мэндийн салбараас өндөр насны тэтгэвэрт гарч буй төрийн албан хаагчдад тэтгэврийн тэтгэмжийг “Эрүүл мэндийн тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Засгийн газрын 2014 оны “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам батлах тухай” 405, 2015 оны “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 338, “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай” 2012 оны 78, 2014 оны 75 дугаар тогтоолыг үндэслэн олгож эхэлсэн.

2015-2016 онуудад аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Эрүүл мэндийн байгууллагуудын 44 төрийн албан хаагч “Төрийн албаны тухай ” хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэврийн тэтгэмжийг авсан.

Албан хаагчдад тэтгэврийн тэтгэмж олгож эхэлснээс хойшхи хугацаанд орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй албан хаагчдаас тэтгэмжийн талаар санал гомдол ирүүлж байсан удаагүй.

Гэвч аймгийн Нэгдсэн эмнэлэгээс 2015, 2016 онд тэтгэвэрт гарсан зарим албан хаагчдаас тэтгэврийн тэтгэмжийн зөрүү авах асуудлаар өргөдөл, гомдол ирсээр байна.

Учир нь аймгийн Нэгдсэн эмнэлэг нь Засгийн газрын “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай” 2012 оны 78, 2014 оны 75 дугаар тогтоолыг баримтлалгүй цалингаа өндөр тогтоосон учир “Төрийн албаны тухай” хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлэр төрийн албанаас чөлөөлөгдөж байгаа төрийн албан хаагчдаас тэтгэврийн тэтгэмжтэй холбоотой өргөдөл, гомдол ирүүлэх шалтгаан болоод байна.

Тухайлбал: Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Засгийн газрын 2017 оны “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” 354 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтанд зааснаар ТҮЭМ-7-5 дахь, Засгийн газрын 2014 оны “Төрийн зарим албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай” 75 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар ТҮЭМ-7-5 дахь шатлалаар 765968 төгрөгийн үндсэн цалин авах ёстой боловч өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн тогтоосон цалингийн сүлжээгээр ТҮЭМ-7-5 дахь шатлалын үндсэн цалин нь 1065199 төгрөг буюу 299311 төгрөгөөр зөрүүтэй байна.

Бид аймгийн Нэгдсэн эмнэлгийн цалин тогтоолын асуудлаар холбогдох төрийн албаны төв байгууллагуудад хүсэлт хүргүүлсэн боловч одоогийн байдлаар хариу ирүүлээгүй байна.

Манай байгууллага аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Эрүүл мэндийн байгууллагуудаас өндөр насны тэтгэвэрт гарах албан хаагчдын судалгаа, тооцооллыг үндсэн байгууллагуудаас нь авч хянан, Эрүүл мэндийн яаманд хүргүүлдэг.

Эрүүл мэндийн яам нь тэтгэврийн тэтгэмжийг “Эрүүл мэндийн тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.10-д заасан ”Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах асуудлыг холбогдох байгууллагатай хамтран шийдвэрлэх” гэсэн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын 2014 оны 75 дугаар тогтоолыг үндэслэн тооцоолдог бөгөөд цалингийн жишгээс дээгүүр тогтоосон тухайн нэг байгууллагын цалингийн сүлжээг харгалзан үздэггүй болно.

Манай байгууллага нь Эрүүл мэндийн яамнаас батлагдаж ирсэн хуваарийг үндэслэн төрийн албан хаагчдад тэтгэврийн тэтгэмжийг дамжуулахдаа үндсэн материалыг шалгаж, хянадаг чиг үүрэг бүхий байгууллага юм.

Бид салбарын яамнаас тэтгэврийн тэтгэмжийн талаар зөвөлгөө зөвлөмжийг удаа дараа авч, Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн зөвлөмж, мэдээлэл болон холбогдох хууль журмыг баримтлан батлагдаж ирсэн хуваарийг үндэслэн төрийн алба хаагчдад тэтгэврийг олгож байсан.

Төрийн тухайн нэг байгууллагын төсвийн шууд захирагчийн буруутай шийдвэрээс болж тэтгэврийн тэтгэмжийн зөрүү үүсч, төсөвт хүндрэл үүсгэж байгаа нь манай байгууллагын буруу биш тул их эмч Б.Цолмонд тэтгэмжийн зөрүү болох 6732100 /зургаан сая долоон зуун гучин хоёр мянга нэг зуу/ төгрөгийг олгох боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                                     ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Цолмон нь Булган аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулж тэтгэмжийн зөрүү 6832261 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Цолмон нь Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчилгээ эрхлэсэн орлогч даргаар ажиллаж байгаад 2016 оны 8 дугаар сарын 20-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгож, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах эрх үүссэн бөгөөд түүнд 23603167 төгрөг олгосон байна.

Нэхэмжлэгч Б.Цолмон нь өндөр насны тэтгэвэрт гарах хүртлээ  ТҮЭМ -7-5 гэсэн  шатлалаар 888406-1065199 төгрөгийн үндсэн цалин авч байсан нь 2013-2106 онуудын цалингийн карт, зохигчдын тайлбараар нотлогдож тогтоогдсон, шүүх  хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж  тэтгэмжийн зөрүү болох 6732100 төгрөгийг гаргуулсан үндэслэлтэй  байна.  

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Монгол Улсын Иргэний хууль болон бусад хуулийн зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.     

Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Нарантуяагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 220 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч байгууллага давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-т  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Ё.БЯМБАЦЭРЭН

  

                       ШҮҮГЧИД                                                     Т.ГАНБАТ

 

                                                                                            М.ХҮРЭЛБААТАР