Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 1508

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Рапид харш 23-77 тоотод оршин суух, Палжин овогт Цэдэвийн Даваажав/ФА73092014/

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг 8   дугаар хороо Баянцагааны 9-10 тоотод оршин суух, Боржигин овогт Дэмбэрэлдоржийн Бямбаа /ЧБ74070611/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө 13, 201 тоотод байрлах “Норд транс” ХХК /УБД9011516107, РД:5909244/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо 22 замд байрлах, “Фотон карс” ХХК /УБД:9011077093, РД:5084083ц/ нарт холбогдох

Тээвэрлэлтийн хөлсөнд нэхэмжлэгч Ц.Даваажав 8,521,895 төгрөг, Д.Бямбаа 12,794,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Бямбаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Даваажав, Д.Бямбаа нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Даваажав, Д.Бямбаа бид “Фотон карс” ХХК, “Норд транс” ХХК-ийн захирал Д.Батжаргалтай амаар тохиролцоод 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Улаанбаатараас Дорнод аймаг руу 3 удаа хар замын 256 тн бетум, Сайншандаас Дорнод руу 1 удаа 89,6 тн эрдэс, Архангайгаас Сүхбаатар руу 1 удаа 120 тн бетум тус тус тээвэр хийсэн. Бид тээврийн ажил хийдэг туршлагатай, бид урьд нь хэн алинаа таньдаг учир бид бичгээр гэрээ байгуулаагүй. Тээврийг хийхэд гардаг шатахууны зардлыг тухайн гүйцэтгүүлэгч байгууллага хариуцахаар тохиролцсон. Бид урьдчилгаа хөлс аваагүй. Бид ажил дууссаны дараа хийсэн ажлын хөлсөө тооцоод төлөх ёстой татвар, сэлбэг зэргийг хасаад ажлын хөлсөнд 26,315,895 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр захирал Д.Батжаргалтай тохиролцож тооцоо нийлсэн. Ц.Даваажав надад 5 000 000 төгрөг 2 хувааж “Фотон карс” ХХК-иас өгсөн. Үлдэх төлбөрийг огт төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Бид удаа дараа очиж төлбөрийг нэхэмжилдэг боловч шалтаг хэлээд төлбөрийг төлөөгүй 2 жил өнгөрсөн байна. 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлбөрийг төлнө гэж худал хэлсэнээс болоод бид хувь хүн, банкнаас зээл авч бид хүү төлж өрөнд орж байна. Энэ байдлаа захирал Батжаргалд хэлж байсан. Бид ажлын хөлсөө авч чадаагүйгээс бусдад төлсөн хугацаа хэтэрсэн зээлийн хүү, алдангиа “Норд транс” ХХК, “Фотон карс” ХХК-иас гаргуулж авах хүсэлтэй байна. Дээрх хоёр компаниуд нь Д.Батжаргалын өмч юм. Иймд Ц.Даваажавт 8,521,895 төгрөг, Д.Бямбаад 12,794,000 төгрөгийг “Фотон карс” ХХК-иас гаргуулж өгнө үү. “Норд транс” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

Хариуцагч “Фотон карс” ХХК-ийн захирал С.Батжаргал шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...бид “Фотон карс” ХХК, “Норд транс ХХК-ийн захирал Батжаргалтай амаар тохиролцоод 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл...тээвэр хийсэн...үлдэх төлбөрийг огт төлөөгүй өнөөдрийг хүрсэн...21,135,895 төгрөгийг “Фотон карс” ХХК, “Норд транс” ХХК-иас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ. Манай компани “Фотон карс” ХХК хүнд оворын ачаа, тээш тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тухайн үед буюу 2014 оны 9-10 сарын хооронд “Нейшнл девелопер” ХХК, “Арж капитал” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу “бетум” тээвэрлэсэн юм. Тухайн үед гэрээний дагуу ажил үүргээ хурдан шуурхай тээвэрлэх үүднээс нэмж жолооч хөлсөлж тээвэр хийлгэж байсан бөгөөд Ц.Даваажав, Д.Бямбаа нартай танилын хувьд түр хугацаагаар ажиллуулахаар цалин хөлсийг тохиролцсоны дагуу жолоочоор ажиллуулсан. Ажилласан хугацааны хөлсийг санхүүгийн хүндрэлээс шалтгаалан тэр дор нь өгч чадаагүй боловч хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд байна гэх зэргээр хөлсөө нэхээд байсан тул танилаасаа хүүтэй мөнгө зээлээд 5 сая төгрөгийг 2 тасалж өгөөд тооцоо дууссан. Үүнээс хойш удаа дараа манай ажил дээр ирж “тохирсон 5 сая төгрөгийг удаасан тул нэмж мөнгө авмаар байна гэж” ямар ч үндэслэлгүйгээр мөнгө нэхэх болсон. Миний бие нэхэмжлэгч нартай бичгээр гэрээ байгуулаагүй, анх жолоочоор ажиллуулахдаа харилцан тохирсон 5 сая төгрөгийг бүрэн төлсөн бөгөөд одоо нэмж ажлын хөлс төлөх үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ С.Батжаргал миний өөрийн хөрөнгөөр үүсгэн байгуулсан “Фотон карс” ХХК, болон “Норд транс” ХХК-иудыг хариуцагчаар татсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “...хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсвэл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэж заасан байна. Гэтэл “Норд транс” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 03-нд үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд бөгөөд нэхэмжлэгч Ц.Даваажав, Д.Бямбаа нарын эрх ашигт хохирол учруулаагүй, ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, Ц.Даваажав, Д.Бямбаа болон “Норд транс” ХХК-ийн хооронд ямар нэгэн иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй юм. Иймд “Норд транс” ХХК-ийг хариуц-агчаар татах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу хөрөнгө хамгаалах ажиллагаа хийх ямар ч үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлдээ “тооцоо нийлсэн акт” гэх бичгийн нотлох баримтыг нотариатаар баталгаажуулсан хуулбарыг хавсаргаж өгсөн байна. Уг “тооцоо нийлсэн акт” гэх баримтыг манай компани нь нэхэмжлэгч Даваажавтай огт үйлдээгүй юм. Харин нэхэмжлэгч нар нь 2016 оны 12 дугаар сард намайг эзгүй хойгуур манай бусдаас авах авлага, орлого байгаа эсэх талаар баримт бүрдүүлж ир гээд байна. Тийм учир “Фотон карс” ХХК-иас авлагатай гэсэн баримт хэрэгтэй байна” гээд “тооцоо нийлсэн акт” гэх баримтыг авчран манай компанийн санхүүгийн тамгыг даруулаад явсан байна. Гэтэл уг баримтыг шүүхэд нотлох баримтаар хуурамчаар гаргаж өгсөн байх бөгөөд уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримт юм. Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “...баримт бичгийн бүрэн буюу хэсэгчлэн хуулбарын агуулга нь хуульд харшлаагүй бол нотариатч хуулбарыг эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчилнэ” гэж заасан байна. Манай байгууллага уг баримтыг огт үйлдээгүй, миний бие ийм баримтан дээр гарын үсэг зурсанаа огт санахгүй байтал 84 дугаартай нотариатч нь уг баримтыг “хуулбар үнэн зөв”-ийг гэрчлэн баталсан байна гэжээ.

Хариуцагч “Норд транс” ХХК-ийн захирал С.Батжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Даваажав, Д.Бямбаа нар нь танай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...бид “Фотон карс” ХХК, “Норд транс” ХХК-ийн захирал Батжаргалтай амаар тохиролцоод 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ...тээвэр хийсэн гэж дурджээ. Гэтэл “Норд транс” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 03-нд үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд бөгөөд иргэн Ц.Даваажав, Д.Бямбаа нараар манай компани ямар нэг ажил хийлгээгүй, хэдэн тонн ачааг хаана хүртэл тээвэрлэсэн болон бусад зүйлийг мэдэхгүй, нэхэмжлэлд дурдсан хугацаанд манай компани үүсгэн байгуулагдаагүй байх тул уг иргэд нэхэмжлэлээ “Фотон карс” ХХК-д хандан гаргах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Ц.Даваажав, Д.Бямбаа нар нь хариуцагч “Фотон карс” ХХК, “Норд транс” ХХК-иудад холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21,315,895 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар хариуцагч      “Норд транс” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Хариуцагч “Фотон карс” ХХК нь уг шаардлагыг зөвшөөрөхгүй гэж марган, үндэслэлээ ... манай компани нь Ц.Даваажав, Д.Бямбаа нартай түр хугацаагаар цалин хөлсийн тохирч жолоочоор ажиллуулсан, нэхэмжлэгч нартай бичгээр гэрээ байгуулаагүй, анх амаар харилцан тохиролцсон ажлын хөлс болох 5,000,000 төгрөгийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргаж буй тайлбараар “Фотон карс” ХХК-ийн захиалгаар 2014 оны 9 дүгээр сарын 23-наас 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотоос Дорнод аймаг хүртэл мөн Дорнод аймгаас Дорноговь аймгийн Сайншанд сум хүртэл “Нэшнл девелопор” ХХК-ийн ачаа болох битум, эрдэс, 2014 оны 10 дугаар сарын 29-нд “Фотон карс” ХХК-ийн захиалгаар Архангай аймгаас Сүхбаатар аймаг хүртэл “Арж капитал” ХХК-ийн ачаа болох битумыг тус тус жолооч нарын тээврийн хэрэгслийг ашиглан ачаа ачуулсан үйл явдал болсон нь нотлогдож байна./хх-4, 27,36-54, 57/

 

Хариуцагч тал жолооч нарыг жолоочоор ажиллуулахаар аман хэлцэл байгуулсан, тооцоо нийлсэн акт үйлдээгүй гэх хэдий ч нэхэмжлэгч талын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан ... бид өөрсдийн хувийн тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэсэн, жолоочоор ажиллаагүй, Ц.Даваажав нь Д.Бямбаа намайг төлөөлж “Фотон карс” ХХК-ийн нягтлан Ц.Энхзоригт, захирал С.Батжаргал нартай тооцоо нийлсэн акт үйлдсэн, урьдчилгаа төлбөрт шатахуун өгч уг шатахуунаар захиалгын дагуу ачааг тээвэрлэж, үлдэгдэл төлбөрийг ачааг буулгаж, шатахууны тооцоог хасаж тооцоо нийлсний дараа авахаар тохиролцсон гэх тайлбарыг няцаан, үгүйсгэхгүй байна.

Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-д ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна, мөн зүйлийн 386.2-т дагалдах бичгийг гурван хувь үйлдэж, талууд гарын үсгээ зурж эхний хувийг ачаа илгээгчид үлдээж, хоёр дахь хувийг ачаанд хавсаргаж, гурав дахь хувийг тээвэрлэгчид өгөхөөр тус тус заажээ.

Нэхэмжлэгч нар ачааны дагалдах бичгийг ачаа хүлээн авагчид үлдээж, нөгөө хувийг нь “Фотон карс” ХХК-д аваачиж өгдөг байсан гэх тайлбараар шүүх хариуцагч талыг Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.2-т заасан үүргээ биелээгүй гэж үзлээ. Учир нь хариуцагч нь ачааны дагалдах бичгийг 3 хувь үйлдэж тээвэрлэгчид өгөөгүй гэм буруутай байна.

Түүнчлэн хариуцагч компани нь тухайн үед жолооч нараар ачаа тээвэрлүүлж, ажлын хөлсөнд 5 сая төгрөг өгсөн гэх үйл баримтын хувьд маргаагүй.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байна.

Хариуцагч “Фотон карс” ХХК нь нэхэмжлэгч Ц.Даваажав, Д.Бямбаа нартай тээвэрлэлтийн гэрээ байгуулж, түүнтэй тооцоо хийж дууссан гэдгээ бичгийн баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэл нотлох баримтаа өөрөө цуглуулж, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч нарыг хариуцагчаас тээвэрлэлтийн гэрээний хөлсөө шаардах эрхтэй гэж шүүх үзлээ.

Иймд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасныг баримтлан хариуцагч “Фотон карс” ХХК-иас нэхэмжлэгч Ц.Даваажавт 8,521,895 төгрөг, Д.Бямбаад 12,794,000 төгрөг тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,529 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Фотон карс” ХХК-иас 264,529 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Шүүх 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч “Фотон карс” ХХК-нд 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шуудангаар болон утсаар тус тус мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Фотон карс” ХХК-иас 8,521,895/найман сая таван зуун хорин нэгэн мянга найман зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Даваажавт,  12,794,000/арван хоёр сая долоон зуун ерэн дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бямбаад тус тус  олгосугай.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Даваажав, Д.Бямбаа нар тээвэрлэлтийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21,315,895 төгрөгийг хариуцагч “Норд транс” ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар “Фотон карс” ХХК-иас 264,529 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт буцаан олгосугай.

 

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                   ШҮҮГЧ                                 Ц.ОЮУНБИЛЭГ