Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2019/00644

 

Ц.Чын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/02211 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаар магадлалтай,

Ц.Чын нэхэмжлэлтэй

“О Т” ХХК, “М М” ХХК-д тус тус холбогдох

Хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж, гэрээний саналаас хууль бусаар татгалзсан болохыг тогтоож, аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл тооцон гаргуулах, хариуцагч “М М” ХХК-д холбогдуулан тус компанийн СОС “М М” эмнэлгийн эрүүл мэндийн хувьд тохирохгүй талаарх дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Саруул, хариуцагч “О Т” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхмаа, түүний өмгөөлөгч Д.Энхзул, О.Майцэцэг, хариуцагч “М М” ХХК-ийн өмгөөлөгч П.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О Т” ХХК нь аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагчийн ажлын байранд ажилтан шалгаруулж авна гэсэн зар гаргасны дагуу Ц.Ч миний бие ажилд орох өргөдөл гаргаж, уг ажлын байранд тавигдсан дөрвөн төрлийн шалгуурт эхний шатаар орж тэнцсэн. Үүнд өргөдөл, анкет СV буюу хувийн байдлын танилцуулга өгч, хийсэн бүтээлүүдээ танилцуулж, ярилцлагад орж, аюулгүйн бүс сэдвээр видео шторк бэлтгэж, ажлын шалгуурт тэнцсэн тул дараагийн шатны шалгаруулалт болох эрүүл мэндийн үзлэгт орох эрхээ авсан. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр эцсийн шалгуур болох эрүүл мэндийн үзлэгт СОС “М М” эмнэлэгт шинжилгээ өгч дуусмагц эмч шинжилгээний хариуг надад хэвлэн үзүүлж таны бүх зүйл эрүүл байна, эрүүл мэндийн үзлэгт тэнцэнэ санаа зоволтгүй гэж хэлсэн. Энэ үед би үнэхээр баярлаж маш их итгэл найдвар урам зориг авч өөрийн бүх ах дүү хамаатан садандаа энэ тухайгаа хэлж, гэр бүлийн санхүүгийн хүрээнд маш олон зүйл төлөвлөж эхнээс нь хэрэгжүүлэх болсон. Тус компаниас зарласан ажлын байрны бүх шалгуурт өөрийн хүч хөдөлмөр авьяас чадвараар тэнцсэн учир зөвхөн ажилдаа орох л үлдлээ гэж бодсон. Гэвч намайг дуудна гэсэн хугацаандаа дуудаагүй тул шинжилгээний хариу “О Т” ХХК-д хүргэгдсэн эсэхэд санаа зовж СОС “М М” эмнэлэг рүү очтол “О Т” ХХК-иас чамайг битгий тэнцүүл гэсэн учир ажилд тэнцэхгүй гэсэн бичиг хийж явуулсан. Учир нь чи хэт илүүдэл жинтэй /+100 кг/ гэж хэлсэн. Энэ байдлыг тодруулж “О Т” ХХК-д хүнд жинтэй хүмүүс ажилладаг эсэх талаар судлахад надтай адилхан хүнд жингийн олон хүн ажилладаг болох нь тогтоогдсон. Уг үйлдэл миний хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан төдийгүй Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзнэ. Хэрэв илүүдэл жинтэй, том биетэй хүмүүсийг авахгүй байсан бол анхнаасаа ажлын байрны зар болон санал дээр энэ тухай тодорхой заах байсан. Ингэж ялгаварлан гадуурхаж болохгүй бөгөөд ДОХ-той байсан ч ажилд авах ёстой атал бүдүүн гээд аваагүйд гомдолтой. Мөн хууран мэхэлж, төөрөгдүүлж болохгүй. Үүүнээс болж өөртөө итгэх итгэлгүй, сэтгэл санааны гүн хямралд орж цаашид яаж ажиллаж хөдөлмөрлөж амьдрахаа мэдэхгүй бусдад маш ихээр доромжлогдсон мэдрэмжийг тээх болсон. Хариуцагч СОС “М М” эмнэлгийн эмчийн гаргасан дүгнэлтэд 3 минутын алхах сорил болон аюулгүйн суух хязгаар 100 кг байх үзүүлэлтийг хангаагүй тул эрүүл мэндийн хувьд тохирохгүй, хийж гүйцэтгэх ажил нь эрүүл мэндэд ноцтой, үл зөвшөөрөгдөх эрсдэлд хүргэж болзошгүй гэсэн байдаг. Үүнийг үндэслэн “О Т” ХХК эрүүл мэндийн шалгуурт тэнцээгүй иргэнийг ажилд аваагүй гэх тайлбар гаргасан. Гэтэл эрүүл мэндийн шалгуурт тэнцсэн гэж хариу өгсөн үеэс би өөртөө болон ажил олгогчид итгэлтэй байсан. Өмнөх дүгнэлтээ үгүйсгэн намайг хуурч мэхлэн дахин ийм дүгнэлт гаргасанд гайхаж бас гомдолтой байна. Тус эмнэлгийн эмчийн бичсэн 3 минутын аюулгүйн суух хязгаар 100 кг гэдэг нь ямар стандарт дүрмийн дагуу гарсан дүгнэлт болох нь ойлгомжгүй бөгөөд “О Т” ХХК-ийн 03 ангиллын ажлын байрны эрүүл мэндийн стандартыг үндэслэн гарсан гэх боловч Монгол Улсын хууль, олон улсын гэрээ конвенци зөрчин, хүний эрхэд халдаж ялгаварлан гадуурхсан гэж үзэж байна. Иймд “М М”ХХК-ийн СОС “М М” эмнэлгийн эрүүл мэндийн хувьд тохирохгүй гэсэн дүгнэлтийг хүчингүй болгож, хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж, гэрээний саналаас хууль бусаар татгалзсан болохыг тогтоож, “О Т” ХХК-ийн аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл тооцон гаргуулах нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “О Т” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компани ажилтан шалгаруулж авахдаа Хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журмыг баримталж, хүний эрхийн талаарх Монгол Улсын нэгдэн орсон конвенц зэргийг чанд дагаж мөрдөхийн зэрэгцээ иргэдийг ажилд авах шийдвэр гаргахдаа үндэс, угсаа, хэл, арьс өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхдаггүй, хүн бүрт адил тэгш боломж олгох зарчимд үндэслэдэг. 2017 оны 4 дүгээр сард аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч ажлын байранд ажилтан шалгаруулж авах зарыг нээлттэй зарласнаар нийт 97 хүн өргөдөл ирүүлж, 9 нь тэнцэж нэг нь нэрээ татаж хоёр дахь шатны шалгаруулалтад 8 хүн оролцож, үүнээс эхний 4 хүн ярилцлагад орох болсон. Тодорхой сэдэв өгч бүтээл хийлгэж жагсаахад нийлбэр дүнгээр Ц.Ч нэгдүгээрт байсан тул дээрх журамд заасны дагуу эмнэлгийн үзлэгт оруулсан. СОС “М М” эмнэлгийн эмч ажилд тохирох эсэх талаарх зөвлөмж тайландаа Ц.Чыг 3 минутын алхах сорил болон аюулгүйн суух хязгаар 100 кг-аас доош байх үзүүлэлтийг хангаагүй тул эрүүл мэндийн хувьд уг ажлын байранд тохирохгүй, хийж гүйцэтгэх ажил нь эрүүл мэндэд ноцтой, үл зөвшөөрөгдөх эрсдэлд хүргэж болзошгүй гэх дүгнэлт гаргасан. Хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журмын 11.2.1-т сонгон шалгаруулалтын үйл явц дууссаны дараа ажлын санал тавьж болно. Үүнд ажилд авахын өмнөх үзлэг, магадлагаа эмнэлгийн үзлэг, ажил байдлын тодорхойлолт, бусад шалгуураар гарсан нааштай үр дүнг хамруулж болно гэж заасан. Эрүүл мэндийн үзлэг нь сонгон шалгаруулалтын нэг юм. Тухайн ажлын байр нь “О Т” ХХК-ийн уурхайн талбай дээрх олборлох болон боловсруулах үйлдвэрээр явах, үйлдвэрийн шатаар өгсөж уруудах зэрэг биеийн хүчний хөдөлгөөн хийх, дуу чимээ, халуун хүйтний нөлөөлөл гэх мэт хөдөлмөрийн эрүүл мэндийн осол аюулд өртөж болзошгүй нөхцөлтэй. Түүнчлэн Алагчлахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тодорхой ажлын онцлогтой холбоотой тавигдах шаардлагад үндэслэсэн ялгаварлах эсвэл давуу тал олгох үйлдлийг алагчлах хэмээх ойлголтод хамааруулахгүй гэсэн заалтад Хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам болон холбогдох стандарт нь нийцэж байгаа болно. Эрүүл мэндийн үзлэгт тэнцээгүй иргэнийг дээрх ажлын байранд шалгаруулж авсан тохиолдолд амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй гэдэг үндэслэлээр аюулгүй ажиллагааны зааварчилгааны сургагч ажлын байрны сонгон шалгаруулалтад Ц.Ч тэнцээгүй. Уг ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байгаа нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.4-т зааснаар гэрээний санал гаргах дуудлага бөгөөд Ц.Чтай зайлшгүй гэрээ байгуулах санал биш тул нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргийг хүлээхгүй. Иргэний хуулийн 195.1-т зааснаар нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ. Хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлэх гэдэг нь тухайн гэрээний саналд гэрээний гол нөхцөлийг тусгасан байхыг шаарддаг. Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг тодорхойлохдоо албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг, үндсэн цалин, албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргийг ойлгохоор хуульчилсан тул компани эдгээр нөхцлүүдийг агуулсан гэрээ байгуулах санал Ц.Чад илэрхийлээгүй. Гэрээний саналын дуудлага нь тодорхой бус этгээдүүдэд хандаж гаргасан байдгаар гэрээ байгуулах саналаас ялгаатай. “О Т” ХХК ажлын байрны зарыг зөвхөн Ц.Чад зориулж илэрхийлээгүй, нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалт зарласан тул гэрээ байгуулах санал биш. Иймд талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй бөгөөд цалин хөлс төлөх үүрэг хүлээгээгүй. Үндсэн хуулийн 16.4-т иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй, хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэж заасан. Энэ эрхийн агуулгад ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх чөлөө буюу Ц.Ч нь хэд хэдэн мэргэжил сонгох, тэдгээрийг нэгэн зэрэг эрхлэх эрх хамаарах ба “О Т” ХХК түүний эрхийг ямар нэгэн байдлаар үйлдэл, эс үйлдлээр хориглон хязгаарлаж, халдсан зүйл байхгүй. Эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн бол түүнд ажлын санал тавьж болох байсан ба сонгон шалгаруулалтад мэргэжлийн хувьд тэнцсэн ч эрүүл мэндийн үзлэгээр ажлын байранд нийцэхгүй нь тогтоогдсон. Бид аливаа этгээдийг гадаад байдлаар нь ялгаварлан гадуурхдаггүй, тарган гэдгээр ажлын шалгуурт тэнцэхгүй гэсэн дүгнэлт гаргаагүй. СОС “М М” эмнэлэг тус компанитай гэрээтэй ажилладаг учир нэхэмжлэгчийг ажилд орохоос өмнө байгууллагын журамд зааснаар урьдчилсан үзлэг хийж, уг ажлын байранд тэнцэхгүй гэсэн дүгнэлтийг гаргасан тул Ц.Чын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “М М” ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ”О Т” ХХК-иас 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тус компанид ажилд орох хүсэлтээ илэрхийлсэн дөрвөн хүнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгээр оруулах хүсэлт тавьсан ба эдгээр хүмүүсийн дотор иргэн Ц.Ч багтсан байсан. Түүний сонирхсон ажлын байр нь “О Т” ХХК-д мөрддөг Ажлын байрны эрүүл мэндийн стандартын 03 ангилалд хамрагдаж байгааг тус компаниас ирүүлсэн хүсэлтэд дурдсан байв. Үзлэгээр цус, шээс, нүд, сонсгол, бусад шинжилгээ сорилууд хэвийн гарсан. Ц.Чын биеийн өндөр 184 см, жин 125 кг байсан. Зүрхний ачааллын сорилын шинжилгээгээр зүрхний цохилт нэг минутад 120 удаа цохилж байсан нь тогтоогдсон. Уг сорилыг анагаахын шинжлэх ухааны үүднээс хийхдээ сорилд хамрагдаж байгаа хүнийг тусгайлан бэлдсэн 30 см-ийн өндөр шат буюу тавцан дээр хоёр хөлөөрөө гарч, буух үйлдлийг 3 минутын туршид хийлгэснээр 1 минут амрааж зүрхний цохилтыг тоолж үзнэ. Эрэгтэй хүний хувьд нэг минутад 79-өөс доош цохилж байвал онц, 79-89-ийн хооронд бол сайн, 90-99 байвал дунджаас дээш, 100-105 бол дундаж, 106-116 бол дунджаас доош, 117-128 бол муу, 128-аас дээш бол онц муу гэж дүгнэдэг. “О Т” ХХК-д мөрддөг Ажлын байрны эрүүл мэндийн стандартын 03 ангиллын шалгуур нь ажилтны биеийн жин 100 кг-аас доош байх, зүрхний үйл ажиллагаа хэвийн байхыг шаарддаг. Зүрхний ачааллын сорилын үр дүн нь дундаж буюу дунджаас дээш үзүүлэлттэй, өөрөөр хэлбэл зүрх нэг минутад 105-аас бага удаа цохилж байвал зүрхний үйл ажиллагааг хэвийн гэж үздэг. Ц.Чын хувьд биеийн жин 125 кг, зүрхний ачааллын сорилын дүн муу үзүүлэлттэй гарсан тул биеийн эрүүл мэндийн байдал “О Т” ХХК-д мөрддөг Ажлын байрны эрүүл мэндийн стандартын 03 ангиллын шалгуур үзүүлэлтийг хангахгүй буюу тухайн ажлын байранд нийцэхгүй гэсэн дүгнэлт хийсэн. Энэ дүгнэлт нь Ц.Чын тухайн үеийн эрүүл мэндийн шинжилгээний объектив үзүүлэлтүүдэд тулгуурлаж хийгдсэн, аливаа субъектив шинжгүй, үнэн зөв дүгнэлт гэдгийг баталж, түүний амь нас, эрүүл мэндийг ирээдүйд гарч болзошгүй аливаа эрсдэлээс хамгаалсан үйлдэл тул дүгнэлт танилцуулахдаа, цаашид учирч болзошгүй эрсдэлийг бууруулах зорилгоор нарийн мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах, биеийн жинг хасах, хөдөлгөөн нэмэгдүүлэхийг зөвлөсөн. Эрүүл мэндийн талаарх дүгнэлтийг гаргахдаа Эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан хүний их эмчийн тангараг, 28 дугаар зүйлийн 28.4.1 дэх хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг баримтлан хүнлэг, энэрэнгүй үзлийг эрхэмлэн, мэргэжлээ эрүүл мэндийн эсрэг ашиглахгүй байх эмнэлгийн мэргэжилтний үүргийн дагуу Ц.Чын эрүүл мэндэд цаашид учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах чин зорилгыг эрхэм болгосон. Нэхэмжлэгч Ц. Ц.Чын хувьд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан иргэн эрүүл мэндээ хамгаалах үүргээ ягштал биелүүлэх тухайлбал, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлт зан үйлээс татгалзах, сэргийлэх, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх үйлдлийг таслан зогсоох талаарх эрүүл мэндийн байгууллагын шаардлагыг биелүүлэх ёстой гэж үзэж байна. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэжээ. Ц.Чын эрүүл мэндийн талаарх дүгнэлт нь түүний чухам ямар эрхийг зөрчсөн нь ойлгогдохгүй байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар иргэн эрүүл мэндээ хамгаалах эрхийн хүрээнд эмч, эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах, өрхийн эмчээ сонгон бүртгүүлэх, өөрийн эрүүл мэндийн мэдээллийг авах, халдварт өвчнөөс бусад тохиолдолд эмчилгээ, оношлогоо, шинжилгээ хийлгэхээс татгалзах, эрүүл мэндэд харш үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэний талаар холбогдох байгууллагад өргөдөл, гомдол гаргах, хуулийн хүрээнд өөрийн эрүүл мэндтэй холбоотой мэдээллийн нууцыг хадгалуулах эрхийг хуульчилсан байна. Ц.Чын эрүүл мэндийн дүгнэлтэд дээрх эрхийн нэгийг ч зөрчөөгүй бөгөөд эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалсан болно. “О Т” ХХК-ийн Ажлын байрны эрүүл мэндийн стандартын Оффист ажиллах ажилтан Аюулгүй суух хязгаар 100 кг-аас доош гэсэн шаардлага нь хүнийг биеийн жингээр ялгаварлах бус харин 100 кг аас дээш жинтэй хүнд түүний хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ажил олгогч суудлын нэмэлт бэхэлгээ хийж өгөхийг зааж өгсөн хүний эрхийг хамгаалсан заалт юм. Иймд “М М” ХХК-ийн эсрэг гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/02211 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Чыг “О Т” ХХК-ийн аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагчийн ажилд томилохыг даалгаж, “М М”ХХК-ийн Сос медика эмнэлгийн эрүүл мэндийн хувьд тохирохгүй гэсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 25 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 70 200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/02211 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч “О Т” ХХК, нэхэмжлэгч Ц.Чын хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж, гэрээний саналаас хууль бусаар татгалзсан болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардалыг хангаж, нэхэмжлэлийн бусад шаардлага болох аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл тооцон гаргуулах, Хариуцагч “М М” ХХК-ийн СОС “М М” эмнэлгийн эрүүл мэндийн хувьд тохирохгүй дүгнэлт-ийг хүчингүй болгох шаардлага тус бүрийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “О Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхмаагийн төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Ч хяналтын гомдолдоо: Магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: 1. ИХШХШТХ-ийн 166.4 дүгээр зүйлд “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ.”гэж заасныг зөрчсөн. Тухайлбал: ИХШХШТХ-ийн 115.2-т зааснаар Анхан шатны шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэр гаргах ёстой атал нэхэмжлэгч миний гаргасан шаардлагаас өөр асуудлаар шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүх хянаж үзээгүй юм. Миний бие ““О Т”” ХХК нь хөдөлмөрийн гэрээний саналаас хууль бусаар татгалзсан гэж үзэн хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Гэтэл анхан шатны шүүхээс хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж тооцоод ажилд авахын ““О Т” ХХК-д даалгасан шийдвэр гаргасан нь миний нэхэмжлэлийн шаардлагаас өөр төдийгүй үр дагавар нь миний хувьд хохиролтой болсон юм. Учир нь анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй атал байгуулагдсан гэж үзсэнээр хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд энэ талаар гомдол гаргаж, шүүх гомдлыг нь үндэслэл бүхий байна гэж үзээд улмаар гэрээ байгуулах эсэх нь ажил олгогчийн эрхийн асуудал мэтээр шийдвэрлэсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхэд гаргасан миний шаардлага, түүнд холбогдох нотлох баримтууд аль алинд нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж заагаагүй. Ийнхүү давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлийг нэхэмжлэлийн шаардлага ба холбогдох нотлох баримттай харьцуулан “хэргийг бүхэлд нь хянан үзэх” эрх үүргийнхээ хүрээнд авч үзээгүй буюу ИХШХШТХ-ийн 166.4 дүгээр зүйлийг хэрэглээгүйгээс хэргийг шударгаар хянан шийдвэрлэж чадсангүй гэж үзэж байна. 2. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.5 дахь хэсэгт зааснаар ““О Т”” ХХК гэрээ байгуулах саналаас татгалзах эрхгүй гэж анхан шатны шүүхээс дүгнэснийг хууль буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргажээ гэж давж заалдах шатны шүүх үзсэн боловч үндэслэлээ тайлбарлаагүй. Тухайлбал: Анхан шатны шүүхийн шийдвэр ба давж заалдах шатны шүүхийн магадлалын аль алинд ““О Т”” ХХК нь хөдөлмөрийн гэрээний санал тавьсан бөгөөд саналаасаа хууль бусаар татгалзсаныг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзсэн юм. Ийнхүү хоёр шатны шүүх хөдөлмөрийн гэрээний саналаас татгалзсаныг хууль бус гэж шийдвэрлэснээс харвал ““О Т”” ХХК хуулийн дагуу гэрээний саналаасаа татгалзах боломжгүй гэсэн логик гаргалгаа харагдаж байна. Үүний эрх зүйн үндэслэл нь ИХ-ийн 195.5 дугаар зүйл юм. ИХ-ийн 195.5 дугаар заалт нь гэрээний талууд гэрээ байгуулах офферт ба акцептийг харилцан зөвшөөрсөн бол гэрээ байгуулагдсан гэж үзэх талуудын итгэлцлийг баталгаажуулах, итгэлцлийг хамгаалах зарчмыг илэрхийлдэг билээ. Энэ ч үүднээс хөдөлмөрийн гэрээ байгуулах санал хүлээн авсан миний гэрээ байгуулах итгэл ИХ 195.5 дугаар зүйлээр хамгаалагдсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээний харилцаанд ИХ-ийн гэрээний зохицуулалтыг төсөөтөй хэрэглэх нь эрх зүйн зөв үр дагаварт хүрэх шийдэл байх ёстой байлаа. Иймд давж заалдах шатны шүүх ИХ-ийн 195.5 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. 3. Хөдөлмөрийн тухай хуулийн 7.2 дахь хэсэг болон ИХ-ийн 189.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Хариуцагч ““О Т”” ХХК нь ажил горилогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн бусад хэсгүүд хоорондоо зөрчилдөх төдийгүй хууль буруу хэрэглэсэн үр дагаварт хүргэсэн. Тухайлбал: а) Дээр дурдсанчлан ““О Т”” ХХК нь Хөдөлмөрийн гэрээний саналаас хууль бусаар татгалзсаныг шүүх нэгэнт тогтоосон тул ““О Т”” ХХК”-ийн хувьд ажил горилогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулах “үүрэг” хүлээх нь хууль ёсны болно. Гэтэл шүүх ““О Т”” ХХК-ийн хувьд гэрээ байгуулах эсэхээ шийдвэрлэх эрхтэй гэж үзсэнээр хөдөлмөрийн гэрээний саналаас хууль бусаар татгалзсаныг тогтоосон шийдвэр нь эргээд ямар нэг эрх зүйн үр дагаваргүй байх нөхцөл байдалд хүргэж байна. Өөр хоорондоо зөрчилтэй дээрх шийдвэрийн үр дүнд хариуцагч ““О Т”” ХХК хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй гэсэн шийдвэр гаргаж Нэхэмжлэгч миний бие тус компани ажилд авах саналаасаа хууль бусаар татгалзжээ гэсэн өгүүлбэртэй л үлдэх нөхцөл байдал үүсээд байна. б) Хөдөлмөрийн тухай хуулийн 7.2 дугаар зүйл нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дурдсанчлан хөдөлмөрийн гэрээ байгуулах эсэх ажил олгогчийн эрхтэй огт хамааралгүй бөгөөд харин ажилтан хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалтад өртөхөөс хамгаалсан утаг агуулга бүхий заалт юм. Мөн Иргэний хуулийн 189.1 дүгээр зүйл нь талуудын гэрээ байгуулах болон гэрээний агуулгыг тодорхойлох эрхийг хуулиас гадуур хязгаарлахыг хориглосон агуулгатай заалт болно. Гэтэл шүүх дээрх хоёр хэм хэмжээг ажил олгогч буюу ““О Т”” ХХК хөдөлмөрийн гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэх эрхтэй гэсэн шийдвэрээ үндэслэхэд хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон ба хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн гэж үзэж байна. 4. Хөдөлмөрийн гэрээний саналаас хууль бусаар татгалзсаны үр дагаварт хөдөлмөрлөх эрх зөрчигдөж улмаар тухайн хугацаанд хөдөлмөр хийж байсан бол цалин хөлс авах ёстой байсан гэж үзэн миний бие ажилгүй байх хугацаанд олох байсан орлого буюу цалин хөлстэй тэнцэх хэмжээний үнийн дүнгээр хохирлоо нэхэмжилсэн юм. Гэтэл үүнийг шүүх ажилласан хугацааны хөдөлмөрийн хөлс нэхэмжилсэн мэтээр тайлбарлаж Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 ба 128.1.2-т заасныг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалинг тооцон гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх нь: а)миний нэхэмжлэлийн шаардлага буюу олох ёстой байсан орлого гэдгийг цалин хөлс нэхэмжилсэн гэж буруу тайлбарласан, б) хөдөлмөр эрхэлсэн ажилтны цалин хөлсний талаарх маргааныг зохицуулсан зохицуулалтыг хохирол шаардсан нөхөн олговортой хольж хутган Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 ба 128.1.2 дугаар зүйлийг буруу хэрэгдэж тайлбарласан гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт зааснаар магадлалд заасан хариуцагч ““О Т”" ХХК-д “Аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч” ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацаанд олох ёстой байсан орлого буюу тухайн ажлын байрны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “О Т” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхмаа хяналтын гомдолдоо: Магадлалыг дараах үндэслэлээр үл хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна. Нэг. Шүүгч хэрэглэх ёстой хэм хэмжээг хэрэглэхдээ буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай: Шүүхээс ““О Т”” ХХК-ийг гэрээний саналаас хууль бусаар татгалзсан болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл тус компани нь Ц.Чад хандаж аливаа гэрээний санал гаргаагүй болно. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-т заасан байдаг. Давж заалдах шатны шүүх ““О Т”” ХХК-иас Ц.Чад хандан гэрээний санал гаргасан эсэх талаар хууль хэрэглээний хувьд дүгнэлт өгөөгүй хирнээ шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт гэрээний саналаас хууль бусаар татгалзсан гэж дүгнэсэн байдаг. ““О Т”” ХХК нь өөрийн албан ёсны цахим хуудас болох www.ot.mn-д тухайн ажлын байрны шалгаруулалтад орох хүсэлтэй бүх этгээдэд хандан ажлын байрны зар тавьсан. Энэ нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.4-т заасан гэрээний саналын дуудлага болно. Учир нь гэрээний санал гэдэгт тодорхой этгээдэд хандан илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийг ойлгодог. Түүнчлэн Иргэний хуульд заасны дагуу гэрээний санал нь хангалттай тодорхой байх буюу тухайн төрлийн гэрээний гол нөхцөлийг өөртөө агуулсан байхыг шаарддаг. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлд дараахь нөхцөлүүдийг ойлгохоор хуульчилсан байдаг. ...Гэтэл ““О Т”” ХХК-иас дээрх гол нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний саналыг Ц.Чад хандаж огт илэрхийлээгүй болно. ““О Т”” ХХК-ийн ажлын зар болон тус зарын дагуу ажлын сонгон шалгаруулалтад оролцохоор өргөдөл гаргасан иргэдийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, стандарт болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дотоод хэм хэмжээндээ нийцүүлэн ажилтан шалгаруулах сонгон шалгаруулалтад оруулсан нь гэрээний санал тавьсан үйлдэл биш болно. Ажлын зар эсхүл ажлын сонгон шалгаруулалтад оруулж буй ажил горилогчдыг сонгон шалгаруулалтын нэг үе шат болох эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт оруулахаар явуулсныг гэрээний санал гэж дүгнэх юм бол ““О Т”” ХХК нь зөвхөн нэг ажлын байран дээр зарын дагуу ажил орох өргөдөл гаргасан хүн бүртэй эсхүл эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт оруулахаар илгээсэн хүн бүртэй гэрээ байгуулах үүргийг хүлээхэд хүрэх юм. Түүнчлэн, эрүүл мэндийн урьдчилсан үзлэг нь ажилд авахын өмнөх сонгон шалгаруулалтын нэг хэсэг болох тухай “О Т” ХХК-ийн ХН-А2.1: Хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журамд заасан байдаг. Тухайлбал, тус журмын 10-р зүйлд зааснаар сонгон шалгаруулалт нь дараах үе шатуудаас бүрддэг байна. Үүнд: Иргэний үнэмлэх, бичиг баримтын шалгалт, “О Т” ХХК-д ажиллаж байсан эсэх, Боловсрол мэдлэг, мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ, Ажил байдлын тодорхойлолт, Ажилд авахын өмнөх эмнэлгийн үзлэг,  Ажлын санал (буюу гэрээний санал) тавих тухайд мөн журмын 11.2.1-д “Зөвхөн сонгон шалгаруулалтын үйл явц дууссаны дараа ажлын санал тавьж болно. Үүнд ажилд авахын өмнөх үзлэг, магадлагаа, эмнэлгийн үзлэг, ажил байдлын тодорхойлолт болон бусад шалгуураар гарсан нааштай үр дүнг хамруулж ойлгоно.” гэж заасан. “О Т” ХХК-иас 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Ц.Чад Аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч ажлын байранд тэнцээгүй тухай цахим шууданг хүргүүлсэн болно. Дээр дурдсаны дагуу ““О Т”” ХХК-аас Ц.Чад хандан гэрээний санал гаргаагүй байх тул Нийслэлийн давж заалдах шатны шүүх нь ““О Т”” ХХК-ийг гэрээний саналаас хууль бусаар татгалзсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хууль хэрэглээний алдаатай шийдвэр болсон гэж үзэж байна. Хоёр. Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухай: Шүүх ажил олгогч ажил горилогч болон ажилтныг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт оруулах үүргийн талаар зохицуулсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, энэхүү эрүүл мэндийн урьдчилсан үзлэг нь ямар зорилготой ажиллагаа болохыг тодорхойлсон стандарт болох, Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй MNS 4967:2000 стандарт, Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол улсын олон улсын гэрээ болох Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111-р конвенц, ““О Т” ХХК”-иас Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан байгууллагын дотоод хэм хэмжээ болох ХН-А2.1: Хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам, 03 стандарт зэрэг нь энэхүү иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэвэл зохих эрх зүйн акт байсан гэж үзэж байна. Дээрх хууль тогтоомжид заасны дагуу ““О Т”” ХХК-ийн тухайн ажлын байранд тавигдаж буй эрүүл мэндийн шалгуур нь нэг талаас хуульд нийцсэн, нөгөө талаас компани хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн болохыг шүүх анхаараагүй байна. Тухайн эрүүл мэндийн шалгуур нь энэ ажлын байранд ажиллаж буй болоод ажиллах хүн бүрт ижил үйлчлэх буюу зөвхөн нэхэмжлэгч Ц.Чад тусгайлан зориулж гаргаагүй, алагчлах, ялгаварлан гадуурхах шинжгүй шалгуур болно. Гурав. Хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулаагүй тухайд: Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т заасан байдаг. ““О Т”” ХХК нь ажлын байрны зарыг нээлттэй зарлаж, тус зарын дагуу ажилд орохоор өргөдөл өгсөн Ц.Ч болон бусад хүмүүсийн материалуудыг хүлээн авч бүх ажил горилогчийн материалыг хараат бусаар, шударгаар үнэлсэн. Үүний үр дүнд ч Ц.Ч сонгон шалгаруулалтын нэг үе шат болох эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт орохоор болсон. Байгууллагын зүгээс ажил горилогчийг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт оруулах нь ажил олгогчид хуулиар хүлээлгэсэн үүрэг юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Ажил олгогч нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу үйлдвэрлэл, ажил, үйлчилгээтэй холбоотой, зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн урьдчилсан ба хугацаат үзлэгт ажилтныг хамруулна.”, MNS 4967:2000 стандартын 2.24.1-д “эрүүл мэндийн урьдчилсан үзлэг нь тухайн ажил мэргэжилд ажиллагсад эрүүл мэндээрээ тэнцэх эсэхийг тодорхойлох зорилготой.” гэж тус тус зохицуулсан байна. Ийнхүү ““О Т”” ХХК нь ажил горилогч болон тус компанид ажиллаж буй ажилтны өмнө хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн ажлын байрны онцлогоос хамааран ажилтан, ажил горилогчийн эрүүл мэндийн хувьд тодорхой шалгуур тавьж, тийнхүү шалгуурт нийцэж буй эсэхийг мэргэжлийн байгууллагаар дүгнүүлэхээр ажил горилогчдыг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт оруулж байгаа нь аливаа этгээдийн хөдөлмөрлөх эрхийг зөрчиж буй үйлдэл огтхон ч биш юм. Ц.Ч нь ““О Т”” ХХК-д ажил горилж, өргөдөл өгч, шалгаруулалтад орж байх явцдаа өөр компанид ажилд орохоор өргөдөл өгөх, улмаар ажлын сонгон шалгаруулалтад орох эрхтэй байсан ба энэхүү эрхийг нь ““О Т”” ХХК-ийн зүгээс аливаа байдлаар хязгаарлаагүй болно. Хэдийгээр тус ажлын байр нь “хэвийн” нөхцөлтэй ажлын байр боловч, MNS 5080:2001-ийн 3-р зүйлд “Үйлдвэрлэлийн ажлын байрны орчны болон хөдөлмөрийн үйл ажиллагааны хүчин зүйлс нь ажилтны эрүүл мэндэд нөлөөлдөггүй буюу тэдгээрийн хэмжээ нь эрүүл ахуйн зөвшөөрөх хэмжээнээс хэтрээгүй нөхцөлийг хэвийн нөхцөл гэнэ.” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл “хэвийн нөхцөл” гэдгээр ажиллах орчин буюу ажлын байрны орчин нь хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөл, түүний түвшинг тодорхойлдог ба энэ нь тухайн ажлын байранд ажиллах ажилтны эрүүл мэндийн шаардлагыг тодорхойлдог шалгуур биш юм. Тиймээс хэвийн нөхцөлд ажиллах ажилтанд эрүүл мэндийн ямар ч шалгуур тавих ёсгүй гэдэг нь үндэслэлгүй юм. ““О Т”” ХХК-ийн ХН-А2.1: Хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам, ОЗ стандарт зэрэг нь байгууллагын дотоод хэм хэмжээ бөгөөд эдгээр нь тухайн журам, стандарт хүрч үйлчлэх аливаа албан тушаалтан, ажилтан хэнийг ч болов ялгахгүй үйлчлэх бөгөөд яг ижил нөхцөл, ижил албан тушаалд ажиллаж буй этгээдүүдэд үндэслэлгүйгээр ялгаварлаж хандаагүй учир энэ тохиолдолд ялгаварласан гэж дүгнэх нь үндэслэлгүй юм. ““О Т”” ХХК-ийн зүгээс Ц.Ч нь эрүүл мэндийн үзлэгт тэнцээгүй учир тус ажлын байранд тэнцээгүй гэдгийг тайлбарласан буюу ажилд аваагүй шалтгаанаа тайлбарлах үүргээ хангалттай биелүүлсэн. Харин Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс ““О Т”” ХХК нь нэхэмжлэгч Ц.Чын хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нээлттэй ажлын байрны зард тавигдсан сургалт, олон нийтийн харилцаа эсвэл компьютерийн технологи зэрэг бусад холбогдох чиглэлээр дээд боловсролтой байх шаардлагыг Ц.Ч нь хангахгүй байгааг харгалзаж үзээгүй байна. Иймд магадлалын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад өөрчлөлт оруулж, “...““О Т”” ХХК нэхэмжлэгч Ц.Чын хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж, гэрээний саналаас хууль бусаар татгалзсан болохыг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ...” гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн зарим шаардлагад өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх хязгаарлагдаагүй, зохигчид мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн байна.

Ц.Ч нь хариуцагч “О Т” ХХК-д холбогдуулан хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж, гэрээний саналаас хууль бусаар татгалзсан болохыг тогтоож, аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл тооцон гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч “М М” ХХК-д холбогдуулан эрүүл мэндийн хувьд дээрх албан тушаалд тохирохгүй талаарх тус компанийн СОС “М М” эмнэлгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч “О Т” ХХК нь Аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч ажлын байранд ажилтан шалгаруулж авах зар гаргаж, уг ажлын байрны үндсэн зорилго нь ажилтнуудад зориулсан сургалт явуулах, сургалтын багц материал төлөвлөн боловсруулах, төрөл бүрийн программ хангамж ашиглан технологид суурилсан байдлаар сургалтуудыг дахин зохион байгуулахад тэргүүлэн оролцох гэж тодорхойлж, дээрх чиглэлээр дээд боловсролтой, ажлын 3-аас доошгүй жилийн туршлагатай, медиа үйлдвэрлэл харилцааны арга хэрэгслийг үр дүнтэй ашиглах мэдлэгтэй, хичээлийг сонирхолтой байдлаар хүргэх чадвартай, монгол хэл, англи хэлний сайн мэдлэгтэй, хэрэглээний программын чадвар, туршлагатай байх шаардлагыг саналд тусгажээ. /1хх6/

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.4-т “Тодорхой бус этгээдүүдэд хандсан хүсэл зоригийн илэрхийлэлд гэрээ байгуулах санал болохыг шууд заагаагүй бол түүнийг санал гаргах дуудлага гэнэ.” гэж заажээ. “О Т” ХХК-ийн гаргасан зард “...”О Т” ХХК-ийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт - Үйлдвэрлэл, үйл ажиллагааны сургалтын хэлтэст “О Т”н уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах (1) Аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.” гэснээс үзвэл саналын дуудлага бус гэрээ байгуулах санал гаргасан агуулгатай байна.

Иймд “О Т” ХХК нь тодорхой бус этгээдүүдэд хандаж, захиалга өгөхдөө гэрээ байгуулах санал гаргасан гэж үзнэ.

Тус компанийн Хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журмын дагуу явуулсан шалгаруулалтад 97 иргэн оролцсноос уг албан тушаалд Ц.Ч шалгарсан байна. /2хх249-250, 3хх1-18,29/

“О Т” ХХК нь “М М” ХХК-ийн харьяа СОС “М М” эмнэлэгт эрүүл мэндийн шинжилгээ хийлгэх ёстой гэж үзэж, тус эмнэлэг нь Ц.Чыг “...биеийн өндөр 184 см, жин 125 кг, Зүрхний ачааллын сорилын шинжилгээгээр зүрхний цохилт нэг минутад 120 удаа цохилж байгаа нь анагаахын шинжлэх ухаанд 117-128 бол муу гэсэн үзүүлэлтэд хамаарагдана, “О Т” ХХК-д мөрддөг Ажлын байрны эрүүл мэндийн стандартын 03 ангиллын ажилтны биеийн жин 100 кг-аас доош байх, зүрхний үйл ажиллагаа хэвийн байх гэсэн шалгуурт нийцээгүй” гэж үзсэн дүгнэлтийг гаргасан, энэ үндэслэлээр “О Т” ХХК Ц.Чтай хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзжээ.

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.2-т “Гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байна.” гэж хуульчилжээ. “О Т” ХХК гэрээ байгуулах санал гаргахдаа “гэрээнд зайлшгүй тусгавал зохих нөхцөл”-ийг тусгаагүй, ажил горилогчийн эрүүл мэнд, бие бялдарт тусгайлан, зайлшгүй тавигдах шаардлагын талаар заагаагүй атлаа эрүүл мэндийн хувьд уг ажилд авах боломжгүй гэж гэрээ байгуулах саналаасаа татгалзсан нь буруу болохыг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.

“О Т” ХХК-ийн зүгээс Ц.Чыг мэргэжил, ур чадварын хувьд тухайн ажлын байранд тэнцэнэ гэж үзсэн боловч гэрээний саналд заагаагүй үндэслэлээр “эрүүл мэндийн хувьд тохирохгүй” гэж татгалзсан нь гэрээ байгуулах үүргээ зөрчсөн гэж үзнэ.

Иргэний эрх зүйн харилцаа нь хууль зөрчөөгүй аливаа хэлцэл, шүүхийн шийдвэр, захиргааны шийдвэр, оюуны үнэт зүйл бүтээх, гэм хор учруулах, үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших, иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн хууль зүйн үйл явдал гэсэн үндэслэлээр үүсэхээс гадна гэрээ байгуулахаас өмнө буюу гэрээ байгуулах үе шатанд үүсэж болдог байна. Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2-т “гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд энэ хуулийн 186 дугаар зүйлд заасан үүрэг үүсч болно.” гэж заажээ.

Үүргийн харилцаа нь зөвхөн талууд гэрээний нөхцөлийг харилцан тохиролцож гэрээ байгуулсан үеэс үүсэх бус гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд үүсдэг болохыг хуульд ийнхүү заасан байна. Гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд үүрэг үүссэн, уг үүргээ гэрээний тал биелүүлээгүй бол нөгөө тал нь хэлэлцээ хийхтэй холбогдох гарсан зардал, хохирлоо Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.3, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Гэрээ байгуулах бэлтгэл шатанд “О Т” ХХК гэрээг байгуулахаас татгалзсан байна. Зохигчдын хооронд гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгч Ц.Ч нь гэрээний үндсэн үүрэг буюу ажилд авахыг даалгах, ажлын байраар хангах үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхгүй юм.

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.5-д “гэрээ байгуулах санал гаргасан тал хууль, гэрээ, саналд заасан хугацаанд саналаасаа татгалзах эрхгүй.” гэж заасан.

Өөрөөр хэлбэл гэрээ байгуулах саналыг нөгөө тал хүлээн авсан үеэс санал гаргасан этгээд тодорхой хугацаанд саналаасаа татгалзах эрхгүй ба хугацаа тодорхой байх нь тухайн хэм хэмжээний гол урьдчилсан нөхцөл байна. Зохигчид нь санал гаргагч талын гэрээнээс татгалзах хугацааг тохироогүй, хуульд хугацаа заагаагүй, хугацаа тодорхой бус байхаас гадна “О Т” ХХК-ийг хэзээ ч саналаасаа татгалзах эрхгүй гэж  үзэх боломжгүй юм.

“О Т” ХХК нь гэрээний санал гаргахдаа Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.2 дах хэсгийг зөрчсөн, гэрээ байгуулахаас татгалзсан үүргийн зөрчил гаргасан нь тогтоогдсон ба энэ нь нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангах үндэслэл болно. Иймд “М М” ХХК-ийн харьяа эмнэлгийн дүгнэлт, “О Т” ХХК-д мөрдөж буй “Ажлын байрны эрүүл мэндийн стандарт”-ын 03 ангиллын ажилтны биеийн жин 100 кг-аас доош байх, зүрхний үйл ажиллагаа хэвийн байх гэсэн шалгуур нь хөдөлмөрлөх эрхийг хязгаарлах, эрүүл мэнд, бие бялдрын хувьд алагчлах хандлагыг бий болгосон эсэх асуудал нэхэмжлэлийн үндэслэл болохгүй тул энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

Анхан шатны шүүх гэрээ байгуулах үүргээ биелүүлэхийг даалгах, гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах талуудын эрх гэсэн эрх зүйн асуудлаар тухайн маргааны үйл баримтад Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 187.2, 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна.

Зохигч талууд нь гэрээний хугацаа, цалин хөлс зэрэг хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг тохироогүй, “О Т” ХХК нь ажилтны эрүүл мэндийн шалгуурыг гэрээний гол нөхцөл гэж үзэж маргасан, хэргийн нөхцөл байдалд үндэслэн гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийг хангах боломжгүй байх ба давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хэм хэмжээг зөв сонгосон боловч энэ талаар “О Т” ХХК гэрээг байгуулах эсэхээ өөрөө шийдвэрлэх эрхтэй гэж алдаатай дүгнэснийг дээрх байдлаар залруулах нь зүйтэй байна. 

Иймд хариуцагч “О Т” ХХК нь гэрээний саналаас хууль бусаар татгалзсан болохыг тогтоож, харин аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл тооцон гаргуулах тухай нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.2, 187 дугаар зүйлийн 187.2, 187.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1., 21.3-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Х.СОНИНБАЯР

          ШҮҮГЧ                                                                       П.ЗОЛЗАЯА