Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2019/00502

 

Ж.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 153/ШШ2018/00585 дугаар шийдвэр

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 51 дүгээр магадлалтай

Ж.Цгийн нэхэмжлэлтэй,

Л.Э, О.О нарт холбогдох

“Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд  19 350 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагч О.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч О.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бум-Аюуш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Цгээс Л.Э нь 2016 оны 05 сарын 12-ны өдөр 25 000 000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай зээлж авсан байдаг. 2016 оны 05 сарын 25-ны өдөр үндсэн мөнгөнөөс 2 000 000 төгрөг, хүүнд нь 5 500 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөг өгөөд, үндсэн мөнгө 23 000 000 төгрөг үлдсэн. Тэгээд Л.Э рүү утасдаад үлдэгдэл мөнгөө өг, хугацаа хэтрээд байна гэсэн чинь миний боломж гарахгүй байна, өгнө. Би О.О гэдэг хүнд өгчихсөн байгаа. Тэр хүн Улаанбаатар хотод байгаа. Тэр хүн таниас гэрээ хийгээд, үргэлжлүүлээд авна. Та уулзаач гэж хэлсэн байдаг. Тэгээд манай дүү Л.Цэрэнхүүтэй О.О ажил дээр нь ирж уулзаад 2016 оны 06 сарын 08-ны өдрөөс 08 сарын 09-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр, 2016 оны 07 сарын 08-ны өдөр 12 650 000 төгрөг, 2016 оны 08 сарын 08-ны өдөр 12 075 000 төгрөг өгнө гэж гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу шууд хоёр хувааж төлөөгүй. Эхний сарын хүү гэж 2016 оны 7 сарын 8-ны өдөр Л.Цэрэнхүүгийн дансанд 1 200 000 төгрөг О.Оаас орсон. Хоёрдох сарын хүү 1 150 000 төгрөг 2016 оны 08 сарын 10-ны өдөр орсон. Нийт 2 350 000 төгрөгийн хүүг О.Оаас гэж орсон. Тэгэхдээ би зээлсэн мөнгөнийхөө хүүг өглөө. Үндсэн мөнгийг нь дараа өгье гээд хийсэн байдаг. Үндсэн мөнгөнөөс нэг ч төгрөг төлөөгүй. Одоо утсаар ярих гэхээр утсаа авахгүй, зугтаагаад уулзалдахгүй байсан учраас шүүхэд хандсан. Шүүхэд хандсаны дараа буюу 2017 оны 12 сарын 04-ний өдөр үндсэн мөнгөнөөс 15 150 000 төгрөгийг дансанд нь хийсэн. Ж.Ц, О.О хоёрын хооронд байгуулсан гэрээний 3-д зээлдүүлэгч нь зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож, зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж заасны дагуу алданги тооцохоор нилээн их мөнгө гарч байгаа ба алданги нь үндсэн мөнгөний 50 хувиас хэтэрч болохгүй гэж хуульд заасны дагуу алданги 11 500 000 төгрөг, үндсэн мөнгө 7 850 000 төгрөг, нийт 19 350 000 төгрөгийг О.Оаас гаргуулж өгнө үү. Л.Этэй тооцоо дууссан гэв.

Хариуцагч Л.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Э нь 2016 оны 05 сарын 12-ны өдөр Ж.Цгээс мөнгө зээлсэн. Үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ хоёр хүний хооронд 2 хоногийн хугацаатай 25 000 000 төгрөгийг зээлье гэсэн хэлцэл хийгдсэн байдаг. Ингэж авчихаад уг мөнгөө өгч чадалгүй явж байгаад 2016 оны 05 сарын 25-ны өдөр 7 500 000 төгрөг, 2016 оны 07 сарын 08-ны өдөр 1 200 000 төгрөг, 2016 оны 08 сарын 10-ны өдөр 1 150 000 төгрөг, 2017 оны 12 сарын 04-ний өдөр 15 150 000 төгрөг, нийт 25 000 000 төгрөгөө өгч дуусгасан. Л.Э, Ж.Ц хоёрын хооронд бичгийн гэрээ хийгдээгүй. Энэ нь хавтаст хэргээс нотлогдож байгаа. Тийм учраас Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хүү алданги нэхэмжлэх эрхгүй. Тийм учраас 19 350 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийн оролцогч нар тайлбараа үнэн зөв гаргаж өгөх ёстой. Гэтэл нэхэмжлэгч талын нэхэмжлэлээ тайлбарлаж байгаа тайлбарууд нь зөрдөг. О.Отай гэрээ хийсэн гэж 23 000 000 төгрөгийн гэрээг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Энэ гэрээ нь 2016 оны 06 сарын 08-ны өдөр хийгдсэн байдаг. Гэтэл 2016 оны 05 сарын 25-ны өдөр 7 500 000 төгрөгийг Л.Э төлчихсөн байдаг ба 17 500 000 төгрөг үлдэж байгаа. Гэтэл 23 000 000 төгрөг гэж зээлийн гэрээ хийсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ гэрээний үндсэн дээр Л.Эээс мөнгө нэхэж байгаа нь мөн үндэслэлгүй юм. Л.Э, Ж.Ц нарын хооронд бичгийн гэрээ хийгдээгүй байхад үндэслэлгүйгээр мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй юм. 7 500 000 төгрөгийг төлчихсөн байхад түүнийг хасалгүйгээр 23 000 000 төгрөгийн гэрээг О.Отай хийчихээд, үндэслэлгүй мөнгөн дээр тулгуурлаж хийсэн гэрээгээрээ хүү, алданги тооцож мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн төлсөн мөнгийг хүү төлсөн гэж тайлбарлаж байгаа. Гэтэл эдгээр мөнгийг төлөх тухайн үед хүү, алданги тооцох үндэслэл байгаагүй. Хэдийгээр аман гэрээ, хэлцэл хийсэн хэдий ч хуульд зааснаар нэхэмжлэх эрхгүй. 2 хоногийн хугацаатай зээлийн гэрээ хийчихээд, О.Отай хийсэн гэрээг үндэслэж Л.Эээс мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Ийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өнөөдрийн байдлаар Л.Эийн хувьд 25 000 000 төгрөгийг төлж барагдуулсан гэжээ.

Хариуцагч О.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч О.Оын тухайд 2016 оны 05 сарын 12-ны өдөр Л.Эээс 23,000,000 төгрөгийг зээлж авсан ба Ж.Цгээс мөнгө зээлээгүй. Ж.Ц гэдэг хүнийг огт танихгүй гэж хэлсэн. 2016 оны 06 сард О.Оыг Улаанбаатар хотод явж байхад нь Л.Э наана чинь миний мөнгө зээлсэн хүн байгаа. Уулзчихаад ир гэсний дагуу Ж.Цтэй уулзахад чи Л.Эээс мөнгө зээлсэн байна. Чамтай зээлийн гэрээ байгуулна гээд зээлийн гэрээ байгуулсан. 2016 оны 05 сарын 12-ны өдөр Л.Эээс мөнгө зээлж авсан болохоос биш 2016 оны 06 сарын 08-ны өдөр Ж.Цгээс мөнгө зээлж аваагүй. Уг зээлийн гэрээг 2016 оны 06 сарын 08-ны өдөр байгуулсан байдаг. 2016 оны 06 сарын 08-ны өдрөөс 08 сарын 09-ний өдрийн хооронд Ж.Цгээс О.Оын данс руу нэг ч төгрөг орж ирээгүй. Үүнээс харахад 2016 оны 06 сарын 08-ны өдөр Ж.Цгээс мөнгө зээлээгүй гэдэг нь тодорхой харагдаж байгаа. 2016 оны 5 сарын 12-ны өдөр Л.Эийн зээлсэн гэх мөнгийг тэдний хооронд хийгдсэн зээлийг халхавчлах зорилгоор уг гэрээг хийсэн байна гэж үзэж байна. 2016 оны 06 сарын 08-ны өдөр О.О, Ж.Ц нарыг зээлийн гэрээ байгуулахаас өмнө Л.Э Ж.Цд 7,500,000 төгрөгийг төлсөн байдаг. Үндсэн зээл 25,000,000 төгрөгөөс 7,500,000 төгрөгийг хасахаар 17,500,000 төгрөг үлдсэн байхад О.Отай 23,000,000 төгрөг зээлсэн мэтээр зээлийн гэрээ хийсэн нь үндэслэлгүй юм. Тийм учраас О.Оад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Л.Э, Ж.Ц хоёрын хооронд хийгдсэн зээлийн гэрээний харилцаанд О.О хамаагүй. О.О нь энэ хэрэгт хариуцагч биш гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 153/ШШ2018/00585 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч О.Оаас үндсэн зээл 7,800,000 төгрөг, алданги 11,500,000 төгрөг, нийт 19,350,000 /арван есөн сая гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Цд олгож, хариуцагч Л.Эт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 330,450 /гурван зуун гучин мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Цд олгож шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 51 дүгээр магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 153/ШШ2018/00585 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч О.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч О.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330.450 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч О.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ховд аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09-р сарын 04 ны өдрийн 153/ШШ2018/00585 дугаартай шийдвэр, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11-р сарын 02-ны өдрийн 51 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

2016 оны 05-р сарын 12-ны өдөр 25 000 000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай Ж.Цгээс Л.Э зээлж авсан хэлцлийг анхан болон давж заапдах шатны шүүх дүгнэхдээ 2016 оны 06-р сарын 08-ны өдрийн О.О Ж.Ц нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээгээр гэж дүгнэн хүү, алданги гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл О.Оаас 19 350 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайлбал 2016 оны 06-р сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл байсан бөгөөд Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар өөр хэлцэлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдэг нь ойлгомжгой байхад шүүх хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

О.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа миний гаргасан давж заалдах гомдлын агуулгыг магадлалын тодорхойлох хэсэгт тайлбарлахдаа гомдлын агуулгыг бүрэн гаргаж бичээгүй нь давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянасан гэхэд эргэлзээ төрж байна. Учир нь уг магадлалд дурдсан гомдлын агуулга нь 2018 оны 07-р сарын 03-ны өдрийн 30 дугаартай магадлалаар шийдвэрлэгдэж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж байсан гомдлын агуулгыг хуулбарлан бичсэн, түүнчлэн 2016 оны 08-р сарын 08-ны өдөр О.О Ж.Ц нарын хооронд ямар ч зээлийн гэрээ байгуулагдаагүй байхад анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “... Шүүхээс хариуцагч О.О Ж.Ц нарын хооронд 2016 оны 08-р сарын 08-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн...” гэж тодорхойлон бичсэн нь хэрэгт огт байхгүй, хийгдээгүй зээлийн гэрээний талаар дүгнэлт хийж хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй, хэргийн байдлыг бүхэлд нь хянаж үзэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэргийн бодит байдалд буруу дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. /30 дугаартай магадлал болон 51 дугаартай магадлалуудад дурдсан гомдлуудын агуулгыг хх-ээс харьцуулан үзэхэд ойлгомжтой байх болно/

Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар “мөнгө буюу эд хөрөнгө зээлдэгчид шилжсэнээр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэснээс харахад тухайн зээлийн гэрээ байгуулсан өдөр О.Оад Ж.Цгээс мөнгө буюу эд хөрөнгө шилжээгүй болох нь тодорхой байгаа юм. Мөн түүнчлэн Ж.Ц нь Л.Эт 25 000 000 төгрөгийг амаар хэлцэл хийн зээлдүүлчихээд Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү алданги авах эрхээ алдана гэдгээ мэдсэн дариудаа дээрх хэлцэлээ халхавчлах зорилгоор О.Отай зээлийн гэрээг байгуулсан байхад шүүх үүнд дүгнэлт хийгээгүй нь хууль зөрчсөн байна.

Л.Э нь Ж.Цгээс 25 000 000 төгрөгийг 2016 оны 05-р сарын 12-ны зээлсэн бөгөөд 2016 оны 5-р сарын 25-ны өдөр 7 500 000 төгрөгийг төлж 17 500 000 төгрөг үлдсэн байхад 2016 оны 06-р сарын сарын 08-ны өдөр О.О Ж.Ц нар нь Л.Э, Ж.Ц нарын хооронд хийгдсэн зээлийг баталгаажуулж гэрээ хийхдээ 23 000 000 төгрөгийн үний дүн бүхий зээлийн гэрээ байгуулсан нь ямар ч үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч эхнээсээ нэхэмжлэлээ зөв тодорхойлж чадаагүй, өөрөөр хэлбэл Л.Эээс хэдэн төгрөг, О.Оаас хэдэн төгрөг тус тус нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байсан. Ингээд хэрэг эхний удаа давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд буцахад нэхэмжлэгч Л.Эээс төлбөрөө дуусгасан гэж хариуцагчаас татгалзсныг шүүх тайлбарлахдаа Л.Э Ж.Ц нарын хооронд тооцоо дууссан гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэчимэгийн тайлбарыг үндэслэн Л.Эт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон атлаа түүний төлсөн 25 000 000 төгрөгийг хэрхэхийг тайлбарлаагүй. Өөрөөр хэлбэл О.О, Ж.Ц нарын хооронд хийгдсэн гэрээний үүргийг Л.Э биелүүлсэн байхад дүгнэлт хийлгүй хүү алданги тооцож байгаа нь ойлгомжгүй. Тухайлбал: Л.Эийн зүгээс 2016 оны 05-р сарын 25-ны өдөр 7 500 000 төгрөг, 2016 оны 07-р срын 08-нд 1 200 000 төгрөг, 2016 оны 08-р сарын 10-ны өдөр 1 150 000 төгрөг, 2017 оны 12-р сарын 04-ны өдөр 15 150 000 төгрөг, нийт 25 000 000 төгрөгийг Ж.Цд төлж барагдуулсан. Гэтэл анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж О.Оаас 19 350 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “...О.Оаас үндсэн зээл 7 800 000 төгрөг, алданги 11 500 000 төгрөг, нийт 19 350 000 төгрөгийг гаргуулж Ж.Цд олгож,...” гэж   үнийн дүнг зөрүүтэй бичсэн нь бичиглэлийн алдаа гэхээсээ тухайн шүүхийн үндэслэлээ тайлбарлаж чадахгүй буруу дүгнэлт хийсэн нь эндээс харагдаж байна. Учир нь Л.Э нь Ж.Цтэй аман хэлцэл хийж 25 000 000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай зээлсэн учир хуульд зааснаар хүү алданги тооцогдохгүй. Гэтэл энэхүү хэлцэлийг баталгаажуулж О.О, Ж.Ц нарын хооронд нөхөж 2016 оны 6-р сарын 08-ны       өдөр хийгдсэн зээлийн гэрээний үнийн дүн нь 23 000 000 төгрөгөөр хийгдэж байгаа нь ойлгомжгүй. 2016 оны 05-р сарын 25-ны өдөр төлсөн 7 500 000 төгрөгийг хасч тооцоогүйгээс харахад тухайн хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм.

Л.Э нь Ж.Цд 25 000 000 төгрөгөө төлөөд дуусгачихаад байхад энэ мөнгийг дахин О.Оаас гаргуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Иймд Ховд аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09-р сарын 04-ны өдрийн 153/ШШ2018/00585 дугаартай шийдвэр, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11-р сарын 02-ны өдрийн 51 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Ж.Ц нь Л.Э, О.О нарт холбогдуулан “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 19 350 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч О.Оаас 19 350 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Л.Эт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Л.Э нь Ж.Цгээс 25 000 000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай зээлж, үүнээс 23 000 000 төгрөгийг О.Оад шилжүүлж, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ж.Цд 7 500 000 төгрөгийг буцаан төлжээ.

Ж.Ц нь Л.Эээс 7 500 000 төгрөгийг буцаан авсны дараа 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр О.Отай “Зээлийн гэрээ” байгуулж, тус гэрээгээр 23 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5%-ийн хүүтэй зээлдүүлэх нөхцөлөөр тохиролцож, талууд гэрээнд гарын үсэг зурсан, гэрээний хугацаанд хариуцагчаас 2 350 000 төгрөгийг, хэрэг шүүхэд хянагдах явцад Л.Эээс 15 150 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...үндсэн зээл 23 000 000 төгрөг, алданги 11 500 000 төгрөг, нийт 34 500 000 төгрөгийг нэхэмжилснээс хариуцагч 15 150 000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл нь 19 350 000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэж тайлбарлажээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүйгээс шийдвэр, магадлал үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ж.Ц нь Л.Эийн хүсэлтээр 25 000 000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай зээлдүүлсэн боловч талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т зааснаар зээлдүүлэгч нь хүү шаардах эрхгүй.

Л.Э нь дээрх зээлээс 7 500 000 төгрөгийг буцаан төлсөн тул зээлийн үлдэгдэл төлбөр /25 000 000 - 7 500 000/ 17 500 000 төгрөг болжээ.

Ж.Ц, Л.Э нарын зээлийн үлдэгдэл төлбөр 17 500 000 төгрөг байхад зээлдүүлэгч Ж.Ц нь О.Отай 23 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан нь бодит байдалд нийцээгүй байх тул О.Оын гэрээгээр хүлээх үндсэн үүргийг 17 500 000 төгрөгөөр тооцох нь зүйтэй.

Иймд  хариуцагч О.Оын “Зээлийн гэрээ”-гээр хүлээх үүрэг нь үндсэн зээл 17 500 000 төгрөг, зээлийн хүүг сарын 5%-иар, 2 сараар тооцоход /17 500 000 х 5% х 2 сар/ 1 750 000 төгрөг, нийт/17 500 000 + 1 750 000/ 19 250 000 төгрөг байна.

Үүнээс гэрээний хугацаанд төлсөн 2 350 000 төгрөгийг хасахад /19 250 000 - 2 350 000/ 16 900 000 төгрөг үлдэх тул алдангийг үлдэгдэл төлбөрийн 50%-иар тооцож, /16 900 000 х 50%/ 8 450 000 төгрөг, нийт /16 900 000 + 8 450 000/ 25 350 000 төгрөг төлөх үүрэгтэй байжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 15 150 000 төгрөг төлсөнийг 25 350 000 төгрөгөөс хасахад 10 200 000 төгрөг үлдэнэ.

Дээрх төлбөрийг хариуцагч О.Оаас гаргаж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч О.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын заримыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Л.Эийг өөрт холбогдох төлбөрөө төлсөн гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 51 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 153/ШШ2018/00585 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...О.Оаас үндсэн зээл 7 800 000 төгрөг, алданги 11 500 000 төгрөг, нийт 19 350 000 /арван есөн сая гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Цд олгож,” гэснийг “...О.Оаас 10 200 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг, “ гэж, 2 дахь заалтын “330 450/ гурван зуун гучин мянга дөрвөн зуун тавь/” гэснийг “178 150” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч О.Оаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР      

ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД