Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 102/2017/03642/и |
Дугаар | 001/ХТ2019/00673 |
Огноо | 2019-05-09 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2019/00673
“Т Ж Ш Ш И Т”ХХК-ний
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/03310 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 88 дугаар магадлалтай,
“Т Ж Ш Ш И Т”ХХК-ний нэхэмжлэлтэй
“Ч Х” ХХК-д холбогдох
4 560 374 839.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Л.Жавзмаа нарын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Очирхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр тус компани БНХАУ-ын Жин Нин хотын “З Ж”уул уурхайн компанитай Олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-г 5 жилийн хугацаатай байгуулж, түүний зэргэлдээ компани болох “Ч Х” ХХК-ийн ашиглалтын лицензийг нь эзэмшдэг Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Зүүн тойром нэртэй газар орших MV-017166 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий төмрийн хүдрийн ордод хөрөнгө оруулалт хийж, олборлолтын ажлыг гүйцэтгэж байсан. Гэтэл “З Ж”компани гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалж, үүнээс улбаалан үүссэн хохирлыг манай компанид төлж барагдуулахаар тохиролцон 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр дээрх гэрээг дуусгавар болгох тухай гэрээг байгуулсан. Үүний дараа 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Жин Нин хотын “З Ж”уул уурхайн компани болон “Т Ж Ш Ш И Т”ХХК хооронд хийсэн уул уурхайн олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгох гэрээний нэмэлт гэрээ-г “З Ж”ХХК-аас гадна түүний зэргэлдээ компани болох “Ч Х” ХХК-тай байгуулж манай компанийн хөрөнгө оруулалтаар орж ирсэн тоног төхөөрөмжийг манайд буцаан шилжүүлэхээр тохиролцсон юм. Үүнээс гадна, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр манай компани хариуцагч “Ч Х” ХХК-тай уулзалт хийж, нийт 8 821 100 юанийг хариуцагч “Ч Х” ХХК 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон бөгөөд энэ нь уулзалтын хурлын протоколоор нотлогдоно. Түүнчлэн, 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн тооцоо нийлсэн баримтаар дээрх 8 821 100 юаниас гадна төлж барагдуулах бусад зардлыг хураангуйлан дүгнэж 3 509 903 юанийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж дуусгахаар тус тус тохиролцсон. Хариуцагч “Ч Х” ХХК-ийн манай компанид төлж барагдуулах мөнгөн дүнгийн нийт хэмжээ 12 331 003 юань болж байна. Эдгээр үүргийг “Ч Х” ХХК барагдуулахаар тодорхойлсныг 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тодорхойлолтоос мөн харж болно. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 187 дугаар зүйлийн 187.1 болон, 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан заалтын дагуу манай компани болон “Ч Х” ХХК-ийн хооронд хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн, үүнийг үндэслэн “Ч Х” ХХК-д манай хохирлыг төлж барагдуулах үүрэг үүссэн бөгөөд уг үүргээ биелүүлэхийг ”Ч Х” ХХК-аас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу удаа дараа шаардсан боловч өдий хүртэл биелүүлэлгүй манай компанийг хохироосоор 2 жил гаруй хугацаа өнгөрсөн. Хариуцагч гэрээний харилцаанд ороогүй гжу байгаа бол хөрөнгө оруулалтаар орж ирсэн, буцаан өгөхийг хүлээн зөвшөөрсөн тоног төхөөрөмжийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар төлөх үүрэгтэй. Иймд хууль ёсны хэлцлийн дагуу үүссэн 12 331 003 юань буюу монгол төгрөгт өнөөдрийн Монгол банкнаас зарласан ханшийн дагуу хөрвүүлсэн 4 560 374 839.49 үнийн дүн бүхий хохирлыг төлөх үүргийг нь “Ч Х” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан гэрээнүүд нь БНХАУ-д бүртгэлтэй “З Ж”ХХК болон “Т Ж Ш Ш И Т”ХХК-ийн хооронд байгуулагдсан. ”Т Ж Ш Ш И Т”ХХК болон “Ч Х” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ байхгүй байгаа нь иргэний эрх зүйн харилцаанд ороогүй гэж үзэхээр байна. БНХАУ-д бүртгэлтэй “З Ж”ХХК, “Ч Х” ХХК-иудын хооронд 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хэлэлцээрийн бичиг хийгдсэн. Уг хэлэлцээрийн бичигт Дундговь аймгийн Говь-Угтаал сум дахь уул уурхайн олборлолтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг “З Ж”ХХК олж гэрээ байгуулах ажлыг хариуцана гэж тохиролцсон. Ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжилтийн явцад үүссэн аливаа маргаан “Ч Х” ХХК-д үл хамаарна гэж заасан. 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ нь “Т Ж Ш Ш И Т”ХХК, “З Ж”ХХК-ийн хооронд хийгдсэн. Гэрээний дагуу уурхайд олборлолт явагдсан. БНХАУ-ын Эрээн хотын Жи майнинг ХХК-аас тоног төхөөрөмж оруулж ирсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан гаалийн бүрдүүлэлтээр нотлогдоно. “Т Ж Ш Ш И Т”ХХК нь 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр БНХАУ-д байгуулагдаж, олборлолтын гэрээг батлахаас өмнө БНХАУ-ын компанийн тухай хуульд зааснаар жил тутмын хяналт шалгалтад хамрагдаагүй ба 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэл нь хүчингүй болсон байдаг. Байгууллагын бүртгэлийн лавлагааг хэрэгт хавсаргасан. Олборлолтын гэрээтэй холбоотой маргааныг БНХАУ-ын шүүхээр шийдвэрлэх ба эвээр шийдвэрлэж чадахгүй бол БНХАУ-ын Эрээн хотын Иргэний шүүхэд хандана гэж заасан. Үүний дагуу “З Ж”ХХК шүүхэд хандсан байдаг. Иймд нэхэмжлэгчийн 4 560 374 839.49 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. “Т Ж Ш Ш И Т”ХХК-аас ямар хөрөнгө гарсан, хэнд хөрөнгөө шилжүүлсэн юм бэ? Энэ талаарх нотлох баримт хэрэгт огт байхгүй. Гэрчийн мэдүүлгээр н.Цэрмаа нь хэн хөрөнгө оруулсныг мэдэхгүй гэж хэлсэн байна. Гэрч Жань Юй Фэй гэдэг “Ч Х” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдээр хуурамч тодорхойлолт дээр гарын үсэг зуруулсан. Нэхэмжлэгч тал “Ч Х” ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдгийг юугаар ч нотолж чадахгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/03310 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Монгол улсын “Ч Х” ХХК-аас 4 560 374 839.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч БНХАУ-ын “Т Ж Ш Ш И Т”ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23 025 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 88 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/03310 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 22 959 824 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Л.Жавзмаа нар хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч ИХШХШТХуулийн 25.1.6, 172.1 зааснаар хяналтын гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх ИХШХШТХуулийн 167.1.5, 168.1.1 гэх үндэслэл бүхий хуулийн заалтаар шийдвэрийг хүчингүй болгосон нь дээрх хуулийн 168 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн байна. Учир нь: ИХШХШТХуулийн 168.1.1 дэх хэсгийн “... шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй” гэх заалтын аль үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй байна. Магадлалд “Шүүх зохигчийн эрх зүйн байдал болон талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлох нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуулийн зохицуулалтыг зөв оновчтой сонгож хэрэглэх нөхцөл бүрдэнэ” гэж тодорхойлжээ. Нэхэмжлэгч БНХАУ-ын “Т Ж Ш Ш И Т”ХХКомпани нь 2008 оны 4 сарын 16-наас 2012 оны 6 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд үйл ажиллагаа эрхэлж байгаад “жил тутмын хяналт шалгалтанд хамрагдаагүй” гэх үндэслэлээр Улсын бүртгэлээс хасагдсан тухай Үйлдвэр худалдааны захиргаа, удирдлагын газрын мэдээлэл лавлагаа хэрэгт авагдсан давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1253 дугаар магадлалд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулахаар буцаасны дагуу тодруулах ажиллагаа хийсэн боловч нэхэмжлэгчээс хятад улсын хуулиар компанийг хугацаагүй байгуулдаг мөн хэрэгт авагдсан Үйлдвэр худалдааны захиргаа, удирдлагын газрын мэдээлэл лавлагаа бол хугацаагүй компанид олгогдсон тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэсэн баримт юм гэх тайлбарыг гаргасан. ИХШХШТХуульд шүүхээс нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулах ажиллагааг хийх боломж нь нэхэмжлэгчид энэ талаарх баримтаа гаргаж өгөх боломжийг олгох явдал бөгөөд үүнээс өөрөөр шүүх өөрийн санаачлагаараа үүнтэй холбоотойгоор нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа явуулах нь шүүхийн хөндлөнгийн байх зарчимд үл нийцнэ гэж үзэж байна. Шүүх ямар тохиолдолд нотлох баримтыг өөрийн санаачлагаар, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой, тухайн маргааныг хянан шийдвэрлэхэд зайлгүй шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэх эрх нь ИХШХШТХ ийн 38.9-д зааснаар хуульчилсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулаагүй, тодруулах ажиллагаа хийгээгүй гэж удаа дараа дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг 2 дахь удаагаа хүчингүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгчид эрх зүйн байдлаа тодруулах талаар боломж олгож, энэ талаар танилцуулахаас өөрөөр хэрхэн яаж, ямар хуулийн зохицуулалтын дагуу ямар ажиллагааг хийж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруул гээд хэргийг буцаагаад байгаа нь ойлгомжгүй байна. ИХШХШТХуулийн 62.1.4 дэх хэсэгт нэхэмжлэгч нь өөрийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг бөгөөд энэ нь нэхэмжлэлийн шаардлагаа ямар үндэслэлээр гаргаж байгаагаа өөрөө тодорхойлох, нотлохыг хуульчилсан. Өөрөөр хэлбэл тухайн нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр гаргаж байгаа нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоож улмаар шүүх тухайн хүрээнд буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талуудын маргаж байгаа асуудалд хууль зүйн дүгнэлт хийж хэрэг маргааныг шийдвэрлэнэ. Хэдийгээр нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргахдаа ажил гүйцэтгэх гэрээний үүрэг шаардсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндэслэлээ өөрчилсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх өөрчилсөн үндэслэл буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх маргаанд эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь шүүх ИХШХШТХуулийн 6.1 дэх хэсэгт заасан зарчимд нийцсэн гэж үзэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага, түүний үндэслэл болоогүй асуудалд дүгнэлт өгч шийдвэрийг хүчингүй болгосон байх ба магадлалд “...нэхэмжлэгчийг ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирол буюу гэрээ дуусгавар болсонтой холбоотой хохирлыг шаардсан гэж үзэхээр байна гэж, мөн “...дээрх эд хөрөнгө хариуцагчийн эзэмшилд байгаа эсэх буцаан өгөхөөр тохирсон гэх эд хөрөнгө устаж, гэмтэж байхгүй болсон, ашиглах боломжгүй болсноос үнийг шаардаж буй зэрэг нь ач холбогдолтой бөгөөд эдгээр нөхцөл байдал тодорхойгүй тохиолдолд хэргийг шийдвэрлэх боломжгүй юм” гэж хэт нэг талыг барьж, хэрэгт нэхэмжлэгчийн байр сууринаас хандан, нэхэмжлэгч талд зөвлөж зааварласан, хэргийн үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх дээрх бичгийн баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй, нотлох баримт болон хуулийг зөвхөн нэхэмжлэгч талд ашигтайгаар тайлбарлан хэрэглэсэн, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний болон шүүхийн хөндлөнгийн байх зарчмыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт руу хэт орж талуудын маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралгүй анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй, нотлох баримтыг зааж зөвлөсөн дүгнэлт хийж, эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэхээр байна. ИХШХШТХуулийн 25.2.2, 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй байхад энэхүү үүргийг анхан шатны шүүхийн үүрэг мэтээр тайлбарлан шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн давж заалдах шатны шүүх ИХШХШТХ ийн 167.1.5 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон атлаа энэхүү үндэслэлээ үгүйсгэж, ИХШХШТХуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын гаргаж өгсөн баримтууд өөр хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй гэж дүгнэн улмаар хэрэгт авагдсан ямар баримтууд өөр хоорондоо ямар зөрүүтэй. эргэлзээтэй болохыг тодорхой заагаагүй байна. Мөн дээрх үндэслэлээс гадна нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 4 560 374 839.49 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон ба анхан шатны шүүхээс удаа дараа тодруулсан боловч зөвхөн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж өөрчилснөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд ИХШХШТХуулийн 176.2.3-д зааснаар магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-т заасан аль ч үндэслэлд хамраагүй байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт, хууль хэрэглээ Иргэний хуулийг зөрчөөгүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй байна.
“Т Ж Ш Ш И Т”ХХК нь “Ч Х” ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 4 560 374 839 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо 2015 оны 05 сарын 23-ны өдрийн тооцоо нийлсэн баримтаар 8 821 100 юанийн тоног төхөөрөмж, бусад зардал 3 509 903 төгрөг нийт 12 331 003 юань болсон ба нэхэмжлэл гаргах үеийн ханшаар 4 560 374 839 төгрөг гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээгээгүй гэж маргасан байна.
“Т Ж Ш Ш И Т”ХХК-ийн зүгээс олборлолтын гэрээ, нэмэлт гэрээ, гэрээг цуцалсан, гэрээг дуусгавар болгосон гэрээ, тооцоо нийлсэн баримт, “Ч Х” ХХК-ийн тодорхойлолт гэсэн баримтуудыг нэхэмжлэлийн үндэслэлээ болгожээ.
2013 оны 08 сарын 12-ны өдрийн олборлолтын гэрээ, 2014 оны 07 сарын 19-ний өдрийн гэрээг цуцалсан тухай баримт, “гэрээг дуусгавар болгох” 2014 оны 08 сарын 26-ны өдрийн гэрээ, 2015 оны 05 сарын 23-ны өдрийн тооцоо нийлсэн баримт нь “Т Ж Ш Ш И Т”ХХК болон “З Ж”ХХК-ийн хооронд байгуулагдсан байхад гэрээнд оролцоогүй “Ч Х” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй, эдгээр хэлцэл нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт болоогүй байна.
Хүдэр олборлолтын гэрээний дагуу “Т Ж Ш Ш И Т”ХХК нь хөрөнгө оруулж олборлолт хийх үүргийг, “З Ж”ХХК нь олборлолтын баримт бичгийг бүрэн бүрдүүлж олборлолт хийх нөхцөлийг бүрэн хангах үүргийг тус тус хүлээсэн байна. “З Ж”ХХК болон “Ч Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь нэг этгээд боловч эдгээр компаниуд тус тусдаа хуулийн этгээд тул тус тус өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээнэ. Дээрх хэлцэлд “Ч Х” ХХК оролцоогүй, үүрэг үүсээгүй тул эдгээр хэлцэл нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй юм.
Харин 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн нэмэлт гэрээнд /1хх-ийн 32-33 / 3 тал буюу “Т Ж Ш Ш И Т”ХХК, “З Ж”ХХК, “Ч Х” ХХК оролцсон боловч “Ч Х” ХХК нь энэхүү тоног төхөөрөмжийн шилжүүлэх ажлыг Монгол компани бүх бичиг материалаар хангаж туслах үүрэгтэй гэснээс үзэхэд “Т Ж Ш Ш И Т”ХХК болон “З Ж”ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний үүрэгт “Ч Х” ХХК хамааралгүй, харин талбай дээр нь эд хөрөнгө байгаа учраас саадгүй шилжүүлэх үүргийг хүлээсэн байна.
“Ч Х” ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Тодорхойлолт гэх баримтад “...Шанши Тянжин Шиэн Шин Ий төмрийн баяжмал ХХК-ний хуулийн этгээдийг төлөөлж Шүн Ий Фа /паспортын дугаар G25726694/ БНХАУ-ын Шиндун “З Ж”уул уурхайн ХХК-нд нийт 14 418 182 /арван дөрвөн сая дөрвөн зуун арван найман мянга нэг зуун наян хоёр/ юанын хөрөнгө оруулалт хийсэн. Үүнд тоног төхөөрөмжөөр 9 699 482 юань. ...БНХАУ-ын Шандун Зу Жин уул уурхайн ХХК-ний Монгол улс дахь ““Ч Х”” ХХК нь тоног төхөөрөмжийн төлбөрийг хийх эдийн засгийн чадвар байхгүй..., 2014 оны 11-р сарын 24-нд нэмэлт гэрээ болон 2015 оны 05 сарын 15-ны өдрийн хурлын протоколыг үндэслэн бүхий л тоног төхөөрөмжийг угийн байдлаар нь хуулийн этгээдийг төлөөлж байгаа Шүн Ий Фа-д буцааж өгөхийг зөвшөөрөв. Монгол улсын ““Ч Х”” ХХК нь тухайн тоног төхөөрөмжийг щилжүүлэн өгнө...” гэсэн мэдээлэл тусгагджээ. /хх42/ Уг баримтаас үзвэл “Ч Х” ХХК нь “З Ж”ХХК-ийн үүргийг шилжүүлж авсан, улмаар “Т Ж Ш Ш И Т”ХХК-ийн өмнө үүрэг хүлээсэн байдал тогтоогдоогүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээр үүрэг хүлээсэн гэж дээрх 2 баримтыг нэхэмжлэлийн үндэслэл болгосон атлаа хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн нь зөрчилтэй, үндэслэл муутай нэхэмжлэл гаргажээ.
Давж заалдах шатны шүүх өмнө нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1253 дугаар магадлалаар уг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байсан ба нэхэмжлэгч компани татан буугдаагүй, зөвхөн үйл ажиллагааг зогсоосон тухай баримтыг шүүхэд гаргасан, магадлалын заалт биелэгдсэн байхад нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг дахин тодруулах шаардлагатай гэж давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэнгүй.
Хариуцагч “Ч Х” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Ковш шилжүүлэн өгөх шилжүүлэн авах тухай /хх-100/ баримтаас үзэхэд дээрх 3 ковш нь нэхэмжлэгчийг төлөөлөгч Шон И Фа-д байгаа нь тогтоогдсон, “Ч Х” ХХК нь тээврийн хэрэгслийн эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг маргаагүй байхад энэ талаар тодруулах шаардлагатай гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д нийцээгүй байна.
Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 88 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/03310 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22 959 824 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА