Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 776

 

 

 

 

 

№               № 546                                  МА

 

зГАДЛАЛ

 

Б.Е-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор С.Батгэрэл,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 495 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Батгэрэлийн бичсэн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Е-д холбогдох 1805019530498 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С овгийн Б-н Е, 1982 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УЖ82061110/;

Б.Е нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Окей” баарны гадаа иргэн Х.Э-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Баянгол дүүргийн прокурорын газар: Б.Е-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

         

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Е-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Е-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Б.Е нь хохирол учирсан гэж үзвэл тогтоол хүчин төгөлдөр болсны дараа иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, Б.Е нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

          Прокурор С.Батгэрэл бичсэн эсэргүүцэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх дараах нөхцөл байдлууд байна.

          Цагаатгах тогтоолд “... хохирогчийн довтолсон үйлдэл байна ...” гэж үзсэн нь зөвхөн яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Тухайлбал, яллагдагчийн “...хохирогчийг шил барьж дайрсан...” гэх мэдүүлэг бусад байдлаар нотлогдоогүй, “хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...тулгарсан довтолгоон хийгдсэн байна...” гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

          Хохирогч Х.Э-ын “... баарнаас пивоны хоёр шил барьж гарсан...” гэх үйлдлийг “...уг шилийг шүүгдэгч Б.Е-ы эсрэг хэрэглэхээр довтолсон...” гэх үйлдэлтэй дүйцүүлсэн, хохирогч нь Е руу ямар байдлаар, яаж халдлага хийсэн талаар нотлох баримт байхгүй байхад түүний үйлдлийг “аргагүй хамгаалалт” гэж үзсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

          Иймд Б.Е-д холбогдох Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 495 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн, эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

Прокурор С.Батгэрэлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.Е-д холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Анхан шатны шүүх прокуророос Б.Е-ыг 2018 оны 3 дугаар сарын 29-ний орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Окей” баарны гадаа иргэн Х.Э-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж дүгнэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, дүгнэхэд Б.Е, Х.Э, Д.Тнар нь Д.Т-ийн гэрийн гадаа машин дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар үргэлжлүүлэн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Окей” бааранд орж, архи уух үедээ Б.Е, Х.Э нар нь хувийн таарамжгүй харилцаанаас маргалдан, хэрүүл маргаан үүсгэж, Х.Э нь баарнаас гарахдаа 2 ширхэг пивоны шил авч гарсан, баарны гадаа Б.Е нь Х.Э-ын дээр нь суучихсан, 2 гарыг нь барьчихсан, хажуу талд нь пивоны шилнүүд хагарсан байдалтай байсан үйл баримт тогтоогджээ.

Тодруулбал, хохирогч Х.Э нь баарнаас гарахдаа 2 ширхэг пивоны шил авч гарсан байх бөгөөд уг шилээ хагалаад Б.Е луу дайрах үед тэрээр довтолгооныг зогсоох үүднээс эсэргүүцэл үзүүлэх явцдаа хохирогч Х.Э-ын биед хөнгөн хохирол учруулжээ. Хэдийгээр хохирогч нь энэ нөхцөл байдлыг үгүйсгэн өөрөөр мэдүүлж байгаа боловч, хэрэг маргаан үүссэн нөхцөл байдал, шүүгдэгч Б.Е-ы “...Энхболд гарч ирээд надтай хэрүүл хийгээд толгойгоороо тулаад байхаар нь би түлхэхэд арагшаа ухраад шил гаргаж ирээд нэгийг нь хагалаад над руу дайрсан..., би 2 гарыг нь барьж аваад 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх 24-25, 66/, хохирогч Х.Э-ын “...Б.Е намайг гараад  зодно гэхээр нь би биеэ хамгаалахаар 2 шил авч гарсан...” гэх мэдүүлэг /хх 66/, уг хэрэгт хувийн сонирхолгүй, хөндлөнгийн гэрч болох Д.Т-ийн “...би тооцоо хийгээд араас нь гарахад Энхболд газар хэвтчихсэн, Б.Е дээр нь суугаад хоёр гарыг нь барьчихсан, хажуу талд нь пивоны шилнүүд хагарсан байхаар нь Б.Е-ыг чи яагаад хүн цохиод байгаа юм бэ гэхэд тэр 2 шил хагалаад над руу дайраад байгаа хүнийг би яах ёстой юм бэ гэж хэлсэн...” гэж  уг байдлыг батлан мэдүүлж байгаа мэдүүлэг /хх 14-15/, хохирогч Х.Э-ын баарнаас гарахдаа 2 ширхэг пивоны шил авч гарч байгаа камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6/ зэргээс үзэхэд Б.Е-ы үйлдлийг хуулиар зөвшөөрөгдсөн үйлдэл гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн уг нотлох баримтуудыг үндэслэн Б.Е-ыг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй.

 

Аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх.. болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой бөгөөд хууль зүйн мөн чанарын хувьд Эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн, түүнчлэн уг хуулиар хамгаалагдсан ямар ч хохирол, хор уршигт хүргэж болох боловч гэмт хэрэгт тооцдоггүй, гэмт хэргийг үгүйсгэдэг онцгой нөхцөл байдал юм.

 

Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас  тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхийг хуульчилсан бөгөөд аргагүй хамгаалалт нь халдагч этгээдийг хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон, эсрэг дайралтаар  илэрдэг шууд санаатай үйлдэл.

 

Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу өөрийн амь нас, эрүүл мэндийг хууль бус /2 шил хагалж дайрсан/ халдлагаас хамгаалж довтлогч этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Б.Е-ы үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хохирлыг учруулсан боловч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалт мөн гэж үзнэ.

 

Прокурор С.Батгэрэлийн “...хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад тулгарсан довтолгоон хийгдсэн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь “...биеэ хамгаалахаар 2 шил авч гарсан...” гэх хохирогчийн мэдүүлэг, “...2 шил хагалаад над руу дайрсан...” гэх шүүгдэгчийн мэдүүлэг, “...Б.Е нь 2 шил хагалаад над руу дайраад байгаа хүнийг би яах ёстой юм бэ гэж хэлсэн...” гэх гэрч Д.Т-ийн мэдүүлэг,  хохирогч Х.Э-ын баарнаас гарахдаа 2 ширхэг пивоны шил авч гарч байгаа камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор С.Батгэрэлийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргасан атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.8 дугаар зүйлийг удирдлага болгосон байгааг анхааруулан тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 495 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор С.Батгэрэлийн бичсэн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР                                           

                                    ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                            Л.ДАРЬСҮРЭН