Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 820

 

 

 

 

 

зГАДЛАЛ

 

 

 

О.Г-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Г.Эсэн,

шүүгдэгч О.Гийн өмгөөлөгч Б.Гантөмөр,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 307 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Эсэнгийн бичсэн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаартай эсэргүүцлээр О.Гт холбогдох 201526031108 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С овгийн О-ийн Г, 1978 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэрэгт холбогдох үедээ “В” ХХК-д түгээгч, жолоочоор ажиллаж байсан, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн ...... тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 221 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Орхон аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 100 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 275 дугаар зүйл, 282 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 342 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, /РД:.... /; 

О.Г нь “В” ХХК-д түгээгч, жолоочоор ажиллаж байхдаа 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд “Болор-19”  гэх компанитай харилцаж байсан байгууллагын нэрийг ашиглаж, хуурамч харилцагч бий болгон “Темол”, “Амила”, “Кайзер”, “Оргил” бөөний төв зэрэг харилцагч байгууллагуудын нэрээр бараа борлуулж, борлуулалтын мөнгө болох 25.502.020 төгрөгийг байгууллагад тушаалгүй, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: О.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С овгийн О-ийн Гийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Г-ийг 240 /хоёр зуун дөчин цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г нь 18.000.000 төгрөг “В” ХХК-нд төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.Г-т 2019 оны 05 дугаар сарын 20-ны дотор “В” ХХК-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 7.502.020 төгрөгийг төлөх үүрэг хүлээлгэж, шүүгдэгч О.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, О.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Прокурор Г.Эсэн бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллагдагч О.Г нь "В" ХХК-нд түгээгч, жолоочоор ажиллаж байхдаа 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд “Болор-19” гэх компанитай харилцаж байсан байгууллагын нэрийг ашиглаж, хуурамч харилцагч бий болгон “Темол”, “Амила”, “Кайзер”, “Оргил” бөөний төв зэрэг харилцагч байгууллагуудын нэрээр бараа борлуулж, борлуулалтын мөнгө болох 25.502.020 төгрөгийг байгууллагад тушаалгүй, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэх үйлдэлд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 773  дугаар захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

1. Яллагдагч О.Г-т холбогдох эрүүгийн 201526031108 тоот хэргийн шүүх хуралдаан 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр болсон ба шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч болон түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй цагаатгах байр суурьтай оролцож, шүүх хуралдаанд шаардлагатай гэрч, шинжээч, хохирогч зэргийг оролцуулан шүүхийн мэтгэлцээн явагдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг дуусч яллагдагчийг гэм буруутайд тооцох тухай шүүгчийн захирамж гаргасан.

Уг захирамж гарсны дараа шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсгүүдэд заасны дагуу завсарлага авч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар ажлын 5 хоногийн хугацаанд завсарлага авсан. Дээрх завсарлагын хугацаа дууссаны дараа шүүгдэгч О.Г Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан "өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах", Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана" гэж заасан эрхийнх нь дагуу түүнийг "гэм буруугийн шүүх хурал"-д өмгөөлсөн өмгөөлөгчийг сольж өөр өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд оролцсон.

Энэ нь "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа"-ны аль ч шатанд яллагдагч өмгөөлөгчтэй харилцах, өөрийгөө өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах өөрийн эрхээ эдэлж байгаа хэлбэр учраас түүнийг буруутгах, уг боломжоор хангахгүй байх хууль зүйн боломжгүй байдлыг үүсгэж байгаа юм.

Гэтэл 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр товлогдсон шүүх хуралд өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчөө сольсон, яллагдагчийн эрхэнд шүүх халдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд цаашид үргэлжлүүлэн оролцох боломжгүй бол тэдгээрийг сольж болно. Энэ тохиолдолд анхан шатны шүүх хуралдааныг эхнээс нь явуулах ба тэдгээрт хавтаст хэргийн материал танилцуулна. Хавтаст хэргийн материалтай танилцах хугацааг тэдний хүсэлтийг харгалзан шүүх тогтооно" гэх заалтыг буруу хэрэглэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг дахин нээж гэм буруугийн хурлыг шинээр эхлүүлсэн нь шүүгдэгчид ял завших боломжийг бий болгосон. Учир нь хоёр дахь удаагаа явагдаж байгаа шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэмт хэргийн талаар маргахгүй, учруулсан хохирлоо нөхөн төлнө, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг шүүхээс хүсэж, шүүх хүсэлтийн дагуу хэргийг шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, шүүхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөвхөн нэг өмгөөлөгч оролцож тэрхүү хэрэг маргааныг шийдвэрлэж дуусгах ёстой талаар хуульчлаагүй байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино. Эрүүгийн хариуцлагын зорилт нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших ёстой ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, нөгөөтэйгүүр шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г нь Баянхонгор аймагт алтны уурхайд хамгаалалтын албаны дарга ажилтай гэж мэдүүлсэн байхад түүнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанарт тохироогүй, Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 307 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр  буцаалгах эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч О.Г-ийн өмгөөлөгч Б.Гантөмөр шүүх хуралдаанд гарсан тайлбартаа: “...Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед өмгөөлөгч авах, өмгөөлөгчөөсөө татгалзах, хэдэн өмгөөлөгчтэй байх нь түүний субъектив эрх гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувьд энэ эрхээ эдэлсний хариуд түүний эрх зүйн байдлыг дордуулж болохгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ямар ч хохирол төлбөр төлөөгүй гэж хэлж байна. Шүүхийн хэлэлцүүлэг хүртэл тодорхой хэмжээгээр хохирлоо төлсөөр байсан. Хэдийгээр өмгөөлөгч Б.Баттөмөр гэм буруугийн талаар маргаж, цагаатгах байр суурьтайгаар оролцсон боловч шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон. Иймээс хохирол, төлбөр төлөх талаар завсарлага авч, энэ хугацаандаа хохирол, төлбөрийг тодорхой хэмжээгээр төлж, хуваарь гарган төлөхөөр хэлцэл байгуулсан. Гэтэл хохирол, төлбөр төлөх талаар завсарлага авсныг өөр байдлаар ашиглачихсан юм шиг, өмгөөлөгч, шүүгдэгч нь хууль зөрчсөн юм шиг хэт нэг талыг барьж болохгүй байх. Хохиролд 18.000.000 төгрөг төлсөн, одоо 7.502.020 төгрөг дутуу үлдсэн. Үлдсэн мөнгийг 1 жилийн хугацаанд сар бүр тодорхой график гаргаж төлөхөөр  хохирогчтой тохиролцон хэлцэл байгуулан, эрүүгийн хэрэгт хавсаргасан. Шүүгдэгчийн хувьд хохирол төлөх талаар санаачлагатай ажилласан. Прокурорын яллах дүгнэлтэд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байсан санагдаж байна. Хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, шүүгдэгч хохирлын зарим хэсгийг барагдуулж, үлдэх төлбөрөө барагдуулахаа илэрхийлж байгаа нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно. Шүүхээс оногдуулсан ялыг тохирсон гэж үзэж байна. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Прокурор Г.Эсэнгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн О.Г-т холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

          Прокуророос О.Г-ийг “В” ХХК-д түгээгч, жолоочоор ажиллаж байхдаа 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд “Болор-19”  гэх компанитай харилцаж байсан байгууллагын нэрийг ашиглаж, хуурамч харилцагч бий болгон “Темол”, “Амила”, “Кайзер”, “Оргил” бөөний төв зэрэг харилцагч байгууллагуудын нэрээр бараа борлуулж, борлуулалтын мөнгө болох 25.502.020 төгрөгийг байгууллагад тушаалгүй, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч О.Гийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 240 /хоёр зуун дөчин цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн гэм буруугаа ойлгон гэмшиж байгаагийн нэг хэлбэр бол хохирогчид учирсан хохирол, гэм хорыг бүрэн арилгасан байх явдал юм.

Тэрээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг бүрэн арилгах арга хэмжээ аваагүй, хохирол нөхөн төлөхөө удаа дараа илэрхийлж байсан ч идэвхи санаачлага гаргаагүй болох нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, түүний урьд 3 удаагийн ял шийтгүүлж байсан хувийн байдал, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт бодитой хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн төрлийн ялын хамгийн бага хэмжээгээр буюу 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр О.Г-т холбогдох хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг дуусч, яллагдагчийг гэм буруутайд тооцсон шийдвэр танилцуулсны дараа шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Баттөмөрийн хүсэлтийг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 09.00 цаг хүртэл шүүх хуралдааныг завсарлуулсан байна.

2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөмөр буяны ажил гарсан шалтгаанаар ирээгүй бөгөөд шүүгдэгч О.Г нь өмгөөлөгчөө сольж, өмгөөлөгч Б.Гантөмөр нь хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаснаар шүүх хуралдааныг 2018 оны 07 дугаар сарын 5-ны өдөр хүртэл хойшлуулжээ.

Гэтэл 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр товлогдсон шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд “өмгөөлөгч солигдсон” гэх үндэслэлээр шүүх хуралдааныг эхнээс нь явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд цаашид үргэлжлүүлэн оролцох боломжгүй бол тэдгээрийг сольж болно. Энэ тохиолдолд анхан шатны шүүх хуралдааныг эхнээс нь явуулах ба тэдгээрт хавтаст хэргийн материал танилцуулна. Хавтаст хэргийн материалтай танилцах хугацааг тэдний хүсэлтийг харгалзан шүүх тогтооно" гэж заасныг зөрчин, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн аль ч шатанд өмгөөлөгч авах нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрх бөгөөд харин шүүх хуралдааны явцад /үед/ өмгөөлөгч солих асуудлыг хуулиар зөвшөөрөөгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалт нь, шүүх хуралдааны явцад улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн биеийн байдал нь муудах, тухайн оролцогч уг хэрэгт оролцож болохгүй хууль зүйн үндэслэл бий болсон гэх мэт онцгойлон авч үзэх нөхцөл байдлыг ойлгох бөгөөд өмгөөлөгч Б.Баттөмөрийн хувьд шүүх хуралдаанд цаашид үргэлжлүүлэн оролцох боломжгүй /буяны ажил гарсан/ гэх нөхцөл байдал нь дээрх агуулгын ойлголтод хамаарахгүй болно.

Цаашид анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж байхад анхаарвал зохино.

Шүүгдэгч О.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байх бөгөөд тэрээр уг ялыг биелүүлсэн эсэх нь тодорхойгүй байх тул асуудлыг тодруулж, ял нэмж нэгтгэх нөхцөл байдал байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.

            Иймд прокурор Г.Эсэнгийн бичсэн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, ...ял хөнгөдсөн...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Г-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч О.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан шийдвэрлэх арга хэмжээг хэрэг шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 307 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Г-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол О.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                          ШҮҮГЧИД                                                    Д.МЯГМАРЖАВ

                                                                    Л.ДАРЬСҮРЭН