Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 00006

 

                                  Б.А-ын нэхэмжлэлтэй хариуцагч

                              Д.А-д холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2017/01205 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.А-д холбогдох,

“Орон сууцнаас албадан гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Д.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, хариуцагч Д.А, нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.А миний төрсөн эцэг Ш.Баярхишиг нь 2011 оны 04 сарын 11-нд 5-24-79 тоот байрыг Д.А-гаас Худалдаа хөгжлийн банкны зээлээр худалдан авч, байрны зээлээ цаг тухай бүрд нь төлж яваад 2014 оны 10 сарын 25-нд зуурдаар нас барсан. Худалдаа хөгжлийн банкны үлдэгдэл зээлийг хүү Б.А нь үргэлжлүүлэн төлж байгаад 2016 оны 12 дугаар сард бүрэн төлж барагдуулсан. Уг 5-24-79 тоот байр нь аав Ш.Баярхишигийн эзэмшлийн байр байсан ба өв залгамжлагчаар нь би өвлөн үлдэх болсон. Тухайн үед байраа зарсан эзэд нь зарсан байрандаа түр хугацаагаар суухаар аавтай тохиролцож байсан юм билээ. Одоо уг 5-24-79 тоот байраа суллаж авах гэсэн боловч байранд сууж буй хүмүүс байр суллаж өгөхгүй байгаа тул албадан гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Д.А би 2008 онд Анод банкнаас 2 дүүгээ Солонгос улс руу хараар явуулах гэж бизнесийн зээл авсан. Тухайн үед Анод банкны зээлийн хүү 3.6 хувь буюу зөвхөн сард хүүд нь 684.000 төгрөг төлж байсан. Удалгүй Анод банк татан буугдаж, зээлээ 2 дүү маань төлөх боломжгүй болсон тул олон сараар төлөөгүй байж байгаад Анод банкны өрийг төлөх гэж яваад манай нэг танил найз манай таньдаг ах эгч хоёр байгаа, ГОК-д ажилладаг. Байрны зээл болгож хэн хэндээ хэрэгтэй шагналаа өгөөд мөн гарах зардлаа хариуцаад болдог юм уулзаад үз гээд очиж уулзахад тохироод Ш.Баярхишиг ах Оюунцэцэг эгч хоёр цалингийн зээлтэй байснаа хаагаад хоёр талаасаа зээл хэд хэдийг авахаа тохироод зээл авах болсон. Мөн бид хоёр 12.500.000 төгрөгөөр 2009 онд орж ирсэн машин авсан байснаа зарж зээлдээ хийх гэж байгаа гэтэл та хоёр машинаа 9 сая гэж байгаа юм уу бид хоёрт 7 саяаар өгчих. Бид хоёр ялгаагүй зээлийг чинь төлөөд явна гэж тохироод аймгийн захиргааны нэг цонхны нотариат дээр худалдах худалдан авах гэрээ хийж машин өгөөд Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлийг Ш.Баярхишиг нь 17.350.000 төгрөгийг сар бүр 228.953 төгрөгөөр төлөх, манайх үлдсэн 18.650.000 төгрөгийг сар бүр 245.600 төгрөгөөр төлөх болоод тохироод зээлээ авсан байдаг. Ингээд мөн зээл авч өгсөн шагнал гэж 1.000.000 төгрөг өгсөн байгаа. Тэр нь Хабитатын төсөв, байшин бариулах урьдчилгаа төлбөр нь 2.500.000 төгрөг төлдөг байсан юм. Үүний 1.500.000 төгрөгийг өөрсдөө төлж 1.000.000 төгрөгийг би өгч байшин бариулсан. Ингээд 2011 оны 5 сарын 11-нээс эхлэн төлөлтөө яг цаг тухайд нь Худалдаа хөгжлийн банкны Ш.Баярхишигийн 407185279 тоот дансанд 2015 оны 09 сарын 11 хүртэл яг хугацаандаа хийж байсан. 2015 оны 06 сарын 17-нд манайх Ланд машин авах гээд наадмын өмнө та хоёр зээлээсээ төлөх үү гэхээр нь миний зээл үндсэн мөнгө 7.100.000 төгрөг үлдсэн юм. Үүнээс цааш хувиар гаргаж үзэхээр би үлдсэн мөнгөн дээрээ сард 98.000 төгрөгөөр төлөх байсан боловч хаашдаа би төлөх юм чинь гээд 7, 8, 9 сард нь 245.000 төгрөг хийсэн. Тэгж байгаад 2015 оны 10 сард Ш.Баярхишиг ах нас бараад би ч ажилгүй байсан тэр үед 10, 11 сард мөнгө хийгээгүй байсан. Эхнэр Оюунцэцэг эгч манай гэрт 2 удаа ирэхээр нь 250.000 төгрөгөөр 2 удаа мөнгө өгөөд явуулсан. Баримт аваагүй. Хэн хэндээ итгээд тэгээд цаашдаа мөнгөө огт төлөөгүй биш 98.000 төгрөгөө хугацаандаа хийж амжаагүй үеүд байсан ч дараа нь нөхөөд өгөөд яваад байсан.

Яагаад гэнэт зээлээ хийж чадахаа байсан гэхээр би өөрөө ажилгүй болоод ажиллаж байсан төслийн маань хугацаа дуусаад 2015 оны 11 сараас нөхөр маань бөөрний архаг дутагдалд орж 2016 оны 03 сараас бүр бөөрний аппаратанд ордог болоод тэр үед Эрдэнэтэд апаратны очер байхгүй гээд Улаанбаатар хотод 7 хоногтоо 750.000 төгрөгөөр апаратанд мөн 7 хоногт эм түлш 250.000 төгрөгөөр орж байсан. Тэгж байгаад 7 сард нь Эрдэнэтэд апаратны очер гараад эндээ орж байгаад 2017 оны 3 сард бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон. Бөөрний донор нь би өөрөө болж 40 гаран сая төгрөг болсон. Мөн тэгж байтал охин маань оюутан болоод зөндөө хүндрэл гарсан. Хүү А байнга ирж дарамт шахалт үзүүлээд байр зарна гэж хүмүүс дагуулж ирээд байхаар нь за ах эгч хоёр нь өөрсдөө зар өгье тэгээд хүн явуул үлдэгдэл мөнгийг өгье гэж тохирсон байсан. Мөнгөө өгье гэхээр хаа замбараагүй 25 сая төгрөг авна гэж байсан. Тэгэхээр нь эгч нь үлдсэн мөнгөө хүү торгуультай нь өгнөө хохироохгүй арай ингэж болохгүй гэж хэлэвч ойлгоогүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2017/01205 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Аг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-24-79 тоот орон сууцнаас албадан гаргаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.А давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцэхгүй болжээ. Учир нь Ш.Баярхишиг, Оюунцэцэг бид 2008 онд миний өмчлөлийн 5-24-79 тоот байрыг орон сууцны зээлэнд гаргаж, зээлийн мөнгийг хувааж авахаар болж авсан хэмжээгээрээ зээл зээлийн хүүгээ төлөх боломжтой болсон үедээ дуусгаад эргээгээд миний нэр дээр байрыг маань буцааж шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Гэтэл энэ тохиролцоог илтэд гуйвуулан А манай байрны өмчлөх эрхийг авсан байна. Харин үнэн бодит байдлыг сайн мэдэх Оюунцэцэг юу ч хэлэхгүй анх ярилцсан зүйлээсээ буцаж хүүдээ худал хэлж хүний мөнгө төгрөггүй зовж яваа байдлыг маань далимдуулан худал зүйл зохион хүүтэйгээ нийлж байрыг маань хүүгийнхээ нэр дээр болгон одоо биднийг хөөж гаргахаар улайран зүтгэж байгаа нь байж боломгүй шударга бус явдал болоод байна. Би энэ тухай шүүх хурал дээр тайлбар хийж өөрийн зээл төлж байсан баримт болон бусад нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгсөөр байтал шүүх үүнийг үнэн зөв үнэлсэнгүй. Эд нар анхнаасаа манай байрыг шиджүүлэн авах бодолтой байсан ч байж болох юм. Гэтэл анхан шатны шүүх илэрхий нэг талд ашигтай байдлаар өмчлөх эрх шилжсэн нь зөв гэж үзэж Аыг албадан гаргуүлах эрхтэй гэж тайлбарлаж, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй болно. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох хэдий ч Ш.Баярхишиг бид хоёрын хооронд хийгдсэн хэлцлийг дээрх хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэхгүй тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.3-д заасан хуулиар тогтоосон ноцтой төөрөгдөлд орж хийсэн хэлцэл гэж үзэхээр байна. Иймд Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт зааснаар өмч шилжээгүй мэт үзнэ. Түүнчлэн анхан шатны шүүх нь хэргийг шүүх хуралдаанаар түргэн шуурхай хэлэлцэж шийдвэрлэснээс хариуцагчийг өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй мөн хариуцагчаас шүүх хуралдааны өмнө бичгээр болон амаар гэрчээр нотлуулах, мөнгө шилжүүлсэн гэх баримтыг Худалдаа хөгжлийн банкны Ш.Баярхишигийн 407185279 тоот дансны хуулгыг авахыг хүссээр атал энэхүү хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр хэргийг шийдвэрлэж, түүний хуульд заасан эрхийг хязгаарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 6.5, 25 дугаар зүйлийн 25.1.3-д заасан шаардлагыг зөрчсөн тул хариуцагчаас хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлэх, зарим нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлт гаргах зэрэг эрх зөрчигдсөн байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасныг бүрэн хангасан гэж үзэхэд учир дутагдалтай болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэхээргүй байх тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Д.Агаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5-24-79 тоот 3 өрөө орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Д.Азззаяа нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ. Нэхэмжлэгч Б.А нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ш.Баярхишиг Д.А нарын хооронд 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хийгдсэн орон сууц худалдах худалдан авах тухай гэрээнд үндэслэн тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Б.А нь өөрийн эцэг Ш.Баярхишиг Д.А нарын хооронд ямар яриа хэлцэл хийгдэж худалдах худалдан авах гэрээ хийгдсэн талаар мэдэхгүй гэж тайлбар гаргадаг ба хариуцагч Д.А нь банкнаас зээл авахын тулд өөрийн 3 өрөө байраа банкны барьцаанд тавьж зээл авсан, байраа барьцаалахын тулд Ш.Баярхишиг бид хоёр худалдах худалдан авах гэрээ хийсэн. Зээлийн мөнгийг хувааж аваад сар бүр графикийн дагуу мөнгөө Ш.Баярхишигт төлж байсан. Зээлийн мөнгийг төлж дууссаны дараа байраа буцааж авахаар тохиролцсон байсан гэж тайлбар гаргаж мэтгэлцсэн байна.

Харицагч Д.А нь тухайн үед үйл баримтыг нотлуулахаар шүүхэд 2 гэрч оролцуулах банкнаас дансны хуулга /даатгалын баримт, хөнгөлөлт эдэлсэн баримт/ гаргуулах хүсэлт гаргасан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ач холбогдолгүй гэж үзэж хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчсөн байна.

Нөгөө талаар хариуцагчийн гаргасан хүсэлт, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн нь яагаад ач холбогдолгүй гэж үзсэн, үндэслэлээ захирамжинд тодорхой заагаагүй нь буруу болжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хүсэлт нь маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдолтой нотлох баримт гэж үзэх үндэслэлтэй тул шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагч Д.Агийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2017/01205 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Д.Агийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.БАТТӨР

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ