Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2019/00645

 

Э.Цийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 139/ШШ2018/00688 дугаар шийдвэр,

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 218/МА2019/00002 дугаар магадлалтай,

Э.Цийн нэхэмжлэлтэй

А.Ут холбогдох

Гэм хорын хохирол 1 578 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрхэмбаярын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Ц, хариуцагч А.У, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016, 2017 онуудад хариуцагч А.Уээс зээл болон бусдын үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахтай холбоотой 13034000 төгрөг гаргуулах тухай эрх зүйн маргаанд хариуцагчаар татагдан улмаар Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэн улмаар хяналтын шатны шүүхээр уг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэхүү иргэний хэрэгт А.У нь надаас ор үндэслэлгүй 13034000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас болж миний бие 6 сарын хугацаанд сэтгэл санаа, нэр төр, эдийн засгийн хувьд хохироод байна. Учир нь миний бие энэ хүний үндэслэлгүй нэхэмжлэлээс болж Улаанбаатараас Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 9 сарын 11-нд нэхэмжлэлийн хувь гардаж авахаар, 2017 оны 9 сарын 25-нд хариу тайлбар гаргахаар, 2017 оны 10 сарын 23-нд нотлох баримт гаргуулах хүсэлт гаргахаар, 2017 оны 11 сарын 3-нд анхан шатны шүүх хуралд оролцохоор, 2017 оны 11 сарын 30-нд давж заалдах гомдол гаргахаар 2018 оны 1 сарын 4-нд давж заалдах шатны шүүх хуралд оролцохоор нийт 6 удаа ирж очин зардал гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан учир хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч авч мөн тухайн цаг үеүдэд ажлаас удаа дараа цалингүй чөлөө авч нааш, цааш явж байсан.Ингээд Улсын Дээд шүүхээс А.У надаас үндэслэлгүйгээр 13034000 төгрөг нэхэмжилсэн болох нь тогтоогдсон. Иймд А.Уээс иргэн намайг худал нэхэмжлэл гаргасны улмаас хохироосны зардал болох өмгөөлөгчийн хөлс 1400000 төгрөг, 6 удаа буюу 12 удаагийн ирж, буцсан унааны зардал 105600 төгрөг, нотариатын хөлс 6000 төгрөг, нэхэмжлэл өгөхөөр ирсэн шатахууны зардал 67000 төгрөг, нийт 1578600 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Цийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.Ц нь тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, мөн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлсний төлөө өмгөөлөгчид өгсөн үйлчилгээний хөлсийг надаас гаргуулахаар нэхэмжилснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д иргэний эрх зүйн харилцаа үүсэх тодорхой үндэслэл, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т уг иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн эрхийг хамгаалах арга замыг хуульчилсан байна. Э.Цийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзэхэд бидний хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн ямар үндэслэл бий болсон, эрх нь зөрчигдсөн бол ямар замаар эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй байна. Э.Ц нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Үндсэн хуульд заасан өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлж, өмгөөлөгчид төлсөн үйлчилгээний хөлс нь өөрийн хүсэл зоригийн дагуу эд хөрөнгөөсөө гаргасан зардал гэж ойлгож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасны дагуу хэргийн оролцогч нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг сахих үүргийг хүлээх билээ. Гэтэл нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, хэргийн оролцогчийн үүргээ биелүүлсэн зардлыг надаас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 139/ШШ2018/00688 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Уээс 1400000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Цт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40207 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 37350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 218/МА2019/00002 дугаар магадлалаар Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 139/ШШ2018/00688 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд 510 дугаар зүйлийн 510.1 гэсэн заалт нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 40208 / дөчин мянга хоёр зуун найм / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрхэмбаярын хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх “...хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлдээ заан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж эрх зүйн маргаанаа шийдвэрлүүлсэн боловч А.У нь тухайн маргаанд хариуцагч биш этгээдийг татсан...” хэмээн дүгнэж, нэхэмжлэгч Э.Цийн хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлсний төлөө өмгөөлөгчид төлсөн зардлыг гэм хорын хохирол хэмээн хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг илт үндэслэл муутай болсон гэж үзэж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 497.1 дэх хэсэгт зааснаар ...уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж ойлгож байна. Хариуцагч А.У нь Иргэний хуулийн уг хэсэгт заасан шиг хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/-ээр нэхэмжлэгч гэх Э.Цт ямар нэг гэм хор учруулаагүй байхад давж заалдах шатны шүүх хариуцагчийн энэ талаархи гомдлын үндэслэлд дүгнэлт хийлгүй, гэм хор гэж үзсэн үндэслэлээ тайлбарлалгүй хэргийг шийдвэрлэснийг хуульд нийцээгүй гэж үзэж байна. Нэг.Нэхэмжлэгч гэх Э.Ц нь хариуцагч А.Уээс зээлсэн мөнгөө эргэн төлөхгүй байсан тул тэрээр уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсэн байдаг. А.Уээс ийнхүү гэрээний үүргийн гүйцэтгэл биелүүлэгдээгүй асуудлаар шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсэн үйлдлийг анхан шатны шүүх “бусдад гэм хор учруулсан хууль бус үйлдэл” гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 497.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Хоёр.Э.Ц нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаанд хариуцагчийн хувиар оролцохдоо Үндсэн хуульд заасан хууль зүйн туслалцаа авах хэрэгжүүлж, өмгөөлөгчид ажлын хөлс төлсөн байдаг. Ийнхүү хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлж өмгөөлөгчид ажлын хөлс төлж байгаа нь нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зоригийн дагуу хийгдсэн, эд хөрөнгөөсөө гаргасан зардал гэж ойлгож байна. Гэтэл анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг зөвөөр үнэлж дүгнэлгүй, хариуцагч талаас гаргасан энэ талаархи татгалзлын үндэслэлд дүгнэлт хийлгүй өмгөөлөгчийн ажлын хөлсийг гэм хорын хохирол гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна. Гурав. Э.Ц нь гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэхэд энэ талаархи хууль, эрх зүйн тодорхой мэдлэггүй байсан тул дээрхи иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулсан, ажлын хөлс төлсөн. Э.Цийн хууль, эрх зүйн мэдлэггүй байдлын улмаас өмгөөлөгчийн ажлын хөлс төлсөн зардлыг ямар үндэслэлээр гэм хорын хохирол, хариуцагчийг түүнд гэм хор учруулсан гэж шийдвэрлэснийг сайн ойлгохгүй байна. Энэ талаархи үндэслэлийг шийдвэр, магадлалын үндэслэх хэсэгт дурьдаагуй бөгөөд давж заалдах шатны шүүх “...татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй...” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг хууль бус гэж үзэж байна. Дөрөв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2-т заасны дагуу хэргийн оролцогч нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг сахих үүргийг хүлээх билээ. Миний бие зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шүүхийн зардал буюу улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээнд төлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Анхан шатны шүүх Э.Цийн шүүхэд ирсэн, буцсан зардал буюу нэхэмжлэлийн шаардлагаас 105 600 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон боловч “...зардлын баримт нь нотлох баримт шаардлага хангаагүй...” гэх үндэслэлээр шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэх үзэх үндэслэл болж байна. Иймд дурьдсан тайлбар, үндэслэлийг харгалзан үзэж шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож. нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Э.Ц нь А.Ут холбогдуулан хохирол 1 578 600 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ “...хариуцагч шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргаснаас хохирол учирсан...” гэсэн үндэслэлээр тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсэн гэж маргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 1 400 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулж, тухайн маргааны үйл баримтыг хэрэг байгаа баримтад тулгуурлан дүгнэсэн, давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуулийн үндэслэлтэй байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзэв.

Иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр нь үүрэг үүсэх үндэслэл болдог ба нэхэмжлэгч нь хариуцагчийг үндэслэлгүй нэхэмжлэл шүүхэд гаргаж, үүний улмаас өмгөөлөгч авах, шүүхэд очих зэргээр хохирол учруулсан гэж үзсэн байна.

А.У нь Э.Цт холбогдуулан 13 034 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба Дундговь аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 139/ШШ2017/00384 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний 218/МА2018/00003 дугаар магадлалаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 04-ний 001/ХТ2018/00723 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн байна.

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх зарчимтай. Эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Ийнхүү шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ хариуцагчаа үндэслэлтэй тодорхойлж сонгохоос гадна нэхэмжлэлээ нотлох үүрэгтэй байна. Нэхэмжлэгч нь үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ба нэхэмжлэгч үүнд буруутай байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заажээ. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

Шүүхийн хүчин төгөлдөр магадлал, тогтоолоос үзвэл А.У нь уг нэхэмжлэлийг хариуцах ёсгүй этгээд буюу Э.Цт холбогдуулан гаргаснаас гадна нэхэмжлэлээ нотолж чадаагүй, үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан нь тогтоогджээ.

Шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын эрхийг зөрчиж болохгүй бөгөөд хариуцагчийг гэм буруутай гэж үзэж, учруулсан эд хөрөнгийн хохирлыг нотлогдсон хэмжээнд хариуцуулахаар шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээхийг Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасан бөгөөд шүүх тусгайлсан зохицуулалт болох Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх энэ талаар шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй болжээ.  Шүүх нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 1 400 000 төгрөгийн хохирлыг нотлогдсон гэж үзэж, гэм хорын хэмжээг хэрэгт байгаа баримтыг хэмжээнд үндэслэлтэй тогтоосон байна.

Иймд магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 218/МА2019/00002 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Х.СОНИНБАЯР

      ШҮҮГЧ                                                                       П.ЗОЛЗАЯА