Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2019/00554

 

П.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2018/02178 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2404 дүгээр магадлалтай

П.Бийн нэхэмжлэлтэй,

“С” ХХК-д холбогдох

2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Борлуулагчийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, ээлжийн амралтын олговор, илүү цагаар ажилласны хөлс, хавсран буюу хослон ажилласны хөлс нийт 9 711 772 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байх хугацаандаа компанид учруулсан хохирол 7 962 596 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оргил нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оргил, хариуцагчийн өмгөөлөгч З.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Бэ нь 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “С” ХХК-ийн ажлын байранд борлуулагчийн ажил үүрэг гүйцэтгэхээр ажилд орсон. Гэтэл 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдөр компанийн захиргаанаас ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг өөрчлөн “Та нар өнөөдрөөс эхлэн хөлсний ажилтан боллоо” гээд өөрсдийн зохиосон “Борлуулагчийн гэрээ”-г тулган өнөөг хүртэл уг гэрээгээр ажиллуулж байна. Иргэн, хуулийн этгээд нь Иргэний хуулийн 189.1-д зааснаар гэрээг чөлөөтэй байгуулж агуулгыг өөрсдөө тогтоох эрхтэй боловч уг гэрээ нь Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Хөдөлмөрийн хууль зэрэг бүх төрлийн хууль тогтоомжийг зөрчөөгүй байх, гэрээний стандарт нөхцөлийг хангасан байх, харилцан итгэлцэл, шударга зарчимд нийцсэн байх, өөрийн хууль ёсны давуу эрхээ хууль бусаар ашиглаагүй байх нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролгүй байх шаардлагыг хангасан байх ёстой билээ. “С” ХХК-ийн зохиосон “Борлуулагчийн гэрээ” нь анхнаасаа Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1 дэх заалтыг шууд зөрчсөн байна. Гэрээнд Иргэний хуулийн 359-368-р зүйлийг удирдлага болгоно гэсэн авч Хөлсөөр ажиллах гэрээний ерөнхий зарчмыг баримтлаагүйгээс гэрээний стандарт нөхцөлийг хангаагүй байна. Хөлсөөр ажиллах гэрээний заавал баримтлах үндсэн нөхцөл нь ажилтны хийж гүйцэтгэх ажил үүрэг тодорхой байх, уул ажлыг гүйцэтгэх хугацааг огноогоор заасан байх, үүний үндсэн дээр ажлын хөлсийг төлөх хугацааг тодорхой тохирсон байх ёстой. Тодруулбал, гэрээний 1.4-т Борлуулагч нь нийт 10 000 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг компаниас хүлээн авч борлуулах, борлуулалтын орлогоо компанид тушаах үүрэг хүлээнэ гэсэн нь борлуулагч 10 000 000 төгрөгийн барааг гэрээний хугацаа болох 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл борлуулах уу, жилийн хугацаанд уу, эсхүл тодорхой нэг хугацаанд уу гэдэг нь ойлгомжгүй байна. Гэрээний 1.3-т Компани нь борлуулагчид ажлын үндсэн хөлсөнд 200 000 төгрөг нэмж борлуулалт болон төлөвлөгөөний бонус тооцож, сард 2 удаа тухайн сарын 20-ны өдөр болон дараа сарын 8-ны дотор олгоно. Ажлын хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл суутгана гэсэн байна. Үүнээс үзвэл талууд ажлын хөлсийг харилцан тохироогүй компани дангаар ажлын хөлсийг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багаар тогтоосон нь Хөдөлмөрийн хууль, Зөрчлийн тухай хуулийн 9.1 дэх заалтыг зөрчжээ. Гэрээний 2.2-т Борлуулагчийн ажиллах өдөр цагийн хуваарийг тогтоож өгнө. Ажлын цагийн хуваарь нь даваа гарагаас бямба гарагийн өглөө 8.30 цагаас 18.00 цаг хүртэл байна гэжээ. Хөлсөөр ажиллаж буй ажилчин ажил үүргийг гүйцэтгэх хугацаа болон бусад нөхцөлийг өөрөө тооцоолж ажлын цагийг өөрөө тогтоох бөгөөд ажил үүргийг гүйцэтгэх хугацаа дөхвөл илүү цагаар ажиллах, эсвэл хугацаанаас өмнө ажил дуусвал амрах эрхтэй билээ. Гэтэл энд өдөр бүрийн ажиллах цагийн хуваарийг гаргасан нь хөлсөөр ажиллах гэрээний зарчимд нийцэхгүй харин ч байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах ажилтанд тохирохоор байна. Гэрээний 1.5-д Борлуулагчийн борлуулалтын орлого тушаах үүргийн биелэлтийг баталгаажуулж талууд барьцааны гэрээ байгуулна гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 11.1 дэх заалтыг зөрчиж байна. Гэрээний 2.9-д Компани нь ажил гүйцэтгэхэд шаардлагатай байр, багаж, хувцас, тээврийн хэрэгслээр хангаж, хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгнө гэжээ. Энд компани нь хөлсний ажилтныг түр буюу бүр амьдрах байраар хангах, эсхүл бараагаа зарах ажлын байр болох лангуу, дэлгүүрээр хангах тухай юу гэдэг нь тодорхой бус байна. Тээврийн хэрэгслээр хангах гэсэн нь ажилд ирж буцах унааг эсвэл жолооч бүхий борлуулалтын машиныг хэлж байна уу гэсэн ойлгомжгүй утга бүхий байна. “Борлуулагчийн гэрээ”-нд хөлсөөр ажиллах ажилтны хөдөлмөрлөх эрх чөлөөг хамгаалсан нэг ч заалтыг тусгаагүй байх тул Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл болжээ. Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрх үүрэгтэй байх, хуулийг дээдлэх зарчмыг зөрчсөн 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №14/31 тоот “Борлуулагчийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах хүсэлтэй байна.

Мөн Хөдөлмөрийн хуулийн 50.2-т Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэшил, ажил албан тушаал, хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас тооцон нэмэгдэл олгоно гэж заасан байхад П.Бэ нь борлуулагч, борлуулалтын жолооч, грушкийн ажлыг хавсран даваа гарагаас бямба гараг хүртэл өглөөний 8.30 цагаас орой 20-21 цаг хүртэл ажиллахдаа ер гомдол гаргаж байгаагүй, нэг ч өдөр ажил таслаагүй. “С” ХХК нь “Борлуулагчийн гэрээ”-г зохиосноор ажилтнуудаар ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг цалингүйгээр давхар хийлгэж, Хөдөлмөрийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан ээлжийн амралтын олговрыг олгоогүй байна. Иймд 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Борлуулагчийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, Иргэний хуулийн 56.6-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө заасны дагуу “С” ХХК-иас ажилтанд учруулсан хохирол болох сүүлийн 3 жилийн ээлжийн амралтын мөнгө 2 904 500 төгрөг, Хөдөлмөрийн хуулийн дагуу олгох ёстой байсан 2015, 2016, 2017, 2018 оны Бямба гаригуудад ажилласан илүү цагийн мөнгө 2 127 272 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажлын байрны тодорхойлолтод заагаагүй, ажил үүргийн хуваарьт ороогүй Борлуулалтын жолоочийн ажлыг үндсэн ажлынхаа зэрэгцээ давхар гүйцэтгэсний хөлс 4 680 000 төгрөг, нийт 9 711 772 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: П.Бэ нь “Свийт  рөүд” ХХК-тай анх 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр №14/11 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулан худалдааны төлөөлөгчийн ажилд орсон. Түүний дараа манай компани худалдааны төлөөлөгчийн орон тоог компанийн байнгын ажлын байрны жагсаалтаас хассан тул П.Бэтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Компани барааны борлуулалтаа компанийн ажилтнуудаар биш, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан Хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр иргэдтэй “Борлуулагчийн гэрээ” байгуулан хийлгэхээр болсон. Тэгэхэд П.Бэ компанитай “Борлуулагчийн гэрээ” байгуулан хамтран ажиллах санал гаргаж, талууд 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Борлуулагчийн гэрээ”-г байгуулсан. П.Бэтэй байгуулсан “Борлуулагчийн гэрээ”-гээр П.Бэ нь 6 сарын cap бүр 10 000 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулах, компанийг төлөөлөн бараа худалдах-худалдан авах гэрээ байгуулах ажлыг гүйцэтгэх үүргийг хүлээсэн. “Борлуулагчийн гэрээ”-ний хугацаанд гарч болох эрсдлээс сэргийлж П.Бэ нь үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд тавьж, барьцааны гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө гэж заасны дагуу ажлын хөлсийг сард 2 удаа олгодог байсан бөгөөд нэмэлтээр борлуулалт болон төлөвлөгөөний бонус тооцдог байсан. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д Өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулна гэж заасан учраас компанийн зүгээс борлуулагчид олгосон орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон төлж байсан. Компани П.Бийг хот дотор унах автомашин, бензин, бусад шаардлагатай багаж болох ТАБ, принтер, утасны дугаар (суурь хураамжийг нь компаниас төлдөг) зэрэг шаардлагатай бүхий л хэрэгслүүдээр хангасан. П.Бэтэй байгуулсан “Борлуулагчийн гэрээ”-г аль нэг тал нь цуцлах мэдэгдэл гаргаагүй үед сунгагдахаар заасны дагуу хүчинтэй хэвээрээ байсан. Л.Бат-Эрдэнэ эхнэр нь төрсөн гэдэг шалтгаанаар 3 хоног ажилдаа ирэлгүй алга болсон ба 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “Борлуулагчийн гэрээ”-г цуцлах тухай мэдэгдлийг компанид ирүүлснээр түүнтэй байгуулсан 14/31 дугаартай “Борлуулагчийн гэрээ” дуусгавар болсон. П.Бэ байгуулсан “Борлуулагчийн гэрээ”-гээ өөрөө дуусгавар болгосон атлаа тус гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажилтан хөдөлмөрийн гэрээгээр бус “Борлуулагчийн гэрээ”-ээр ажиллаж байсан тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан баталгаа хамаарахгүй тул П.Бийн тус шүүхэд гаргасан үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө заасны дагуу cap бүр тогтмол ажлын хөлс олгодог ба борлуулалтын ашиг орлогоос хамаарч сард 2 удаа борлуулалт болон төлөвлөгөөний бонус тооцдог байсан. П.Бэ 2016 оны 01 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сарыг дуустал нийт 14 482 341 төгрөгийн бараа бүтээгдэхүүн дутагдуулсан тул түүнд олгох ажлын хөлснөөс 8 131 515 төгрөгийг суутгаж, өөрөө дансаар 576 020 төгрөг төлсөн ба нийт 8 707 535 төгрөгийн өрийг барагдуулсан. П.Бэ харилцагч нар дээр 2 137 790 төгрөгийн үлдэгдэл, бараа, урамшуулалт барааны 50 000 төгрөгийн бараа, нийт 7 962 596 төгрөгийн өр төлбөртэй байна. П.Бэ нь эхнэр төрсөн гэдэг шалтгаанаар 3 хоног ажил хийлгүй алга болж 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “Борлуулагчийн гэрээ”-г цуцлах тухай мэдэгдлээ компанид ирүүлснээр түүнтэй байгуулсан 14/31 дугаартай “Борлуулагчийн гэрээ” дуусгавар болсон. П.Бэ нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр өөрийн хүсэлтээр гэрээг дуусгавар болгосноос хойш барааны дутагдлаа төлж барагдуулах талаар бидэнтэй ирж уулзаагүй. Иймд П.Бээс манай компанид учирсан хохирол болох 7 962 596 төгрөгийг гаргуулж, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Содонгийн Пүрэвийн нэр дээрх улсын бүртгэлийн Г-2201016229 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 4 дүгээр гудамжны 18 тоот хаягт байрлах, 532 м.кв талбайтай газар, улсын бүртгэлийн Ү-2201032600 дугаартай, тус хаягт байрлах, 56 м.кв талбайтай хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Бид “Борлуулагчийн гэрээ”-г огт байгуулаагүй гэж маргаагүй. Мөн гэрээг байгуулсан он сарын тухай ч маргаагүй билээ. Гол нь байнгын ажлын байранд хөлсөөр ажиллах гэрээ бус хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байсан тул “Борлуулагчийн гэрээ”-ний үүрэг шаардах эрхгүй. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 7 962 596 төгрөгийг хувь хүнээс нэхэж байгаа нь үнэхээр шударга бус юм. Хүний нөөцийн албаны дарга Эрдэнэсумьяа нь “Дэлгүүрт зээлээр өгсөн барааны үнийг чиний нэр дээр бичлээ, чи хүлээн зөвшөөрч энэ баримт дээр гарын үсэг зур” гэж тулгасан байдаг бөгөөд П.Бэ нь “Би захиалгын дагуу барааг дэлгүүрт цагт нь хүргэж өгч байсан. Хэрэв би дэлгүүрт бараагаа хүргэж өгч чадаагүй замдаа удаж, гэмтээж, үрэгдүүлсэн бол төлөх нь шударга ёсонд нийцнэ. Миний үүрэг бол барааг цаг хугацаанд нь дэлгүүрт хүргэж өгөх. Би хугацаа дууссан бараа дэлгүүрт нийлүүлсэн “С” ХХК-ийн өмнөөс болон бараа зээлээр аваад мөнгөө өгөхгүй байгаа харилцагчдын өмнөөс хариуцлага хүлээж чадахгүй” гээд зөвшөөрөөгүй тул тэр бичиг дээр гарын үсэг зураагүй байна. “С” ХХК-ийн нягтлан бодогч нь Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7.5-д зааснаар бүрдүүлсэн хүчин төгөлдөр анхан шатны баримтыг үндэслэж эд хариуцагчтай тооцоо нийлсэн акт үйлдээгүй байж Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19.1.5-д Эд хөрөнгө өр төлбөрийн хүчин төгөлдөр бус баримтаар ажил гүйлгээг бүртгэхгүй байх гэж заасныг зөрчин хүнийг өр төлбөртэй гэж тогтоож байгаа нь хууль зөрчсөн шударга бус явдал юм. Энэ компанид 5 аудит, 10 худалдааны төлөөлөгч, 2 хүргэгч ажилладаг. 10 худалдааны төлөөлөгч дэлгүүрүүдээр явж барааны захиалга авдаг бөгөөд төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд зээлээр бараа нийлүүлэх захиалгыг авдаг. 5 аудит нь түгээгч барааг цаг хугацаанд нь бүрэн бүтэн дэлгүүрт хүргэж өгсөн байна уу, үгүй юу гэдгийг шалгадаг. Харин түгээгч бүх захиалгыг дэлгүүрүүдэд аваачиж өгөх ажил үүргийн хуваарьтай. Зээлээр бараа авсан харилцагч нар заримдаа барааны үнийг төлөхгүй удах, хугацаа дууссан буюу чанарын шаардлага хангахгүй болсон барааг буцаана, заримдаа дэлгүүр түрээсэлж байсан хүмүүс солигдож өөр хүмүүс дэлгүүрийг түрээсэлсэн байх, дэлгүүр дампуурч хаалгаа барьсан байх гэх мэтээр эрсдэл ихтэй. Сөрөг нэхэмжлэлд 2016 оноос 2018 оны хооронд П.Бий цалингаас 8 131 525 төгрөгийг суутгасан гэж бичсэн ч үнэндээ 11 103 770 төгрөгийг суутгасан байдаг. Цаашдаа хэн ч бай харилцагч нар дээр байгаа барааны үнэ, хугацаа дууссан барааны үнэ, урамшууллын барааны үнэ, найдваргүй зээлдэгчийн авсан барааны үнийг цалингаас төлөхгүй, “Борлуулагчийн гэрээ”-гээр ажиллах боломжгүй юм гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2018/02178 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.6, 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан Борлуулагчийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хохиролд 4 999 397 төгрөгийг хариуцагч “С” ХХК-аас гаргуулан, нэхэмжлэгч П.Бэд олгон, үлдэх 4 712 375 төгрөгийн шаардлага болон Борлуулагчийн гэрээнээс учирсан хохиролд 7 962 596 төгрөг гаргуулж, үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240 200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 352 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Свийтрөүд” ХХК-аас 165 140 (94 940+70 200) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Бэд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2404 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2018/02178 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 14/31 тоот борлуулагчийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ээлжийн амралтын олговорт 2 904 500 төгрөг, илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс 2 127 272 төгрөг, жолоочийн ажил хавсран буюу хослон гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 4 680 000 төгрөг, нийт 9 711 772 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн борлуулагчийн гэрээнээс учирсан хохиролд 7 962 596 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дах заалтад “142 352” гэснийг “212 552” гэж, “165.140 (94 940+70200)” гэснийг “70 200” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний нэхэмжлэлийг СХД-ийн анхан шатны шүүх шийдвэрлэхдээ ”Нэхэмжлэгч П.Бат- Эрдэнэ нь 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч “С” ХХК-д худалдааны төлөөлөгчийн ажил үүрэг гүйцэтгэхээр Хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 -т заасан нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоо бүхий хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна. “С” ХХК-ийн захирлын 2014.03.01-ний өдрийн 2014 оны “Албан тушаал, зэрэглэл, гэрээний жагсаалт батлах тухай” 6062 дугаар тушаалаар худалдааны төлөөлөгчийн орон тоог хасч, энэ тухай уг орон тоонд ажиллаж байгаа ажилтнуудад мэдэгдэх тухай заажээ. /хх-86,90-91/ “С” ХХК-ийн захирлын 2014 оны 02 сарын 28-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 6059 дүгээр тушаалаар П.Бийг түүнтэй харилцан тохиролцсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. /хх-9/ Хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байдаг. Орон тоо хасагдсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 401.1-д зааснаар Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэл бүрдэх ба ийнхүү цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргийг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан байдаг. Гэтэл хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан үндэслэлээр буюу харилцан тохиролцсон хэмээн П.Бэтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь дээр дурдсан хуулийн холбогдох заалтад нийцээгүй байна.” гэсэн нь Монгол Улсын Дээд шүүхийн №33 тоот тогтоолоор тайлбарласантай нийцэж байгаа юм. Цааш нь “Борлуулагчийн гэрээ”-г хөлсөөр ажиллах гэрээ гэж үзэх эсхүл гэрээгээр хүлээсэн ажил үүрэг нь байнгын ажлын байранд хамаарах эсэхийг тодорхойлохын тулд Хөдөлмөрийн гэрээ болон “Борлуулагчийн гэрээ”-гээр хүлээсэн ажил үүргийг харьцуулан, мөн хуульд тодорхойлсон байнгын ажлын байрны шинж чанарыг агуулж байгаа эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй... хэмээсэн нь: Монгол Улсын Дээд шүүхийн албан ёсны зөвлөмжийн 2012.06.15-ны өдрийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудалд өгсөн зөвлөмжийн 4. Хөдөлмөрийн гэрээ ба бусад ойролцоо төрлийн гэрээний ялгааны талаарх 4.2-т заасныг удирдлага болгон хэргийн мөн чанар, нотлох баримтад зөв үнэлэлт дүгнэлт өгч “Борлуулагчийн гэрээ”-г Хөлсөөр ажиллах гэрээ биш хэмээн зөв тогтоожээ. Гэвч:

2014.3.01-ний өдөр №6059 дүгээр түшаалаар П.Бийг түүнтэй харилцан тохиролцсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. /хх-9/ Хөдөлмөрийн гэрээг цуцлах дуусгавар болгох үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байдаг. Орон тоо хасагдсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэл бүрдэх ба ийнхүү цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргийг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан байдаг. Гэтэл хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан буюу ажилтантай харилцан тохиролцсон хэмээн П.Бэтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь дээр дурдсан хуулийн заалтад нийцээгүй байна хэмээн дүгнэжээ. Хэдийгээр хариуцагчийн Ажлаас чөлөөлөх түшаал уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5 дахь заалтыг зөрчсөн байна хэмээн зөв дүгнэсэн боловч Ажлаас халсан №6059 дугаар тушаал бол Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.3 дахь заалтад шууд хамаарахыг анзааралгүй хуулийн зүйл заалтыг андуурч хэрэглэж алдаа гаргасан байна. Ажил олгоч ажилтантай Хөдөлмөрийн гэрээг дуусгахаар тохиролцсон гэх боловч харилцан тохиролцсон түхай бичгээр байгуулсан гэрээгүй, ажилтны Хөдөлмөрийн гэрээ цуцлахыг хүссэн өргөдөл байхгүй, ажил олгогч хуулиар хүлээсэн үүргийн дагуу ажилтанд Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр НДД, ЭМД-ийг өгөөгүй, ажилтны НДД-т ажлаас халсан тухай тушаалыг бичээгүй, хуулиар тогтоосон үүргээ биелүүлээгүй буруутай үйлдэлийг хянаагүй алдаа гаргасан. №6059 тоот Ажлаас халсан тушаал бол нэг талын гарын үсэг, тамгатай, захирал хэдий ч үйлдэж огноог хэзээ ч гэж бичих боломжтой бичиг юм. Ийм хуулийн шаардлага хангаагүй бичгээр Хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж хүлээн зөвшөөрснөөр хариуцагчид хууль зөрчсөн үйлдлээ зөвтгөх боломж олгосон нь хуулийн зүйл заалтыг андуурсны гол хор уршиг оршино. Шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг зөв үнэлж дүгнээгүй, нэхэмжлэгч ямар учраас шүүхэд хүсэлт гаргаж, нэр бүхий 8 төрлийн баримтыг шүүхийн захирамжаар гаргуулав гэдгийг анхааралгүй орхигдуулсан нь алдаа гаргах үндэс болсон байна. Үүнд:

а/ СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс: 2018.07.30-ны өдрийн 184/Ш32018/09087 тоот захирамжаар П.Бийн ажлаас халагдсан болон ажил өөрчилсөн тухай бүрд холбогдох шийдвэр, харилцан тохиролцсон бол гарын үсэг бүхий баримтууд, ажил хүлээлцсэн актыг гаргуулахаар “Свийтрөүд” ХХК-д даалгасан. Захирамжийн хариуд ирүүлсэн 2018.08.08-ны өдрийн №18/82 тоот албан тайлбарын 6-д Манай компанид хөлсний ажилтан болон борлуулагч гэсэн албан тушаал байгаагүй. П.Бат- Эрдэнэ нь Худалдааны төлөөлөгч гэсэн албан тушаалд ажиллаж байсан. П.Бэтэй холбоотой ажил хүлээлцсэн акт үйлдэгдээгүй, байхгүй болно” гэж Бат-Өлзий захирал тайлбарлснаараа ажил олгогч нь өөрөө П.Бэтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээгээ 2014.03.01-нд цуцлаагүйгээ гэрчилсэн байгааг, мөн Ажлаас халах тушаалын огноо, Орон тоо хассан тушаал хоёрын огноо нэг өдрийн зөрүүтэйг анзаараагүй байна.

б/ Уул нь орон тоо хассан тушаал тухай байгууллагын бүтэц зохион байгуулалтаас уг ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсон тохиолдолд гарч байж л сая хуулийн шаардлагыг хангах ёстой. Гэтэл “Свийтрөүд” ХХК-ийн бүтэц зохион байгүулалтаас уг ажил албан тушаалын ажлын байр үгүй болоогүй, ажилтнууд өнөөг хүртэл уг ажлаа хуучин байсан тэр дэг журмаар нь үргэлжлүүлэн хийж байгаа нь Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоогүй гэдгийг давхар нотлон харуулсан байдаг.

в/ Шүүх ... “Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд ажилтантай Хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй явдалд ажил олгогч буруутай юм. Байнгын ажлын байрны ажил үүргийг хөдөлмөрийн гэрээнээс бусад гэрээгээр гүйцэтгүүлсэн тул ажилтан буюу нэхэмжлэгч П.Бийн эрх зүйн байдал Хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтны нэгэн адил гэж үзнэ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч учирсан хохиролд ажилтны нэгэн адил ээлжийн амралтын олговор, илүү цагаар болон хослон ажилласны нэмэгдэл хөлс шаардах эрхтэй.... гээд 7 хоногийн амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлсийг Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар нэг цагийн ... сүүлчийн шаардлага болох хослон ажилласны нэмэгдэл хөлсөнд 4 999 397 төгрөг гаргуулахаар зааж, Борлуулагчийн ажил үүргийг гүйцэтгэхэд жолоочийн хамт гүйцэтгэх тухай баримт хэрэгт авагдаагүй, мөн хуульд нэмэгдэл хөлсийг харилцан тохиролцсон нөхцөлд олгохоор заасан тул уг шаардлагыг үндэслэлгүй гэж үзнэ” хэмээжээ.

“С” ХХК нь өөрийн хууль ёсны эрхээ хууль бусаар ашиглан Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийг маш ноцтойгоор зөрчин, ажилтныг өглөө ажилдаа ирэхэд нь гэнэт хурал хийж “Та нар өнөөдрөөс эхлэн “Борлуулагчийн гэрээ”-гээр ажиллана, эс зөвшөөрвөл ажлаас гарч болно” хэмээн дарамталж Хөдөлмөрийн гэрээг хуулийн дагуу цуцлаагүй байж өөрсдийн зохиосон “Борлуулагчийн гэрээ”-нд гарын үсгийг хүчээр зуруулснаар өөртөө давуу байдлыг тогтоож ажилтнаар Борлуулагч, Борлуулалтын жолоочийн ажлыг хавсарган хийлгэж ирсэн байдлыг харгалзан үзэлгүй нэмэгдэл хөлсийг харилцан тохиролцсон нөхцөлд олгохоор заасан тул өгөх харилцан тохироогүй тул ажил хавсран хийсний хөлсийг өгөх үндэслэлгүй” гэж шийдвэрлэсэнд бага зэрэг гомдолтой байна.

Хэдийгээр анхан шатны шүүх дээр дурдснаар хуулийн зүйл заалтыг андуурч хэрэглэсэн хэдий ч шударга ёсыг тогтоохын төлөө ажилласан гэж үзэж манай талаас Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй болно.

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа: Анхан шатны шүүх хэргийг шүүхдээ хуулийн зүйл заалтыг зөв хэрэглэсэн эсэх, нотлох баримтыг зөв үнэлж дүгнэж, шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, шударга ёсыг баримтлан гаргасан эсэхийг хяналгүйгээр ердөө хариуцагчийн гомдлыг барагдуулах тал дээр анхаарч шударга ёсыг тогтоохын төлөө анхаарч ажиллах үндсэн үүргээ биелүүлээгүйд маш их гомдолтой байна. Магадлал: “Уг хэлцэлийг анхнаасаа хууль зөрчсөний улмаас хүчин төгөлдөр бус гэж байгаа тохиолдолд шүүхээс дахин тогтоох шаардлагагүй болно. Харин Хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж байгаа ажилтантай 2014.03.01-ний өдрөөс хөлсөөр ажиллах гэрээний шинжтэй “Борлуулагчийн гэрээ” байгуулсныг нэхэмжлэгч П.Бэ хүлээн зөвшөөрч, үргэлжлүүлэн ажиллаж байсан үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн хувьд уг гэрээг төөрөгдлийн үндсэн дээр хийсэн гэж үзэх боломжтой байна. Иймд талуудын хооронд 2018.03.01-ний өдөр байгуулагдсан “Борлуулагчийн гэрээ”-г Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн гэж үзэж, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй...           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх цалин хөлс, олговортой холбоотой гомдлоо 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ” гэж гарснаар: Уг хэлцэлийг анхнаасаа хууль зөрчсөний улмаас хүчин төгөлдөр бус гэж байгаа тохиолдолд дахин тогтоох шаардлагагүй болно гэчихээд яагаад анхан шатны шүүхийн хэрэглэсэн хуулийн зүйл заалтыг өөрчлөн ноцтой төөрөгдсөн хэмээн хариуцагчийн хууль зөрчсөн үйлдлийг зөөллөж, түүнийгээ зөвтгөн тайлбарласнаар хууль зөрчсөн үйлдлийг бүр өмөөрч хамгаалсан, хууль зөрчсөний төлөө хариуцлага хүлээхгүй, цаашдаа ч энэ үйлдлээ үргэлжлүүлж болно хэмээн хөхүүлэн дэмжсэн утга агуулга бүхий магадлал гаргав? гээд бодоход “Хууль хөрөнгө чинээтэй, танил талтай талд үйлчилжээ” гэдэг нэг л хариулт байх учраас маш их гомдолтой байна. Магадлал анхан шатны шүүхийн хохирол барагдуулах шийдвэрийг үгүйсгэснээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээлгүй хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хохироосон, хохирлыг барагдуулахгүйгээр ажилтны хохь болгож шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Энд шүүгч хуулийн ашиглах ёсгүй зүйл заалтыг хэрэглэж, шударга ёсны үүднээс биш зөвхөн хариуцагчийн гомдлыг барагдуулах үүднээс хуулийг тайлбарлаж магадлал гаргасанд маш их гомдолтой байна.

Хуулийг тайлбарлах, хэрэглэх чадвараа бусад хуульчдаас хол тасарсан өндөр мэдлэгтэй байдаг учраас ганцхан шүүгч хүн л шударга ёсыг байнга тогтоож чадна гэж ард түмэн бид итгэдэг.

Эрх мэдэлтэй, мөнгөтэй, хуулийг өөртөө ашигтайгаар тайлбарлаж чадна хэмээн бардсандаа хуулийг зөрчиж, жирийн ардыг дээрэлхэж, ашиг сонирхолыг нь хохироодог хүмүүсийн өмнө хүчин мөхөсдөхөөрөө ард түмэн бид шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Бид өндөр үнээр ажилладаг өмгөөлөгчдийг хөлсөлж чаддаггүй. Бид “Свийтрөүд” ХХК-ийн захирал шиг тамгатай бичиг үйлдэж, өөрийнхөө хууль зөрчсөн үйлдлээ зөвтгөж, хүчин мөхөс иргэнийг буруутгаж чадахгүй. Ихэнхи тохиолдолд эгэл ардууд бид шүүхэд төлөх тэмдэгтийн хураамжаа ч төлөх мөнгөгүй байдаг. Яагаад гэвэл эгэл жирийн хүн хуулийн этгээд биш учраас хэзээ ч тамгатай бичиг хэвлэж чадахгүй. Яагаад гэвэл эгэл жирийн ажилтнууд өглөө 8.30-аас үдэш 20-21 цаг хүртэл даваагаас бямба гаригуудад ажиллачихаад хөдөлмөрийн хөлсөө ч гүйцэд авч чаддаггүй учраас мөнгөгүй байдаг. “Та нарын нийгмийн даатгалын шимтгэлийг өндөр төлж байгаа учраас борлуулагчийн гэрээгээр ажиллана. Гэхдээ гэрээнд заасны дагуу дэлгүүрт очоод хугацаа дууссан барааны үнийг төлнө гэсэн зарчмын дагуу сар дараалан цалингаа суутгуулдаг учраас төлбөрийн чадваргүй байдаг. Жилд нэг удаа ээлжийн амралт авах эрхгүй, хэрэв амарвал ээлжийн амралтын олговрын мөнгө авахгүйгээр зүтгэж ирсэн учраас билээ. /Банкны цалингийн дансны хуулга, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтыг харьцуулахад дээрх бичсэн нотлогдоно/ Бид Үндсэн хуулиараа Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал хуулийг дээдэлдэг зарчмыг тунхагласан 21-р зууны Монгол Улсын иргэд учраас энэ шударга бус байдлыг таслан зогсоохыг хүссэн. Ийм л учраас бидний эрх хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг сэргээж, шударга ёсыг тогооно гэж итгэж шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зөрчсөн, хариуцагчийн толгойг илээд хөлс хүчээ мөлжүүлсэн ажилтнуудыг хөсөр хаясан байгаад гомдож байна.

Бид шүүхэд, шүүгчид зөвхөн үнэнийг мэдүүлж, болсон байдлыг үнэнээр өгүүлдэг.

Энэ удаад ч гэсэн энд байгаа бүх нотлох баримтуудыг бид шүүгчийн захирамжаар “С” ХХК-иас гаргуулсан. Хавтаст хэрэгт байгаа бүх нотлох баримтүуд, шүүх ажиллагааны явцад болсон мэтгэлцээн нь хэн хууль зөрчиж бусдыг хохироосон бэ, хэн нь өөрийн эрх, хуулиар хамгаалуулсан ашиг сонирхлоо зөрчүүлж хохирсон бэ гэдгийг маргахын аргагүй, эндүүрэхийн нөхцөлгүй ил тод харуулж байсан. Давж заалдах шатны шүүх өөрийн зорилго, хуулиар хүлээсэн үүргийн дагуу ажилласан бол анхан шатны шүүхийн хуулийн зүйл заалтыг андуурч хэрэглэсэн алдааг залруулж, шударга ёсыг тогтоох байлаа. АПУ, Эм Си Эс, Алтан тариа, Сүү ХК, Арвайн үндэс, Милл Хаус зэрэг компаниуд борлуулагч, борлуулалтын жолооч, грушик гэсэн гурван хүнээр бараагаа тараалгадаг. Түмэн шувуут, Баян, Мах импэкс ХК, Талх чихэр зэрэг компаниуд борлуулагч, борлуулалтын жолооч гэсэн 2 хүнээр бараагаа түгээлгээд жолоочдоо грушкийн мөнгө хувилж нэмдэг. Энийг хүн бүр л мэддэг. Энэ бол хуулиар тогтоогоогүй ч нийтээр дагадаг жишиг. Харин “С” ХХК шиг ажилтнуудынхаа хөдөлмөрийг мөлжиж, ашиг орлогоо нэмдэг компани Монголд байхгүй болов уу. Би гомдлоо илэрхийлэхийн тул болсон явдлыг давтаж бичсэнгүй. Шударга ёсыг тогтоохын тулд хавтаст хэргийг нэг бүрчлэн судална гэдэгт итгэж байна. Бид шударга ёсыг тогтоолгосны үндсэн дээр “Борлуулагчийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, хохиролд нэхэмжилсэн 9 711 772 төгрөгийг бүтнээр нь авч, гомдлоо барагдуулахаар Дээд шүүхэд гомдол гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оргил хяналтын журмаар гаргасан гомдолдоо: П.Бийн нэхэмжлэлтэй “С” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2018.12.05-ны өдрийн 2404 дугаартай магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн нөхцөл байдал, үйл баримтад зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн “....шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй, нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1, 56.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн “Борлуулагчийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, Иргэний хуулийн 58-р зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ноцтой төөрөгдлийн улмаас хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн гэж үзэж, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 56.1.1 дэх заалт гэж тодорхойлсон тул талууд энэ талаас нь анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх анхнаасаа нэхэмжлэлд тусгагдаагүй, анхан шатны шүүх хуралдаан дээр яригдаагүй, талуудын мэтгэлцээгүй үндэслэл болох Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг хангасан нь илт үндэслэл муутай болсон.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэж заасан тул энэ үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан тохиолдолд хэрэглэгдэх учиртай. Улмаар Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6-д зааснаар “Төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэсэн үүргээ нэхэмжлэгч тал хэрэгжүүлсэн эсэх талаар шүүх дүгнэх ёстой бөгөөд энэ талаарх нотлох баримтыг талууд гаргаж мэтгэлцсэн байх ёстой.

Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шаардлагын үндэслэлийг өөрөө өөрчилж, диспозитив зарчмаа зөрчлөө. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан гэж шаардлага гаргасан байхад давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасан үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон нь шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх үүргээ зөрчсөн явдал болсон.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох Иргэний хуулийн 56.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл байхгүй гэж үзсэн бол уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох ёстой байсан.

“С” ХХК нь П.Бэтэй 2014.03.01-ний өдөр 14/31 дугаартай “Борлуулагчийн гэрээ”-г байгуулахдаа талуудын сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан тул ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн хэлцэл гэж үзэх боломжгүй. П.Бэ нь “Борлуулагчийн гэрээ”-нд заасны дагуу ажил үүргээ ажлын байранд бус өөрийн боломжит цаг хугацаанд тохируулан хүссэн цаг хугацаандаа гүйцэтгэж байсан ба тухайн өдөр борлуулсан бараа, бүтээгдэхүүний тооцоог нийлэхийн тулд компани дээр ирдэг байсан.

Энэ нэхэмжлэл шүүхэд ирэх болсон үндэслэл нь П.Бэ 2018 онд “С” ХХК-тай байгуулсан “Борлуулагчийн гэрээ”-гээ цуцласан, түүний улмаас “Свийтрөүд” ХХК нь түүнээс гэрээний дагуу үүссэн өр төлбөрийг барагдуулахыг шаардсан явдал юм.

П.Бэ гэрээний хугацаа дуусахаас өмнө 2018.03.12-ны өдөр “Борлуулагчийн гэрээ”-г цуцлах тухай мэдэгдлийг компанид ирүүлснээр түүнтэй байгуулсан 14/31 дугаартай “Борлуулагчийн гэрээ” дуусгавар болсон. П.Бэ байгуулсан “Борлуулагчийн гэрээ”-гээ өөрөө дуусгавар болгосон атлаа тус гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд шүүхээс гэрээний харилцаа дуусгавар болсон байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, мөн Хөдөлмөрийн гэрээ, Иргэний хуулийн хөлсөөр ажиллах гэрээний адил төсөөтэй шинж чанарыг харьцуулж үзэлгүй хэт нэг талыг барьсан дүгнэлтийг гаргасан нь манай компанийн эрх ашгийг зөрчсөн хууль бус шийдвэр гарсан гэж үзэж байна.

Үндсэн гэрээнээс шаардах эрх үүсэхгүй тул “Борлуулагчийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангах нэмэлт үүрэг бүхий “Барьцааны гэрээ”-ний дагуу шаардах эрх мөн үүсэхгүй гэжээ.

Иргэний хуулийн 231-р зүйлийн 231.1.4-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах замаар үндсэн гэрээг дагалдуулан “Барьцааны гэрээ”-г байгуулсан бөгөөд тус гэрээний 3-р зүйлийн 3.1-д “Үндсэн үүрэг гүйцэтгэгч нь гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй буюу орлогыг тухай бүрт нь харилцах дансанд нь тушаагаагүй, мөн санхүүгийн албатай тооцоо нийлэхэд тооцооны зөрүү гарсан зэргээр барьцаалагчид хохирол учруулбал тогтоосон хугацааны дотор нөхөн төлөхийг шаардах, уг шаардлагыг хугацаанд нь бүрэн биелүүлээгүй бол барьцааны хөрөнгийг Иргэний хуулийн дагуу шүүхийн журмаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үндсэн өр, хүү, анз, хохирол, улсын тэмдэгтийн хураамж болон шүүхийн зардлыг гаргуулна” гэж гэрээнд тусгаж өгсөн бөгөөд П.Бийн компанид учруулсан хохирол болох 7 926 596 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзсан, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримт заах эрхгүй тул Иргэний хуулийн 228-р зүйлийн 228.1 дэх хэсэгт заасан хохирол, гэм хор шаардах үндэслэлгүй гэж үзэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.2-д заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн байна. Учир нь хариуцагчийн зүгээс хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан буюу анхан шатны санхүүгийн баримтанд тулгуурлан П.Бээс нэхэмжлэх хохирлын тооцооллыг гаргасан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

2. Мөн анхан шатны шүүх нь П.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд хуульд заасан урьдчилсан нөхцлүүдийг хангалгүйгээр дараах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаануудыг гаргасан. Үүнд:

ИХШХШТХ-ийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсэг зурсан байна” гэсэн шаардлагыг тодорхой дурдаж өгсөн ба хэрэв нэхэмжлэл гаргаж байгаа этгээд нь гарын үсгээ зураагүй бол нэхэмжлэл гаргаагүйд тооцно гэж зааж өгсөн байх бөгөөд нэхэмжлэгч П.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туул нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тухайн заалтыг зөрчиж гарын үсгээ зураагүй байхад шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэснийг Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018.8.14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж тайлбар гаргаж байгаа зэрэг нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг нэхэмжлэл гаргаагүй гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь шүүхээс хэргийн оролцогчдын эрх ашгийг зөрчсөн, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх процессийн ажиллагаанд нийцээгүй байдлаар дүгнэжээ.

Шүүх иргэний хэрэг үүсгэх захирамж гаргахдаа ИХШХШТХ-ийн 66-р зүйлийн 66.2-д заасан үндэслэлийг баримталсан байх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийг гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн байтал нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх заалтыг барьж иргэний хэрэг үүсгэсэн захирамж гаргасан нь мөн процессийн алдаа болж байна.

Дээрх байдлаар анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэн зөв үнэлээгүй бөгөөд гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2018.12.05-ны өдрийн 2404 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж, “Борлуулагчийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон хэсгийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, “С” ХХК-иас 9 711 772  төгрөг гаргуулахыг хүссэн П.Бийн нэхэмжлэл, 7 962 596 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

П.Бэ нь “С” ХХК-д холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Борлуулагчийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, ээлжийн амралтын олговор, илүү цагаар ажилласны хөлс, хавсран буюу хослон ажилласны хөлс нийт 9 711 772 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, тус компанид ажиллаж байх хугацаандаа компанид учруулсан хохирол 7 962 596 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.6., 359 дүгээр зүйлийн 359.1.-д заасныг баримтлан “Борлуулагчийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хохиролд 4 999 397 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д зааснаар “Борлуулагчийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...2014 оны 01 дүгээр сарын 16-нд “С” ХХК-ийн байнгын ажлын байранд борлуулагчийн ажил, үүрэг гүйцэтгэхээр ажилд орсон, 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр компанийн захиргаанаас ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг өөрчилж, өнөөдрөөс эхлээд хөлсний ажилтан боллоо гээд “Борлуулагчийн гэрээ”-г тулгаад, өнөөг хүртэл энэ гэрээгээр ажиллуулж байна. Гэрээг хоёр талын харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд нийцүүлэн байгуулаагүй, гэрээний заалт нэг талын ашиг сонирхлыг хамгаалж, нөгөө талын эрхийг хязгаарласан, гэрээний нөхцөл, ажил гүйцэтгэх хугацаа тодорхойгүй, цалин хөлсийг тохиролцоогүй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багаар тогтоож, даваагаас бямба гаригт ажиллахаар заасан нь Хөдөлмөрийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн. Борлуулагчийн гэрээнд хөлсөөр ажиллах ажилтны хөдөлмөрлөх эрх чөлөөг хамгаалсан заалтыг тусгаагүй, ээлжийн амралтыг эдлүүлээгүй, долоо хоногийн амралтын өдрүүдэд ажиллаж байсан, үндсэн борлуулагчийн ажлынхаа зэрэгцээ жолооч, ачигч зэрэг хосолсон ажлыг давхар гүйцэтгэж байсан тул гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, сүүлийн 3 жилийн ээлжийн амралтын мөнгө 2 904 500 төгрөг, 2015, 2016, 2017, 2018 онуудын бямба гаригуудад ажилласан илүү цагийн хөлс 2 127 272 төгрөг, ажил үүргийн хуваарьт ороогүй борлуулалтын жолоочийн ажлыг давхар гүйцэтгэсний хөлс 4 680 000 төгрөг, нийт 9 711 772 төгрөгийг нэхэмжилж байна...” гэж тайлбарлажээ.

Ажилтан 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч компанитай хөдөлмөрийн гэрээг байгуулж, худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан боловч 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн компанийн захирлын 6059 тушаалаар П.Бийг түүнтэй харилцан тохиролцон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажил олгогч нь нэхэмжлэгчтэй “Борлуулагчийн гэрээ” байгуулан, борлуулагчаар ажиллуулсан байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ үйл баримтыг үндэслэл бүхий дүгнээгүй, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн,  хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна.

Зохигчийн хооронд 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан №14/31 дугаартай “Борлуулагчийн гэрээ”-ээр “борлуулагч нь компанийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, компанийг төлөөлөн худалдах-худалдан авах гэрээ байгуулах ажлыг гүйцэтгэх, компани нь гэрээний дагуу борлуулагчид хөлс төлөх үүргийг хүлээх”-ээр тохиролцжээ.

Дээрхи тохиролцооноос үзвэл, талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байж болохоор Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан байна.

Ажилтан 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс “Борлуулагчийн гэрээ”-ээр ажил үүргийг гүйцэтгэж 2018 оны 03 дугаар сарын 12-ныг хүртэл хугацаанд борлуулагчаар ажилласан, энэ хугацаанд гэрээний талаар болон эрх нь зөрчигдсөн талаар ямар нэг шаардлага гаргаж байгаагүй, хөлсөөр ажиллах гэрээг хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаа явуулж байсан байна.

Зохигчийн хооронд байгуулсан “Борлуулагчийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуульд нийцээгүй гэж үзлээ.

Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн тул Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр хариуцагчаас  9 711 772 төгрөгийг гаргуулах боломжгүй байна.

Хариуцагч нь ажилтныг гэрээгээр ажиллах хугацаандаа гэрээнд заасан үүргээ зөрчиж, бараа дутагдуулсан гэх үндэслэлээр компанид учирсан хохирлыг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч хэрэгт авагдсан баримтаар шаардлагаа нотлож чадаагүй байна.

Иймд шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөрчөөгүй, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1., 219 дүгээр зүйлийн 219.1. дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Дээр дурдсан үндэслэлээр  үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, үндсэн болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2018/02178 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2404 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 359 дүгээр зүйлийн 359.1., 219 дүгээр зүйлийн 219.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул “С” ХХК-д холбогдуулан гаргасан 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Борлуулагчийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, ээлжийн амралтын олговор, илүү цагаар ажилласны хөлс, хавсран буюу хослон ажилласны хөлс нийт 9 711 772 төгрөгийг гаргуулахыг хүссэн П.Бийн нэхэмжлэл, П.Бээс ажиллаж байх хугацаандаа компанид учруулсан хохирол 7 962 596 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн “С” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оргилын гомдлын заримыг хангаж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Туулын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Туулаас төлсөн 240 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-иас төлсөн 282 752 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД