Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 902

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б, Ш.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

шүүгдэгч Ш.Ц, түүний өмгөөлөгч Э.Энххэрлэн,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 2002 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Мөнхцэцэгийн бичсэн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 37 дугаар эсэргүүцлээр Б.Б, Ш.Ц нарт холбогдох 1802001680136 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М овгийн Б-ийн Б, 1979 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:...../;

 

Т овгийн Ш-ийн Ц, 1984 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ...... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:...../;

 

            Ш.Ц нь 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Өргөө" кинотеатрын урд байрлах автобусны буудлын орчимд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай тарианы шилний хамт 1.6 грамм "Мөс" гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг олж аван 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан, мөн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Еlizabeth century landmark" хотхоны 2 дугаар блок байрны 5 дугаар орцны 5, 6 дугаар давхрын голд байрлах паарны ард нуун хадгалж 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Б.Б-д өгсөн,

 

            Б.Б нь 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Ш.Цын Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Еlizabeth century landmark" хотхоны 2 дугаар блок байрны 5 дугаар орцны 5, 6 дугаар давхрын голд байрлах паарны ард нуун хадгалж байсан Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай тарианы шилний хамт 1.6 грамм "Мөс" гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг олж аван худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Б.Б, Ш.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хавтаст хэргийн хамт шүүхэд ирүүлсэн баримт нь зиплок түгжээ бүхий уутанд хийсэн тарианы шилний хагархай байх ба энэ нь хэрэгт эд мөрийн баримтаар хураасан эд зүйл мөн эсэхийг шалгаж тогтоох, мөн Б.Б-ийн тухайн хэрэгт оролцсон байдлыг дахин шалгах нь зүйтэй гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Мөнхцэцэг бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн нягталж үзэн дүгнэлгүйгээр шүүгдэгч Б.Б-ийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэж, улмаар хадгалсан үйлдлийг гэмт хэргийн шинжид хамаарахгүй зөвхөн хэрэглэсэн үйлдэл тогтоогдож байгаа талаар түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарт үндэслэн нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

            Учир нь "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах" гэмт хэргийн бүрэлдэхүүний объект нь улс үндэстний нийгмийн аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийн эсрэг чиглэгдсэн байдаг бол объектив тал нь мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авч, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан идэвхтэй үйлдлээр энэ гэмт хэрэг төгсдөг бөгөөд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийн энэхүү гэмт хэргийг үйлдэхдээ идэвхтэй байдлаар "мөс" гэх нэршилтэй метамфетамины агууламжтай мансууруулах бодисыг олж аван хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдах үедээ өөрийн биед нууж, улмаар хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар Б.Б-ийн биед хийсэн /Б.Б-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-24/ үзлэгийн явцад "Лидокайн" гэсэн бичиглэлтэй тарианы шилний хамт 1.6 грамм жинтэй метамфетамины агууламжтай бодис илэрсэн болохыг тогтоосон байхад энэхүү нотлох баримтад дүгнэлт хийлгүй шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...тэгээд уг мөсийг аваад доороос нь асаагуураар халаагаад, гуурсаар 2 удаа сороод орцонд зогсож байтал цагдаа нарт баригдсан..." гэх мэдүүлэг нь шүүх хуралдаанд өгсөн "...орцонд шатан дээр сууж байгаад мөсөө сорж байтал цагдаа нар ороод ирэхээр нөгөө тарианы шилээ хажуу тийш нь шидчихсэн..." гэж илтэд зөрүүтэй өгсөн мэдүүлгээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн Б.Б-эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг илтэд дэмжин санал гаргаж болно гэж захирамждаа дурдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт "Шүүх,...тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ", 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт "Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ" гэснийг ноцтой зөрчсөн.

            Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаах тухай захирамжийнхаа Тодорхойлох нь хэсэгт "Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав" гэсэн атлаа хавтаст хэргийн хамт шүүхэд ирүүлсэн эд мөрийн баримт нь зиплок түгжээ бүхий уутанд хийсэн тарианы шилний хагархай байх ба энэ нь дээрх эд мөрийн баримтаар хураасан эд зүйл мөн эсэхийг шалгаж тогтоох гэсэн үндэслэлээр хэргийг буцааж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүхэд шилжүүлсэн хэргийн хамт хүргүүлсэн эд мөрийн баримт мөн болохыг нотолсон:

            Б.Б-ийн биед 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан "...Лидокайн гэсэн бичиглэл бүхий дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы усны шил мэт зүйл 1 ширхэгийг шинжилгээнд зориулан авав..." гэх тэмдэглэл, хураан авсан эд зүйлийг гэрэл зургаар бэхжүүлсэн баримт /хх-20-24/,

            дээрх хойшлуулшгүй тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулсныг хүчинтэйд тооцсон 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 41 дугаартай прокурорын тогтоолд тусгагдсан "...Б.Б-ийн биед үзлэг хийж №1 гэж дугаарласан "Лидокайн" гэсэн бичигтэй хоолой хэсэг хагархай, ёроол хэсэгтээ цагаан цайвар зүйлээр бохирлогдож, хатсан байдалтай тарианы шил,..." гэх /хх-56/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 4987 дугаартай дүгнэлтэд тусгагдсан "...Б.Б-ийн биед үзлэг хийх явцад илэрсэн эд мөрийн баримт болох зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийсэн тарианы шилний хамт 1.6 грамм жинтэй цагаан өнгийн мөс мэт тунгалаг зүйл, ...зэргээс метамфетамин илэрсэн..." гэх дүгнэлт, шинжилгээнд ирүүлсэн эд мөрийн баримтыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-108-109/,

            Эд мөрийн баримтаар тооцох тухай 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн мөрдөгчийн тогтоолд тусгагдсан "...Б.Б-ийн биед хийсэн үзлэгээр хураан авсан №1 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уутанд хийсэн тарианы шилний хамт 1.6 грамм жинтэй метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис,..." гэх тэмдэглэл, гэрэл зургаар бэхжүүлсэн баримт /хх-65-66/,

            Б.Б-ийн яллагдагчаар өгсөн "...уг газар нь яваад очиход Ц-ын хэлсэн газар тарианы шилтэй, урд нь хэрэглэсэн байдалтай бага зэрэг мөс байсан. Тэгээд уг мөсийг аваад доороос нь асаагуураар халаагаад, гуурсаар 2 удаа сорсон..." гэх мэдүүлэг /хх-167-168/ зэргийг шүүх захирамжиндаа үгүйсгэсэн, эсхүл нотлох баримтаар тооцоход эргэлзээ төрүүлж байгаа талаараа дурдаагүй...“Лидокайн” гэх нэртэй уусмалыг агуулж битүүмжлэлтэйгээр эмийн сангуудаар худалдаалагддаг ба уг уусмалыг өвчтөнд хэрэглэх зорилгоор хоолой хэсгийг нь зайлшгүй хагалж хэрэглэх нь зүйн хэрэг билээ. Харин уг хэрэглэсэн тарианы шилийг мансууруулах бодисыг хэрэглэхдээ ашигласан гэх яллагдагч Б.Б-ийн мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгэн нотлох баримтыг яагаад үнэлээгүй талаараа шүүх захирамждаа дурьдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэж заасныг зөрчсөн.

            Түүнчлэн хэргийн хамт дээрх эд мөрийн баримтыг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/80 дугаартай тушаалаар батлагдсан "Эрүүгийн хэрэгт хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримт, эд зүйлийг хураан авах, бэхжүүлэх, хүлээн авах, хадгалах, хамгаалах, шилжүүлэх, шийдвэрлэх журам"-ын 8 дугаар зүйлийн 8.11-д "Прокурорын газрын бичиг хүргэгч нь эд мөрийн баримтыг шүүхэд хүлээлгэн өгч, бүртгэлд гарын үсэг зуруулна" гэж заасны дагуу эрүүгийн 1802001680136 дугаартай хэрэгт хураагдсан эд мөрийн баримт болох "зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийсэн тарианы шилний хамт 1.6 грамм жинтэй цагаан өнгийн мөс мэт тунгалаг зүйл, 1 ширхэг цагаан өнгийн хуванцар гуурс" зэргийг шүүхийн ажилтанд хүлээлгэн өгсөн болох нь прокурорын байгууллагын бичиг хүргэгчийн бүртгэлийн дэвтэрт тэмдэглэгдсэн байна. /бүртгэлийн хуулбарыг эсэргүүцэлд хавсаргав./

             Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан хууль зөрчиж явагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлнэ", 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана" гэсэн заалтууд ноцтой зөрчигдсөн.

 

            Энэ нь шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө даргалагч шүүгчээс талуудын байр суурийг асууж тодруулахад шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Тэнгис нь шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар ямар байр суурьтай оролцох талаараа тодорхой хэлэлгүй, нотлох баримт эргэлзээтэй байна гэх үндэслэлээр шүүхийн мэтгэлцээнд ойлгомжгүй байдлаар оролцох явдлыг даргалагч шүүгчээс бүрэн шийдвэрлэлгүйгээ шүүхийн хэлэлцүүлгийг эхлүүлснээрээ талуудын эрх тэгш мэтгэлцэх, улсын яллагчаас өмгөөлөгчийн байр суурийг үгүйсгэн няцаах дүгнэлт хэлэх боломжийг илтэд хааж зөрчсөн явдал болсон. Иймд Ш.Ц, Б.Б нарт холбогдох 1802001680136 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 2018/ШЗ/2002 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Ш.Ц-ын өмгөөлөгч Э.Энххэрлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэргийн 24 дүгээр хуудаст авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээр баталгаат бус жингээр 1.08 грамм гэсэн, хэргийн  65,66 дугаар талд эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор 1.6 грамм гэсэн байдаг. Эдгээр зөрүүг яаж гаргасан нь ойлгомжгүй байна. Хэргийн 24 дүгээр талд авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээр ампуль бүхий шилний тал нь цан цохисон, дотроо метамфетамины агууламж бүхий зүйл харагдсан. Үүнийг хагарсан шил бүхий нотлох баримттай харьцуулахаар талст шилнүүд шиг харагдаж байна. Тухайн бодис нь уусаад алга болдог эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй. ...”гэв.   

 

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Тэнгис шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хэргийн үйл баримтад тулгуурласан, үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримт, эд мөрийн баримтыг яаж бэхжүүлэх, хадгалах талаар тодорхой заасан... хагарсан гэх эд зүйл нь хэзээ, хаана яаж хагарсан. Үүн дотор тэр шавар гэх зүйл нь хадгалагдаад байна уу, аль эсхүл шилээ дагаад мөс гэх бодис нь яваад байна уу гэдэг нь огт тодорхойгүй байсан. ... Би шүүх хуралдаанд Б.Б-ийн хэргийн зүйлчлэл хэр тохирсон юм бэ гэдэг нь эргэлзээ бүхий байгаа болохоор энэ дагуу мэтгэлцэх зарчмаар оролцоно гэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бэлтгэсэн, хадгалсан, өгсөн гэж байгаа болохоос хэрэглэсэн гэж байхгүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд хэрэглэж байгаад баригдсан. ...” гэв.       

 

Шүүгдэгч Ш.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Өөр хэлэх тайлбар байхгүй...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Өөр хэлэх тайлбар байхгүй...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд бичсэн асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн “Яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх тухай” 1870 дугаар захирамжаар Б.Б, Ш.Ц нарыг шүүхэд шилжүүлэхдээ “...хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжтой бөгөөд талууд уг хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал тогтоогдоогүй тул яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй...” гэж үзэж яллагдагч нарыг шүүхэд шилжүүлжээ.

Гэтэл 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанаар “...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “...урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ...” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.

Үүнээс гадна шүүгчийн захирамжид “...Хавтаст хэргийн хамт шүүхэд ирүүлсэн баримт нь зиплок түгжээ бүхий уутанд хийсэн тарианы шилний хагархай байх ба энэ нь хэрэгт эд мөрийн баримтаар хураасан эд зүйл мөн эсэхийг шалгаж тогтоох,...мөн Б.Б-ийн тухайн хэрэгт оролцсон байдлыг дахин шалгах...” гэж заасан асуудлын тухайд, хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан, тогтоох боломжтой тул энэ талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Иймд прокурор Н.Мөнхцэцэгийн бичсэн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 37 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 2002 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Б, Ш.Ц нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаасугай.

 

2. Хэргийг шүүхэд хүргүүлтэл Б.Б, Ш.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

                                                                                    Л.ДАРЬСҮРЭН