Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2019/00718

 

Э.Мгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2018/02259 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2416 дугаар магадлалтай,

Э.Мгийн нэхэмжлэлтэй

А.Эт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 135 017 900 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч М.Цэндсүрэнгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батмөнх, хариуцагч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 12 дугаар байрны, 278 тоот улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын 2-10 тоот улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай, 75.4 м.кв сууц болон 285.3 м.кв хэмжээтэй гараж, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай, 646 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалан 90 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүргээс хүүг төлсөн, үндсэн зээлийг төлөөгүй тул 90 000 000 төгрөг, зээлийн гэрээний 2.7-д заасан алдангийг хуульд нийцүүлэн 45 000 000 төгрөг, нотариатын төлбөр 17 900 төгрөг, нийт 135 017 900 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээг үндэслэн төлбөр гаргуулахаар шаардсан. Тус улсын иргэд аливаа эдийн засгийн харилцаанд ороход хуулиар баталгаажин хамгаалагдсан, тодорхой нөхцөлтэй гэрээ байгуулах эрх нь нээлттэй байдаг ба гэрээг байгуулахад тухайлсан урьдач нөхцөл, зүйл заалтыг тусгаж эрсдэлээс хамгаалдаг. Гэрээ хүчин төгөлдөр эсэх асуудал гэрээний зүйл заалтууд бүрэн хэрэгжиж талуудын харилцан ашигтай байх, эрх ашиг нь бүрэн хамгаалагдах зарчмууд тус гэрээнд хэрхэн хангагдсан нь эргэлзээтэй ба гэрээний 1.1-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, 3.2-т зааснаар зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулснаар гэрээ хүчин төгөлдөр болох заалт хэрэгжээгүй тул буцаан төлөх үүрэггүй. Нэхэмжлэлд намайг зээлийн хүүг төлсөн боловч үндсэн зээлийг төлөөгүй гэх боловч би аваагүй зээлийн төлөө ямар нэгэн үүрэг хүлээж төлбөр огт төлөөгүй. Нэхэмжлэлд дурдагдсан алдангийн асуудал мөн адил учир 45 000 000 төгрөг өгөх үндэслэлгүй. Би 2016 оны 4, 5 саруудад Аргун трейд ХХК-ийн захирал Н.Батзоригийн хүсэлтээр туслах гэсэн сэтгэлээр төрсөн ах А.Зоригийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалах итгэмжлэл хийлгэж, Э.Мтай зээл болон барьцааны гэрээ байгуулсан. Гэрээ байгуулмагц Э.М өөрийн танил, хамсаатнууд болох Л.Бат-Эрдэнэ, н.Батка, н.Билгүүн нараар дамжуулан утсаар байнга дарамталж, байрыг чинь авна гэх болсон. Уг асуудал Э.М Аргун трейд ХХК-ийн хооронд мөнгө өгч, авч компанийн балансад 90 000 000 төгрөг зээл хэлбэрээр орсон. Хүү төлсөн асуудал ч компанитай холбогдоно. Нэхэмжлэгч мөнгөө хүлээлгэн өгсөн этгээдээс нэхэмжлэх, залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болсон бол цагдаагийн байгууллагаар шалгуулан буруутай этгээдийг тогтоолгох бүрэн боломжтой тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний 1.1-д заасан үүргийг зээлдүүлэгч Э.М биелүүлээгүй тул гэрээний 3.2-т зааснаар гэрээ байгуулагдсанд тооцогдохгүй. Гэрээний дагуу мөнгө авч, буцаан төлөөгүй. Өндөр хөгжилтэй орнуудад ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд электрон хэлбэрээр нэг томьёог гэхэд л задлаад харуулдаг. Аргун трейд ХХК-ийн гаргах гэж байсан 4Д ухаалаг карт хүүхдүүдэд хэрэгтэй гэж үзээд захирал Н.Батзоригт тусалахаар төрсөн ах А.Зоригтод хэлэхэд хөрөнгөө барьцаалахыг зөвшөөрсөн. Н.Батзориг нь эдгээр хүмүүсийг олж зээл авах боллоо гэсэн. Би орон байраа алдах дээрээ тулж, ах маань зүрхний шигдээс болоод гадаадад эмчилгээ хийлгэж байгаа нь энэ нөхцөл байдлаас болсон гэж үзэж байна. Иймд гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Э.М мөнгөө өгсөн хүнээс шаардах хэрэгтэй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбараа: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 281, 282 дугаар зүйлүүдийг үндэслэн А.Этэй 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулж 90 000 000 төгрөг зээлдүүлсэн ба сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй. Тухайн зээлийн барьцаа хөрөнгүүдийг А.Зориг нь дүүдээ итгэмжлэл хийж өгсөн. А.Зориг, А.Э болон Аргун трейд ХХК-ийн захирал Н.Батзориг нар Аргун мультимедиа ХХК-д хувьцаа эзэмшдэг. Мөнгийг А.Э өөрөө аваагүй ч бүгдээрээ хамт ажиллаж байсан. Зээлийн болон барьцааны гэрээг нотариатаар батлуулан Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсний дараа гүйцэтгэх захирал Н.Батзоригт мөнгийг бэлнээр өгчих гэж хэлээд өөрөө түрүүлжявсан. Тухайн мөнгийг өөрөө аваагүй гэх боловч итгэмжлэн үлдээсэн хамтран ажиллагч нь хүлээн авсан бөгөөд мөнгө шилжүүлэх үндсэн үүргээ би биелүүлсэн. Талууд тэгш эрхийн зарчим дээр харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн гэрээг байгуулсан. Түүнээс зээл авах сонирхолгүй хүн эд хөрөнгө барьцаалан гэрээ байгуулах шаардлагагүй бөгөөд мөнгө аваагүй юм бол гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан гэж шүүхэд хандан барьцаанаас чөлөөлүүлэх боломжтой байсан. Энэ хугацаанд аливаа байдлаар шүүхэд хандаагүй нь өөрийн зээлийн гэрээний үүрэг хэвээр үргэлжилж байсан гэдгийг нотолж байна. Мөн А.Э зээлийн хүү огт төлж байгаагүй гэх ба түүний хөрөнгө оруулалт хийсэн, хувьцаа эзэмшдэг компанийн данснаас болон кассаар хүү төлсөн. Энэ нь тухайн компанийн албан бичиг болон тооцоо нийлсэн акт зэргээр нотлогддог. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, зээлийн гэрээний төлбөр, алданги болох 135 017 900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2018/02259 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, дугаар зүйлийн 232.4, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Эээс зээлийн үндсэн төлбөрт 64 100 000 төгрөг, алдангид 32 050 000 төгрөг, нийт 96 150 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Мд олгох, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 12 дугаар байр, 278 тоот хаягт байрлах, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Дандарын 2 дугаар гудамж, 10 тоот хаягт байрлах, 75.4 м.кв талбайтай сууц, 285.3 м.кв талбайтай гараж, улсын бүртгэлийн Г-0000000000дугаартай, тус хаягт байрлах 646 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас хангуулж, үлдэх 38 867 900 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 833 200 төгрөг, хариуцагчаас төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 638 700 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, мөн улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулсан 537 750 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2416 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2018/02259 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, гэсний ард 232 гэж нэмж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 638 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагчийн өмгөөлөгч би дараах гомдлыг гаргаж байна. 1. ...Зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, нэхэмжлэгч Э.М нь хариуцагч А.Эт холбогдуулан зээлийг, алдангийн хамт гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч А.Э эс зөвшөөрч, зээлийн гэрээнд заасан мөнгийг аваагүй гэж маргасан, аваагүй болох нь хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан баримтуудаар нотлогдсон. А.Э нь 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээг бичгээр хийж, нэхэмжлэгч Э.М нь хариуцагчид 90 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон байна. Уг гэрээний 1.1-т “гэрээний зорилго нь зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг буцаан өгөх”, мөн гэрээний 3.2-т “гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулснаар хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно” гэж заажээ. Нэхэмжлэгч нь хариуцагчид 90 000 000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар нотолж чадаагүйг шүүх анхаарч үзээгүй. Н.Батзориг буюу Аргун трейд ХХК нь Э.Мгаас 90 000 000 төгрөгийг хүлээн авсан талаар гэрчийн мэдүүлэг өгсөн, зээлийг А.Э аваагүй, зээлийн 90 000 000 төгрөгийг өөр этгээдэд буюу дээрх гэрчийн мэдүүлэг өгсөн Н.Батзориг гэгчид хүлээлгэн өгсөн талаараа Э.М маргаагүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгө шилжүүлэн өгсөн нь нотлогдоогүй байхад зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх бөгөөд байгуулагдаагүй зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу А.Эээс зээл, алданги шаардах эрхгүй гэж үзэж байна. 2. Э.М, А.Э нарын хооронд барьцааны гэрээ бичгээр үйлдэгдэж, улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч зээлийн гэрээ байгуулагдаагүй, хүчин төгөлдөр болж, хэрэгжээгүй тул Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасан зээлийн гэрээтэй салшгүй холбоотой, уг гэрээгүйгээр бие даан хэрэгжих боломжгүй барьцааны эрх Иргэний хуулийн 153 дугаар зүйлд зааснаар үүсэхгүй тул нэхэмжлэгч мөн хуулийн 174, 175 дугаар зүйлд зааснаар барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргах боломжгүй, мөн шүүх шийдвэрлэх боломжгүй байхад шийдвэрлэсэн. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч А.Эт холбогдуулан үндсэн зээл 90 000 000 төгрөг, алданги 45 000 000 төгрөг, нотариатын төлбөр 17 900 төгрөг нийт 135 017 900 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг, хариуцагч 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Зохигчийн хооронд 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 90 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлэхээр гэрээ байгуулагдсан, зээлдүүлэгч Э.М гэрээний зүйл болох 90 000 000 төгрөгийг А.Эт шилжүүлсэн, хариуцагч А.Э нийт 47 500 000 төгрөгийг буцааж төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Зохигчийн байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, эсхүл хүчин төгөлдөр бусад тооцох Иргэний хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1.-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Шүүх зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааны үйл баримтад Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3., 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, гэрээний дагуу зээлдэгчийн хүлээх үндсэн үүргийн эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлсон байна.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-дүүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө.” гэж заасан. Хоёр шатны шүүх зээлдүүлэгч 90 000 000 төгрөгийг шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн болохыг үндэслэлтэй дүгнэжээ. Зээлдүүлэгч Э.М гэрээний дагуу мөнгийг Аргун трейд ХХК-ийн захирал Н.Батзоригтод хүлээлгэн өгснийг А.Э мэдэж байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Батзоригтын мэдүүлгээр тогтоогдсон тул үүргийн гүйцэтгэлийг хариуцагч зөвшөөрсөн гэж үзнэ. Иймд мөнгийг хүлээж аваагүй, зээлийг хариуцахгүй гэх хариуцагчийн гомдлын энэ хэсэг үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно.” гэж заажээ.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл хариуцагч нь зээлийн төлбөрт нийт 47 500 000 төгрөг төлсөн, алдангийн хэмжээ илт их байгаа нөхцөл байдлыг харгалзан алдангийг багасгах боломжтой гэж үзэж, энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар   сарын 05-ны өдрийн 2416 дугаар магадлалын 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2018/02259 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дэх хэсгийг баримтлан хариуцагч А.Эээс 80 125 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Мд олгож, нэхэмжлэлээс 16 025 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үүргээ сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 12 дугаар байр, 278 тоот хаягт байрлах, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Дандарын 2 дугаар гудамж, 10 тоот хаягт байрлах, 75.4 м.кв талбайтай сууц, 285.3 м.кв талбайтай гараж, улсын бүртгэлийн Г-0000000000дугаартай, тус хаягт байрлах 646 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтад “...638 700..гэснийг 558 575 ...гэж тус тус  өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 638 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.УНДРАХ

 ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА