Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 924

 

Д.Ар, Д.Ал нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор П.Ганбаатар,

шүүгдэгч Д.Ар-ын өмгөөлөгч П.Учралгэрэл,

шүүгдэгч Д.Ал-гийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 579 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Д.Ал, шүүгдэгч Д.Ар-ын өмгөөлөгч П.Учралгэрэл, Ц.Даваажаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Ар, Д.Ал нарт холбогдох эрүүгийн 1709010320273 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             1. Шарнууд овгийн Д.Ар, 1985 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүрэгт түр оршин суух,

            - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 448 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:/;

            2. Шарнууд овгийн Д.Ал, 1988 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Орхон аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Солонгос хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

             Д.Ар, Д.Ал нар нь 2017 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Клаб-24” нэртэй баарны үүдэнд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч Б.Маналд хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Ар, Д.Ал нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Ар-ыг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Д.Ал-г олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Д.Ар, Д.Ал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус бүр шийтгэж, тэдгээрт тус бүр оногдуулсан ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 30 хоногийн хугацаагаар тус тус тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэгийн 1 ширхэг СиДи-г энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Д.Ар, Д.Ал нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Ал гаргасан давж заалдах гомдолдоо: “...миний бие өөрийн гэм буруутай үйлдлийн талаар ямар нэгэн маргаан гаргаагүй. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг тодруулалгүйгээр, хохирогч Б.Манал бид хоёрын зодооныг салгаж байсан миний ах Д.Арыг энэ хэрэгт холбогдуулан ялласанд маш их харамсаж байна. Хохирогч Б.Манал нь бааран дотор байхдаа намайг 2 удаа цохисон. Тэгэхэд нь би ямар нэгэн маргаан гаргаагүй. Гэтэл дахин над руу дайрч давшлах үед ах Д.Ар 1 удаа алгадаж, биднийг салгасан. Энэ үйлдэл нь хяналтын камерт бичигдсэн байгаа. Би ахыгаа баар луу оруулчихаад “хоёулахнаа зодолдъё” гээд Б.Маналтай зодолдсон. Хамгаалагч ирж биднийг салгаснаар энэ үйл явдал төгссөн. Хохирогч Б.Манал нь надтай хэрхэн зодолдсон талаараа тодорхой мэдүүлдэг. Тэрээр надад ямар нэгэн гэмтэл учруулаагүй болохоос биш адилхан л олон нийтийн хэв журмыг зөрчсөн. Бидний зодооны улмаас бусдын амгалан тайван байдал алдагдаж, аж ахуй нэгж байгууллагад эд материалын хохирол учраагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан хэргийн зүйлчлэлийг дахин нягталж үзэхийг хүсье. Намайг гэмт үйлдлээс холдуулж, бидний зодооныг салгасан ах Д.Арын үйлдлийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Д.Арын өмгөөлөгч П.Учралгэрэл, Ц.Даваажаргал нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон, ... гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж тус тус заасныг үндэслэн Д.Ар, Д.Ал нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэдийгээр Д.Ар, Д.Ал нарт шийтгэх тогтоолоор ял оногдуулсан боловч өнөөдөр анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж үзэх үндэслэлгүй. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж хуульчилсан нь талуудын гомдлоор хэргийг Улсын Дээд шүүх эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно гэж үзэхээр байна. Шүүгдэгч Д.Ар, Д.Ал нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон. Мөн шүүгдэгч нарын эцэг хүнд өвчтэй, байнгын асаргаанд байдаг, Д.Ар нь бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг, ар гэрээ ганцаараа тэжээн тэтгэдэг билээ. Иймд Д.Ар, Д.Ал нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаар арга хэмжээг хэрэглэж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Д.Ар-ын өмгөөлөгч П.Учралгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хамтран гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, шүүгдэгч Д.Ар нь өөрийн төрсөн дүү Д.Алг “Клаб-24” бааранд Б.Маналд зодуулсан гэх шалтгаанаар очиж, улмаар Б.Маналтай маргалдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт харагддаг. Баарны орчим үйлдэгдсэн хэрэг болгоныг танхайрах гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлгүй. Гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа зорилго, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд, шүүгдэгч нарийн үйлдэл нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахад чиглээгүй, бөгөөд тодорхой сэдэлттэй маргааны явцад хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан байна. Шүүгдэгч нар нь хохирогч Б.Маналын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрдөг. Харин танхайрах санаа зорилго байгаагүй талаараа шүүгдэгч Д.Ал нь давж заалдсан гомдолдоо дурьдсан байна. Давж заалдах шатны шүүх хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянадаг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг анхаарч үзэхийг хүсье. Шүүгдэгч нар нь нэг айлын хүүхдүүд. Тэдний эцэг нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас бусдын асаргаанд байдаг. Иймд шүүгдэгч нарын ар гэрийн хүнд байдлыг харгалзан үзнэ үү...” гэв.       

Шүүгдэгч Д.Ал-гийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэргийн материалыг судлахад, шүүгдэгч Д.Ал нь хохирогч Б.Маналтай “Клаб-24” бааранд анх танилцаад, хэсэг хугацааны дараа нэг хүнийг хүргэж өгөх асуудлаас болж хоорондоо маргалдсан байдаг. Өөрөөр хэлбэл тэдгээрийн хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас зодоон болсон. Энэ нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахад чиглээгүй юм...” гэв.  

Прокурор П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Д.Ар, Д.Ал нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэг буюу “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”, 20 дугаар бүлэг буюу “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг”-ийн шинжийг тус тус агуулсан болох нь хохирогч Б.Маналын мэдүүлэг, түүний биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, “Клаб-24” баарны хяналтын камерын бичлэг зэргээр нотлогдон тогтоогдсон. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан байх тул тэднийг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэн учруулах” гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хугацаа буюу хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д 1 жилээр тогтоосон бөгөөд энэ хугацаа нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнө дууссан байх тул шүүгдэгч нарын холбогдсон дээрх гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх талаар гаргасан шүүгдэгч Д.Арын өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлтэй. Харин шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийг үйлдсэн, шүүхээс тэдний үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж, нэмж нэгтгэн шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг 1 дэх хэсгийн 1.2-т заасныг хэрэглэх боломжгүй. Түүнчлэн шүүгдэгч Д.Ал давж заалдсан гомдолдоо  Б.Манал бид хоёр харилцан зодолдсон учир түүнийг уг хэрэгт холбогдуулах талаар дурьджээ. Гэвч хохирогч Б.Манал нь тухайн үед хоёр хүнд зодуулахдаа, өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн, түүний энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжгүй тул эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй болно. Мөн шүүгдэгч Д.Ал уг гэмт хэргүүдэд төрсөн ах Д.Арыг хамааралгүй гэж мэдүүлдэг боловч энэ нь хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгээр үгүйсгэгддэг. Иймд шийтгэх тогтоолын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгтээ холбоотой заалтыг хүчингүй болгож, энэ талаар зохих өөрчлөлт оруулах саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Д.Ар, Д.Ал нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2017 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Клаб-24” нэртэй баарны үүдэнд болон ойролцоох авто зогсоолын орчимд, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, Б.Маналд хүч хэрэглэн зодсоноос эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хоёр зовхи, хамар, зүүн чамархай, хацар, шанаа, уруул, хүзүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстын цус харвалт, зүүн чихний дэлбээ, хүзүү, зүүн бугалганд цус хуралт, дээд уруул дотор салстын язрал, хоёр шуу, баруун шилбэнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч Б.Манал нь тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, Д.Ар, Д.Ал нартай маргалдах болсон шалтгаан, өөрийн биед учирсан гэмтлийн талаар /хх-ийн 13-15, 86/ тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь гэрч С.Эрхэмбаярын /хх-ийн 80/ мэдүүлэг, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, тухайн цаг үед болж байгаа явдлыг харуулсан “Клаб-24” баарны гаднах хяналтын камерын дүрс бичлэг, түүнээс хуулбар хийсэн “Сиди” 1 ширхэгийг нотлох баримтын ач холбогдолтой гэж эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-9/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №10979 дугаартай дүгнэлт /хх-ийн 26/ зэргээр давхар нотлогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

Шүүгдэгч Д.Ал давж заалдсан гомдолдоо: “...хохирогч Б.Манал нь бааран дотор байхдаа намайг 2 удаа цохисон. Дараа нь баарны үүдэнд над руу дахин дайрч давшилах үед миний ах Д.Ар түүнийг 1 удаа алгадаж биднийг салгасан. Улмаар ахыгаа дотогш оруулчихаад би Б.Маналтай зодолдсон. Бидний зодооны улмаас бусдын амгалан тайван байдал алдагдаж, аж ахуй нэгж байгууллагад эд материалын хохирол учраагүй...” хэмээн маргажээ.

Хэргийн материалыг судлахад, хохирогч Б.Манал, шүүгдэгч Д.Ал нар нь “Клаб-24” бааранд байхдаа танилцсан гэх бөгөөд тус бааран дотор хоорондоо маргалдаж, хэн нэгнийхээ биед халдсан нөхцөл байдал тогтоогдоогүй.

Харин баарны үүдэнд хохирогч Б.Манал, шүүгдэгч Д.Ал нар хоорондоо ярилцаад зогсож байх үед, шүүгдэгч Д.Ар хүрч ирээд Б.Маналыг үгийн зөрүүгүй 1 удаа алгадаж, дахин 1 удаа толгойн тус газарт нь цохисон, энэ үед Д.Ал нь Б.Маналыг холдуулан авч яваад зодооныг эхлүүлсэн бөгөөд улмаар баарны хамгаалагч уг зодооныг таслан зогсоосон байна.

Нийтийн хэв журмыг зөрчих гэдэг нь олон нийтээр хамтран амьдарч тогтож хэвшсэн хэв ёсонд шууд харшилсан, эсхүл уламжлагдаж ирсэн зан заншлыг үл хүндэтгэсэн, олон нийтийн амгалан тайван амарч, ажиллах нөхцлийг санаатайгаар алдагдуулж, улмаар өөрийн үйлдлээс учирч болох хор уршгийг зориуд хүсэж үйлдэхээс гадна, хүсээгүй ч тийм байдалд хүргэж болохыг ойлгож мэдсэн атлаа үйлдлээрээ гүйцэлдүүлдэг санаатай үйлдлийн бодит илрэл юм.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, шүүгдэгч Д.Ар, Д.Ал нар нь нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцааны хэм хэмжээ болон хүний халдашгүй, чөлөөтэй байх ёс журмыг зөрчсөн санаатай үйлдлээ олны дунд, удаан хугацаагаар үргэлжлүүлсэн, өөрөөр хэлбэл нийгмийн хэв журмыг зөрчиж байгаагаа нийтэд илээр үзүүлж, эрээ цээргүй, догшин авирласан нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.  

Түүнчлэн шүүгдэгч Д.Ар, Д.Ал нар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Б.Маналд хүч хэрэглэх явцдаа, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн Арван Нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”, Хорьдугаар бүлэгт “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг”-ийн шинж, онцлог түүнийг тодорхойлж буй нөхцлийн бүрдэл зэргийг тус тус тогтоон хуульчилсан бөгөөд энэ хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдад хүч хэрэглэж” гэх шинжид бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу өөр гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хамааруулан ойлгохгүй юм. 

Дээрх байдлуудыг үндэслэн шүүгдэгч Д.Ар, Д.Ал нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, мөн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ар, Д.Ал нарын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг тус бүрийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, тэдэнд тухайн зүйлүүдэд заасан хэмжээний дотор зохих ял шийтгэлийг тус тус оногдуулж, нэмж нэгтгэх замаар нийт эдлэх ялын хэмжээг тогтоосныг хуульд нийцсэн гэж үзлээ.

Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын төрөл, хэмжээг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй.” гэж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тус тус тогтоосон ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Д.Ар, Д.Ал нарт холбогдох дээрх гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусчээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр Д.Ар, Д.Ал нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

Дээрх үндэслэлийг нэгэн адил дурьдсан шүүгдэгч Д.Арын өмгөөлөгч П.Учралгэрэл, Ц.Даваажаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулав.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш болохыг дурьдах нь зүйтэй.

Нөгөөтэйгүүр шүүх дээрх заалтыг хэрэглэхдээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.

Хэдийгээр гэмт хэргийн улмаас хохирогч Б.Маналд учруулсан хохирол нөхөн төлөгдсөн байх боловч гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нараас хэргийн зүйлчлэл дээр маргаж буй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй гэж дүгнэлээ.

Иймээс хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн талаар шүүгдэгч Д.Ал болон шүүгдэгч Д.Арын өмгөөлөгч П.Учралгэрэл, Ц.Даваажаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгов.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 579 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шарнууд овогт Д.Ар, Шарнууд овогт Д.Ал нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ар, Д.Ал нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

- 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ар, Д.Ал нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч Д.Ал-гийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь, шүүгдэгч Д.Ар-ын өмгөөлөгч П.Учралгэрэл, Ц.Даваажаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоос “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг хэрэглэж өгөхийг” хүссэн хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

                                 ШҮҮГЧИД                                                          Б.ЗОРИГ

                                                                                                            Н.БАТСАЙХАН