Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2019/00775

 

“КБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/03709 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 209 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “КБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч О.Г-д холбогдох,

Хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т-гийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Иргэн Г.О- нь “КБ” ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 3009-15/11/01 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр 50 000 000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Ү-2205051561 гэрчилгээтэй орон сууцыг барьцаанд тавьсан. Зээлдэгч зээлээ төлж чадахгүй болсноор барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийг “КБ” ХХК-д шилжүүлсэн. Г.О- нь байр хүлээлгэж өгөхдөө О.Г-г байрнаас гарна гэж хэлчихээд өөрөө Америкийн Нэгдсэн Улс руу гарсан. Улсын бүртгэлийн зарчмаар маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь “КБ” ХХК болсон. 

Иймд хариуцагч О.Г-гийн хууль бус эзэмшлээс маргаан бүхий орон сууц чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Баянгол дүүргийн 3 дугаар хороолол, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай, 18/1 дүгээр байрны 18 тоотын 2 өрөө орон сууцыг 2008 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Г.Болдбаатараас худалдан авч, уг байрандаа одоог хүртэл 11 жил амьдарч байгаа бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 00357 дугаар шийдвэрээр дээрхи орон сууцны өмчлөгчөөр Орсоогийн Гэрэлмааг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа.

О.Г- нь одоог хүртэл орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг авч чадаагүй яваа бөгөөд энэ хэрэг маргааныг хяналтын шатны шүүх хянан хэлэлцээд, анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн ба захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “КБ” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205051561 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өгч хэргээ шийдвэрлүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллаанд байгаа болно.

Иймд энэ орон сууцнаас О.Г-г албадан гаргах үндэслэл байхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/03709 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг баримтлан хариуцагч О.Г-гаас Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 байр, 18 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэхийг хүссэн КБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 209 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/03709 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 422 дугаар тогтоолд маргаан бүхий орон сууцны  байршлыг “3” болон “4” -р хороололд байрлал бүхий гэж өөр өөр бичигдсэн байгаа, хэргийн талаар оролцогч нар маргаж байгаа. Үндэслэлийг тодорхой болгох талаар дурдсан байгаа бөгөөд “КБ” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн маргаан бүхий орон сууцны улсын бүртгэлийн Ү-2205051561 дүгээр гэрчилгээг хүчингүй болгуулахаар гаргасан О.Г-гийн нэхэмжлэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэрэгт дүгнэлт өгөөгүй.

Ийнхүү давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт эааснаар хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудад үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй учир магадлал мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч “КБ” ХХК хариуцагч О.Г-гийн хууль бус эзэмшлээс Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 18\1 байрны 18 тоот 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч О.Г- нь шаардлагыг эс зөвшөөрч, орон сууцыг худалдан авснаас хойш 11 жил амьдарч байгаа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 00357 дугаар шийдвэрээр орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон, захиргааны хэргийн шүүх бүртгэлийн талаарх нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэж байгаа гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ маргааны зүйлийг 4 дүгээр хороололд байршилтай гэж заасан байхад хариуцагч 3 дугаар хороололд байрлалтай орон сууцны талаар тайлбар өгсөнөөс гадна Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүх 3 дугаар хорооллын орон сууцны өмчлөгчийн асуудлыг хянан шийдвэрлэсэн байх ба зохигчийн хоорондох эрх зүйн маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн талаарх мэдээллийг тодорхой бус гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны талаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байх тул маргааны үйл баримт, нотлох баримтын бүрдлийн талаарх давж заалдах шатны шүүхийн бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн дүгнэлтийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.3.-т зааснаар анхан шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шийдвэрийг өөрчлөх боломжгүй бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үүрэгтэй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 209 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН