Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2019/00825

 

“Х Х Б”ХХК-ний

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/03645 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 242 дугаар магадлалтай,

“Х Х Б”ХХК-ний нэхэмжлэлтэй

“НШШГГ”т холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Оргодолын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Оргодол шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Г.М, Ч.Шнар нь 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “Х Х Б”ХХК-тай 2012/137 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ, 2012/137/1 тоот Батлан даалтын гэрээ, мөн 2012/137/01 тоот Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г тус тус байгуулан 80 000 000 төгрөгийн зээлийг, сарын 1.5 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай хувийн хэрэгцээндээ зориулан авсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 6406 тоотын 96 м.кв талбайтай хувийн сууц, Улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэгдсэн, дээрх хаягт байрлах 300 м.кв талбайтай авто гараж, Улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэгдсэн, дээрх хаягт байрлах 504 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул банк шүүхэд хандаж, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1727 дугаар шийдвэрээр хэргийг шийдвэрлэсэн. Мөн уг шийдвэрийг албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж. шүүхийн гүйцэтгэх хуудас гарснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай холбогдох гэрээг байгуулан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцаа хөрөнгүүдийг 2017 онд “М-О Т”ХХК 150 200 000 төгрөгөөр үнэлж байсан. Энэ үнэлгээнд төлбөр төлөгч гомдол гаргаж, шүүхээс үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул “В” ХХК-аар дахин үнэлгээ тогтоолгоход 266 033 832 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт өндөр үнэлэгдсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон “В” ХХК нь үнэлгээг хийхдээ зах зээлийн жишгээр тооцон үнэлсэн гэх боловч үнэлсэн хөрөнгүүдээс гарааж ийн үнэлгээг авч үзэхэд төвийн дулаанд холбогдсон орон сууцны тохилог гаражийн зах зээлийн хамгийн өндөр үнээр үнэлээд байгаа. Учир нь үнэлэгдсэн 300 м.кв талбай бүхий гаражийг 8-10 машины багтаамжтай гэж тооцон төвийн дулаанд холбогдсон дулаан зогсоолуудын дээд үнэ 20 000 000 төгрөгөөр тооцоход нийт 160 000 000-200 000 000 төгрөг болохоор байна. Гэтэл уг гараж нь хотын захын гэр хороололд байршилтай, төвийн халаалтын шугамд холбогдоогүй зэрэг дутагдалтай талууд маш их байгаагаас тус хөрөнгө нь 40 000 000-50 000 000 төгрөг хүрэх хөрөнгийг 164 625 258 төгрөгөөр үнэлж байгаа нь бодит байдлаас хэт өндөр үнэлсэн. Мөн үнэлгээний тайланд эдийн засгийн элэгдэлгүй, буруу ашиглалтын элэгдэлгүй, ашиглалтын явцад урсгал засварыг хийсэн гэсэн тайлбарууд үндэслэлгүй юм. Дээрх хөрөнгүүдийг 2012 онд 136 000 000 төгрөгөөр авч байсан бөгөөд, одоо даруй 2 дахин өндөр үнэтэй болж үнэлэгдсэн байна. Иймд дээрх хөрөнгүүдийг нийт 266 033 832 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Азбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1727 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Г.М, Ч.Шнарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамж 6406 тоот хувийн сууц, гараж, газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд харилцан тохиролцоогүй тохиолдолд үнэлсэн үнийн 70 хувиар албадан дуудлага худалдааны доод үнийг тогтооно гэж зааснаар хөрөнгийн үнэлгээний “В” ХХК-ийг томилж үнэлгээ хийлгэхэд үл хөдлөх хөрөнгүүдийг 266 033 832 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 4/16552, 4/16553, 4/16554 дугаартай мэдэгдлүүдээр талуудад мэдэгдсэн. Өмнө нь Мөнх оргил трейдХХК-ийн 150 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг төлбөр төлөгч талаас гомдол гаргаж, 3 шатны шүүхээр явж уг үнэлгээг хүчингүй болгосон. Үнэлгээн дээр бус, харин шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой процесс зөрчсөн үндэслэлээр хүчингүй болсон байдаг. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/03645 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан “НШШГГ”т холбогдох, Улсын бүртгэлийн Ү-0000000000, Ү-0000000000, Ү-0000000000дугааруудад бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 6406 тоот хаягт байрлах 96 м.кв талбайтай хувийн сууц, 300 м.кв талбайтай авто гарааж , 504 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг 266 033 832 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч “Х Х Б”ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 242 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/03645 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Оргодол хяналтын гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйл, 40.1. Шуух хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, мөн хуулийн 40-р зүйл, 40.2. “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” мөн Иргэний хуулийн 177-р зүйл, 177.1-т “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж тус тус заасан. ...Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул банк шүүхэд хандаж, 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2016/01727-н тоот шийдвэрээр хэргийг шийдвэрлэсэн. Мөн уг шийдвэрийг албадан гүйцэтгэх 102/Ш32016/14595-Н тоот шүүгчийн захирамж, 1681-н тоот шүүхийн гүйцэтгэх хуудас гарснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай холбогдох гэрээг байгуулан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцаа хөрөнгүүдийг 2017 онд “Мөнх-Оргил трейд” ХХК 150.2 сая төгрөгөөр үнэлж байсан. Энэ үнэлгээнд төлбөр төлөгч гомдол гаргаж шүүхээс үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул “В” ХХК-иар дахин үнэлгээ тогтоолгоход 266 033 832.00 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт өндөр үнэлэгдсэн байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон “В” ХХК нь үнэлгээг хийхдээ зах зээлийн жишгээр тооцон үнэлсэн гэх боловч үнэлсэн хөрөнгүүдээс гаражийн үнэлгээг авч үзэхэд төвийн дулаанд холбогдсон орон сууцны тохилог гаражийн зах зээлийн хамгийн өндөр үнээр үнэлээд байгаа, учир нь үнэлэгдсэн 300.0 м.кв талбай бүхий гаражийг 8-10 машины багтаамжтай гэж тооцон төвийн дулаанд холбогдсон дулаан зогсоолуудын дээд үнэ 20,0 сая төгрөгөөр тооцоход нийт 160,0-200,0 сая төгрөг болохоор байна. Гэтэл уг гараж нь хотын захын гэр хороололд байршилтай, төвийн халаалтын шугамд холбогдоогүй зэрэг дутагдалтай талууд маш их байгаагаас тус хөрөнгө нь 40,0-50,0 сая төгрөг хүрэх хөрөнгийг 164 625 258.00 төгрөгөөр үнэлж байгаа нь бодит байдлаас хэт өндөр байна гэж үзэж байна. Хувийн сууц, авто гаражийг 100 хувь зардлын хандлагын аргаар тооцон үнэлгээг гаргаж байгаа нь зах зээлийн үнэ биш байна. Хөрөнгийн үнэлгээг хийхдээ зах зээлийн хандлага, орлогын хандлага, зардлын хандлагын аргыг авч үзэн нарийвчлан үнэлэгээ гаргадаг байтал ганцхан зардлын хандлагын аргаар үнэлгээг гаргасан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйл 177.1.-д заасан үнэлгээ гаргаагүй гэж үзэж байна. Зах зээлийн үнийг тогтоохдоо зах зээлийн хандлагын аргаар үнийг тогтоож гаргаагүй байж зах зээлийн үнийг тогтоож байгаа нь зүйд нийцэхгүй байна. Мөн үнэлгээний тайланд эдийн засгийн элэгдлийг эдийн засгийн элэгдэлгүй, буруу ашиглалтын элэгдэлгүй, ашиглалтын явцад урсгал засварыг хийсэн гэсэн тайлбарууд үндэслэлгүй юм. “В” ХХК-иас үнэлгээ гарсан гэх боловч төлбөр авагчид үнэлгээний тайланг өгөөгүй бөгөөд бид шийдвэр гүйцэтгэгчийн материалаас гар утсаар буулган авч байсан. Дээрх хөрөнгүүдийг 2012 онд 136 сая төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд одоо даруй 2 дахин өндөр үнэтэй болж үнэлэгдсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 27 дугаар зүйл 27.1.4-т заасан байдаг. Банк үнэлгээг хүчингүй болгуулахаар 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган хэрэг шүүх дээр хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байх хугацаанд дээрх хөрөнгүүд нь “В” ХХК-ийн үнэлсэн үнэлгээ болох 266 033 832.00 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр орохоор зарлагдаж дуудлага худалдаанд орсон байдаг. /хх-49ху/ Банк энэ тухай мэдэж Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан/хх-48ху/ бөгөөд шүүхээс 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 102/Ш32018/15377 тоот шүүгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж гарсан. /хх-84 ху/ гэсэн ч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас анхны дуудлага худалдаанд орж даруй хоёрдох албадан дуудлага худалдаанд ороход бэлэн байгаа юм. Энэ тухай анхан шатны шүүх дээр яригдсан боловч шүүх анхааралдаа аваагүй болно. Энэ бүхнээс дүгнэхэд төлбөр төлөгч нар нь дээрх хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т заасны дагуу банкинд өгч үнэлгээний зөрүү болох 66 сая төгрөг авах эсвэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох зорилго агуулж байгаа юм. Иймд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангажээ.

“Х Х Б”ХХК, хариуцагч “НШШГГ”т холбогдуулан албадан дуудлага худалдаанд оруулах эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч “...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан...” гэсэн үндэслэлээр маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,  давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1727 дугаар шийдвэрээр Г.М, Ч.Шнараас 62 438 138 төгрөгийг гаргуулан “Х Х Б”ХХК-д олгож, үүргээ сайн дураар биелүүлээгүй бол барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн ба гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн хариуцагч байгууллага нь 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ.

2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр барьцааны зүйл болох Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 6406 тоот хаягт байрлах 96 м.кв талбайтай хувийн сууцыг, 300 м.кв талбайтай авто гараж, 504 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилсэн, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр эд хөрөнгийг хураан авсан ажиллагаа 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.4, 36.5 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

Шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолоор томилсон үнэлгээчин “М-О Т”ХХК нь төлбөрт хураагдсан эд хөрөнгүүдийг 150 200 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгчийн гомдлоор шүүх хянан хэлэлцээд үнэлгээг хүчингүй болгосон, уг ажиллагааг дахин явуулахад төлбөр төлөгч Г.М, Ч.Шнар нь хөрөнгийг 500 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч зөвшөөрөөгүй тул шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 183 дугаар  тогтоолоор “В” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

“В” ХХК Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 6406 тоот хаягт байрлах 96 м.кв талбайтай хувийн сууцыг 26 912 574 төгрөг, 300 м.кв талбайтай авто гаражийг 164 625 258 төгрөг, 504 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 74 496 000 төгрөгөөр нийт 266 033 832 төгрөгөөр үнэлжээ.

Талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул хариуцагч шинжээч томилох, үл хөдлөх эд хөрөнгө үнэлүүлэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлал хуулийн үндэслэлтэй гэж үзнэ. Нэхэмжлэгч нь барьцааны зүйлийг зах зээлийн үнээс хэт өндөр үнэлсэн болохыг баримтаар нотлоогүй байна. Төлбөр төлөгч нар 2012 оны 08 сарын 27-ны өдөр автогаражийг 80 000 000 төгрөгөөр худалдан авсан баримт нь тухайн үеийн ханшийг нотолсноос шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байх үеийн эд хөрөнгийн үнийг нотлоогүй байна.

Хоёр шатны шүүх Худалдаа хөгжлийн банкны хариуцагч “НШШГГ”т холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/03645 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 242 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Х.СОНИНБАЯР

                 ШҮҮГЧ                                                       П.ЗОЛЗАЯА