Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2023/0678

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 15 өдөр

 

Дугаар 221/МА2022/0420

 

“”“Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б нар;

 

Нэхэмжлэгч: “Л” ХХК

Хариуцагч: СБДУБХ

Гуравдагч этгээд: Д.Б

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Их тойруу гудамж 5*  дүгээр барилгын 1 давхрын 10**  тоот хаягт байршилтай 25 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү-220304**** дугаар бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 666 дугаартай;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Э нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0761/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Л” ХХК-аас СБДУБХ-т холбогдуулан Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Их тойруу гудамж 5*  дүгээр барилгын 1 давхрын 10**  тоот хаягт байршилтай 25 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү-220304**** дугаар бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 666 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Л” ХХК -иас гаргасан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, * дугаар хороолол, Их тойруу гудамж 5*  дүгээр барилгын 1 давхрын 10**  тоот хаягт байршилтай 25 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү-220304**** дугаар бүртгэл, гэрчилгээг хүчингүй болуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б нар давж заалдах гомдолдоо:

 

3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй бөгөөд шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

 

3.1.1. “...Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл: Нэхэмжлэгч “Л” ХХК нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, * дугаар хороолол, Их тойруу гудамж 5*  дүгээр байрны 12 давхрын 12** тоот хаягт байршилтай 80 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр бүртгэгдэн гэрчилгээ авч, тус тоотод үйл ажиллагаагаа явуулдаг, тус 5*  дүгээр барилгын 1 дүгээр давхрын байгуулалт гэх зургийг гаргаж хүргүүлсэн, уг зурагт д/д-26, өрөөний нэр-оффис үйлчилгээ, талбай м2-25.00 гэж тэмдэглэсэн ... зэрэг нотлох баримтуудыг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, * дугаар хороолол, Их тойруу гудамж 5*  дүгээр барилгын 1 дүгээр давхрын 10**  тоот хаягт байршилтай, 25 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Д.Б-г улсын бүртгэлийн Ү-220304**** дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон үйл баримтууд тус тус тогтоогдож байна” гэж дүгнэсэн байна.

Шүүхийн энэ дүгнэлтээс үзвэл нэхэмжлэгч “Л” ХХК нь тухайн 5* -p барилгын тодорхой нэг хэсгээс үл хөдлөх хөрөнгө өмчилж авсан өмчлөгч болох нь тогтоогдож байгаа бөгөөд тус барилгын 1-р давхрын үүдэн хэсэгт, өөрөөр хэлбэл 1-13 давхарт гарах 3 ширхэг цахилгаан лифт, 13 давхар руу зорчих явган зорчигчийн шатны хэсэг, харуул хамгаалалтын хяналтын өрөө, угтах хэсэг буюу ресепшний талбайн хэсгийг иргэн Д.Б-д үл хөдлөх эрхийн гэрчилгээ олгосноороо нэхэмжлэгчийн өөрийн өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөдөө хэвийн аюулгүй зорчих эрх, эд хөрөнгийн аюулгүй, халдашгүй найдвартай байдал (галын аюулгүй байдал болон харуул хамгаалалт), барилгын нийтийн зориулалттай дундын өмчлөлийн талбай коридорыг ашиглах, өөрийн болон дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглалт хамгаалалт, шугам сүлжээний засвар, цэвэрлгээ үйлчилгээ хийлгэх, худалдаа үйлчилгээгээ хэвийн явуулах, агаар сэлгэлт, барилгын аюулгүй байдал (цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ болон цахилгаан холбооны тоног тохооромж зэрэг дундын өмчлөлийн зүйл) хаалга, довжоо ашиглах, хог хаягдал зайлуулах гэх зэрэг хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгааг анхан шатны шүүх бүрэлдэхүүн анхаарч үзсэнгүй.

 

3.1.2. Нийтийн зориулалттай дундын өмчлөлийн талбай болон оффисын зориулалттай хэсгийн 1-р давхрын цахилгаан шитний өрөө, талбай, цахилгаан шат, явган зорчигчийн шатны хэсэг, ресепшен байрлах, угтах хэсэг, зочин, зорчигчдийн хүлээлгийн өрөө, харуул хамгаалалтын хяналтын өрөө зэрэг нь Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.1 дэх хэсэг, 147-148 дугаар зүйл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн15.1.1 дэх хэсэгт заасны дагуу 5* -р барилгын 1-р давхрын үүдэн хэсэг нь өмчлөгч нарын дундын өмчлөлийн талбай болохыг хуульчилж өгснөөс гадна “К холбоо” ГҮТББ-ын дүрмийн 1.8 дахь хэсэгт дундын өмчлөлд тусгаж өгсөн байхад иргэн Д.Б-д үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь нэхэмжлэгч “Л” ХХК-ийн болоод барилгын өмчлөгчдийн хууль ёсны ашиг, сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

 

3.2. Шүүх Үндэслэх хэнэгтээ “Хуулийн эдгээр заалтуудаас үзвэл мэдүүлэг гаргагч Д.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т-ээс 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад хандаж гаргасан мэдүүлэх, түүнд хавсаргаж ирүүлсэн нотлох баримтуудыг үндэслэн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, * дугаар хороолол, Их тойруу гудамж 5*  дүгээр барилгын 1 дүгээр давхрын 10**  тоот хаягт байршилтай, 25 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.Б-г бүртгэсэн бүртгэл нь хуульд нийцсэн, уг мэдүүлэгийг хүлээн авахаас таталзах үндэслэлгүй нь тогтоогдсон байх ба тухайн бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайлбал, нэхэмжлэгч нь 5*  дүгээр барилгад 10**  тоот гэх өрөө байхгүйг тайлбарлан маргаж байх боловч мэдүүлэгт хавсаргасан үл хөдлөх эд хөрөнгин жагсаалтад 10**  гоотын 25 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө байгааг тодорхойлж 1 дүгээр давхрын байгуулалтын зургийг ирүүлсэн, нэгэнт тухайн барилгын өмчлөгчөөс зөвшөөрөл өгч холбогдох нотлох баримтыг ирүүлсэн, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг иргэн Д.Б-д салгаж бүртгүүлэхээр хандсан тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагад мэдүүлэгийг хүлээн авахаас татгалзах хуульд заасан үндэслэл үүсэхгүй юм. Өөрөөр хэлбэл, Д.Б-ийн /З ХМХ-ийн/ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгт 10**  тоотын 25 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө байгааг тодорхойлж буй 1 дүгээр давхрын байгуулалтын зургийг хавсаргаж хүргүүлснээс үзвэл 5*  дүгээр барилгын 1 дүгээрт давхарт 10**  гэсэн дугаартай өрөө байхгүй гэж үзэх үндэслэлгүйн дээр тухайн зургийг “хуурамчаар гаргуулсан” гэж тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлт гараагүй болохыг дурдах нь зүйтэй” хэмээн дүгнэсэн нь хэрэгт авагдсан шүүхийн үзлэг, 5* -р барилгын 1 давхрын фото зураг зэрэг холбогдох нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлж дүгнээгүй, хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

 

3.2.1. Учир нь Барилгыг барьсан гурван талт гэрээний нэг тал болох “УХ” ХХК-ийн реклам, зар сурталчилгааны явуулсан 108 сая төгрөгийн оронд буюу арилжааны гэрээний үндсэн дээр З сонинтой В1 давхарт 25 м.кв, 4 давхарт 43 м.кв) талбайг өгнө гэж гэрээ байгуулсан. Үүн дээр ямар нэгэн тоо заагаагүй бөгөөд 1 давхрын эскиз зургийг өөрчилж 10**  тоот 25 м.кв гэж хоосон талбай хүлээлгэж өгсөн болох нь хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтаар тогтоогдож байгаа болно.

Тухайлбал: Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар ирүүлсэн хэргийн материалын 1 дүгээр хавтас хэргийн 44 дэх хуудас авагдсан 5* -р барилгын 1 давхрын зохион байгуулалтын зурагт үүдэн хэсгийг бүгдийг “оффис үйлчилгээ” гэж тодорхойлсон зураг, мөн 1 дүгээр хавтас хэргийн 121 дэх хуудаст 5* -р барилгын 1 давхрын зохион байгуулалтын зурагт 4, 8 дахь хэсэгт “үүдний танхим” гэж тодорхойлсон 2 өөр эскиз зургийг ирүүлсэн байхад шүүхээс энэ байдалд үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр “...5*  дүгээр барилгын 1 дүгээр давхарт 10**  гэсэн дугаартай өрөө байхгүй гэж үзэх үндэслэлгүй, ... 1 дүгээр давхрын байгуулалтын зургийг ирүүлсэн, нэгэнт тухайн барилгын өмчлөгчөөс зөвшөөрөл өгч холбогдох нотлох баримтыг ирүүлсэн, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг иргэн Д.Б-д салгаж бүртгүүлэхээр хандсан тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагад мэдүүлэхийг хүлээн авахаас татгалзах хуульд заасан үндэслэл үүсэхгүй” гэх зэргээр дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

 

3.2.2. Тиймээс, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь анхны эскиз зураг болон мэдүүлэг гаргагчаас анхны эксиз зургийг өөрчилсөн зургийг ирүүлсэн зөрүүтэй баримт байхад Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” зарчмыг зөрчсөн, хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-т “энэ хуулий 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах:”, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх...” зарчим болон хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана:”, 8.1.1-д “энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан журам, шаардлагыг зөрчиж мэдүүлэг гаргасан"; 8.1.3-д “хуульд заасан журмын дагуу хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай эсхүл мэдээлэл нь зөрүүтэй”, 8.1.5-д “энэ хуулийн 4.1-д заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн гэрээ, хэлэлцээртэй агуулгаараа илт зөрүүтэй”, 29 дүгээр зүйлийн 29.1.3-т “мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичиг зөрүүтэй, агуулга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн” бол татгалзахаар заасныг зөрчиж, Д.Б-г хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн нь хууль зөрчсөн байна.

 

3.2.3. Бид Нийслэлийн Архивын газраас Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас тухайн 5* -р давхрын барилгын 1 давхрын эскиз зургийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасны дагуу холбогдох зургийг авахад 5* -р барилгын 1 давхрын зохион байгуулалтын эскиз зурагт үүдний танхимыг тодорхойлсон байна. Иймээс 1 давхрын зохион байгуулалтын эскиз зургийг хуурамчаар үйлдсэн, гаргуулсан байх бүрэн үндэслэлтэй. (Нийслэлийн Архивын газраас авсан баримтыг хавсаргав)

 

3.2.4. Шүүхээс “...1 давхрын эскиз зургийг хуурамчаар гаргуулсан гэж тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлт гараагүй гэж дүгнэсэн нь мөн хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч талаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэгчээс эдлэх бүрэн эрхийн хүрээнд энэхүү асуудлыг тодруулахаар хэрэгт ач холбогдолтой бүхий байдлыг тодруулахаар хэрэгт ач холбогдолтой бүхий байдлыг тодруулахаар маргаан бүхий өмчлөлийн талбайд худалдаа, үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой эсэх, гаргаж буй өмчлөлийн талбай нь 5* -р барилгын өмчлөгч, түрээслэгч, ашиглагч, эзэмшигч нарын дундын өмчлөлийн дундын ашиглалтын талбай эсэхийг тодруулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хүлээж авалгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэж байна.

 

3.3. Сүхбаатар дүүргийн **-р хороо, ** дугаар хороолол, Их тойруу гудамж, 5*  дүгээр барилгын 1 давхарт 10**  тоот “оффис үйлчилгээ” анхнаасаа байхгүй бөгөөд 25 м.кв талбайн хэмжээ зөрүүтэй байхад Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Б-д хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт захиалгаар барьж байгаа дугаар зүйлийн 5.7-т "Захиалгаар барьж дууссан барилгын дундаа хэсгээр өмчлөгч бүрт ногдох хэсгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд мэдүүлэг гаргагчийн ирүүлсэн нотлох баримтыг захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн болон ногдох талбайн хэмжээ, байршлын хаяг, хэлцлийн мэдээллийг тусгасан захиалагчдын нэрсийн жагсаалт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлттэй тулгаж нягтална” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

 

Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэсэн заалт, мөн иргэн Д.Б нь “УХ” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу хохирлоо холбогдох этгээдээс нэхэмжлэх бүрэн боломжтой байна.

 

3.4. Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн байх нөхцөлд шүүх уг захиргааны актыг хүчингүй болгох агуулгатай гэж дүгнэсэн байна. Нэхэмжлэгч “Л” ХХК нь өмнө дурдсанаар тухайн барилгын тодорхой нэг хэсгийн өмчлөгч тул бидний дээр дурдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байгаа тул Д.Б-д олгосон үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

 

  1. Маргааны үйл баримтын талаар,

 

    1. Анх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн *-р хороо, *-р хороолол, их тойруу гудамж, 5*  дугаартай барилгын зоорийн болон 1, 2, 4, 7 дугаар давхар тоот хаягт байршилтай, 4419 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай, 70%-ийн гүйцэтгэлтэй, дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр “М холбоо” ТББ-ыг эрхийн улсын бүртгэлийн Ү-220303**** дугаарт бүртгэж, 00039**** дугаар гэрчилгээ (2-р хх-ийн 135 дахь тал) 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр олгогджээ. Энэ талаар талуудын хэн аль нь маргадаггүй.

 

    1. Үүний дараа дээрх хаягт байрших 5*  дугаар барилгын захиалагч “УХ” ХХК-аас Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст захиалагч иргэд, хуулийн этгээдэд салгаж бүртгүүлэхээр гаргасан хүсэлт болон “...үл хөдлөх эд хөрөнгийн төлбөр тооцоо бүрэн дууссан тул гэрчилгээ гаргахад татгалзах зүйлгүй” гэх хүсэлт, барилгын зохион байгуулалтын 25 м.кв талбай эскиз зураг болон захиалгаар барьсан орон сууцны жагсаалт зэрэг дараах баримтуудыг үндэслэн гуравдагч этгээд Д.Б-д Сүхбаатар дүүргийн 9 дугээр хороо, *дугаар хороолол, Их тойруу гудамж 5*  дүгээр барилгын 1 дүгээр давхрын 10**  тоот хаягт байршилтай, 25 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Д.Б-г улсын бүртгэлийн Ү-220304**** дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон болох нь тогтоогдож байна. Үүнд,

 

-2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлэг гаргагч Х.Т(“М холбоо” ГҮТББ-ын менежер)-ээс гаргасан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, “М холбоо” ГҮТББ-ны “З” ХМХ-тэй байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Эвлэрлийн гэрээ”, мөн тус холбооны 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 064 дугаар албан бичгээр “...үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг “З” ХМХ-д гаргуулахад татгалзах зүйлгүй” гэх, мөн оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01/66 дугаар албан бичгээр дээрх “...үл хөдлөх эд хөрөнгийг Д.Б-ийн нэр дээр гаргаж өгнө үү” гэх, “З” ХМХ-ийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01/03 дугаар албан бичгээр ““М холбоо” ГҮТББ-аас шилжиж ирэх ...үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг “З” ХМХ-ийн захирал Д.Б-ийн нэр дээр гаргаж өгнө үү” гэх хүсэлтүүд;

 

-гуравдагч этгээд иргэн Д.Б-тай 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Захиалгаар ажлын байр барих, бариулах тухай гэрээ”, мөн тус компанийн “З” ХМХ-тай 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Захиалгаар зохиомжлогдсон барилга барих, бариулах тухай гэрээ” тус тус байгуулсан гэрээ зэрэг бусад баримтуудыг үндэслэжээ.

 

    1. Эдгээр баримтуудаас үзэхэд, маргаан бүхий улсын бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх;”, 4.1.5-д заасан “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэсэн улсын бүртгэлийн зарчимтай нийцжээ.

 

    1. Өөрөөр хэлбэл, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө.”, 19 дүгээр зүйлийн 19.4-т “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна:”, 19.4.3-т “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах;” гэж,

 

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана:”, 8.1.1-д “энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан журам, шаардлагыг зөрчиж мэдүүлэг гаргасан,”, 8.1.3-д “хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй;”, 8.1.5-т “энэ хуулийн 4.1-д заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн гэрээ, хэлцэлтэй агуулгаараа илт зөрүүтэй”, 8.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж,

 

Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгэхэд эрхийн улсын бүртгэлд дараах мэдээллийг тусгана:

11.1.1.мэдүүлэг гаргасан он, сар, өдөр;

11.1.2.эрх шилжүүлэн авч байгаа этгээд нь иргэн бол иргэний овог, эцэг, /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, хуулийн этгээд бол түүний оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар;

11.1.3.гэрээ, хэлцлийн нэр, төрөл;

11.1.4.эрх бүхий этгээдийн шийдвэрээр эрх шилжиж байгаа бол шийдвэрийн нэр, он, сар, өдөр, дугаар;

11.1.5.хөрөнгийн үнэ.

11.2.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол гэрээ, хэлцлийн эх хувийг хувийн хэрэгт хавсаргана” гэж ,

             

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.7-д “Захиалгаар барьж дууссан барилгын дундаа хэсгээр өмчлөгч бүрт ногдох хэсгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд мэдүүлэг гаргагчийн ирүүлсэн нотлох баримтыг захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн болон ногдох талбайн хэмжээ, байршлын хаяг, хэлцлийн мэдээллийг тусгасан захиалагчдын нэрсийн жагсаалт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлттэй тулгаж нягтална.”, гэж заасантай тус тус нийцсэн байна.

 

    1. Тодруулбал, дээрх хууль болон журмын зохицуулалтын дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг анхны өмчлөгчөөс гэрээ, хэлцлийн үндсэн худалдан авч, захиалагч, өмчлөгчийн зөвшөөрөлтэйгөөр анхны эскиз зургийг өөрчилж 1 давхарт 25 м.кв талбайтай 10**  дугаар өрөө бий болгосон энэхүү эскиз зургийг хавсаргаж, гуравдагч этгээд Д.Б-д шилжүүлсэн бүртгэлийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул уг Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

 

    1. Нөгөөтээгүүр, СБДУБХ-ийн2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 891 дүгээр албан бичгээр ирүүлсэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 1 давхрын байгуулалтын план зураг, мэдүүлэг гаргагчийн хавсаргасан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Л” ХХК-ийн маргаж буй “...1 давхрын зохион байгуулалтын эскиз зургийг хуурамчаар үйлдсэн, гаргуулсан байх бүрэн үндэслэлтэй...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх “...5*  дүгээр барилгын 1 дүгээр давхарт 10**  гэсэн дугаартай өрөө байхгүй гэж үзэх үндэслэлгүйн дээр тухайн зургийг хуурамчаар гаргуулсан гэж тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлт гараагүй...” гэх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

    1. Түүнчлэн, “М холбоо” ГҮТББ-аас гаргасан эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг болон тус байгууллагаас 2015-2018 онд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан (2-р хх-ийн 53-58, 60, 60-р хуудасны ар тал) хүсэлтүүд болон захиалгаар барьсан орон сууцны жагсаалт зэргээс үзэхэд, 5*  дугаартай барилгын 1 дүгээр давхарт 10**  тоот 25 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө байгаа болох нь нотлогдож байна.

 

    1. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл Сүхбаатар дүүргийн *-р хороо, *-р хороолол, их тойруу гудамж, 5*  дугаартай барилгын зоорийн болон 1, 2, 4, 7 дугаар давхрын оффис үйлчилгээний зориулалттай 4419 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, улсын бүртгэлийн Ү-220303**** дугаар гэрчилгээтэй “М холбоо” ГҮТББ-ын хүсэлт, барилгын захиалагч “УХ” ХХК-ийн албан бичиг, оффис үйлчилгээний барилгын 1 давхарт өөрчилсөн хийсэн 25 м.кв эскиз зураг зэрэг бусад хуульд заасан шаардагдах баримтуудыг үндэслэж барилгын 1 давхрын 25 м.кв талбайн өмчлөгчөөр иргэн Д.Б-г бүртгэснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, дундын өмчлөлийн талбайд хамаарахгүй байна.

 

    1. Уг бүртгэлийн улмаас тухайн барилгын 12 давхар, 12** тоот хаягт байрлаж, үйл ажиллагаа явуулдаг нэхэмжлэгч “Л” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болон зорчих хөдөлгөөнийг хязгаарласан гэх байдал тогтоогдсонгүй.

 

    1.  Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын “...1-р давхрын үүдэн хэсэг нь өмчлөгч нарын дундын өмчлөлийн талбай болохыг хуульчилж өгснөөс гадна ... иргэн Д.Б-д үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь нэхэмжлэгч “Л” ХХК-ийн болоод барилгын өмчлөгчдийн хууль ёсны ашиг, сонирхлыг зөрчсөн ...” гэх гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0666 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр дугаар зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                        Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                        Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                        Т.ЭНХМАА