Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 153

 

Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нарт

     холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгч Б.Наранбатын өмгөөлөгч У.Сайнбилэг,

нарийн бичгийн дарга С.Баяртуяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 238 дугаар магадлалтай, 201625010912 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Наранбатын өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл, У.Сайнбилэг нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, 1997 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2, 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2000 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаар тогтоолоор хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 100 дугаар зүйлийн 100.1, 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан, Мянгад овогт Цэрэнноровын Отгонбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 2-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай” хуульд зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 2006 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2012 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан, 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан, 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан,  Боржигон овогт Бүжингийн Дашбал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Бямбын Наранбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нараас эд хөрөнгө хураахгүйгээр, тус бүрийг 5 жил 1 сарын хугацаатай хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нарт оногдуулсан хорих ялыг тус бүр чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Наранбат, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг, Л.Түвшинцэнгэл, шүүгдэгч Ц.Отгонбаяр, Б.Дашбал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Наранбатын өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн. Б.Наранбат хохирогчийг дээрэмдэх үед дэргэд нь байгаагүй, гэрч Наранбаатартай зодолдоод доод давхарт байсан гэдгээ тогтвортой мэдүүлдэг. Анхан шатны шүүх хуралдааны явцад гэрчээр Наранбаатарыг асуулгахаар шүүгчийн захирамж гарсан боловч биелэгдээгүй. Энэ хэргийг хийсэн Дашбал, Отгонбаяр нараас Наранбатыг хэрэгт оролцсон талаар сайн асууж тодруулаагүй, мэдүүлгийн зөрүүг гаргаагүй, хохирогч Эрхэсийг дээрэмдэх явцад уг зодооныг салгасан. Тэр ч байтугай хохирогчийн талд орлоо гэж гэрч Наранбаатарт зодуулж шүд нь хугарч гэмтэл авсан. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Б.Наранбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Наранбатын өмгөөлөгч У.Сайнбилэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... анхан болон давж заалдах шатны шүүх Б.Наранбатын тухайн хэрэгт оролцсон оролцоо, түүнийг хэрэгт хамааралгүй гэдгийг нотолсон баримтыг үнэлж үзэлгүйгээр дан ганц хохирогчийн мэдүүлэгт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Хохирогч Эрхэс Наранбатыг өөрийнх нь эд зүйлийг дээрэмдсэн гэх гэмт хэрэгт оролцсон мэтээр мэдүүлдэг боловч энэ нь гэрч Наранбаатарын мэдүүлгээр няцаагддаг. Наранбат нь хохирогч Эрхэсийг дээрэмдсэн үйлдэлд оролцоогүй, хамт байсан Наранбаатартай маргалдаж нүүрэндээ цохиулаад гарч явсан талаар мөрдөн байцаалтын шатанд тогтвортой мэдүүлсээр ирсэн. Түүний энэ мэдүүлгийг гэрч Наранбаатар ч батлан хэлдэг. Гэрч, хохирогчийн мэдүүлэгт ноцтой зөрүү байхад тогтоол, магадлал гаргахдаа гэрч Наранбаатарын мэдүүлгийг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаагаа заагаагүй, хэт нэг талыг барьж хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн. Хохирогч Эрхэс нь 80,000 төгрөгийг байрны мөнгө тушаахаар авч явсан гэх боловч энэ нь нэхэмжлэх баримтаар тогтоогдохгүй байна. Хэрэг болох үеэр хохирогчийн виза карт хугарч гэмтсэн гэдэг ч хохирогч нь хэрэг болсон цаг хугацаанаас хойш АТМ мөнгөний машинаас 50,000 төгрөг авсан байдаг. Мөн Iphone-5 маркийн гар утас алдсан гэх боловч гар утас худалдан авсан баримт байхгүй, гар утасны хайрцаг дээрх имэй код нь арилсан, хэрэг болсны дараа өөрийн гар утсаараа цагдаад дуудлага өгсөн зэргээр тухайн гар утас байсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Мөрдөн байцаалтын шатанд гар утасны мэдээллийг шалгаж тодруулах ажиллагаа огт хийгдээгүй, мөн утас байсан гэдгийг нотлох ямар ч баримт хэрэгт авагдаагүй. Дээрх байдлаар хохирогчийн мэдүүлэг нь олон талаар эргэлзээтэй, Наранбат нь тухайн хэрэгт оролцсон гэх хангалттай нотлох баримт байхгүй, гэрч Наранбаатарын мэдүүлгээр тухайн гэмт хэрэгт хамааралгүй болох нь нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Шүүгдэгч Б.Дашбал, Б.Наранбат, Ц.Отгонбаяр нар согтуурсан үедээ 2016 оны 03 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, иргэн Эрхэсийн гар утас, 80,000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогдсон. Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотлогдвол зохих асуудлууд бүрэн нотлогдсон. Шүүгдэгч нар болон хэргийн оролцогчдын хуулиар хамгаалсан эрхийг хязгаарлаж хасах замаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй. Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Дашбал, Б.Наранбат, Ц.Отгонбаяр нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Ц.Отгонбаяр, Б.Дашбал, Б.Наранбат нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны  нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар байрны 3 дугаар орцонд Ц.Эрхэсийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, Iphone 5 загварын гар утас, бэлнээр 80,000 төгрөгийг дээрэмдсэн үйл баримт тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ял оногдуулж хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв хэрэглэсэн гэж дүгнэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Амь биед аюултайгаар хүч хэрэглэх тухай ойлголтод зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэхээс гадна хохирогчийн эсэргүүцлийг дарах, айлгах, заналхийлэхэд чиглэсэн бие махбодь болон сэтгэл зүйн аливаа хүчирхийлэл, заналхийллийг ойлгох бөгөөд хохирогчийн биед гэмтэл учрахаас гадна бодитой хор уршиг учраагүй боловч амь биед аюултай нөхцөл байдал бий болохоор байсныг хамааруулан ойлгоно.

Хяналтын шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянах эрх хэмжээтэй бөгөөд шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй болно.

Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тохиолдолд хяналтын шатны шүүхээс “анхан болон давж заалдах шатны шүүхийн хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, тогтоосон үйл баримтыг хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн эсэх талаар дахин дүгнэлт хийх, хэргийн үйл баримтыг өөрчлөх” боломжгүй тул шүүгдэгч Б.Наранбатын өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл, У.Сайнбилэг нарын “... Б.Наранбат энэ хэрэгт оролцоогүй, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох ...” талаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Отгонбаяр, Б.Наранбат нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн байх тул гомдлыг хэлэлцэхгүй орхисон болно.

Харин Б.Наранбатын анх удаа хорих ял оногдуулах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байх тул түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, оролцоо зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэн анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 238 дугаар магадлалд “... Б.Наранбатыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаатай хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наранбатад оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Наранбатын өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл, У.Сайнбилэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                     Т.УРАНЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ