Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 781

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бак Жон Ёог, Т.Х нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мягмаржав, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор А.Дэлгэрмөнх,

          шүүгдэгч Бак Жон Ёог /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,

          шүүгдэгч Бак Жон Ёогийн орчуулагч Э.Болор-Эрдэнэ,

          шүүгдэгч Т.Х /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ж.Цэцэгээ,   

          хохирогч Л.Ч, Н.Наранцэцэг нарын өмгөөлөгч Ц.Баасандорж,

          хохирогч С.О, Д.Жигжидмаа,

          нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

         

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 232 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Бак Жон Ёог /Bak Jong Yeoug/, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, шүүгдэгч Т.Х, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Бак Жон Ёог, Т.Х нарт холбогдох 2017 2603 0038 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Бак Жон Ёог /Bak Jong Yeoug/, 1971 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улсад төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт Бүгд Найрамдах Солонгос улсын Өмнөд Чолла муж Гухынгүн Дүвонмён, Юнг-сан-ри 591 бонжи 6 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Монгол Улсад тодорхой оршин суух хаяггүй,

1995 оноос 2013 оныг хүртэлх хугацаанд нийт 12 удаагийн гэмт хэрэг, зөрчилд холбогдон шийтгүүлж байсан гэх /паспортын дугаар:М43740910/;

 

2. Бөө овгийн Төмөрийн Х, 1977 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхон,

 

Бак Жон Ёог /Bak Jong Yeoug/, Т.Х нар нь бүлэглэн:

- 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 21-526 тоотод оршин суух иргэн Б.Оын амины орон сууцны цонхоор хууль бусаар нэвтрэн орж, Аюуш бурхан, гуулин үнсний сав мөнгөн болон гуулин цөгц, виски, цүнх зэрэг нийт 21.788.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний эд зүйлийг,

- 2016 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, О хотхоны 4-4 тоотод оршин суух иргэн Л.Ггийн амины орон сууцны цонхоор хууль бусаар нэвтрэн орж, ээмэг, бөгж, бугуйвч, зүүлт, кулон, гинж, үсний сувдан даруулга, гоо сайхны жижиг цүнх, бугуйн цаг, мөнгөн тоногтой хэт хутга, бурхан, очир, эрх, хөөрөгний толгой, хөөрөг, даалин, гадаад  улсын мөнгөн тэмдэгтүүд, зургийн аппарат зэрэг нийт 180.283.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, мөн бэлэн 10.000.000 төгрөг зэрэг нийт 190.283.000 төгрөгийн буюу их хэмжээний эд зүйлийг,

- 2016 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, О хотхоны 3-4 тоотод оршин суух иргэн С.Оын амины орон сууцны цонхоор хууль бусаар нэвтрэн орж, ээмэг, бөгж, бугуйвч, зүүлт, кулон, нарны шил, бугуйн цаг, мөнгөн аяга, домбо, ваар, бурхан, хонх, очир, бүрээ, тахилын хадаг, бумба, хөөрөг, даалин, байршил тогтоогч, дуран, цүнх, тэлээ, бүс, дээлийн товч, чихэвч зэрэг нийт 38.345.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний эд зүйлийг,

- 2017 оны 1 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн аманд байрлах иргэн Л.Чын 05 тоот амины орон сууцны 2 давхрын цонхоор хууль бусаар нэвтрэн орж ээмэг, бөгж, зүүлт, кулон, гинж, бугуйвч, энгэрийн зүүлт, гоёл чимэглэл хийх зориулалтын сав, бугуйн цаг, гоёлын үнэт чулуу, нарны шил, түрийвч, эрх, хөөрөгний халбага, нуух, толгой, хөөрөг, даалин, хос янгирын дүрс бүхий таягны толгой, бурхан, гүц, хонх, очир, хадаг, хуучны мөнгөн тэмдэгтүүд, бор өнгийн модон хийц, цүнх зэрэг нийт 592.323.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, мөн бэлэн 15.000.000 төгрөг зэрэг нийт 607.323.000 төгрөгийн буюу их хэмжээний эд зүйлийг нууцаар, хууль бусаар, орон байранд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн Прокурорын газраас: Бак Жон Ёог /Bak Jong Yeoug/, Т.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Бак Жон Ёог /Bak Jong Yeoug/-ийг нь бусдын эд хөрөнгийг нууцаар, орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Т.Хг эд хөрөнгийг нууцаар, орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар Бак Жон Ёог /Bak Jong Yeoug/ 7 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар Т.Хг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг тэмдэглэлийн дэвтэр, ХХБ-ны 3 ширхэг баримт, бусад 2 ширхэг 9 ширхэг сидид буулгасан бичлэг зэргийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж,

- ХХБ-ны хадгаламжийн дэвтэр 1 ширхэг, “Make good money” гэсэн бичиглэлтэй дэвтэр 1 ширхэг, “Daejeonkorea” гэсэн бичигтэй Бак Жон Ёог-ийн зурагтай дэвтэр 1 ширхэг, хуудасны хамт, хар өнгийн арзгар ултай 10 дугаартай шинжилгээнд тохирсон пүүзэн гутал 1 хос, урдаа цахилгаантай саарал өнгийн малгайтай юүдэнтэй куртик 1 ширхэг, хар саарал өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн халаастай цахилгааны оруулгатай өмд тус бүр 1 ширхэг, цэнхэр өнгийн урдаа цахилгаантай куртик 1 ширхэг зэргийг шүүгдэгч нарын ар гэрт буцаан олгож,

- 68-48 УБЧ улсын дугаар /хуурамч гэх/ 2 ширхэг, 12-74 ДАР улсын дугаар /хуурамч гэх/ 2 ширхэг, 45-20 УБА улсын дугаар /хуурамч гэх/ 2 ширхэг, 21-52 УБҮ улсын дугаар /хуурамч гэх/ 2 ширхэг, 82-74 УБП улсын дугаар /хуурамч гэх/ 2 ширхэг зэргийг устгуулахаар Авто тээврийн үндэсний төвд шилжүүлж,

- хар өнгийн том таслагч багаж 1 ширхэг, шар өнгийн жижиг таслагч багаж 1 ширхэг, улаан хүрэн өнгийн дунд зэргийн таслагч багаж 1 ширхэг, улаан өнгийн богино лоом төмөр 1 ширхэг, хар өнгийн урт лоом төмөр /үзүүр нь тахийсан хэлбэртэй/ 1 ширхэг, шар өнгийн үүрдэг зориулалтаар бэлтгэсэн зүйл 1 ширхэг, хөрөө 2 ширхэг, хугархай хуурай 1 ширхэг, алх 1 ширхэг, уяа 1 ширхэг, цайвар өнгийн 3 ширхэг будаг, гар станц 2 ширхэг чихэвчний хамт, станцын суурь 2 ширхэг, цэнэглэгч 2 ширхэг, шар өнгийн станц хайрцагтай 2 ширхэг, суур цэнэглэгч, чихэвчийн хамт, “Сосо” гэсэн бичигтэй хар өнгийн бүх хаалга онгойлгох зориулалттай түлхүүр багажны цуглуулга 1 ширхэг /ком/, атвёртка 2 ширхэг, цагаан өнгийн урт уяа, бахь 2 ширхэг, газу гэж нэрлэдэг төмөр багаж бахь мэт хэлбэртэй, дугуйн троцов 1 ширхэг, тусгай түлхүүрнүүд 1 ком 9 ширхэгтэй, ажлын бээлий 4 хос, 1 өрөөсөн, будаг 3 ширхэг, богино антена, 9 мм түлхүүр 1 ширхэг, асаагуур 1 ширхэг, суурин станц 1 ширхэг /гаринтууртай/ холбогч утасны хамт, “AGATHA” гэсэн цэнхэр өнгийн хавтас дотор хуурамч номер дугаар хийж байхдаа ашигласан байж болох сэтгүүлийн тасархай, цагаан өнгийн даавуу мэт зүйл дотор цайвар өнгийн төмөр цоож 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бак Жон Ёог /Bak Jong Yeoug/-ийн урьдчилан цагдан хоригдсон 253 хоног, Т.Хгийн урьдчилан цагдан хоригдсон 118 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол нийт 52.066.000 төгрөгийг хувь тэнцүүлэн Бак Жон Ёог-оос 26.033.000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Чад 19.250.000 төгрөг, хохирогч С.Од 5.670.000 төгрөг, Цагдаагийн Ерөнхий газрын санхүүгийн хэлтэст 1.113.000 төгрөгийг тус тус, Т.Хгаас 26.033.000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Чад 19.250.000 төгрөг, хохирогч С.Од 5.670.000 төгрөг, Цагдаагийн Ерөнхий газрын санхүүгийн хэлтэст 1.113.000 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч нарт тус тус олгож,

Т.Хгийн нэр дээрх Худалдаа хөгжлийн банк дахь 419008634 тоот төгрөгийн дансан дахь 11.049.917,  Бак Жон Ёог-ын нэр дээрх Худалдаа хөгжлийн банк дахь 450012618 тоот төгрөгийн дансан дахь 11.049.526 төгрөгийн захиран зарцуулах эрхийг тус тус хязгаарласныг хүчингүй болгож, дансан дахь мөнгөн хөрөнгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирол төлбөрт тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт заалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Т.Хгийн эзэмшил дэх 32-71 УБЦ улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын автомашиныг улсын орлого болгож, 01420269 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, 0933712 дугаартай татварын гэрчилгээ 1 ширхэг, тээврийн хэрэгслийн түлхүүр 1 ширхэг зэргийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус шилжүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Бак Жон Ёог давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Миний бие хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаар маргаан байхгүй, өөрийн буруутай үйлдэл хийсэндээ харамсаж байна.

Анхан шатны шүүхэд “миний үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөх боломж олгож өгнө үү” гэж завсарлага авах хүсэлт гаргасан боловч завсарлага өгөөгүйд гомдолтой байна. Мөн хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулах болно. Өөрийн хийсэн үйлдэлдээ гүнээ гэмшиж байна...” гэв.

 

Шүүгдэгч Бак Жон Ёог /Bak Jong Yeoug/-ийн өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Бак Жон Ёог нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаар маргаан байхгүй. Анхан шатны шүүхэд  Бак Жон Ёог нь “үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөх боломж олгож, завсарлага авах хүсэлт” гаргасан боловч завсарлага өгөөгүйд гомдолтой байна.

Учир нь, хохирлыг бүрэн төлж барагдуулна гэдгээ Бак Жон Ёог нь хэрэгт холбогдсон үеэс байнга илэрхийлж байсан болно. Мөн хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялаас багасгаж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Т.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие давж заалдах шатны шүүхэд хандахдаа анхан шатны шүүхийн гэм буруугийн болон зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийн талаар ямар нэгэн маргаан гараагүй болно.

Миний бие анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж, хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн саад бэрхшээл учруулаагүй ба гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, улмаар Худалдаа хөгжлийн банкны дансан дахь мөнгөө шилжүүлж, үлдсэн хохирлыг ч давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан байгаа.

Миний бие болчимгүй, хуулийн мэдлэггүйн улмаас амьдралдаа хар толбо суулган, энэ хэрэгт холбогдон ял шийтгүүлсэндээ маш их харамсаж байна. Энэ гэм буруутай үйлдлийн маань золиосонд 90 нас хүрч байгаа өндөр настай ээж, 9 настай охин, 4 сар гарантай жирэмсэн эхнэр, зүрхний шигдээс өвчний улмаас хүнд хагалгаанд орж хэвтэрт байгаа төрсөн ах зэрэг хайртай хүмүүс минь бүгд сэтгэлийн шарх эдлэн хохирч байгаад харамсаад барахгүй байна.

Иймд миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ар гэрийн маань амьдралын хүнд хэцүү байдлыг харгалзан үзэж хуулийн энэрэнгүй зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу хорих ял эдлэх хугацааг зохих хэмжээгээр багасгаж, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Т.Хгийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Х нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхэн үеэс түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгч буй мэдүүлэг зэрэг нотлох баримтаас харагдаж байна.

Т.Хгийн гэр бүлийн байдлын хувьд бага насны хүүхэдтэй, эхнэр нь 5 сартай жирэмсэн, 92 настай ээж нь хүнд өвчний учир хэвтэрт, бусдын асаргаа сувилгаа шаардагдсан нөхцөлд амьдарч байгаа болон төрсөн ах нь зүрхний хүнд өвчний улмаас хэвтрийн дэглэмд байдаг зэрэг гэр бүлийн байдалтай нь хавтаст хэрэгд авагдсан болон шүүхэд шинээр гаргасан өгсөн баримтаар тогтоогдож байна.

Иймд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлж барагдуулсан, нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан түүнд оногдуулсан хорих ялыг багасгаж, ял эдлэх дэглэмийг өөрчилж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Т.Хгийн өмгөөлөгч Ж.Цэцэгээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалттай холбоотойгоор тайлбар гаргаж байна. Анхан шатны шүүх “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Т.Хгийн эзэмшил дэх 32-71 УБЦ улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын автомашиныг улсын орлого болгож” шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гаргасан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан байна. Иймд шийтгэх тогтоолын 8 дахь заалтад өөрчлөлт уруулах саналтай байна...” гэв.

 

Хохирогч С.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаан нийт 4-5 удаа болсон байдаг, нэг ч удаа шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шийтгэх тогтоолыг гардуулж, танилцуулаагүй. Иймд давж заалдах гомдол гаргах эрхээ эдэлж чадаагүй.

Мөн хохирлын үнэлгээтэй санал нийлэхгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд хулгайд алдсан эд зүйлээ үнэл гэсний дагуу 78 гаран сая төгрөгөөр үнэлсэн боловч эд зүйлийн үнэлгээгээр 58.000.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Үүнээс 38.255.000 төгрөгийн эд зүйлийг буцаан олгосон. Одоо үлдэгдэл 19.760.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа. Гэтэл анхан шатны шүүхээс хохиролд 11.340.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ямар үндэслэлээр хохирлыг тогтоосон нь ойлгомжгүй, хохирлын дүнгээс үндэслэлгүй хассан гэж үзэж байна...” гэв.

 

Хохирогч Д.Жигжидмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шийтгэх тогтоолтой танилцаагүй, гардаж аваагүй. Иймд хуульд заасан эрхээр минь хангаж өгнө үү. Мөн хохирлын үнэлгээн дээр гомдолтой байна...” гэв.  

 

Хохирогч Л.Ч, Н.Наранцэцэг нарын өмгөөлөгч Ц.Баасандорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй...” гэв.

 

Прокурор А.Дэлгэрмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал нь зохион байгуулалттай үйлдэгдсэн, хор уршгийн хувьд их хэмжээний хохирол учирсан байдаг. Давж заалдах гомдолд дурдсанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Бак Жон Ёог, Т.Х нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэхдээ хохирогч С.О, Д.Жигжидмаа нарт шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан ноцтой зөрчил гэж үзэхээр байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох...” гэж заасан хүний эрхийг,

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 10 дугаар зүйлд “... Хүн бүр ... хараат бус, тал хардаггүй шүүхээр бүрэн адил тэгш үндсэн дээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй ...”,

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Шүүх ба тусгай шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй. Хүн бүр өөрт тулгасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцүүлэх буюу иргэний нэхэмжлэлийн хүрээнд эрх, үүргээ  тодорхойлуулахдаа хуулийн дагуу байгуулагдсан эрх бүхий, хараат бус, тал үл харах шүүхээр  нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй ...” гэж заасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах эрхтэй” гэсний 1.4 дэх заалтад “... шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох ...” гэж баталгаажуулж өгчээ.

 

Мөн хохирогч С.О, Д.Жигжидмаа нар нь тус шүүх хуралдаанд “... хохирлын үнэлгээтэй санал нийлэхгүй, гомдолтой байна ...” гэх утга агуулга бүхий тайлбар гаргаж байх бөгөөд анхан шатны шүүхээс хохирогч нарын эрхийг зөрчсөн явдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэж үзэхээр байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Бак Жон Ёог /Bak Jong Yeoug/, Т.Х нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан “ялыг багасгах буюу дэглэм хөнгөрүүлэх” тухай давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт  өгөөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 232 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Бак Жон Ёог /Bak Jong Yeoug/, Т.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Бак Жон Ёог /Bak Jong Yeoug/, Т.Х нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧИД                                                       Д.МЯГМАРЖАВ

 

                                                                                    М.АЛДАР