Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 275

 

БЖЁ, Т.Х нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 227 дугаар магадлалтай, БЖЁ, Т.Х нарт холбогдох 201726030038 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Л.Гүндалай, Л.Аззаяа, шүүгдэгч Т.Х, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан, шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Даваасүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. БНСУ-ын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, БНСУ-ын Интерполын Үндэсний товчооноос ирүүлсэн мэдээллээр  1995 оноос 2013 оны хооронд 12 удаагийн гэмт хэрэг, зөрчилд ял шийтгүүлсэн /4хх-91/, БЖЁ,

2. Монгол Улсын иргэн, 1977 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, 1998 оны 10 дугаар сарын 5-нд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан /4хх-131, БНСУ-ын Интерполын Үндэсний товчооноос ирүүлсэн мэдээллээр 2011 оны 12 дугаар сарын 15-нд “Бусдын биед гэмтэл учруулсан, бусдыг албан үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулсан, олон нийтийн газар зохимжгүй үйлдэл хийсэн” гэмт хэрэгт БНСУ-д 6 жил хорих ял шийтгүүлсэн /6хх-103/,  Б овогт Т.Х.

Шүүгдэгч БЖЁ, Т.Х нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж, иргэн Л.Ч, Л.Г, С.О, Б.О нарын орон байранд нэвтэрч, нийт 857.739.000 төгрөгийн буюу их хэмжээний эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэх гэмт хэрэгт холбогдож, прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 60 дугаар яллах дүгнэлт /7хх-195/ үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч БЖЁ, Т.Х нарыг бусдын эд хөрөнгийг нууцаар, орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар шүүгдэгч БЖЁт 7 жил хорих ял, шүүгдэгч Т.Хд 5 жил хорих ял тус тус шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлэх, шүүгдэгч БЖЁ-ийн цагдан хоригдсон 463 хоног, шүүгдэгч Т.Хгийн цагдан хоригдсон 328 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож,  

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч БЖЁ-оос 15.243.000 төгрөг гаргуулж, хохирогч О.Чд 4.250.000 төгрөг, хохирогч С.Од 2.150.000 төгрөг, хохирогч Д.Жд 7.730.000 төгрөг, Цагдаагийн Ерөнхий газрын санхүүгийн хэлтэст 1.113.000 төгрөгийг тус тус олгуулах, шүүгдэгч Т.Хгаас 15.243.000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Чд 4.250.000 төгрөг, хохирогч С.Од 2.150.000 төгрөг, хохирогч Д.Жд 7.730.000 төгрөг, Цагдаагийн Ерөнхий газрын санхүүгийн хэлтэст 1.113.000 төгрөгийг тус тус олгуулах,

шүүгдэгч Т.Хгийн нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны 419008634 тоот төгрөгийн дансан дахь 11.046.917 төгрөг, шүүгдэгч БЖЁ-ийн нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны 450012618 тоот төгрөгийн дансан дахь 11.049.526 төгрөгийн захиран зарцуулах эрхийг тус тус хязгаарласныг хүчингүй болгож, дансан дахь мөнгөн хөрөнгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирлын төлбөрт шилжүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Т.Хгийн эзэмшил дэх 32-71 УБЦ улсын дугаартай Тоёота приус-30 загварын автомашиныг улсын орлого болгож, 01420269 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 0933712 дугаартай татварын гэрчилгээ, тээврийн хэрэгслийн түлхүүр зэргийн хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан ...” гэснийг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан ...” гэж,

тогтоох хэсгийн 8 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг журамлан ...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж,

шүүгдэгч Т.Хы давж заалдах гомдлоос "...шүүх хуралд орчуулагчаар Мөнхжаргал гэх хүнийг оролцоогүй байхад оролцсон гэж бичсэн, хохирлын хэмжээг яллах дүгнэлтийн хүрээнээс хальж шийдвэрлэсэн. ...” гэх хэсгийг хүлээн авч, бусад үндэслэл болон шүүгдэгч БЖЁ-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Л.Г, Л.А нар гаргасан гомдолдоо: “2016 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оргил хотхоны 4-4 тоотод орших гэрт маань хулгай орж, 38 төрлийн нийт 126.250.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан. Энэ хэрэгт Л.А намайг хохирогчоор тогтоож, би эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Гэтэл шүүх хуралдаанд намайг оролцуулаагүй бөгөөд шийтгэх тогтоолыг гардуулаагүй. Миний эд хөрөнгийг хулгайлсан БЖЁ, Т.Х нарт гомдолтой байна. Хулгайд алдсан 38 нэр төрлийн эд зүйлээс огт буцааж аваагүй 19 нэр төрлийн эд зүйлийг БЖЁ, Т.Х нараас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Т.Х гаргасан гомдолдоо: “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өмгөөлөгч болон шүүгдэгч нарын өргөдөл гомдлыг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн зарим зүйл заалтын алдааг залруулж шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг тодорхой хэмжээгээр дээрдүүлсэн ч гэсэн шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг, гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй, мөн өмгөөлөгч болон шүүгдэгч нарын зарим гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

1.Миний бие анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрч чин санаанаасаа гэмшиж, бусдад учруулсан хохирлоо 100 хувь нөхөн төлж барагдуулсан ба 90 гарсан өндөр настай ээж маань хүнд өвчний учир бусдын асаргаа сувилгаа шаардсан нөхцөлд амьдарч байгаа, мөн 4 сараас 10 насны хоёр нялх хүүхэдтэй зэрэг ар гэрийн хүнд хэцүү байдлыг харгалзан үзэж, хуулийн энэрэнгүй зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжтой байсан.

Мөн прокурорын зүгээс учруулсан бүх хохирлоо нөхөн барагдуулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх бүрэн боломжтой гэж хэлсэн боловч хошууч Галбадрах байцаагч нь хохирогч болон шүүгдэгч бидний гадаад, дотоод бэлэн мөнгө, зарим эд зүйлсийг хувийн хэрэгцээндээ зарцуулж буцаан олгоогүй хууль бус үйлдлээс шалтгаалан шүүгдэгч бид хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлэх хуульд заасан эрхээ эдэлж чадаагүй болно.

2.Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо, Жаргалантын 21-526 тоотод оршин суух хохирогч Б.Оын эд зүйлс алдагдсан хулгайн хэрэгт би огт хамаагүй бөгөөд бурхан зарна гэхэд нь шүүгдэгч БЖЁ нь таксинд сууж яван ганцаар үйлдсэн гэдгээ мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн тухай гомдлыг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гаргасан боловч “Бурхан худалдах хүсэл зорилго бүхий иргэн Б.Отай утсаар ярих, түүнтэй БЖЁ-ийг дагуулж очиж уулзах зэргээр хулгайлах эд зүйлийн шинж байдал, үнэ өртгийг судлах, бурхан болон бусад зүйлийг хулгайлах айлын байршил, хаягийг олох, унаа машинаар үйлчлэх гэх мэт байдлаар шүүгдэгч БЖЁт идэвхтэй дэмжлэг туслалцаа үзүүлсэн Т.Хгийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн шинжийг агуулсан” гэсэн шийдвэр гарчээ.

Миний бие тухайн үед шүүгдэгч БЖЁ-ийн орчуулагчаар ажиллаж байсан бөгөөд хохирогч Б.О луу түрүүлж утасдан уулзах хүсэлт тавьсан тохиолдол нэг удаа ч байхгүй болно. /хохирогч Б.Оын 91156181 дугаараас Т.Хгийн /4хх-42/ 80058189 дугаар луу холбогдсон баримтууд /3хх-177-186/ Хохирогч Б.О нь өөрөө залган уулзах хүсэлт тавьсныг уламжлан орчуулагчийн хувиар хамт очиж уулзсан юм. Миний хувьд БЖЁ-той үгсэн тохиролцсон зүйл огт байхгүй бөгөөд энэ хэргийг шүүгдэгч БЖЁ үйлдсэн болохыг сүүлд Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон хойноо Хан-Уул дүүргийн эрүүгийнхнээс мэдсэн болно.

3.Миний эзэмшил дэх 32-71 УБЦ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн машиныг улсын орлого болгож шийдвэрлэсэн. Уг машиныг мөрдөн байцаалтын шатанд “Арвижих” үнэлгээний компаниар үнэлүүлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан байна.

Мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заажээ.

Иймд шийтгэх тогтоолын 8 дахь заалтад өөрчлөлт оруулж хохирлын төлбөрт тооцуулах хүсэлтэй байна гэсэн гомдлыг Нийслэлийн давж заалдах шатны шүүх хүлээн авч уг битүүмжлэгдсэн машиныг хохирлын төлбөрт тооцуулахаар шийдвэр гарган шүүх хуралдаанд уншиж сонсгосон атлаа шүүхийн магадлал дээр улсын орлого болгосон шийдвэрийг хэвээр нь баталснаар бичигджээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-д “Шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” гэж заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

4.Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд ...хохирогч нарын гадаад мөнгөн дэвсгэртүүд болон шүүгдэгч бид нарын бэлэн мөнгө, зарим эд зүйлсийг хошууч Галбадрах нь хүлээлгэж өгөлгүй хувийн хэрэгцээндээ зориулсан талаар гомдол гаргасан боловч “... дээрх нөхцөл байдлын талаар мөрдөгч болон хяналт тавьж байсан прокурорт тодорхой санал гомдол гаргаж байгаагүй” гэсэн үндэслэлээр хүлээж аваагүй. Энэ талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон анхан шатны шүүх дээр гомдол гаргаж мэдүүлсэн болно.

Галбадрах байцаагч гэнэт солигдон ахмад Баяржаргал хэргийг хариуцан хохирогч нарын гадаад мөнгөн дэвсгэртүүдийн талаар шинээр мэдүүлэг авахад нь энэхүү хууль бус үйлдлийн талаар бүгдийг үнэн зөвөөр хэлтэл мэдүүлэг авахаа болиод маргааш нь хэргийг прокурор руу шилжүүлсэн. Байцаалт хүртэл авч байгаад больсоныг бодоход энэ талаар ахмад Баяржаргал болон прокурор нь мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хууль зүйн мэдлэггүйн улмаас өмгөөлөгчийн үгэнд итгэж мөн Галбадрах мөрдөгчийн гуйлт хүсэлтийн дагуу тухайн үед прокурорт гомдол гаргаагүй боловч худал ярин төрийн албан хаагчийг гүжирдээгүй нь чин үнэн болно.

Хэдийгээр гэмт хэрэгт холбогдсон гэм буруутай ч гэсэн мөрдөгчийн хууль бус үйлдэл болон буруу шийдвэр тогтоолоос болж эрх зүйн байдал маань дордож хохирч байгааг анхаарч үзнэ үү.

Шүүгдэгч миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, мөн ар гэрийн маань хүнд хэцүү байдлыг харгалзан үзэхийг чин сэтгэлээсээ хичээнгүйлэн гуйж байна. Шүүгдэгч миний эрх зүйн байдлыг дагаад 90 гарсан өндөр настай, бие муутай ээж маань, хорвоод мэндлээд аавынхаа царайг ч хараагүй хэдхэн сартай хүү маань болон хань, нялх охин... зэрэг хайртай бүх хүмүүсийн маань хувь заяаны асуудал давхар шийдэгдэж байгаа учир хуулийн энэрэнгүй зарчмыг баримтлан хуульд заасан хөнгөлөлтийг үзүүлж хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, хорих ял эдлэх хугацааг багасгаж өгнө үү. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй шударгаар хөдөлмөрлөн амьдарч чадахаа хуулийн өмнө амлаж байна.

Жич: Буцаан олгогдоогүй эд зүйлсийн хохиролд С.Чд 38.500.000 төгрөг байснаас 30.000.000 төгрөгийг бэлэн мөнгөөр барагдуулж, 8.500.000 төгрөг үлдсэн. С.Од 11.340.000 төгрөг, Цагдаагийн Ерөнхий газарт 2.226.000 төгрөг, нийт үлдэгдэл 22.066.000 төгрөг. Хөрөнгө үнэлгээний “Арвижих” компаниар үнэлгээ хийгдсэн битүүмжлэлд байгаа Тоёота приус-30 маркийн машин, шүүгдэгч нарын нэр дээрх Худалдаа хөгжлийн банкин дахь дансанд нийт 22.100.000 гаран мянган төгрөг байгаа болно” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Даваасүрэн гаргасан гомдолдоо: “Т.Х, БЖЁ нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 227 тоот магадлалыг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.

Хураагдсан эд хөрөнгийг шалгах явцад /2хх-43-73, 74-130, 5хх-187/ зарим эд зүйл эзэндээ очоогүй болох нь хохирогч Аийн /9хх-78/ мэдүүлгээс харагдаж байна. Хохирогч, хууль ёсны төлөөлөгчөөр Г, Ч, О, О нарыг тогтоосон мөртлөө эд зүйлсийг энэ хүмүүст хүлээлгэж өгөөгүй, тухайн үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдоогүй байсан А, Н, Ж нарт хүлээлгэж өгсөн нь процессын алдаа бөгөөд /2хх-142-143, 193, 160-162/ хохирогч, хууль ёсны төлөөлөгчөөр сүүлд нь тогтоосон байдаг.

Хураагдсан эд зүйлсийг нэг бүрчлэн хөндлөнгийн гэрчтэй хүлээлгэж өгөх ёстой байтал хөндлөнгийн гэрчгүй хүлээлгэж өгсөн... Хурааж авсан зүйлүүд нь фото зургаар бэхжүүлэгдэж үлдсэн байхад бүрэн гүйцэд хүлээлгэж өгөөгүй. Мөн түрийвчинд байсан хохирогчдын валютыг буцааж өгөөгүй. Галбадрах байцаагч прокурорын зөвшөөрөлгүй нэгжлэг хийх үед хураагдсан эд зүйл буцааж олгогдоогүй. Байцаагч Галбадрах нь хураагдсан мөнгөнөөс авч хэрэглэснээ хүлээн зөвшөөрч, 1.500.000 төгрөг, 1.000.000 төгрөг буцааж дансаар болон бэлнээр өгсөн. Дансаар Хүрэлжанжингийн эхнэрт 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 3.000.000 гаран валютыг буцааж өгөөгүй зэрэг зөрчлүүд байна.

Мөрдөн шалгах явцад гарсан ноцтой зөрчлүүдийг мөрдөн байцаалт, прокурорын хяналт, анхан шатны шүүхийн шатанд гаргаж тавьсан боловч авч хэлэлцэхгүй байсаар өдий хүрсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ бүх талаас нь эргэлзээгүй нотолсон байх ёстой гэсэн заалтыг зөрчсөн.

Мөрдөн байцаагчийн үйл ажиллагаанд прокурорын зүгээс хяналт тавих, яллах дүгнэлтэнд дурдаагүй О, Ж нарын сүүлд нэхэмжилсэн 8.000.000 төгрөгийг нэмж оруулсан асуудлууд байсан боловч анхан шатны шүүх техникийн алдаа гээд 8.000.000 төгрөгийг хохиролд нэмж гаргуулсан. Энэ нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, эргэлзээгүй байх гэсэн шаардлагыг хангахгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Эд зүйлийг үнэлсэн “Дамно”, “Вендо” ХХК болон Улсын үнэлгээний газрын үнэлгээний дүн зөрүүтэй байхад шүүх аль үнэлгээг ямар үндэслэлээр шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгосноо тодорхой заагаагүй. Ер нь үнэлгээг эртний эдлэлээр дагнаж хийдэг байгууллагаар хийлгэхгүй, үнэлээчдээр зөв бодитой үнэлгээ хийлгээгүй нь хэргийг бодитой үнэлж, дүгнэж чадахгүйд хүргэсэн.

Битүүмжилсэн Тоёота приус-30 загварын машиныг давж заалдах шатны шүүхээс хохирол төлбөрт тооцно гэж дүгнэсэн мөртлөө магадлалд улсын орлого болгоно гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь битүүмжлэгдсэн хөрөнгийг эхлээд хохирол төлбөрт зарцуулах байтал улсын орлого болгосон нь буруу бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5, 6 заалтуудыг бүхэлд нь зөрчиж, буруу хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хохирол бүрэн төлөгдөж, түүнээс илүү гарсныг улсын орлого болгоно гэж заасан байдаг. Энэ өнцгөөс харвал хохирол төлбөр бүрэн төлөгдсөн учир улсын орлого болгосон гэж бид ойлгож байна. Гэтэл хохирол бүрэн төлөгдсөн гэж үзээд машиныг улсын орлого болгосон бол яагаад ял хөнгөрүүлэх 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан заалтуудыг хэрэглэхгүйгээр хаалттай хорих ангид 7 жил, 5 жил өгөөд байгаа нь ойлгомжгүй байна.

Хүрэлжанжин, БЖЁ нарын Худалдаа хөгжлийн банкны дансанд 22.000.000 төгрөг, мөн 14.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн Приус-30 автомашин зэрэг эд зүйлүүд битүүмжлэгдсэн байгаа болно.

Т.Х анх удаа хэрэгт холбогдсон, эхнэр нь 4 настай, 3 сартай хоёр хүүхэдтэй амьдрал хүнд байна. БЖЁ-ийн ар гэрт 75 настай эх, дээр нь хоёр бага насны охин үлдсэн, эхнэр нь нас барсан, амьдрал нь хүнд байгаа тул шүүгдэгч нарын гэм буруугаа ойлгосон, хохирол төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэн ял шийтгэлийг хөнгөрүүлж, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.

Хохирогч Г, А нарын гомдол гаргаж нэхсэн 126.000.000 төгрөг төлөгдсөн, удаа дараа гомдол саналгүй гэсэн баталгаа гаргасан нь хавтаст хэрэгт байгаа болно” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Т.Хгийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирол төлбөрийн талаар дүгнэхдээ “Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцоо нь яллах дүгнэлтэд дурдагдсанаас зөрүүтэй байсан бөгөөд хэрэгт авагдсан хохирлын тооцоог хохирогч, яллагдагч нарт мөрдөн байцаалтын шатанд танилцуулж, гарын үсэг зуруулж авсан байна.”, “Үүнээс дүгнэхэд улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдагдсан хохирол нь хэрэгт авагдсан хохирлын тооцоогоос зөрүүтэй бичигдсэнийг шүүх техникийн шинжтэй алдаа гэж үзэж...” гэж тайлбарлаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс хохирлын тооцоог яллах дүгнэлтэнд дурдагдаагүй зөрүүтэй саналыг амаараа гаргасныг шүүх ийнхүү техникийн шинжтэй алдаа гэж үзэн хүлээн авч шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт орүүлах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана” гэж заасныг зөрчсөн байна. Мөн тухайн алдаа нь техникийн алдаа бус утга, агуулгын алдаа байтал шүүх ийнхүү шийдвэрлэснийг ойлгохгүй байна.

Мөн анхан шатны шүүх хуралдаанд хэлмэрчээр Мөнхжаргал гэдэг хүнийг оролцоогүй байхад шийтгэх тогтоолд оролцсон мэтээр бичсэн, шүүгдэгч Т.Хгийн ам бүлийн тодорхойлолтонд дурдагдсан “28 хоногоос 9 насны 2 хүүхэдтэй, ам бүл 4” гэсэн өөрчлөлтийг оруулаагүй зэрэг зөрүүтэй, алдаатай бичигдсэн байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байна.

Шүүхээс тус эрүүгийн хэрэгтэй холбогдуулж шүүгдэгч Т.Хгийн эзэмшлийн 32-71 УБЦ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчжээ. Энэхүү хуулийн заалтуудаас харахад Хүрэлжанжингийн эзэмшлийн автомашиныг хохирол барагдуулахад зарцуулж шийдвэрлэх ёстой байсан. Ийнхүү шийдвэрлэсэн тохиолдолд хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулах, цаашилбал шүүгдэгч нарын хувьд эрх зүйн байдал дээрдэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ялыг хөнгөрүүлэх бүрэн боломжтой. Гэтэл хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн явдал нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг хүндрүүлж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэх нөхцөл болсон.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Хг БЖЁ-той бүлэглэж, нийт 4 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Хавтаст хэрэгт авагдсан материал, шүүгдэгч БЖЁ-ийн мэдүүлэг зэргээр 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 21-526 тоотод оршин суух Б.Оын амины орон сууцанд БЖЁ ганцаараа хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, тус үйлдэлд Т.Х оролцоогүй байхад түүнийг ийнхүү бүлэглэж дээрх үйлдэлд гэм буруутай гэж үзэж ял оногдуулсан нь Т.Хгийн эрх зүйн байдлыг дордуулахад нөлөөлсөн. Хохирогч О, Ж нар нь шүүх хурал дээр мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэсэн гомдлыг гаргасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч нарын болон шүүгдэгч нарын зарим эд зүйлсийг хүлээлгэж өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Дээрх байдлуудаас харахад анхан шатны шүүх Т.Х, БЖЁ нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Мөн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүх гомдол, хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бух ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана" гэсэн заалтыг зөрчсөн байна. Тиймээс Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн дявж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 227 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг нууцаар, орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлыг төлөөгүй байгаа, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулжээ.

Энэ хэрэгт эд зүйлийн үнэлгээ тогтоосон хоёр дүгнэлт гарсан байдаг. Эхний дүгнэлтийг мөрдөн байцаагч “Вендо” үнэлгээний компаниар гаргуулахаар даалгасан байхад “Дамно” үнэлгээний компани дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн гэх үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүх 2 дахь дүгнэлтийг гаргасан “Хохирол үнэлэгчдийн холбоо”-ны дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж хохирогч нарт учирсан хохирлын хэмжээг 1.074.262.000 төгрөг гэж үзсэнийг үндэслэлтэй гэж үзэж байна.

Харин анхан шатны шүүх шинэ үнэлгээг баримталж хохирлыг тооцсон атлаа хуучин үнэлгээгээр тогтоогдсон хохирлоос төлөгдөөгүй үлдсэн гэх мөнгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу бөгөөд 2 үнэлгээний зөрүү нь 215.000.000 төгрөг, үүнээс төлөгдөөгүй хохирол нь 151 орчим сая төгрөг үлдсэн байхад 30 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Мөн энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Л.Г нь үлдэх хохирлыг барагдуулж өгнө үү гэж мэдүүлсээр байхад анхан шатны шүүх түүний хохирлыг барагдуулах эсэх, түүнд хэдэн төгрөгний хохирол төлөгдвөл зохих талаар дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.

Энэ хэргийн оролцогч нар бүгд шинээр гаргасан үнэлгээний дүгнэлттэй танилцаж, хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан байх ба прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ хуучин үнэлгээг баримталж хохирлын тооцоог гаргасан нь техникийн шинжтэй алдаа бөгөөд хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Хохирол бүрэн төлөгдөөгүй учраас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгох эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал ба хохиролд тооцон шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Хохирлын тооцоонд өөрчлөлт орсон нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд шинэ үнэлгээгээр тогтоогдсон хэмжээгээр хохирлыг тогтоож, энэ үнийн дүнгээр хохирогч нарт төлөгдөөгүй байгаа хохирлыг тооцож шүүгдэгч нараас гаргуулах, мөн хохирогч Л.Гд учирсан хохирлоос төлөгдөөгүй үлдсэн төлбөрийг шүүгдэгч нараас гаргуулахаар хохирлын тооцоонд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч Л.Г, Л.А, шүүгдэгч Т.Х, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан, шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Даваасүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч БЖЁ, Т.Х нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч БЖЁ, Т.Х нарыг бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж 2017 оны 1 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах иргэн Л.Чын 05 тоот амины орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, 592.323.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс, мөн бэлэн 15.000.000 төгрөг хулгайлж, нийт 607.323.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оргил хотхоны 4-4 тоотод оршин суух иргэн Л.Гийн амины орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, 180.283.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс, мөн бэлэн 10.000.000 төгрөг, нийт 190.283.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оргил хотхоны 3-4 тоотод оршин суух иргэн С.Оын амины орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, 38.345.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлсан,

2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 21-526 тоотод оршин суух иргэн Б.Оын амины орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, 21.788.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч БЖЁ, Т.Х нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

1.Мөрдөн байцаалтын шатанд хийгдсэн комиссын үнэлгээ болон “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг /6хх-227,242/ үндэслэн хохирлын хэмжээг тогтоосныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд “Энэ хэрэгт шинжээч томилохгүйгээр үнэлгээ хийлгэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нарийвчлан тогтоох” шаардлагатай гэсэн дүгнэлт хийж,  2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 566 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаасны дагуу /6хх-210/ мөрдөгчийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны болон 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолуудаар “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-ыг шинжээчээр томилж, /7хх-49,50,51,52,53,54/ хохирогч Л.Ч, Л.Г, С.О нарын гэрээс хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээг дахин гаргуулжээ.

“Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр /7хх-ийн 59-77/ хохирогч Л.Ч, Л.Г, С.О нарын хулгайд алдагдсан гэх эд зүйлсийг анх худалдаж авснаас хойшхи элэгдэл хорогдлыг тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээг тогтоож, хохирогч Л.Чын гэрээс алдагдсан эд зүйлсийг 708.787.000 төгрөгөөр, Л.Гийн гэрээс алдагдсан эд зүйлсийг 282.023.000 төгрөгөөр, С.Оын гэрээс алдагдсан эд зүйлсийг 58.015.000 төгрөгөөр тус тус үнэлж, нэр бүхий 3 хохирогчид нийт 1.048.825.000 төгрөгийн хохирол учирсан тухай үнэлгээний тайлан  гаргасан байна.

Гэтэл  Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 60 дугаартай яллах дүгнэлтийн /7хх-195/ тэмдэглэх хэсэгт нь шүүгдэгч БЖЁ, Т.Х нарыг хохирогч Л.Чын 592.323.000 төгрөг, Л.Гийн 190.283.000 төгрөг, С.Оын 38.345.000 төгрөг, Б.Оын 21.788.000 төгрөгийн /нийт 844.739.000 төгрөг/ эд хөрөнгийг хулгайлсан гэж бичсэн атлаа тогтоох хэсэгтээ “...нэр бүхий 4 хохирогчийн нийт 857.739.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлан авч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн зөрүүтэй дүгнэлт хийж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар хэргийг зүйлчлэн шүүхэд шилжүүлсэн нь ойлгомжгүй байх бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т заасан шаардлагыг хангаагүй яллах дүгнэлтийг прокурорт буцааж зөвтгүүлэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу гэж үзнэ.

Мөрдөгч нь хохирогч Л.Ч, С.О нарын гэрээс алдагдсан зарим эд зүйлийн үнэлгээг хийлгэхээр 2017 оны 10 дугаар сарын 11-ний болон 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор “Вендо” ХХК-ийг шинжээчээр /6хх-223/ томилсон  байхад өөр хуулийн этгээд болох “Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний  тайлан /6хх-232/ гаргаж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжээч томилж, дүгнэлт гаргуулах журмыг ноцтой зөрчжээ.

 “Дамно” ХХК-ийн захирал Ц.Түвшинцэнгэлийн  2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр өгсөн /7хх-14/ “Вендо хөрөнгийн үнэлгээний компани нь манай Дамно ХХК-ийн охин компани бөгөөд ажлын байр нэг, доторх ажилчид, шинжээчид нь нэг хүмүүс байдаг” гэх мэдүүлгийг үндэслэн энэ хэрэгт шинжээчээр томилогдоогүй “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

2.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгч БЖЁ, Т.Х нар нь 4 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг нууцаар, орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч С.О, Д.Ж нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд нэр бүхий хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний нотлогдсон байдлыг хэт ерөнхий, товч байдлаар дурдаж бичжээ.

Шүүгдэгч БЖЁ, Т.Х нарын үйлдсэн гэмт хэргийн талаар анхан шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1-д заасан “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал”, мөн зүйлийн 2.2-т заасан “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”, мөн зүйлийн 2.3-т заасан “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг бичих шаардлагыг хангаагүй буюу шүүх хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар огт дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна.

Түүнээс гадна анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн 857.739.000 төгрөг буюу хохирлын дүн нь шинжээчийн дүгнэлтэд дурдсан үнийн дүнгээс эрс зөрүүтэй бичигдсэнийг техникийн шинжтэй алдаанд тооцсон нь үндэслэлгүй бөгөөд “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-ын гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэж гаргасан хохирлын тооцоог /7хх-171/ баримтлан гэмт хэргийн улмаас нэр бүхий 4 хохирогчид 1.070.613.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэн, шүүгдэгч БЖЁ, Т.Х нараас төлөгдөөгүй хохирол 30.486.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч С.Чд 8.500.000 төгрөг, хохирогч С.Од 4.300.000 төгрөг, хохирогч Д.Жд 15.460.000 төгрөг, Цагдаагийн ерөнхий газарт 2.226.000 төгрөг олгуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэн зарчмыг зөрчсөн байна.

3.Хохирогч Л.Г нь мөрдөн байцаалтын шатанд буюу 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөгч болон прокурорт хандаж “Үлдэх 27.6 сая төгрөгийн хохирлыг нэхэмжлэхгүй, гомдолгүй” тухай тодорхойлолт /7хх-17,18/ гаргасан  байх боловч Л.Г нь түүнд учирсан хохирлыг 282.023.000 төгрөгөөр тогтоосон “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-ын гаргасан үнэлгээний тайлантай /7хх-62/ танилцсаны дараа 2018 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хохирогчоор дахин мэдүүлэхдээ “Би өмнө нь үлдсэн хохирлоо нэхэмжлэхгүй гэж буруу ойлгож бичсэн байна. Тийм болохоор үлдсэн хохирлоо нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн /7хх-131/, мөн түүний эхнэр Л.А 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хохирогчоор мэдүүлэхдээ үлдэх хохирлыг нэхэмжилсэн /7хх-11/ байхад шүүх хохирогч Л.Г, Л.А нарт нөхөн төлүүлэх хохирлын хэмжээг тогтоох асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулж, хохирогчийн хуульд заасан эрхийг зөрчсөн байна. Иймд энэ талаар хохирогч Л.Г, Л.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах нь зүйтэй.

4.Анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нь “Мөрдөн байцаалтын шатанд хураагдсан мөнгө хохирогч нарт очоогүй, мөн хохирогч Л.Гн 2 бөгж алга болсон асуудлыг шалгуулах” талаар үндэслэл бүхий хүсэлт гаргасныг /7хх-221/ шүүх шийдвэрлэхгүй орхигдуулж, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан байх тул мөрдөн байцаалтыг гүйцэд биш хийсэн, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан буюу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчмыг бодитой хэрэгжүүлээгүй гэж үзэв.

5.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх магадлалын тодорхойлох хэсэгт “Прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлын хэмжээг 857.739.000 төгрөгөөр тооцсон байтал анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хохирлын хэмжээг 1,070.613.000 төгрөг гэж ихэсгэж, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан, … Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаараас хальсан дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.” гэж дүгнэсэн атлаа “Нэр бүхий хохирогч нарын олдоогүй эд зүйлийг шүүгдэгч нараас төлүүлэхээр заасан хохирлын хэмжээнд өөрчлөлт ороогүй болно” гэж өмнөх дүгнэлтээ үгүйсгэсэн харилцан зөрүүтэй дүгнэлт хийж, прокурор болон анхан шатны шүүхийн гаргасан алдааг зөвтгүүлэхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Дээр дурдсан шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх мөрдөн байцаалтын дутуу ажиллагаа болон прокурорын яллах дүгнэлттэй холбоотой зөрчлийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж, зөвтгөх боломжгүй тул энэ талаар хохирогч Л.Г, Л.А, өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 227 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч БЖЁ, Т.Х нарт холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хөнгөрүүлэх, хураагдсан тээврийн хэрэгслийг хохиролд тооцуулах талаар шүүгдэгч Т.Х, өмгөөлөгч Х.Даваасүрэн нарын гаргасан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 60 дугаар яллах дүгнэлт /7хх-195/, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд шүүгдэгч нарын урьд ял шийтгүүлсэн байдлыг зөв бичээгүйгээс гадна яллах дүгнэлтэд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-ын гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг /7хх-62/ огт дурдаагүй байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоол боловсруулж гаргахдаа Монгол Улсын Дээд шүүхээс Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан “Шүүхийн шийдвэр бичих аргачлал, журам”-ыг судалж, шийтгэх тогтоолыг хэлбэр, бүтэц, утга найруулгын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлэгт заасан шаардлагад нийцүүлж бичиж байхыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 227 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч БЖЁ, Т.Х нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч БЖЁ, Т.Х нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                           С.БАТДЭЛГЭР

                                                                                                           Б.БАТЦЭРЭН                                             

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Ч.ХОСБАЯР