Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2023/0672

 

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2023/0672

Улаанбаатар хот

 

 

 

А.Э***ын гомдол,

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурорын

дүгнэлттэй захиргааны хэргийн тухай 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Э.А***,

  Хэргийн оролцогчид:

  Гомдол гаргагч А.Э***

  Дүгнэлт гаргагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Б***,

  Хариуцагч Нислэгийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны нислэгийн стандарт үйл ажиллагаа хариуцсан хяналтын байцаагч Э.А***

Гомдлын шаардлага: Нислэгийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны нислэгийн стандарт үйл ажиллагаа хариуцсан хяналтын байцаагч Э.А***ийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0080003 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Прокурорын дүгнэлт: Нислэгийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны нислэгийн стандарт үйл ажиллагаа хариуцсан хяналтын байцаагч Э.А***ийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0080003 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 660 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

гомдол гаргагч А.Э***, гомдол  гаргагчийн өмгөөлөгч Г.Г***, Б.М***, хариуцагч Э.А***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*** нар, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э***,

Хэргийн индекс: 128/2023/0186/З.

ТОДОРХОЙЛОХ нь: 

  1. Гомдол гаргагч А.Э***, Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Б*** нараас Нислэгийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны нислэгийн стандарт үйл ажиллагаа хариуцсан хяналтын байцаагчид холбогдуулан “Нислэгийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны нислэгийн стандарт үйл ажиллагаа хариуцсан хяналтын байцаагч Э.А***ийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0080003 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 660 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 4.1 дүгээр зүйлийн 1, 2, 4.8 дугаар зүйлийн 1, 14, 4.11 дүгээр зүйлийн 4, 5, 4.14 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 5, 6.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 3, Иргэний нисэхийн тухай хууль /1999 оны/-ийн 2 дугаар зүйлийн 2.2, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч А.Э***ын гомдлын шаардлага, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаартай дүгнэлтийг тус тус бүхэлд нь хангаж, Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0080003 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1-т “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 7.2 дахь хэсэгт “Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй” гэж заасны дагуу А.Э***ын гомдолтой захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд холбогдох бүхий л нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, орчуулах, нотлох, хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтийг шийдвэрлэж ирсэн.

... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 338 дугаар магадлалын хянавал хэсэгт “...Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанаар “гомдол гаргагчийн хуульд заасан өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, зөрчлийн хэрэгтэй танилцах эрхүүдийг эдлүүлээгүй, холбогдогчоос мэдүүлэг аваагүй, прокурорт танилцуулж, гарын үсэг зуруулаагүй, байцаагчийн дүгнэлт гаргаж холбогдогчид танилцуулаагүй, дүгнэлтэд гомдол гаргах эрхээр хангаагүй, маргаан бүхий захиргааны актыг танилцуулж, хүргүүлээгүй” зэрэг үндэслэлийг хариуцагчаас дахин тодруулах шаардлагагүй... Түүнчлэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 779 дүгээр шийдвэрт “Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, гомдол гаргагч А.Э***ыг маргаан бүхий тохиолдолд зөрчил гаргаагүй, иргэний нисэхийн дүрмийн холбогдох зүйл заалтыг зөрчөөгүй байна гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн. Энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхад хариуцагчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин явуулж зөрчлийг нотлох, маргаан бүхий актын үндэслэл нотлогдоогүй байхад шийтгэл ногдуулсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэснээс үзэхэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 269 дугаар шийдвэртэй холбоотой асуудал мэт боловч агуулгын хувьд 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 660 дугаар шийдвэрийн “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн”, “зөрчлийг шалган тогтоох ажиллагааг хуульд заасан журмаар явуулаагүй” гэснийг үгүйсгэнэ.

... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар

сарын 24-ний өдрийн 779 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д “Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, гомдол гаргагч А.Э***ыг маргаан бүхий тохиолдолд зөрчил гаргаагүй, иргэний нисэхийн дүрмийн заалт зөрчөөгүй байна гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад анхан шатны шүүх дээрх үйл баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 660 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, А.Э***ын гомдол, Тээврийн прокурорын газрын прокурорын 2023 оны 8 дугаартай дүгнэлтүүдийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Маргаан бүхий үйл баримтын тухайд хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар,

3.1. “МИАТ” ТӨХК-ийн MGL7146 аяллын дугаартай Бойнг 767-300 агаарын хөлөг 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр “Парис –Улаанбаатар” чиглэлд ачаа тээврийн нислэг үйлдэхээр Парис хотын Шарль де Голль нисэх буудлаас  11:45 UTC (олон улсын стандарт цаг)-д хөөрсөн. Улмаар 12:13 UTC -т ХБНГУ-ын RHEIN нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвтэй холбогдсоноос хойш MASEK цэгээс SUBIX цэг хүртэл зайд нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн удаа дараагийн дуудлагад хариу өгөлгүй 41 минутын нисэн 12:54 UTC-т SUBIX цэгээр БНПУ-ын WARSAW нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн бүсэд буюу БНПУ-ын агаарын хилээр зохих давтамжаар холбоо тогтоож илтгэлгүйгээр нэвтэрсэн.

Үүний улмаас БНПУ-ын зэвсэгт хүчний байлдааны 2 сөнөөгч онгоц 13:12 UTC-т “МИАТ” ТӨХК-ийн MGL7146 аяллын дугаартай агаарын хөлөгт Air intercept буюу нислэгийг тусгаарлан хязгаарлах ажиллагаа хийсэн ба агаарын хөлгөөс сөнөөгч онгоцны болон нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвтэй холбоо тогтоосноор нислэг цааш үргэлжилсэн.

  3.2. Агаарын хөлөг Улаанбаатар хотод газардсаны дараа хөлгийн дарга А.Э*** болсон үйл баримтын талаар ”Captain report” бичсэн. Үүнтэй холбогдуулан агаарын тээвэрлэгч компани болон Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын алба холбогдох хяналт шалгалтыг явуулж, Нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагчийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 0034813 дугаар шийтгэлийн хуудсаар А.Э***д “Парис-Улаанбаатар чиглэлийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн MGL7146 дугаартай нислэг нь ХБНГУ болон БНПУ-ын газар нутаг дээгүүр радио холбоо тогтоолгүйгээр 58 минутын турш нислэг үйлдэж, улмаар БНПУ-ын зэвсэгт хүчин байлдааны сөнөөгч 2 агаарын хөлгийг хөөргөн, агаарын хөлгийг тусгаарлан хязгаарласан” зөрчил үйлдсэн хэмээн үзэж Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар агаарын хөлгийн дарга байх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.

  3.3. Тухайн шийтгэлийн хуудсыг гомдол гаргагч А.Э***аас гаргасан гомдлоор  Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 779 дүгээр шийдвэрээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

  3.4. Энэ дагуу хариуцагчаас 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 0080003 дугаар шийтгэлийн хуудсаар өмнөх шийтгэлийн хуудсанд бичигдсэн “агаарын хөлгийн дарга байх эрхийг” гэдгийг “нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг” гэж зөвтгөн, МИАТ ТӨХК-ийн нисгэгч, агаарын хөлгийн дарга А.Э***д Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3-т зааснаар 300 нэгжээр торгож, нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг холбогдогч А.Э***аас эс зөвшөөрч шүүхэд хандан гомдол, Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Б***ээс прокурорын дүгнэлтийг тус тус гаргасан үйл баримт тус тус тогтоогдож байна.

4. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд энэ хуулиар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ”, 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” хэмээн,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” хэмээн,

Монгол Улсын 1989 онд нэгдэн орсон Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн 1944 оны конвенцийн ANNEX-19 (хавсралт 19)-ийн 5.3-т "Аюулгүй байдлын өгөгдөл болон мэдээллийг хамгаалах” заалтад “шийтгэлээс ангид байх”: 5.3.1 Стандарт - Гишүүн улс нь Хавсралт 3-ын дагуу аюулгүй байдлын сайн дураар мэдээлэх систем болон холбогдох эх үүсвэрээс гаргаж авсан аюулгүй байдлын өгөгдөл болон мэдээллийг хамгаалах үүрэгтэй. Тэмдэглэл - Энэ эх үүсвэрт хувийн болон байгууллагын мэдээлэл багтана. Тэмдэглэл 1- Шийтгэлээс ангид байх зарчим нь сайн дурын мэдээллийн үндэс суурь. Тэмдэглэл 2 - Гишүүн улс бүр нь нислэгийн аюулгүй байдалд нөлөөлж болох тохиолдол бүрийг сайн дураар мэдээлэх тогтолцоог холбогдох хууль, дүрэм, журмыг шаардлагатай байдлаар тохируулан өөрчилж, хялбаршуулан, сурталчлахыг хөхүүлэн дэмжих ёстой, 5.3.2 Зөвлөмж - Гишүүн улс нь аюулгүй байдлын заавал мэдээлэх систем болон холбогдох эх үүсвэрээс гаргаж авсан 5.3.1-д заасан аюулгүй байдлын өгөгдөл болон мэдээллийн хамгаалалтыг чангатгана. Тэмдэглэл 1- Ажилтан болон нислэгийн үйл ажиллагааны ажилтны сургалт болон туршлагаас шалтгаалсан тэдний алдаа, эсхүл үйлдлийн төлөө шийтгэл хүлээлгэхгүй байх мэдээллийн тогтолцоо нь аюулгүй байдлын мэдээллийн үндэс суурь юм" хэмээн,

Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 187 дугаар тушаалаар батлагдсан Иргэний нисэхийн дүрэм-12 “Осол, зөрчил болон статистик мэдээлэл” –ийн 12.63-т Шийтгэлээс ангид байх: “АХОШШБ болон ИНЕГ нь (1) тухайн мэдээлэл нь хүн, эсхүл өмч хөрөнгөд хэрэгцээ шаардлагагүйгээр аюул учруулсан үйлдэл, эсхүл эс үйлдлийг илчилсэн бол; эсхүл (2) хуурамч мэдээлэл өгсөн бол; эсхүл (3) АХОШШБ болон ИНЕГ нь мэдээллийг хуулийн дагуу, эсхүл шүүхийн шийдвэрийн дагуу гаргаж өгөх үүрэг хүлээснээс бусад тохиолдолд, аливаа этгээдийн энэ дүрмийн дагуу өгсөн мэдээллийг мөрдөн шалгах, эсхүл хариуцлага тооцох зорилгоор ашиглахгүй, эсхүл ашиглах боломж олгохгүй” хэмээн тус тус заасан.

5. Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, маргаан бүхий тохиолдолд МИАТ ТӨХК-ийн нисгэгч, агаарын хөлгийн дарга А.Э*** Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3-т заасан “Иргэний нисэхийн үйл ажиллагаанд нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн” болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 779 дүгээр хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр,

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 779 дүгээр шийдвэрээр хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар маргаан бүхий шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагчаас Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын газрын байцаагчийн дүгнэлт, ХБНГУ-ын болон БНПУ-ын нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвтэй зөрчлийг шалган тогтоох ажиллагааны хүрээнд харилцсан 10 удаагийн баримт, 6 зөвлөмжийг монгол хэл дээр хөрвүүлэх зэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан алдааг залруулсан болох нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 221/МА2023/0338 дугаар магадлалаар тус тус тогтоогдож байх боловч агаарын хөлгийн даргын нислэгийн явцад гарсан зөрчилтэй холбоотой бичсэн "Captain report"-ийн үндсэн дээр хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, түүнд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл хүлээлгэсэн нь Олон Улсын Иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенц, Иргэний нисэхийн дүрмийн мэдээллийг хамгаалах, шийтгэлээс ангид байхтай холбоотой заалтуудыг зөрчсөн бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2023/0660 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                   ШҮҮГЧ                                           Д.ОЮУМАА

 

             ШҮҮГЧ                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

             ШҮҮГЧ                                           Г.МӨНХТУЛГА