Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2019/00828

 

“... финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/03878 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 318 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “... финанс ББСБ” ХХК

          Хариуцагч: Н.А-т холбогдох

          5,804,733 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсамбуу, хариуцагчийн өмгөөлөгч А.Нацагдорж, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Н.А-т 2016-3-30-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 2,050,000 төгрөг, 3 сарын хугацаатай, сарын 5%-н хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Хьюндай Грэйс маркийн 55-.. УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан. Гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч зээлийн хүү, үндсэн зээл төлөөгүй. Шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж шүүхийн шийдвэрээр хаягийг тогтоож, зээлийн гэрээний үүргийн төлбөрийг нэхэмжилж байгаа тул үндсэн зээл 2,050,000 төгрөг, хүү 3,088,666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 595,866 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 5,804,733 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч тайлбартаа: Миний бие үйлдвэрлэлийн осолд орж хүнд гэмтэл авснаар нүдний хагалгаанд орох эмчилгээний зардал болгож зээл авсан боловч хагалгааны дараа хөдөлмөрийн чадвар алдаж ажлаа хийж чадаагүй, ажил орлогогүйн улмаас зээлийг төлж чадаагүй нь үнэн. Зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Хьюндай Грэйс 55-.. УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг түлхүүрийн хамт өөрийн танил н.Б, н.У нараар хүргүүлсэн, би хүргэж өгсөн гэж бодож байсан гэтэл барьцааны тээврийн хэрэгсэл алга болсон ба бичиг баримт нь нэхэмжлэгчийн нэр дээр байгаа. Миний бие энэ мөнгийг төлөх боломжгүй, барьцааны хөрөнгө хаана байгааг олж тогтоож, биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

       Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 101/ШШ2018/03878 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Н.А-аас 5,688,566 төгрөг гаргуулан НМБ финанс ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 116,167 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Н.А-аас 70 217 төгрөг гаргуулан НМБ финанс ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс төлсөн 107,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 318 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/03878 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна. 

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэсэн бөгөөд ИХШХШТХ-н 167.1.5-д энэ хуульд заасан ХХША-ны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах гэж, 168.1.3-д хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж тус тус заасныг удирдлага болгон тогтоосон боловч анхан шатны шүүх ИХШХШТХ-д заасан ХХША-ны яг ямар журам зөрчсөн эсэх талаар түүнчлэн хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон ямар эрхийг ноцтой зөрчсөн талаар дүгнээгүй хэрнээ дээрх байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. ИХШХШТХ-н 25.2.2-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн 38.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нь энэхүү үүргээ хэрэгжүүлэхэд шүүхээс ямар саад учруулаагүй. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний барьцаа болох 55-.. УБП улсын дугаартай автомашиныг түлхүүрийн хамт өөрийн танил Болд, Уранбат нараар хүргүүлсэн, би хүргэж өгсөн гэж бодож байсан гэтэл миний барьцаанд тависан машин алга болсон гэж тайлбарласан боловч тухайн тайлбар татгалзлын үндэслэлээ нотолсон нотлох баримтыг өөрөө шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл давж заалдах шатны шүүх энэ талаар хэрэгт ямар ч нотлох баримт авагдаагүй байхад хариуцагч болон түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан зөвхөн тайлбарыг үндэслэж дээрх нөхцөл байдал бүрэн тогтоогдсон тохиолдолд шүүхээс тухайн маргаанд хамаарах эрх зүйн харилцаа, түүнийг зохицуулсан хуулийн холбогдох зүйл заалтыг оновчтой хэрэглэх нөхцөл бүрдэх боломжтой болох юм гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         “... финанс ББСБ” ХХК 2018-10-18-ны өдөр нэхэмжлэл гаргаж, Н.А-аас 5,804,733 шаардаж, “...хариуцагч нь үндсэн зээлд 2,050,000 төгрөг, хүүд 3,088,666 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 595,866 төгрөг төлөх үүрэгтэй, эрэн сурвалжлах шийдвэр гаргуулахаар  улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлж хохирсон тул уг мөнгийг зээлдэгчээс гаргуулна...” гэсэн үндэслэл заасан байна. Хариуцагч Н.А- нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...барьцааны автомашиныг нэхэмжлэгчид хүргүүлсэн... автомашин одоо хаана байгааг мэдэхгүй байна...” гэж маргажээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      “... финанс ББСБ” ХХК Н.А-аас нийт 5,804,733 шаардахдаа 2016-03-30-ны өдрийн ЗГ2016/03/19 дугаартай зээлийн гэрээ болон “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх” тухай 2016-03-30-ны өдрийн гэрээ тус тус үндэслэжээ. 

     “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх” тухай 2016-03-30-ны гэрээний дагуу хариуцагчийн Hyundai Grace маркийн 55-.. УБП улсын дугаартай ачааны автомашин нэхэмжлэгч байгууллагын нэр дээр шилжсэн талаар зохигч маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчихгүй юм.

     Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нотлох баримтыг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлнэ. 

      Хариуцагч өөрийн татгалзлын үндэслэлийг нотлох зорилгоор Э.Б, Г.У, Э.М нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан байх бөгөөд фидуцийн гэрээний зүйлийн талаарх мэдээлэл хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

    Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6, 168 дугаар зүйлийн 168.1.7-г зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээв.  

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 318 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 105,970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ