Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 873

 

 МАГАДЛАЛ

 

 

2018.9.20                                                   № 873                                                      Хянуулах

 

 

 

 

 

С.Б, О.О, Я.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор А.Баясгалан,

шүүгдэгч С.Б, О.О, Я.Э нарын өмгөөлөгч С.Төмөрбаатар,

          хохирогч Б.Уын өмгөөлөгч С.Тэгшжаргал,

          нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ  даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 582 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч С.Тэгшжаргалын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч С.Б, О.О, Я.Э нарт холбогдох 1805 0160 80516 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Дорж овгийн Сэлэнгийн Б, 1991 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, 3а байрны 67 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЕЭ91041710/;

          2. Боржигин овгийн Отгонсайханы О, 1989 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 52 дугаар байрны 12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ТА89060730/;

3. Алаг адуу овгийн Ядгаагийн Э, 1991 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Архангай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг, Салхит 1 дүгээр хэсэг, 190 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 12-49 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: АЙ90070110/;

С.Б, О.О, Я.Э нар нь согтуурсан үедээ бүлэглэж, 2018 оны 3 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “Ром караоке”-ны гадаа иргэн Б.Уыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: С.Б, О.О, Я.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Дорж овогт Сэлэнгийн Б, Боржигин овогт Отгонсайханы О, Алаг адуу овогт Ядгаагийн Э нарыг бүлэглэн хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Б, О.О, Я.Э нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.Б, О.О, Я.Э нарын торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Самсунг Галакси Нөүт-2” гар утас 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.У нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд гэмт хэрэг үндсэн шалтгаан нь яллагдагч нар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, хохирогч болон бусад этгээдийн зүй ёсны шаардлагыг биелүүлээгүй, хохирогчийг илтэд үл хүндэтгэн халдашгүй чөлөөтэй байх эрхийг нь зөрчиж, хүч хэрэглэж гэмтэл учруулсан байдлаар илэрч байна. Дээрх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэг, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дангаар нь зүйлчилж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн байдлыг дутуу тогтоосон байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Төмөрбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дараах тайлбарыг гаргаж байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад мөрдөн шалгах ажиллагаа хангалттай явагдсан, хийгдэх ёстой ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн үйл баримтыг дутуу шалгасан гэх үндэслэл тогтоогдохгүй. Мөн шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж байгаа боловч гэмт хэрэг гарсан газар нь бар, караокены гадаа болсон. Мөн тухайн хэрэг гарах цаг хугацаанд тэнд хохирогч, шүүгдэгч нараас өөр ямар ч хүн байгаагүй. Шүүгдэгч нар тус караокег ажиллахгүй гэдгийг мэдээд тухайн газраас гараад явж байхад хохирогч араас нь очиж өшиглөсөн үйлдлээс болж зодоон эхэлсэн. Тэгэхээр энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирол бүрэн тогтоогдсон учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

С.Б, О.О, Я.Э нар нь согтуурсан үедээ бүлэглэж, 2018 оны 3 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “Ром караоке”-ны гадаа иргэн Б.Уыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч Б.У нь тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, С.Б, О.О, Я.Э нартай маргалдах болсон шалтгаан, өөрийн биед учирсан гэмтлийн талаар /хх-19-22/ тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь гэрч Б.Сайнзаяа /хх-23-25/, гэрч Г.Ричард /хх-42/, гэрч О.Лхагвадорж /хх-45-45/, гэрч М.Нямдаш /хх-47-48/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3868 дугаартай дүгнэлт /хх-50/ зэргээр давхар нотлогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч С.Б, О.О, Я.Э нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Шүүхээс шүүгдэгч С.Б, О.О, Я.Э нарыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тэдэнд тухайн зүйлд заасан торгох ял оногдуулсныг хуульд нийцсэн гэж үзлээ. 

Хохирогч Б.Уын өмгөөлөгч С.Тэгшжаргал “танхайрах гэмт хэргээр давхар зүйлчлэгдэх ёстой” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Танхайрах гэмт хэрэг нь олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийтийн хэв журмыг зөрчиж, тэдгээрийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, хууль тогтоомжоор тодорхойлсон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ, түүнчлэн үндэсний зан заншил, уламжлал, ёс суртахууны шаардлагыг зөрчсөн, тэдгээрийг илэрхий үл ойшоосон үйлдлээр илэрдэг онцлогтой.

Мөн танхайрах үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн, эмх замбараагүй байдаг бол хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь ихэвчлэн тооцож төлөвлөсөн, тодорхой үр дүнд хүрэхийг эрмэлзэж, хүссэн үр дүндээ хүрч үйлдлээ зогсоодогоороо ялгагдана.

Шүүгдэгч С.Б, О.О, Я.Э нар нь “Ром караоке”-ны зүгээс тэдэнд үйлчлээгүй гэх тодорхой шалтгааны улмаас хохирогч болон бусад иргэдтэй харилцан маргалдаж, улмаар хохирогч Б.Уын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдсан хохирогч, гэр нарын мэдүүлэгтэй тохирч байна.

Өөрөөр хэлбэл, караокены орчим үйлдэгдсэн хэрэг болгоныг танхайрах гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд харин гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа зорилго, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудад дүгнэлт хийж үзвэл шүүгдэгч С.Б, О.О, Я.Э нарын үйлдэл нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахад чиглэгдээгүй, тодорхой сэдэлттэй маргааны явцад хувь хүний буюу хохирогчийн эрүүл мэндэд санаатай хохирол учруулсныг танхайрах гэмт хэргийн шинжтэй байсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Уын өмгөөлөгч С.Тэгшжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 582 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Уын өмгөөлөгч С.Тэгшжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                       

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ӨСӨХБАЯР                                               

ШҮҮГЧИД                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                                  М.АЛДАР