Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 905

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч А.Сарангэрэл, шүүгч Д.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Б” ХХК,

Хариуцагч: МУЗГ, Амгтг

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Б” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан XV-*** дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт талбай дүйцүүлэн олгох шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13, 11.1.19-т заасны дагуу гаргахгүй байгаа МУЗГ, Амгтг эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэрүүд гаргахыг даалгах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагч МУЗГитгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Амгтг итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ““Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй МУЗГ, Амгтг, Амгтг Кадастрын хэлтсийн даргад нарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

“Б” ХХК нь Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 639 дугаар шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Е сумын Ц нэртэй орших 16061,27 гектар талбайд ХV-0*** дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших эрхтэй болсон.

Тусгай зөвшөөрлийн төлбөрийг цаг тухайд нь төлж, хуульд заасан журмын дагуу үүргээ зохих ёсоор биелүүлж, хайгуулын талбайдаа эрэл хайгуулын ажил гүйцэтгэж, олон ажилчид ажиллуулж, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж хайгуулын ажил явуулж байсан.

Ашигт малтмалын газрын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 6-2610 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “... БОНХЯамнаас 2014 оны 02 дугаар сард манайд бүртгүүлэхээр ирүүлсэн УИХ-ийн 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан Хан Хэнтийн дархан цаазат газартай бүхэлдээ давхацаж байгааг мэдэгдье. ” гэсэн байдаг.

Үүний дагуу нэхэмжлэгчээс 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/039 дугаар “Нөхөх олговор гаргуулах тухай” хүсэлтээр Ашигт малтмалын газарт хандаж, Ашигт малтмалын газрын 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 3-4329 дугаар албан бичгээр “хөндлөнгийн этгээдийн дүгнэлт” гаргуулах шаардлагатай гэсний дагуу “Ц” ХХК-ар хөндлөнгийн этгээдийн дүгнэлт хийлгэн, 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/041 дүгээр “Нөхөх олговор гаргуулах тухай” хүсэлтээр дахин Ашигт малтмалын газарт хандсан.

Ашигт малтмалын газрын 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгээр УИХ-ын 57 дугаар тогтоолын 4 дэх хэсгийг дурдаад Ашигт малтмалын тухай хуулийн 14.5 дахь заалтын дагуу “Б ХХК нь ХV-*** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг Засгийн газартай тохиролцож шийдвэрлүүлэх хүсэлтээ Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд гаргана уу” гэж мэдэгдсэний дагуу нэхэмжлэгчээс Байгаль орчин, ногоон хөгжлийн яамруу хандсан.

Тухайн үед Байгаль орчин, ногоон хөгжлийн яамруу холбогдох мэргэжилтэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамруу хандах тухай мэдэгдсэний дагуу нэхэмжлэгчээс Уур уурхай, хүнд үйлдвэрийн яаманд 2015 оны 02 дугаар сарын 06-ний өдрийн Б/04 дүгээр албан бичгээр нөхөх олговрыг шийдвэрлэж өгөх тухай хандсан, үүний хариуд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 6/625 дугаар албан бичгээр “... УИХ-ийн 57 дугаар тогтоолыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам гаргуулсан гээд Ашигт малтмалын тухай хуулийн 14.4-д заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам шийдвэрлэнэ” гээд, албан бичгийн хувийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн.

Ингээд Байгаль орчин, ногоон хөгжлийн яам /хуучин нэрээр/ шийдвэрлэхгүй орхигдуулсан тул “Б” ХХК-иас 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 14/06 дугаар албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд дахин хандан Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-т заасны дагуу дүйцэх хэмжээний талбайг сонгон шалгаруулалтын талбайгаас авах хүсэлтийг гаргаж, Амгтгт 2018 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн 01/16 дугаар албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-т заасны дагуу дүйцэх хэмжээний талбайг сонгон шалгаруулалтын талбайгаас авах тухай хүсэлтийг Уул, уурхай хүнд үйлдвэрийн яаманд уламжилж өгөх тухай хандсан.

Харин Амгтг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/7693 дугаар албан бичгээр “...Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-т заасан үндэслэлээр нөхөн олговор олгох асуудлаар холбогдох хууль тогтоомжийн дагуу шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү” гэж мэдэгдсэн.

Ийнхүү Ашигт малтмал, газрын тосны газраас нэхэмжлэгчийн нөхөх олговортой холбоотой хүсэлтийг шүүхэд хандаж шийдвэрлүүлэх тухай мэдэгдсэн тул нэхэмжлэгчээс шүүхэд хандсан болно. Иймд:

1. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож,

2. “Б” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан XV-*** дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт талбай дүйцүүлэн олгох шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13, 11.1.19-т заасны дагуу гаргахгүй байгаа МУЗГ, Амгтг эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэрүүд гаргахыг даалгаж өгнө үү.

... Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.2 дээр тусгай зөвшөөрлийн төлбөр хүчин төгөлдөр байх зорилгоор төлж байгаа төлбөрийг гэж ойлгож байгаа. Мөн шийдсэн шийдвэрээ нэхэмжлэгч компанид мэдэгдээгүй. Нэхэмжлэгч компани тэр хугацаанд нөхөн олговор авахтай холбоотой төрийн захиргааны байгууллагуудад холбогдох бүх хүсэлтийг баримтуудын хамт өгч байсан гэдэг нь хэрэгт авагдсан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т тодорхой заасан байгаа. Нэхэмжлэгчээс шалтгаалаагүй шалтгааны улмаас тусгай хэрэгцээнд аваад нэхэмжлэгчийг нөхөн олговроо авъя гээд удаа дараа хөөцөлдөж байхад ямар нэгэн хариу өгөөгүй.2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн бичгийг хүргүүлээгүй нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч МУЗГитгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Б” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Амгтг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Б” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан ХВ-0*** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт талбай дүйцүүлэн олгох шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13, 11.1.19-д заасны дагуу гаргахгүй байгаа МУЗГ, Ашигт малтмал газрын тосны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэрүүд гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Сэлэнгэ аймгийн Е, Мандал сумдын нутаг Цнэртэй 16061,27 га талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ-0*** тоот тусгай зөвшөөрлийг “Б” ХХК-д 2007 оны 06 дугаар сарын 26-ны өдөр анх олгосон байна.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” заалтын дагуу Монгол Улсын Засгийн Газраас 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудыг гаргасан.

Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан хайгуулын ХВ-0*** тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хилийн заагийг тогтоох” тухай 194 дүгээр тогтоол, Улсын их хурлын 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор тогтоосон улсын тусгай хамгаалалтын газартай бүхэлдээ давхцал үүссэн байна.

Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасан журмын дагуу тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр урьдчилан төлөөгүй тул Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасан нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй компанид хамаарах зохицуулалт болно.

Тодруулбал хуулийн тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэдэг агуулга нь Ашигт малтмал тухай хуулийн холбож тайлбарлах үндэслэлтэй. Учир нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д ”хайгуулын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг”, 4.1.21-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг”, 7.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэж тус тус хуульчилсан.

“Б” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-0*** тоот тусгай зөвшөөрлийн талбайд нөхөн олговор авах тухай хүсэлтийг ирүүлж байгаагүй болно.

... Улсын Их Хурлаас 2019 урт нэртэй хууль баталж, хил заагийг баталсан Засгийн газрын тогтоолтой мөн давхцал үүссэн гэдэг нь баримтаар тогтоогддог.2012 оны Улсын Их Хурлын 57 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан талбайтай мөн давхцал үүссэн гэдэг нь тогтоогддог. Нөхөн олговрын асуудлыг Ашигт малтмалын газар гэж байх үед гаргасан. Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хандаж байсан гэдэг нь баримтаар тогтоогдсон.Нэхэмжлэгч Монгол Улсын  Засгийн газарт талбайн хэмжээнд нөхөх олговрыг авах асуудлаар хандсан эсэх асуудал маш тодорхой харагдаж байгаа. МУЗГт хандаж байгаагүй гэдэг нь тогтоогдсон учраас Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан эс үйлдэхүйг гаргаагүй юм.Засгийн газарт нэг ч удаа хандаагүй учраас эс үйлдэхүй гэж үзэх үндэслэл байхгүй.Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйл нь МУЗГүндсэн чиг үүрэг байдаг. Энэ чиг үүргийнхээ хүрээнд 9.1.13 дахь заалтад 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өөрчлөлт орсон. Уг нэмэлт өөрчлөлтөд “...Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр мөн хуулийн 26.9 буюу ирцийн хуримтлал бүхий талбайгаас хэлэлцэн тохиролцож олгох үндсэн эрхтэй...” энэ заалтыг 2017 онд хэрэглэж байсан практик байдаг. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан эс үйлдэхүй байхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Амгтг итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эшүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Амгтг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож,

МУЗГшийдвэрийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19-т заасны дагуу “Б” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг даалгах тухай тодруулсан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

“Б” ХХК-д Сэлэнгэ аймгийн Е, Мандал сумдын нутаг Цнэртэй 16061.27 га талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-0*** дугаартай тусгай зөвшөөрлийг 2007 оны 06 дугаар сарын 26-ны өдөр анх олгожээ.

Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийг батлан гаргасан ба тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж заасан байна.

Уг тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хилийн заагийг тогтоох” тухай 194 дүгээр тогтоол, Улсын их хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор тогтоосон улсын тусгай хамгаалалтын газартай бүхэлдээ давхцалтай байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална, 32 дугаар зүйлийн 32.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө, 34 дүгээр зүйлийн 34.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заажээ.

Хэдийгээр тусгай зөвшөөрлийн талбай нь хуулиар хориглосон хилийн заагтай бүхэлдээ давхацсан хэдий ч “Б” ХХК нь Ашигт малтмалын хайгуулын ХV-0*** дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг жил бүр төлөх ёстой байна.

Гэтэл “Б” ХХК нь Ашигт малтмалын хайгуулын ХV-0*** дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар төлөөгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасны дагуу Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрээр цуцалсан байна.

Тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг 2018.01.04-ний өдөр Амгтг Кадастрын хэлтсийн УУККС дэх компанийн бүртгэлтэй хаяг болох Баянзүрх дүүргийн 26 хороо Баянмонгол хороолол 405-13 тоот хаягаар хүргүүлсэн боловч 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр буцалтаар ирсэн байна.

Иймд Амгтг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр шийдвэрээр цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

... Анх “Б” ХХК Сэлэнгэ аймгийн Е мандал сумын Ашигт малтмалын хайгуулын ХV-0*** дугаартай зөвшөөрлийг 2007 онд олгосон. Уг тусгай зөвшөөрлийг авахаар Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ний өдрийн 194 дүгээр тогтоол болон Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн 57 дугаар тогтоолоор тогтоосон. Улсын тусгай хамгаалалтын хэсэгтэй бүхэлдээ давхацсан. Гэтэл тухайн компани жилийн төлбөрийг төлөөгүй учраас цуцлагдсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Б” ХХК нь анх “...тус компанийн эзэмшиж байсан XV-0*** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг Улсын тусгай хамгаалалтад авсны дагуу Ашигт малтмалын хуульд заасан нөхөн олговор олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлээгүй МУЗГ, Амгтг эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд “Б”” ХХК-ийн XV-0***  тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэмжээнд дүйцэх талбайд тусгай зөвшөөрөл олгохыг МУЗГ, Ашигт малтмал газрын тосны газарт тус тус даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Б” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан XV-*** дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт талбай дүйцүүлэн олгох шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13, 11.1.19-т заасны дагуу гаргахгүй байгаа МУЗГ, Амгтг эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэрүүд гаргахыг даалгах”[1] гэж тодруулсан тул шүүх энэхүү тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Анх Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 293 дугаар захирамжаар “...Е сумын нутаг дахь аймгийн тусгай хэрэгцээний газрын тодорхой солбилцолын дагуух талбайг аймгийн тусгай хэрэгцээнээс чөлөөлж хайгуулын зориулалтаар “Д” ХХК-д олгож шийдвэрлэжээ[2].

Улмаар Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төв/хуучин нэрээр/-ийн даргын 2007 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1740 дугаар шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Е, Мандал сумдын нутаг Цнэртэй 16073 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-0*** дугаар тусгай зөвшөөрлийг анх “Д” ХХК-д[3] олгосныг мөн сарын 26-ны өдөр, Геологи уул уурхайн Кадастрын газрын даргын 2008 оны 639 дүгээр шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг “Б” ХХК-д шилжүүлснийг 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр[4], талбайн солбилцлыг албан ёсоор хөрвүүлж 16061,27 гектар хэмжээтэй болсныг 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тус тус бүртгэжээ.

Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж заасан ба МУЗГ2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор “ашигт малтмал хайх ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн зааг”-ийг тогтоосон байна.

Мөн Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан Хан Хэнтийн дархан цаазат газрын хилийн заагт хамааруулан дархан цаазат газрын ангиллаар уг талбайтай  улсын тусгай хамгаалалтад авсан газарт “Ц” хамаарчээ.

Ашигт малтмалын газар/хуучин нэрээр/-ын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэх үндэслэлээр XV-0*** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэжээ[5].

 

1. “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тухайд:

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална”, 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заажээ.

“Б” ХХК-ийн XV-0*** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулиар “ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газарт хамаарах болсон цаг үеэс эхлэн уг тусгай зөвшөөрлийн хүрээнд ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагаа явуулах боломжгүй болох тул хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүрэг хүлээхгүй.

Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээд болон хариуцагч захиргааны байгууллага нь хуулийн дээрх зохицуулалтыг үл хайхран Амгтг Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 246 дугаар шийдвэрээр XV-0*** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг дуустал сунгаж[6], “Б” ХХК-иас уг тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрийг 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төлсөн байгаагаас үзвэл тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмал хайхыг хориглосон болон уг талбайг тусгай хамгаалалтад авснаас үл хамааран тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор төлбөр төлөх харилцааг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг эрхлэх боломжгүй болсон байхад уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалах зорилгоор төлбөр төлж байсан атлаа “8 болон 9 дэх жилийн төлбөрийг төлөөгүй” гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй маргаж байгаа нь агуулгын хувьд зөрчилтэй байна.

Гэвч Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх ...” гэж заасны дагуу “Б” ХХК-иас 2014 оны 07 дугаар сарын 08 болон мөн оны 08 дугаар сарын 07-ны өдөр Ашигт малтмалын газарт, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Уул уурхайн яаманд хандаж тус тус гаргасан “... тусгай зөвшөөрлийн нөхөх олговор авах тухай” хүсэлтийг захиргааны байгууллагууд шийдвэрлэж хариу өгөлгүй, нөхөх олговор олголгүйгээр хэрэглэх ёсгүй буюу Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.2, 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн “нөхөх олговор авах эрх, хууль ёсны ашиг сонирхол”-ыг зөрчсөн байна.

Зүй нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдсөнөөр тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмал хайх үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тохиолдолд захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “... тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэр гаргахаар байхад хариуцагч XV-0*** тоот тусгай зөвшөөрлийг “ээлжит жилийн төлбөр төлөөгүй” гэсэн үндэслэлээр цуцалсан нь буруу байх тул Ашигт малтмалын газар/хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

2. “Б” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан XV-*** дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт талбай дүйцүүлэн олгох шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13, 11.1.19-т заасны дагуу гаргахгүй байгаа МУЗГ, Амгтг эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэрүүд гаргахыг даалгах” нэхэмжлэлийн тухайд:

 “Б” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Е, Мандал сумдын нутагт орших Ц нэртэй ашигт малтмалын хайгуулын XV-0*** тоот тусгай зөвшөөрлийн 16073 гектар талбай[7] нь дээрх хууль тогтоомжоор тогтоосон “ашигт малтмал хайх ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар” болон “Хан хэнтийн дархан цаазат газар”-ын хилийн зааг дотор бүхэлдээ багтаж байгаа тухай хэргийн оролцогчид маргаагүй.

 

“Б” ХХК-иас 2014 оны 07 дугаар сарын 08 болон мөн оны 08 дугаар сарын 07-ны өдөр Ашигт малтмалын газарт, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Уул уурхайн яаманд хандаж тус тус гаргасан “... тусгай зөвшөөрлийн нөхөх олговор авах тухай” хүсэлтүүдийг тус тус гаргасан байх ба эдгээр хүсэлтийг хүлээж авсан захиргааны байгууллагуудаас “...нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг Засгийн газартай тохиролцож шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргана уу”[8] гэсэн агуулга бүхий хариуг өгсөн байна. 

Үүний дагуу “Б” ХХК нь Байгаль орчин аялал, жуулчлалын яаманд хандсан, хүсэлт гаргаагүй болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн 06/8483 тоот албан бичигт “Б” ХХК-иас нөхөн олговрын талаар ирсэн албан бичиг, хүсэлт лавлагаа олдоогүй” гэснээр тогтоогдов[9].

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулийн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж өөрчлөн найруулжээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээдээс эрх бүхий байгууллагуудад гаргасан дээрх “нөхөх олговор авах” тухай хүсэлтүүдийг захиргааны байгууллагууд шийдвэрлэж хариу өгөөгүй, нөхөх олговор олгоогүй тул “Б” ХХК-аас 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Уул уурхай,хүнд үйлдвэрийн яаманд, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Амгтгт тус тус хандаж “сонгон шалгаруулалтын талбай авах” тухай хүсэлтээ гаргасныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч хуулийн этгээд нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу Засгийн газарт хандаж дүйцүүлэх талбай авах хүсэлтээ гаргаагүй” хэмээн тайлбарлан маргах боловч Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т “ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах” чиг үүрэг нь Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхэд хамаарахаар заасан байх тул нэхэмжлэгч хуулийн этгээдээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Засгийн газарт хандаж хүсэлт гаргасан байх шаардлагагүйн дээр “нөхөх олговор авах” хүсэлтийг шийдвэрлээгүй нөхцөлд “эрдсийн хуримтлал бүхий талбай авах” хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэхээр шаардах эрхтэй юм.

 

Иймд нэхэмжлэгчээс Амгтгт холбогдуулан гаргасан “Б” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан XV-*** дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт талбай дүйцүүлэн олгох шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13, 11.1.19-т заасны дагуу гаргахгүй байгаа Амгтг эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэрүүд гаргахыг даалгах” нэхэмжлэлийг хангаж, харин МУЗГт холбогдуулан гаргасан дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагч Амгтг нь шүүхийн энэхүү шийдвэрийг биелүүлэхдээ “Б” ХХК-ийн “сонгон шалгаруулалтын талбай авах” хүсэлтийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар уламжлан МУЗГт оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй бөгөөд шүүхийн энэхүү шийдвэр нь “Б” ХХК-д Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль хүчин төгөлдөр болсноор үүссэн XV-0*** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн нөхөх олговрыг олгох үүргээ хэрэгжүүлэхийг хязгаарлахгүй болохыг тэмдэглэв.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Ашигт малтмалын газар/хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Б” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан XV-*** дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт талбай дүйцүүлэн олгох шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13, 11.1.19-т заасны дагуу гаргахгүй байгаа Амгтг эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, холбогдох шийдвэр гаргахыг Ашигт малтмал газрын тосны газарт тус тус даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

Захиргааны  хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                              Ц.МӨНХЗУЛ

ШҮҮГЧ                                           А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                           Д.ЧАНЦАЛНЯМ


[1] 2 дугаар хавтаст хэргийн 60-61 дэх талд

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 157 дахь талд

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 57 дахь талд

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 118 дахь талд

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 58 дахь талд

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 67 дахь талд

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 49 дэх талд

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 7, 9 дэх талуудад

[9] 2 дугаар хавтаст хэргийн 52 дахь талд