Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2019/0168/З |
Дугаар | 892 |
Огноо | 2019-12-11 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 892
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, шүүгч Ц.Мөнхзул, шүүгч Д.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х г” ХХК,
Хариуцагч: Ам,гтгКх,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаар шийдвэрийн “Х г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, иргэдийн төлөөлөгч О.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ё нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х г” ХХК-ийн захирал Ч.Б-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаар шийдвэрээр “Х г” ХХК-ийн ХҮ-020586 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэг. “Х г” ХХК нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын Мөрөн нэртэй 936,93 гектар талбай бүхий ХҮ-020586 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 623 дугаар шийдвэрийн дагуу эзэмшиж, үйл ажиллагаагаа Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу явуулж байсан.
Манай компанийн эзэмшлийн ХҮ-020586 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болж байсан тул ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаар 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 22.1.1-д “хайгуулийн тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар”, 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт” 22.1.4-т “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” гэж заасны дагуу баримт бичгийг бүрэн бүрдүүлэн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Ам,гтгКхт ХҮ-020586 дугаартай тусгай зөвшөөрлийг хугацааг сунгуулах өргөдлөө гаргасан.
Ашигт малтмалын тухай тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж заасны дагуу Ам,гтгКх нь манай компанийн 2018 оны 07 дугаар 27-ны өдөр гаргасан ХҮ-020586 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг сунгуулах өргөдлийг ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэх байтал 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 625 дугаар шийдвэрээр манай компанийн эзэмшлийн ХҮ-020586 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгаж, сунгалтыг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 7/6205 дугаартай албан бичгээр манай компанид мэдэгдсэн.
Ашигт малтмал, газрын тосны газар болон түүний Кадастрын хэлтсээс бидэнд төлбөр төлөх тухай мэдэгдлийг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 7/6164 тоор хүргүүлсэн гэсэн тайлбарыг өгдөг бөгөөд бид тус мэдэгдлийг хүлээн аваагүй.
Уг мэдэгдэл хүргүүлсэн гэх хугацаанд ХҮ-020586 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг сунгасан тухай шийдвэр гараагүй, бидэнд мэдэгдээгүй байхад төлбөр төлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн гэх тайлбар нь хууль бус бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийг олгосон өдрөөр тооцож урьдчилан төлөх (гүйцээн төлөх) боломжийг алдагдуулсан гэж үзэж байна.
Түүнчлэн бид сунгуулах өргөдлөө 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гаргасан байсан тул манай компанийн нь Ам,гтгКхтэй байнгын холбоотой байсан.
Хоёр. “Х г” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу 2018 оны 07 дугаар сарын 27-ны тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах өргөдлийн өргөдлийн үйлчилгээний хөлс болон тухайн жилийн төлбөрөө хамтад нь төлсөн бөгөөд Ам,гтгКхт ХҮ-020586 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг сунгуулах өргөдлийн хамт өгсөн.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаар шийдвэрээр “Х г” ХХК-ийн эзэмшлийн ХҮ-020586 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлагдсаныг тус байгууллагын цахим сайтаас мэдсэн.
Улмаар ямар шалтгаанаар манай компанийн эзэмшлийн ХҮ-020586 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсныг лавлахад ашигт малтмалын төлбөр дутуу төлөгдсөн байна гэж тайлбарласан тул бид үлдэгдэл төлбөрөө төлж 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №06 дугаар албан бичгээр Ашигт малтмалын газрын тосны газарт хүсэлт гаргахад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2019 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн 7/323 тоот албан бичгээр хүсэлтийг хүлээн авч тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх, боломжгүй байна” гэсэн хариу ирүүлсэн.
Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаартай манай компанийн эзэмшлийн ХҮ-020586 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг одоог хүртэл бидэнд гардуулж өгөөгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 56.3-т “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газар нь тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид ямар шалтгаанаар хугацаанд нь төлбөрөө төлөөгүй болох, хуульд заасан хугацаа хожимдуулан төлөх хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаарх тайлбар, нотлох баримт гаргах эрхийг хэрэгжүүлэх боломжийг олголгүйгээр ХҮ-020586 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан нь манай компанийн тусгай зөвшөөрөл эзэмших, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.
Мөн “Х г” ХХК нь 2015 оноос хойш хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайдаа үйл ажиллагаа тасралтгүй явуулж байсан бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс ХҮ-020586 тоот тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацааг сунгуулах өргөдлөө өгч Ашигт малтмал, газрын тосны газар, Кадастрын хэлтэстэй тогтмол холбоотой ажиллаж байхад Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 867 дугаар шийдвэрээр манай компанийн ХҮ-020586 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцээгүй байна гэж үзэж байна.
“Х г” ХХК-иас Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 93 дугаар зүйлийн 93.1-д заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гомдол гаргасан.
Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнгээс 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/1042 тоот албан бичгээр “ ...Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд бүрэн төлөөгүй” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн тул Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаар шийдвэрээр цуцлагдсан байна. Иймд танай гомдолд дурдсан ХВ-020586 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хариуг ирүүлсэн байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д заасны дагуу нэхэмжлэлээ гаргаж байгааг хүлээн авч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаар шийдвэрийн “Х г” ХХК-ийн ХҮ-020586 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэж заасан. 56.3 дахь хэсэгт энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ гэж заасан. Гэтэл Ам,гтгКх нь хуульд зааснаар манай компанид тусгай зөвшөөрлийн төлбөр дутуу байна гэсэн мэдэгдэл ирүүлээгүй. Харин 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр мэдэгдэл хүргүүлэх тухай 7/6164 дугаар албан бичгийг ирүүлж цуцлах үндэслэл бүрдэхийг мэдэгдсэн. 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 655 дугаар шийдвэрээр “Х г” ХХК-ийн ХҮ020586 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн. Үүнээс үзэхэд “Х г” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөрийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй. Үүнд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлөх зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Тиймээс Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаар шийдвэр нь нэхэмжлэгч компанийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр тул “Х г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох буюу захиргааны байгууллага нь шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч компани 3 жилийн төлбөрөө төлсөн. Мөн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан. Тусгай зөвшөөрөл олгосон өдрөөр төлбөрийг урьдчилж төлсөн байх ёстой гэж тайлбарлаж байна. Гэтэл сунгаж байгаа үйлдэл нь 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр биш 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр байна. Мэдэгдэл ирсэн. Буцаалт хийсэн эсэх асуудлын талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан ажиллагаа хийгээгүй. Өөрөөр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дардас даруулсан байсан би хаачсаныг нь мэдээгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар үнэхээр шуудангаар очиж хүмүүс хүлээж авсан эсэхийг тодруулах ажиллагаа хийгдээгүй байна. Хүлээлгэж өгсөн, хүлээж аваагүй гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс мэдэгдэл хүлээж аваагүй гэж марга байгаа. Нийтэд гарсан сайтын мэдээллээс харахад манай зөвшөөрлийг цуцалсан байсан. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон үндэслэлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тодруулж хэлсэн. Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан үндэслэл нь хэдэн төгрөгийн ямар зөрүү, яаж гарч байна гэдгийг тодруулах шаардлагатай гэж буцаасан. Тэгэхээр журналд бичигдсэнээс өөр дүнгээр бичдэг мэргэжилтэн байдаг юм байна. Тэгэхээр аль баримтад нь үнэлэлт дүгнэлт өгөх нь ойлгомжгүй. 10,000 төгрөг дутаж байна гэж тайлбар бичсэн хүмүүс журнал дээр байсан дүнгээсээ өөр дүн бичсэн байна. 10,000 төгрөг дутуу төлсөн байна гэдгийг мэдэгдсэн зүйл явуулсан бичиг дээр байхгүй. Дутуу төлсөн байна цуцлах үндэслэл болж байна гэсэн бичиг ирээгүй байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн хууль ёсны байх, үндэслэл бүхий байх, шуурхай болон зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэсэн бүхий байх гэсэн зарчим тогтоогдохгүй байна. Тиймээс мэдэгдэл очсон эсэхийг нотлох баримтыг дахин нягталж судалж байж маргааныг эцэслэн шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Шүүх бүрэлдэхүүн хуулийн дагуу шийдвэр гаргана гэдэгт итгэж байна” гэв.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Х г” ХХК-ийн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаар шийдвэрийн “Х г” ХХК-ийн ХV-020586 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Нэг. Ашигт малтмалын газрын /хуучнаар/ Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэрээр Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг “Мөрөн” нэртэй 936.93 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-018146 тоот тусгай зөвшөөрлийг “M” ХХК-д олгожээ.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 458 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг ХV-020586 дугаартай нөхөн олгож, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын тодорхойлолтыг үндэслэн компанийн оноосон нэрийг “Х г” ХХК болгон өөрчилсөн байна.
2018 оны 07 дугаар сарын 27-нд “Х г” ХХК-иас ирүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдлийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 625 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХV-020586 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс тооцож, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал 3 жилээр сунгаж, шийдвэрийн дагуу мэдэгдлийг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 7/6205 албан бичгээр хүргүүлсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар “Х г” ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХV-020586 тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 7/6164 тоотоор хүргүүлжээ.
“Х г” ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол ...” үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХV-020586 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Дээрх шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм.
Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-т заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж заасан ба “Х г” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн нь явуулсан албан тоот болон тус газрын 2018 оны “Баримт бичиг хүлээлцэх дэвтэр”-ийн хуулбараар баталгаажиж байна.
Хоёр. “Х г” ХХК-иас ирүүлсэн 2019 оны 02 дугаар сарын 13-нд ирүүлсэн гомдолд тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх боломжгүй гэсэн хариуг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/1042 тоот албан бичгээр өгсөн байна.
Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч “Х г” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уг тусгай зөвшөөрлийг 2015 онд “M ХХК-д олгосон. Жилийн дараа тусгай зөвшөөрлийн дугаар нөхөн олголтоор “Х г” ХХК-ний нэрээр өөрчилж 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 458 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэрийг өөрчилсөн. “Х г” ХХК нь тусгай зөвшөөрлөө 3 удаа 3 жилээр сунгуулах эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу сунгуулах өргөдөл гаргасан. Уг өргөдлийг Ам,гтгКх хүлээж аваад хавсаргасан материал нь бүрэн байна гэж үзэж 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаагаар сунгасан. Сунгасан тухай мэдэгдлийг 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүргүүлсэн. Кадастрын систем жил бүр тусгай зөвшөөрөл эзэмшигч хугацаанаасаа өмнө буюу нэхэмжлэгч компани болохоор 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн төлбөрийг бүрэн төлөх үүрэгтэй. Төлбөр төлөөгүй, дутуу төлөлттэй компаниудыг систем гаргаж ирдэг. Тэр компаниудын дунд нэхэмжлэгч компанийн нэр гарч ирэхэд нь тусгай зөвшөөрлийн төлбөр хариуцсан мэргэжилтэн компани руу нь мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэл хүргүүлсэн гэдгийг манайхаас явсан бичгийн шуудангийн бүртгэлээр нотолно. Нэхэмжлэгч компани сунгасан мэдэгдлийг хаягаараа авсан гэсэн. Гэтэл тусгай зөвшөөрлийн төлбөр дутуу байна гэсэн мэдэгдлийг аваагүй гэж тайлбарладаг. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр гарч тусгай зөвшөөрлийг цуцалсан. Уг шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт юм” гэв.
Иргэдийн төлөөлөгч О.Ш шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзэв” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдоос шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч “Х г” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 623 дугаар шийдвэрээр Говь-Алтай аймгийн Тайшир сумын Мөрөн нэртэй 936.93 га талбайд XV-018146 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “M” ХХК-д олгож, тус компани өөрийн нэрээ өөрчилсөнтэй холбогдуулан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 458 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг XV-020586 дугаартайгаар “Х г” ХХК-д олгож, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 625 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж , мөн хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэжээ .
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс XV-020586 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрч “захиргааны байгууллага нь хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлсөн гэж үзэж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн атлаа төлбөр дутуу талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй тул маргаан бүхий акт нь хууль бус” гэж маргасан ба хариуцагчаас “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг жил бүр урьдчилан төлөх үүргээ хэрэгжүүлээгүй, тусгай зөвшөөрлийн төлбөр бүрэн төлөгдөөгүй тул маргаан бүхий акт хууль тогтоомжид нийцсэн” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална”, 56.1.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заасан нь тусгай зөвшөөрөл эзэмшигч болон уг тусгай зөвшөөрлийг цуцлах эрх хэмжээ бүхий захиргааны байгууллагын хүсэл зоригоос үл хамааран тоологдох цаг хугацаанаас хамааралтайгаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон захиргааны байгууллагаас гүйцэтгэвэл зохих үйл ажиллагааг тодорхойлсон байх боловч захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан тохиолдолд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх хугацааг тодорхойлоогүй байна.
“Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргахад ээлжит жилийн төлбөр төлсөн байхыг шаардахгүй тул Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 625 дугаар шийдвэрээр XV-020586 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн” гэж тайлбарлах боловч хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж шийдвэрлэснээс хойш ямар хугацааны дотор хугацаа сунгагдсан жилийн төлбөрийг төлөх шаардлагатай талаар тайлбарлаагүй.
Энэ тохиолдолд буюу тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгагдсан жилийн төлбөр төлөх хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 20.3, 26.3.2, 26.3.3-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төлнө” гэж заасан хугацааг баримталж төлбөр төлөхийг шаардах нь мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үзэл баримтлалд нийцэхээр байна.
Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд түүний нөхцөл, шаардлага/ээлжит жилийн төлбөрийг төлж байсан эсэх, байгаль орчны менежментийг төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан эсэх, хайгуулийн тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн, зардлын доод хэмжээг хангасан эсэх/-ыг хэрхэн хангаж ажилласныг шалгахаас бус хугацааг сунгуулахаар хүсэлт гаргах үед сунгагдаагүй байгаа, эсхүл сунгагдах эсэх нь тодорхойгүй тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлөхийг шаардах хууль зүйн үндэслэлгүй тул захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж шийдвэрлэсний дараа тусгай зөвшөөрөл эзэмшигчид тухайн жилийн төлбөр төлөх үүрэг үүснэ гэсэн үг.
Гэтэл “Х г” ХХК нь XV-020586 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн 3 дахь жилийн хугацаа дуусгавар болсон 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш 10 хоногийн дотор уг тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөрийг бүрэн төлөөгүй болох нь тус компаниас 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлт гаргахдаа үйлчилгээний хөлс 1.000.000 төгрөг болон 4 дэх жилийн төлбөрт 408.000 төгрөг төлсөн баримтыг захиргааны байгууллагад хүргүүлсэн банкны төлбөрийн баримтууд болон хариуцагчаас ирүүлсэн журналын бичилт, төлбөр төлөлтийн мэдээллээр тус тус тогтоогдов .
Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр хайгуулын талбайн гектар тутамд эхний жилд 145 төгрөг, 2 дахь жилд 290 төгрөг, 3 дахь жилд 435 төгрөг, 4-6 дахь жилд тус бүр 1450 төгрөг, 7-9 дэх жилд тус бүр 2175 төгрөг, 10-12 дахь жилд 7250 төгрөг байна” гэж заасны дагуу “Х г” ХХК нь 936,93 гектар талбай бүхий XV-020586 тоот тусгай зөвшөөрлийн 3 дахь жилийн төлбөрт 407,564.55 төгрөг төлж байсан бол 4 дэх жилийн төлбөрт 1,358,548.5 төлөхөөр байхад 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 408.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 940,000.00 төгрөг нийт 1,348,000.00 төгрөг төлсөн байгаа нь төлвөл зохих төлбөрөөс 10,548.5 төгрөгөөр дутуу байна.
Түүнчлэн тус компанийн захирал Ч.Баярсайхан нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 7/6205 тоот мэдэгдлийг мөн сарын 12-ны өдөр хүлээн авсан атлаа өнөөдрийг хүртэл тусгай зөвшөөрлийн төлбөрийг бүрэн төлөөгүй байх тул нэхэмжлэгчийн “тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн атлаа төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалсан нь хууль бус” гэсэн тайлбар үндэслэлгүй, маргаан бүхий акт нь захиргааны байгууллагаас хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж гарсан хууль ёсны шийдвэр болжээ.
“Монгол шуудан” ХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 04/296 тоот албан бичиг болон түүний хавсралтад “Х г” ХХК-ийн шинэ хаягаар 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 08 цаг 55 минутад захирал н.Баярсайханд гардуулагдсан гэснээс үзвэл, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэж заасан үүргээ хариуцагч байгууллага хэрэгжүүлсэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн “...Ашигт малтмал, газрын тосны газар болон Кадастрын хэлтсээс бидэнд төлбөр төлөх тухай мэдэгдлийг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 7/6164 тоотоор хүргүүлсэн мэдэгдлийг хүлээн аваагүй” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Дээрхээс нэгтгэн үзвэл, нэхэмжлэгч “Х г” ХХК-ийн Ам,гтгКхт холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х г” ХХК-иас Ам,гтгКхт холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 867 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ