Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2019/00744

 

 Б.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 136/ШШ2018/00467 дугаар шийдвэр

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар магадлалтай

Б.Гын нэхэмжлэлтэй,

Ч.Цд холбогдох

Газрын үнэд өгсөн 1 500 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлагчид төлсөн 30 000 төгрөгийн хамт нийт 1 530 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

Газар ашигласны төлбөр 1 920 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Гын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагийнамжил, хариуцагчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Цгээс Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын 16 дугаар хэсэг, 400 м.кв талбай газрыг 2010 оны 10 сард 1 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 1 500 000 төгрөгийг өгсөн. Гэтэл уг газар нь Ч.Цгийн газар биш хүргэн Гарамгайгийнх нь болж маргаан үүссэн. Бид анхан болон давж заалдах шатны шүүхээр явж, Ч.Ц газраа авч, би барьсан байшингаа буулгаж авахаар шийдвэрлэсэн. Одоо Ч.Ц газрын үнэ болгож өгсөн 1 500 000 төгрөгөө буцаан гаргуулж авахаар нэхэмжлэл гаргаж байна. Ч.Ц эгч ч ойлгож ямар нэг маргаангүй газраа буцаан авсан болохоор авсан мөнгөө өгнө гэдэгт найдаж байна. Шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч улсын тэмдэгтийн хураамж 30 000 төгрөгөөр хохирлоо. Иймд 30000 төгрөгөө хохиролд тооцож, нийт 1 530 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Б.Г нь 2010 онд манай газраас 200 м.кв газрыг авахаар болж миний дансруу 1,5 сая төгрөгийг нэхүүлэн байж 2012.01.01-нд хийсэн байсан. Би газрын төлбөрийн мөнгийг нэмж өгөхийг шаардсан боловч надад ямар ч мөнгө төгрөг өгөхгүй явсаар байгаад манай газрыг 1 500 000 төгрөгөөр зарчихаад гэрчилгээгээ шилжүүлэхгүй байна гээд намайг шүүхэд өгсөн байсан. Сүүлдээ хүүхдүүд ч газрын мөнгө төгрөгөө гүйцээж өгч, авалцаж, тохиролцож чадахгүй байгаа юм чинь газраа буцаагаад авъя гээд энэхүү асуудлыг шүүхээр шийдвэрлүүлээд дууссан юм.

Би Б.Гд 1,5 сая төгрөгийг газар ашигласны төлбөрт тооцно гэж хэлсэн. Б.Г ч анх гаргасан нэхэмжлэлдээ уг мөнгийг гаргуулан авахаар нэхэмжилж байгаагүй. Б.Г нь манай газар дээр байшингаа бариад 8 жил болсон. Газар ашигласан үнэ төлбөрийг тооцоолбол /1 сарынх нь 15600 төгрөг х 96 сар=1497600 төгрөг/. Байшин хүнгүй байсан удаа байгаагүй, Б.Г өөрөө байшиндаа байдаггүй боловч дандаа таньж мэдэхгүй хүмүүсийг суулгаж, манай байшинг ашиглаж байсан.

Газар ашигласны төлбөр мөнгийг тусгасан гэрээ хэлцлийг би Б.Гтай хийж чадаагүй, Б.Г ч надтай гэрээ хэлцэл хийж өгөхгүй байсан зөвхөн амаараа ярилцаад л яваад байсан. Гэрээ хэлцэл хийсэн, хийгээгүй 2 тал аль аль нь адилхан хариуцлага хүлээнэ гэж үзэж байна. Мөн манай газар дээр байх хугацаандаа байшин дотроо бохир оруулсан, газарт шууд шингэхээр 00-г барьж ашиглаж байгаад сая нүүхдээ соруулж аваагүй, буулгаагүйгээс орчин тэр чигтээ бохир үнэртдэг болсон. Уг нь би Гтай аль болох хэл ам хийхгүйгээр өнгөрье гэж бодож явсан боловч ийм асуудлыг тавьж байгаа бол надад гаргаж тавих асуудал байгаа. Шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандах нь Б.Гын эрх бөгөөд би энэ эрхийг нь хязгаарлаагүй, тухайн тэмдэгтийн хураамжид тушаасан мөнгө нь надаас шалтгаалсан хохирол төлбөр гэж үзэхгүй байна. Б.Г нь газрыг худалдаж авахаар тохиролцож өгсөн гэж 1,5 сая төгрөг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Г нь манай газар дээр анх 2010 оны 9 сард өөрсдөө амьдрах зориулалтаар байшин барьж буусан бөгөөд буусан цагаасаа хойш уг газрын талаар байнгын хэл ам үүсгэдэг байсан. Гыг хэл ам, хэрүүл шуугиан үүсгээд байхаар нь газраа чөлөөлүүлж авахыг шаардсан, энэ талаар шүүхийн шийдвэр ч гарсан байгаа. Шүүхийн шийдвэр гарснаас хойш Б.Г нь шүүхийн шийдвэрийг сайн дураар, санаачлагаараа биелүүлээгүй ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжиж Гын байшинг 2018 оны 9 сард буулгасан юм. Б.Г нь манай газар дээр байшингаа 2010 оны 09 сард барьж ашиглалтад оруулаад 2010-2014 оны хооронд өөрсдөө амьдарч байсан ба 2014 оноос хойш Б.Г нь Залуус хороололд орон сууцтай болчихоод харин манй газар дээр барьсан байшиндаа 2014-2018 онд янз бүрийн хүмүүсийг оруулж, амьдруулж байсан. Б.Г байшиндаа хүн хөлсгүй суулгана гэж байхгүй. Тухайн байшинд ямар хүмүүс, хэзээнээс хэзээ хүртэл суусныг би зүс царайгаар нь танина, гэхдээ би эдгээр хүмүүстэй харилцаагүй. Г нь 2010-09 сараас 2018-10 сар хүртэл нийт 96 сар манай газар дээр байшингаа барьж, байшинд хүн амьдарч байсан учир би газар ашигласны төлбөрөө Б.Гаас 1 сарын 20 000 төгрөгөөр тооцож 1 920 000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Б.Гын нөхөр болох Батхүрэл, хадам ээж Мягмар нар анх надтай уулзаад манай газар дээр буухдаа ямар ч хүн танихгүй, газар мэдэхгүй, хүүхдүүдийг нь сургуульд суулгах гээд аваад ирсэн, тиймээс чи л нэг газар дээрээ буулгаач гээд гуйж байсан. Б.Гд ч би хэлж байсан, 1 500 000 төгрөгийн газар гэж байхгүй, газар ашигласны төлбөрт чинь энэ мөнгийг чинь тооцно гэж хэлээд Б.Гаас газар ашигласны төлбөр гэж нэхээгүй явсан. 2012 оны 09 сард 1,5 сая төгрөгийг Б.Г нэхүүлсний эцэст өгч байсан. Би газар дээрээ Б.Гыг үнэ өртөггүй буулгаагүй, хоорондоо тохирсон гэрээ хийх гэхээр Б.Г хэл ам үүсгэдэг, надтай ердөө уулздаггүй байсан. Б.Г манай газар дээр байшин барьж буугаад саяхан газар чөлөөлж явахдаа байшингаасаа гадагш гаргасан бохироо зайлуулаагүй явснаас болж манай гаднах орчин агаар болон хөрсөөрөө бохирдож, бохир үнэртдэг болсон. Мөн дулааны худгаа зайлуулаагүйгээс болж газраа ашиглаж чадахгүй байгаа. Нэг ёсондоо Б.Г нь дуртай үедээ манай газрыг ашиглаад, үнэ өртөг төлөхгүй дураараа аашилж байгаад гомдолтой байна. Тиймээс Б.Гаас газар ашигласны төлбөрийг гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2010 оны 09 сараас 2018 оны 10 сар хүртэл 96 сар амьдарч байсан, түүний төлбөр 1 920 000 төгрөг нэхэмжилнэ гэжээ. Энэ нэхэмжлэлийн шаардлага хууль бус учраас 1 ч төгрөг төлөхгүй, бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 136/ШШ2018/00467 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-д зааснаар хариуцагч Ч.Цгээс 1 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар 1920000 төгрөгийг Б.Гаас гаргуулахыг хүссэн Ч.Цгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 39 430 төгрөг, хариуцагчаас төлсөн 45 670 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Цгээс 38 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Гд олгож шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар магадлалаар: Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 136/ШШ2018/00467 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Цгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны 02 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2 дахь хэсэгт заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх “... анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж дүгнэв.” гэжээ.

Хариуцагч Ч.Ц, түүний өмгөөлөгч З.Алтанцэцэг нар нь анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд огт холбогдолгүй ... Гын ашиглаж байсан цэвэр усны хоолой талаар дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан бөгөөд анхан шатны шүүх ... хүсэлтийг хангах нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38,9-д заасныг үндэслэн хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Үүнийг давж заалдах шатны шүүх “хуульд заасан журам зөрчсөн“ гэж үзэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.3-т заасан эрхийг хангаагүй гэж үзсэн бөгөөд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д ... зохигч нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй гэж заасныг анхаарч үзсэнгүй.

Харин зохигч нь 38.6-д заасан эрхээ эдлэхийг хүссэн бол ...урьдчилан тухайн байгууллага, эрх бүхий этгээдэд хандсаны дараа шүүхийн журмаар гаргуулах боломжоо алдсан байна гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны 02 дугаар магадлалыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Г нь Ч.Цд холбогдуулан газрын үнэд өгсөн 1 500 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлагчид төлсөн 30 000 төгрөгийн хамт нийт 1 530 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, газар ашигласны төлбөр 1 920 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 1 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 30 000 төгрөгийн шаардлагыг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо “...шүүх хариуцагчид нотлох баримт бүрдүүлэх, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлэх боломж олгоогүй, нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасныг татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6. дахь заалтыг зөрчсөн, хэргийн материалтай танилцуулаагүй нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн...” гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3. дахь заалтад нийцээгүй байна.

Хариуцагч Ч.Ц нь нэхэмжлэгчийг 8 жилийн хугацаанд газар ашигласан гэх үндэслэлээр газрын төлбөрийг 1 сард 20 000 төгрөгөөр тооцож, нийт 1 920 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хэлэлцэх явцад буюу 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “...газрыг ашиглаж байсан зах зээлийн үнэлгээг тодорхойлуулах, тухайн газар дээр ашиглаж байсан дулааны болон бохирын худгийг буулгаж, зөөж, зайлуулахад гарах зардал, уг газрын хөрсний бохирдол бий эсэх, бохирдлын хэмжээг тодорхойлуулах, бохирдлын шалтгаан нөхцөл, сэргээх боломжтой эсэх, нөхөн сэргээхэд гарах зардлыг тооцуулах...”-аар шинжээч томилох хүсэлт гаргасныг шүүх 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, тус шийдвэрт хариуцагч гомдол гаргаагүй байна.

Түүнчлэн шүүх хуралдааны үед шинжээчийн дүгнэлт гарах хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хуралдааны үед гаргасан хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1., 105.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааныг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр товлож, хэргийн оролцогчдод хуралдааны товыг мөн өдөр мэдэгдсэн, шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч ирж хэргийн материалтай танилцах, хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан бөгөөд хариуцагчийг энэ эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй тул дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2010 оны 10 дугаар сард хариуцагч Ч.Цгээс Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын 16 дугаар хэсэгт байрлах 200 м.кв газрыг худалдан авахаар тохирч, 1 500 000 төгрөгийг шилжүүлэн өгч, маргаж буй газарт байшин барьж, 8  жил амьдарчээ.

Тус газар нь Ч.Цгийн хүргэн Ч.Гарамгайн эзэмшлийн газар байсан тул зохигчдын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах хэлцлийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, улмаар Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 136/ШШ2017/00217 дугаартай шийдвэр, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 202/МА2017/00023 дугаартай магадлалаар Б.Гыг албадан нүүлгэж, маргаж буй газрыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогджээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд Б.Г газрыг хүлээлгэн өгсөн тул газрын үнэд төлсөн 1 500 000 төгрөгөө буцаан нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймд худалдах-худалдан авах гэрээний төлбөрт төлсөн 1 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн байна.

Харин эвлэрүүлэн зуучлагчид төлсөн гэх 30 000 төгрөгийг түүнд учирсан хохиролд тооцох үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6. дахь заалтыг зөв тайлбарлажээ.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д зааснаар хүсэл зоригийн илэрхийллийг  нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.

Зохигч газрыг үнэ төлбөртэй ашиглах талаар харилцан тохиролцоогүй, нэхэмжлэгч нь газрын төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Түүнчлэн хариуцагч нэхэмжилж буй хугацаанд газрын төлбөр төлснөө нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв дүгнэж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 136/ШШ2018/00467 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Б.Гын гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Г.ЦАГААНЦООЖ

                           ШҮҮГЧ                                           Х.ЭРДЭНЭСУВД