Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 130/2018/00118/И |
Дугаар | 001/ХТ2019/00924 |
Огноо | 2019-06-14 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2019/00924
Т.А-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2019/00003 дугаар шийдвэр,
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 212/МА2019/00012 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Т.А-
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургууль
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: К.А-
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: М.А-
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2018-02-05-ны өдрийн Тушаалыг хүчингүй болгох тухай Б/02 дугаар тушаал, 2018-09- 19-ний өдрийн Б/41 дүгээр М.А-ыг ажилд томилох тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, тус сургуулийн хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг
Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2007-9-р сараас эхлэн Өлгий сумын 6-р ахлах сургуульд дуу хөгжмийн багшаар, Өлгий сумын 1-р бага сургуульд дуу хөгжмийн багшаар тус тус ажиллаж байгаад 2017-10-р сард орон тоо цөөрсөнтэй холбоотойгоор цагийн багш буюу түр ажилд шилжин ажиллах болсон. Миний бие боловсролын салбарт 12 дахь жилдээ тасралтгүй, чин сэтгэлээсээ ажиллаж байгаад өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас түр ажилтан болсон тул Засаг дарга, аймгийн ИТХ-н дарга, аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт өргөдөл гаргаж ажил олгож өгөхийг хүссэн. Ингэснээр Өлгий сумын Ерөнхий боловсролын 1-р бүрэн дунд сургуулийн захирал Х.Алмасбек 2018-01-18-ны өдөр намайг тус сургуулийн дуу хөгжмийн багшийн ажилд томилсон тухай тушаал гаргаж, мөн өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Уг тушаалын дагуу 2018-01-25-с эхэлж ажлаа хүлээн авч ажиллах ёстой боловч захирал Х.Алмасбекийн хадам ээж 2018-01-19-ний өдөр нас барсан тул захирал ажилдаа ирээгүйн улмаас ажлаа хүлээж авч чадаагүй. Улмаар 7 хоногийн дараа буюу 2018-01-29-ний өдөр Х.Алмасбек захирал ажилдаа ирэнгүүт түүний ажлыг шинээр томилогдсон захиралд шилжүүлэн өгсөн. Тийм учраас би шинээр томилогдсон захирал Х.Берикболтой уулзаж, ажилд томилогдсон тухай тушаал болон хөдөлмөрийн гэрээг хамтад нь үзүүлж ажил хүлээлгэж өгөхийг шаардсан. Гэтэл Х.Берикбол захирал чамайг ажилд томилсон тухай тушаалыг хүчингүй болгосон тул чамд ажил хүлээлцүүлэхгүй гэж хэлсэн. Нэгэнт хөдөлмөрийн гэрээ байгуулж, намайг тухайн байгууллагад гарч буй сул орон тоонд томилсон учраас надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахын тулд Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах ёстой байсан. Шинээр томилогдсон захирал надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үл тоомсорлож, ажил хүлээлгэж өгөхгүй, надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна. Иймд намайг Өлгий сумын Ерөнхий боловсролын 1-р бүрэн дунд сургуулийн захирлын 2018-01-18-ны өдрийн Ажилд томилох тухай 06 дугаар тушаалыг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Гуравдагч этгээдээр оролцож байсан К.А-ийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Гэвч тус сургуулийн захирал Х.Берикбол нь 2018-9-19-ний өдөр Б/41 дугаар тушаал гаргаж М.А- гэгчийг маргаан бүхий орон тоонд томилсон. Би уг тушаалыг хууль бус гэж үзэж байх тул Өлгий сумын Ерөнхий боловсролын 1-р бүрэн дунд сургуулийн захирлын 2018-9-19-ний өдрийн М.А-ыг ажилд томилох тухай Б/41 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна гэжээ.
Хариуцагч тайлбартаа: Тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Х.Алмасбек нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018-01-19-ний өдрийн Б/05 тоот захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн ба яг ажлаас чөлөөлөгдсөн өдөр хувийн ашиг сонирхлоор өөр сургуульд бүр орон тооны багшаар ажиллаж байсан Т.А-ийг сургуулийн дуу хөгжмийн багшаар томилсон тушаал гаргасан нь эргэлзээтэй. Учир нь сургуулийн захирлаар ажиллаж байсан Х.Алмасбек нь уг тушаалыг 2018-01-19-ний өдөр үйлдсэн атлаа маргаан бүхий тушаалын өдрийг засаж ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө 2018-01-18-ны өдөр үйлдсэн болгон хуурамч нотлох баримт гарган өгсөн. Тус сургуулийн дуу хөгжмийн багшаар 30 дахь жилдээ ажиллаж буй К.А- нь өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргаагүй, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй, өндөр насны тэтгэвэрт гарахад төрөөс олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг аваагүй, өндөр насны тэтгэврийг тогтоолгоогүй зэрэг нөхцөл байдал нь түүний оронд Т.А-ийг шууд томилох хууль зүйн үндэслэлгүй болохыг нотолж байна. Тухайн үед Т.А- өөрөө 1-р бага сургуульд цагийн багш, танай сургуульд орох гэж байна гээд учир байдлаа танилцуулаад ажилд орох хүсэлттэй байна гэж хэлсэн. Хөдөлмөрийн гэрээ байсан бол тушаалыг хүчингүй болгохгүй, ажлыг нь хүлээлгэж өгөх байсан. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээнд тус сургуулийн тэмдэг дарагдаагүй байгаа нь Т.А- сүүлд уг гэрээг ажлаас чөлөөлөгдсөн Х.Алмасбектэй хуйвалдан нөхөн хийсэн гэрээ гэж үзэж байна. Уг хэргээс анх би тамгагүй хөдөлмөрийн гэрээ харсан. Сарын дараа тамгатай хөдөлмөрийн гэрээ харсан. Хэрвээ уг хөдөлмөрийн гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан бол ажил олгогч гэсэн хэсэгт байгууллагын тэмдэг дарагдах ёстой ба хөдөлмөрийн гэрээ хийсэн бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой. Т.А-ийн байдлыг судлахад өөр сургуульд ажилладаг, чөлөөлөгдөөгүй, хөдөлмөрийн гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй, 17 цагтай, 2018-1-р сарын байдлаар жирэмсний амралттай багшийн цагийг нэмж аваад үндсэн багшийн цагтай ажиллаж байгааг нь мэдсэн. Хоёр орон тоонд нэг багш зэрэг ажиллах боломжгүй. Нэгэнт тухайн байгууллагаас чөлөөлөгдөөгүй байсан тул 1-р бага сургуулийн хичээлийн хуваарь буюу Т.А-ийн 3-р улирлын цагийн хуваарьтай танилцахад Т.А-ийн 3 дахь өдрийн 3 цаг, 5 дахь өдрийн 2 цаг, К.А-ийн мөн өдрийн 3 цаг, 5 дахь өдрийн 2 цагтай давхцаж байсан. Т.А- нь тус сургуулийн дуу хөгжмийн багшаар нэг ч өдөр ажиллаагүй, албан ёсоор багшийн ажлыг хүлээн аваагүй, дуу хөгжмийн багшийн ажилд томилсон тушаал нь эргэлзээтэй зэрэг нөхцөл байдлууд нь түүний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх боломжгүй гэдгийг харуулж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К.А- тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Би тэтгэвэрт гарах хүсэлт гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-т ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөр нь өгөх үүрэгтэй гэснийг ажил олгогч зөрчсөн. Би ажлаас чөлөөлөгдсөн өдөр хүртэл нэг ч төгрөгийн тэтгэмж аваагүй. Одоо хүртэл өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй тус сургуульд үндсэн багшаар ажиллаж байна. Би тухайн үед ажлаас чөлөөлөгдсөн асуудлыг огт мэдээгүй, надад ажил олгогчоос ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг гардуулан өгөөгүй, урьдчилан мэдэгдээгүй. 2018-01-22-ны өдөр ажлын байранд ажлаа гүйцэтгэж байхад үл таних нэг залуу ирж “...би таны ажлыг авахаар болсон...” гэхэд их гайхсан. Тэр залуу би аймагтай ярьж таны тэтгэмжийг яаралтай оруулж өгөх талаар арга хэмжээ авъя гэж хэлээд явсан. Нэхэмжлэгч одоо Өлгий сумын бага сургуульд багшаар ажиллаж байгаа, багшийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал гаргаагүй байгаа ба надаас ямар нэгэн ажил хүлээж аваагүй.Түүний хөдөлмөрлөх эрх зөрчигдөөгүй. Иймд Т.А-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.А- тайлбартаа: Т.А- өнөөдөр хүртэл Өлгий сумын 1-р бага сургуульд дуу хөгжмийн багшийн орон тоонд хөдөлмөрийн гэрээ байгуулан тасралтгүй ажиллаж төсвөөс цалин хөлс авч байгаа. Тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Х.Алмасбек нь захирлын ажлыг өгөхийн өмнө Орос хэлний багш Б.Еркегүл, физикийн багш Р.Булан, Монгол хэлний багш С.Саулеш нарыг сонгон шалгаруулалт явуулан шалгалт авч томилсон атлаа өөр сургуульд багшаар ажиллаж байсан Т.А-ийг сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилсон нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 20.1.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Би тус сургуульд анх 2016-11-р сараас цагийн багш, өөр хүний оронд түр ажиллах зэргээр 2018-9-17-ны өдөр хүртэл ажиллаж байсан. Ингээд тус сургуулийн захирлын 2018-9-17-ны өдрийн Б\41 тоот тушаалаар дуу хөгжмийн багшийн ажилд томилогдон одоо ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 130/ШШ2019/00003 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, Т.А-ийг хөдөлмөрийн гэрээнд заасан хөгжмийн багшийн ажил, үүргийг гүйцэтгүүлэхийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захиралд даалгаж, 2018 оны Б/41 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 212/МА2019/00012 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2019/00003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-н 37.2-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, ...өмгөөлөгчийн тайлбар, ...үзлэг, ...шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно”, мөн хуулийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэснийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Т.А- нь зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар 2018-02-14-ний өдөр шүүхэд гомдлоо гаргасан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс мөн өдөр ИХШХШТХ-н 38.6-т заасны дагуу үзлэг хийлгүүлэх тухай хүсэлт гаргасан, шүүхээс нэхэмжлэгчийн гомдолд иргэний хэрэг үүсгэж, өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Улмаар шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу 2018-2-19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1-р бүрэн дунд сургуульд үзлэг хийж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1-р бүрэн дунд сургуулийн захирлын 2018-1-18-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 05-р, 2018-01-18-ны өдрийн “Ажилд томилох тухай” 06-р, 2018-2-05-ны өдрийн “Тушаалыг хүчингүй болгох тухай” Б/02 дугаар зэрэг тушаалуудын хуулбарыг авч хэрэгт хавсаргасан байдаг. Дээрх нотлох баримтуудыг хууль журамд заасан үндэслэлээр цуглуулсан байх тул нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж байна. Нөгөө талаас хариуцагч тал уг нотлох баримтуудыг үгүйсгээгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Т.А- нь 2018-02-14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуульд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, захирлын 2018 оны Б/02, Б/41 дүгээр /хх1-41/ тушаалуудыг хүчингүй болгох, хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ
Хяналтын шатны шүүхэд хариуцагч гомдол гаргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасныг буруутгах баримтгүй байна.
Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Маргааны зүйл болсон, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2018-02-05-ны өдрийн Б/02 дугаар тушаалын хуулбар хэрэгт авагдсан нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2,168 дугаар зүйлийн 168.1.1-г зөрчөөгүй байна.
Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй тул магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 212/МА2019/00012 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ Б.УНДРАХ