Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2015/0273/З |
Дугаар | 442 |
Огноо | 2016-12-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 442
“Өгөөж хишиг” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгч “Өгөөж хишиг” ХХК-ийн захирал П.Амартүвшин, түүний өмгөөлөгч Д.Доржсүрэн, хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Учрал, гуравдагч этгээд Г.Жавхлантөгс, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 533 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2016/0681 дүгээр магадлалтай, “Өгөөж хишиг” ХХК-ийн ХХХнэхэмжлэлтэй, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 533 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, Хот байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.8, 7 дугаар зүйлийн 7.2.2, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.3, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.3, 23.4.4, 31 дүгээр зүйлийн 31.3, Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасныг баримтлан “Өгөөж хишиг” ХХК-иас Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт холбогдуулан гаргасан “иргэн Г.Жавхлантөгсийн нэгж талбарын 18644310126361 дугаартай 581 м.кв, 18644310125325 нэгж талбарын дугаартай 617 м.кв газрын давхацсан хэсгийг хүчингүй болгохыг Нийслэлийн өмчийн харилцааны газар, Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт даалгах, Г.Жавхлантөгсийн 15 давхар орон сууцны барилгын 467/2014 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, 400/2014 дугаартай Барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд баригдаж буй иргэн Г.Жавхлантөгсийн 15 давхар орон сууцны барилгын барилгын норм дүрэм зөрчсөн зөрчлийг арилгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2016/0681 дүгээр магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.
Гуравдагч этгээд Г.Жавхлантөгс, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан нараас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Өгөөж хишиг” ХХК нь Г.Жавхлантөгсийн нэгж талбарын 18644310126361 дугаар бүхий 581 м.кв, нэгж талбарын 18644310125325 дугаар бүхий 617 м.кв газар мөн Г.Энхтүвшингийн нэгж талбарын 18644310122388 дугаар бүхий 402 м.кв газрын давхацсан хэсгийг хүчингүй болгохыг шаардсан нэхэмжлэл гаргаад дараагаар нь Г.Жавхлантөгсийн 15 давхар орон сууцны барилгын 467/2014 тоот архитектур төлөвлөгөөний даалгавар, 400/2014 тоот барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, Г.Энхтүвшингийн 12 давхар орон сууцны барилгын 2013/48 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар ерөнхий төлөвлөгөөг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн юм. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг анх хүлээн аваад гуравдагч этгээдээр Г.Жавхлантөгс, Г.Энхтүвшин нарыг татсан боловч Г.Энхтүвшин нь уг газрыг З.Батгэрэлээс бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлэн аваад 2014 оны 08 дугаар сарын 07-нд Н.Баярмагнайд худалдсан. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаанаас үзэхэд уг газрыг 2005 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Л.Гэндэнжав, С.Сувдаа нар өмчилж авсан байхад “Өгөөж хишиг” ХХК-ийн давхацсан гэх газар нь 2006 онд мэдээллийн санд орсон байх тул газар давхацсан байх үндэслэлгүй бөгөөд миний өмчилж байсан газрын нэгж талбарын дугаарыг 18644310122388 дугаартай гэсэн нь миний өмчилж байсан газрын нэгж талбарын дугаараас зөрүүтэй байна гэсэн тайлбар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас Г.Энхтүвшингийн 12 давхар орон сууцны архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь хууль дүрэмд заагдсан хугацаа өнгөрсөн учраас автоматаар хүчингүй болсон гэсэн тайлбарыг тус тус ирүүлсэн тул анхан шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 544 дүгээр захирамжаар 2015 оны 3219 дүгээр захирамжид өөрчлөлт оруулж, Г.Энхтүвшинг гуравдагч этгээдээр татан оролцуулсан хэсгийг хүчингүй болгосон, үүнийг “Өгөөж хишиг” ХХК давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 97 дугаар тогтоолоор гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Дээр дурдсан шийдвэрүүд гарсны дараагаар “Өгөөж хишиг” ХХК нь хэний өмчлөлд байгаа, нэгж талбарын хэд дугаарт байгаа газрын давхцал архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах нэхэмжлэлээ зөвтгөн өөрчлөлгүйгээр зөвхөн Г.Энхтүвшинд холбогдуулан удаа дараа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсний дээр түүнийг гуравдагч этгээдээр татуулах тухай хүсэлт гаргасан тул захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1908 дугаар захирамжаар тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байсан Г.Энхтүвшинг шүүгчийн захирамжаар хэргийн оролцогчоос гаргасан. Иймд, Г.Энхтүвшингийн өмчлөлийн асуудлаар нотлох баримт цуглуулах нь тухайн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байх тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэж маш тодорхой заасан. Үүнийг давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 221/ШТ2016/0258 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн. Ийм учраас Г.Энхтүвшинд холбогдох баримт цуглуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүрэн зогссон, зөвхөн Г.Жавхлантөгст холбогдох хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа цааш үргэлжилсэн юм. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хамгийн сүүлийн хүсэлт шаардлагад үндэслэн цуглуулсан нотлох баримтынхаа хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байдаг. Тухайлбал, анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 533 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “шүүх хурал дээр “Өгөөж хишиг” ХХК-ийн захирал П.Амартүвшин болон түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг эцсийн байдлаар тодруулсны дагуу дараах нэхэмжлэл шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шүүх хуралдаанаар шийдвэр гаргалаа” хэмээн маш тодорхой дурдаж, хэргийг нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй Г.Энхтүвшингийн нэгж талбарын 18644310122388 дугаар бүхий 402 м.кв газрын /ийм газар байхгүй гэдгийг Г.Энхтүвшин болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар баталсан байдаг/ давхацлыг арилгуулах, архитектур төлөвлөлтийн даалгавар, ерөнхий төлөвлөгөөг хүчингүй болгуулах шаардлагатай холбогдуулж холбогдох нотлох баримтыг цуглуулах эсхүл тусгаарлах арга хэмжээ авалгүйгээр нэхэмжлэлийг шийдвэрлэлгүй орхигдуулсан гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй, тэрч байтугай хэргийн оролцогчоос хасагдсан Г.Энхтүвшинд холбогдох асуудлыг шийдвэрлээгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж... гэсэн заалтыг зөрчсөний дээр анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэхгүй гэсэн зарим заалтыг үл ойшоон үндэслэлгүй дүгнэлт хийснийг тухайн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх болно. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д заасныг удирдлага болгосон нь хуулийн дараах шаардлагыг зөрчсөн. Үүнд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэг нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно” гэсэн заалттай зөрчилдөж байна.Өөрөөр хэлбэл, Г.Энхтүвшинд холбогдох үйлдлийг шалгаагүй, тусгаарлаагүй, Г.Жавхлантөгст холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Яагаад гэвэл “Өгөөж хишиг” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь өөр өөр билээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3-т “давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэсэн заалтыг зөрчсөн, Г.Энхтүвшинд холбогдох материал болон нотлох баримтыг авч хэлэлцсэн нь хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. “Өгөөж хишиг” ХХК анхнаасаа манай барилгыг бариулахгүй гэхдээ дүр эсгэсэн нэхэмжлэл гаргаж, шүүхийн процессыг өөрийн зорилгодоо ашигласан юм. Өөрөөр хэлбэл, шүүх түүний зорилгодоо хүрэх арга хэрэгсэл байсан гэж хэлэхэд хатуудахгүй. Тухайлбал, анх 2014 оны 4 дүгээр сард нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд үүнээс хойш нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, хүсэлт гаргах, гомдол гаргах гэх мэтээр анхан шатны шүүхэд 15, давж заалдах шатны шүүхээр 9 удаа хэлэлцэгдсэний дээр шүүх хуралдааныг нийт 26 удаа хойшлуулж, шинжээч томилуулж, хэргийг түдгэлзүүлэх зэргээр хугацаа авсаар байгаад өнөөдрийг хүрч байгаа нь хавтаст хэргээс харагдана. Одоо анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх болбол дахин 2 жил шаардагдах болно. Бид “Өгөөж хишиг” ХХК-ийн энэ увайгүй хууль бус ажиллагаанаас болж банкны хүүгийн зээлийг урт хугацаагаар төлж байгаагийн дээр уг барилга маань ашиглалтад орохгүй байсаар байгаад орон сууцны үнийн уналтанд орж давхар хохирч байгаа тул энэ асуудал шийдвэрлэсний дараа гомдол нэхэмжлэлээ гаргах болно. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд бүгд цаг хугацааны хувьд энэ хэрэг маргаантай огт холбогдолгүй баримтууд гэдгийг шүүгч огноогоор нь хараад ойлгоно гэдэгт эргэлзэхгүй байна.
Тухайлбал: бид газар худалдаж аваад 31х15 метр талбайтай барилгын зураг төсөл зохиолгоод сууриа цутгаж эхэлтэл “Өгөөж хишиг” ХХК нь Барилга хот байгуулалтын яам, Газрын алба, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар гэх мэт газруудад зөвшөөрөлгүй барилга эхлүүллээ, холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэсэн гомдлыг гаргасны улмаас дээрх газруудаас хууль тогтоомж зөрчсөн гэж үзээд манай барилгын суурийг урт өргөнөөс нь хасуулж 24 х 12,8 метр болгон багасгасан. Энэ үед ирж байсан бичиг баримтыг одоогийн бодит барьсан барилгатай холбоотой мэтээр ярьж байсныг шүүхэд нотлох баримт болгон гарган өгч байгаа юм. “Өгөөж хишиг” ХХК болон миний худалдаж авсан газар хоорондоо давхцах гэсэн ойлголт огт байхгүй. Тухайлбал, иргэн Ч.Пүрэвээ, Д.Бадамжав /Ш.Нансалмаа/ нарт 2005 онд өмчлүүлсэн газрыг иргэн Ш.Нансалмаа 2010 онд кадастрын зураглал хийлгэсэн үед нь би худалдаж авсан. “Өгөөж хишиг” ХХК нь 2006 онд өөрийн гэх газраа эзэмших болсон бөгөөд 2011 онд кадастрын зураглал хийлгэсэн нь хавтаст хэрэгт хадгалагдаж байна. Нөгөө талаар намайг Ш.Нансалмаагаас газар худалдаж авах үед “Өгөөж хишиг” ХХК нь одоогийн өөрсдийн өмчлөл, эзэмшлийн газраа хэрмэн хашаагаар хашаад авчихсан, байшин барилгаа барьчихсан байсан шүү дээ. Бид хашааных нь гадаа 1 барилга барьсан болохоос өөр ямар нэгэн асуудал гаргаагүй билээ. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
“Өгөөж хишиг” ХХК-иас анх “тус компанийн газарт давхцуулан иргэн Г.Жавхлантөгст 18644310126361 нэгж талбарын дугаартай 581 м.кв, 18644310125325 нэгж талбарын дугаартай 617 м.кв газар, иргэн Г.Энхтүвшинд 18644310122388 нэгж талбарын дугаартай 402 м.кв газрын давхацсан хэсгийг хүчингүй болгохыг Нийслэлийн өмчийн харилцааны газар, Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Г.Жавхлантөгсийн 15 давхар орон сууцны барилгын 467/2014 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, 400/2014 дугаартай Барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл, Г.Энхтүвшингийн 12 давхар орон сууцны барилгын 2013/48 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, ерөнхий төлөвлөгөөг тус тус хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд баригдаж буй иргэн Г.Жавхлантөгсийн 15 давхар барилгын норм дүрэм зөрчсөн зөрчлийг арилгуулахыг даалгах” гэж нэмэгдүүлсэн байна.
Дээрх нэхэмжлэлээр үүсгэсэн захиргааны хэрэгт иргэн Г.Жавхлантөгс, Г.Энхтүвшин нарыг шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 3219 дүгээр захирамжаар гуравдагч этгээдээр татаж, Г.Энхтүвшингөөс “тухайн нэгж талбарын дугаар нь миний эзэмшлийн газрын кадастрын зурагтай таарахгүй байхаас гадна тухайн газрыг өөр этгээдэд шилжүүлсэн тул хэрэгт оролцох шаардлагагүй” гэсэн тайлбарыг ирүүлжээ.
Энэхүү нөхцөл байдлыг үнэлэн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 544 дүгээр захирамжаар иргэн Г.Энхтүвшинг гуравдагч этгээдээр татсан шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 3219 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон байх бөгөөд үүнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 97 дугаар тогтоолоор хэвээр үлдээж, хуулийн хүчин төгөлдөр болсноор Г.Энхтүвшин энэ хэргийн оролцогч биш болсон байна.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд “иргэн Г.Энхтүвшинтэй холбоотой” шаардлагаа дэмжиж мэтгэлцээгүй, шүүх иргэн Г.Жавхлантөгст хамаарах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болох нь хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байхад давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй, Г.Энхтүвшинтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага шийдвэрлэгдээгүй гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-т заасантай нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн бол” гэж заасан бөгөөд тухайн тохиолдолд, анхан шатны шүүх хэргийн оролцогч биш Г.Энхтүвшинд хамаарах шаардлагыг шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөргүй байх тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Өгөөж хишиг” ХХК анх Нийслэлийн Засаг даргын 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/224 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд 0,46 га газрыг ашиглах эрхтэй болж, 2006 оны 05 дугаар сарын 02-ны өдөр газрын мэдээллийн санд нэгж талбарын 18644310095343 дугаарт 4320 м.кв-аар бүртгэгдсэн байх бөгөөд эзэмшил газраа тэмдэгжүүлэн хашаалж, өнөөдрийг хүртэл эзэмшиж байна.
Харин “Өгөөж хишиг” ХХК-ийн зэргэлдээх 220, 221 тоот хаяг бүхий 581 м.кв, 617 м.кв газрын эзэмших эрхийг гуравдагч этгээд Г.Жавхлантөгс 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Газар худалдах худалдан авах гэрээ”-ээр иргэн Ш.Нансалмаагаас шилжүүлэн авсан байх бөгөөд уг газрыг анх Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 155 дугаар захирамжаар иргэн Д.Бадамжав, Ч.Пүрэвээ нарт өмчлүүлснийг Ш.Нансалмаа шилжүүлэн авсан байжээ.
Ийнхүү нэхэмжлэгч “Өгөөж хишиг” ХХК болон иргэн Ш.Нансалмаа, сүүлд гуравдагч этгээд Г.Жавхлантөгс нарын хил залгаа газар нь газрын мэдээллийн нэгдсэн санд давхцалтай бүртгэгдсэн боловч бодит байдалд давхцаагүй, нэхэмжлэгч, гуравдагч этгээд газраа хашаалж, тухайн хэмжээгээр эзэмших эрхээ хэрэгжүүлж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.
Мөн Г.Жавхлантөгс эзэмших эрх бүхий 1198 м.кв газартаа барьж байгаа 15 давхар орон сууцны зориулалттай цамхаг хэлбэрийн барилга нь “Өгөөж хишиг” ХХК-ийн хашаалан эзэмшиж буй газарт ороогүй болох нь тогтоогджээ.
Нэхэмжлэгч “Г.Жавхлантөгсийн барьж буй 15 давхар барилга нь барилгын норм ба дүрмийг зөрчсөн, манай барьж байгаа орон сууцны барилгатай хэт ойр байгаа нь галын аюулгүй байдал, газар хөдлөлтийг тэсвэрлэх чанар зэрэгт сөргөөр нөлөөлнө” гэсэнд “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр олгосон 467/2014 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон 400/2014 дугаар Барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах, холбогдох зөрчлийг арилгуулахыг даалгах” шаардлагаа үндэслэжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ш.Нансалмаа өөрийн эзэмшиж байсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Ойн-3-ын 220, 221 тоот хаягт байрлах газартаа 12 давхар орон сууцны зориулалттай барилга барихаар төлөвлөж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 2013/47 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон байх бөгөөд тэрээр холбогдох байгууллагаас техникийн нөхцөлүүдийг авч байсан боловч 2014 онд Г.Жавхлантөгст газар эзэмших эрхээ шилжүүлсэн байна.
Улмаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас Ш.Нансалмаагийн төлөвлөсөн барилгын суурийг багасган, гадна хана 24,8 х 15,8 метр байхаар төлөвлөн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 467 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Г.Жавхлантөгст олгосон нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 3-т “Барилгын эх загвар батлуулсан иргэн, хуулийн этгээдийн газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх өөр этгээдэд шилжсэн тохиолдолд барилгын эх загвар зургийг хамт шилжсэнд тооцно” гэж заасан журмын дагуу гүйцэтгэгджээ.
Г.Жавхлантөгс нь тухайн газарт баригдах барилгын зураг төслийг эрх бүхий этгээдээр боловсруулан батлуулж, холбогдох байгууллагаас техникийн нөхцөлийг авсан тул газар шороо, суурийн ажил эхлүүлэхийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 400/2014 дугаар Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон нь Барилгын тухай хуулийн /2008 он/ 16 дугаар зүйлийн 16.9, Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 6.12-т заасантай нийцсэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр олгосон 467/2014 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон 400/2014 дугаар Барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл нь Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль болон холбогдох журамд нийцсэн байхын зэрэгцээ нэхэмжлэгч “Өгөөж хишиг” ХХК-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасантай нийцсэн байна.
Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих Барилгын тухай хууль /2008 он/, Хот байгуулалтын тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Г.Жавхлантөгс, түүний өмгөөлөгч Р.Мэндсайханы гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2016/0681 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 533 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН