Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2019/00843

 

З.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

      Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2018/02889 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 297 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: З.Н-

          Хариуцагч: М.Б-д холбогдох

          7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч төлөөлөгч Б.Батмөнх, хариуцагч М.Б-, түүний өмгөөлөгч Э.Батбаяр, нарийн бичгийн даргад Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2014-4-26-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлж, М.Б-д 7 сая төгрөг зээлүүлсэн. Зээл, алданги шаардсан нэхэмжлэлийг гаргасан ч ХУД-н ИХАШШ-н 2018-2-12-ны өдрийн шүүхийн шийдвэрээр 2014-4-26-ны өдрийн гэрээ нь ИХ-н 56.1.2, 56.1.3-т заасан дүр үзүүлэх, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрлэсэн нэхэмжлэлд гэрээгээр шилжүүлсэн зүйлийг буцаан гаргуулах шаардлага гаргаагүй тул 7 сая төгрөгт холбогдох шаардлагыг шүүх шийдвэрлээгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Иймд З.Н-аас М.Б-д шилжүүлсэн 7 сая төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: Үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл байхгүй. 2014-4 сараас эхлэн өөрийн түрээсийн лангууг З.Н-д ашиглуулсны хөлсөнд авсан төлбөр бөгөөд нэхэмжлэгчийн хувьд ч тухайн түрээсийн лангууг ашиглан бусдад давхар түрээслэх зэргээр ашиг орлого олсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нь түрээсийн эрхтэй лангууг аваад давхар түрээслэсэн, мөн зодоон хийсний улмаас хураалгасан. Нэхэмжлэгчээс шалтгаалж лангуу хураагдсан учир 7 сая төгрөгийг буцааж өгөхгүй гэжээ.

       Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 184/ШШ2018/02889 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан М.Б-гаас 7 сая төгрөг гаргуулан  З.Н-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 127,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 126,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 297 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2018/02889 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 гэснийг 56 дугаар зүйлийн 56.5 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

        Хариуцагч хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нь 2014-4-26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу М.Б-гаас зээл, зээлийн хүү, алдангид нийт 11,620,000 төгрөг шаардсанаас шүүхээс зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, түрээсийн эрх худалдах-худалдан авах хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж гэж дүгнэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүний дараа нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах буюу шилжүүлсэн 7 сая төгрөгөө буцаан гаргуулах шаардлагыг ИХ-н 492-р зүйлд заасныг үндэслэн нэхэмжилснийг шүүхээс ИХ-н 56.1-р зүйлд заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж дүгнэн хариуцагчаас 7 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ. Гэтэл М.Б- нь З.Н-таас 2014-4-26-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу өөрөөр хэлбэл уг хэлцлээр 7 сая төгрөг шилжүүлж аваагүй байдаг. Харин талууд түрээсийн эрх худалдах-худалдан авах хэлцлийг хийж уг хэлцлээр 7 сая төгрөгийг М.Б- хүлээн авсан нь тогтоогдсон үйл баримтыг үнэлж, дүгнээгүй, түүнчлэн нэхэмжлэгч түрээсийн эрх худалдах, худалдан авах хэлцэл нь хүчин төгөлдөр эсэх, мөн уг хэлцлээр шилжүүлсэн 7 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хүчин төгөлдөр бус хэлцлээр хөрөнгө шилжүүлсэн гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        З.Н- 2018-08-23-ны өдөр нэхэмжлэл гаргаж, М.Б-гаас 7,000,000 төгрөг шаардаж, үндэслэлээ “...2014-04-26-ны өдрийн зээлийн гэрээг шүүх хүчин төгөлдөр бус гэж шийдвэр гаргасан тул уг хэлцлээр шилжүүлсэн мөнгийг гаргуулна...” гэжээ. 

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...мөнгө зээлж байгаагүй, харин лангуугаа 2014 оны 04 сараас эхлэн ашиглуулсны хөлс 7,000,000 төгрөг авсан ...үүнийг нэхэмжлэгч зээл гэж нэхэмжилж шүүх хэрэгсэхгүй болгож,шийдвэр хүчин төгөлдөр болсон...З.Н- нь лангууг бусдад давхар түрээслэж ашиг олох явцдаа тэр хүнтэйгээ маргаснаас нэг жил гаруй хугацаа өнгөрсний дараа надаас мөнгөө буцааж авна гэж байгааг зөвшөөрөхгүй... лангууг өөрийнхээ буруугаас түрээслэгчид хураалгасан учир би мөнгө төлөх ёсгүй...” гэж маргасан байна.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, 7,000,000 төгрөг гаргуулсныг хэвээр үлдээжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. З.Н-ын нэхэмжлэлтэй М.Б-гаас 7,000,000 төгрөг гаргуулах тухай энэ хэргийн талаар дүгнэлт хийхэд М.Б-гаас нийт 11,620,000 төгрөг шаардсан З.Н-ын нэхэмжлэлтэй, хүчин төгөлдөр шийдвэртэй иргэний хэргийн талаар тухайлан дурдах нь зүйтэй юм. Үүнд :

       М.Б-гаас нийт 11,620,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг З.Н- 2016-07-26-ны өдөр шүүхэд гаргасан бөгөөд энэ талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна.

      Тодруулбал, З.Н- нь М.Б-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2014-04-26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг, хүү 1,120,000 төгрөг, алданги 3,500,000 төгрөг нийт 11,620,000 төгрөг шаардсаныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016-10-17-ны өдрийн 184/ШШ2016/01180 дугаар шийдвэрээр бүрэн хангасан боловч давж заалдах шатны шүүх 2017-01-09-ний өдрийн 150 дугаар магадлалаар хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр хэргийг буцаажээ. /хх 40-41,42-43/

      Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дахин хэлэлцэж, 2017-06-07-ны өдөр 184/ШШ2017/01341 дугаартай шийдвэр гаргаж, зээлийн гэрээний үүрэгт нийт 11,620,000 төгрөг шаардсаныг хянаж үзээд, М.Б-с 7,000,000 төгрөг гаргуулан З.Н-д олгож, үлдэх 4,620,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгожээ. Давж заалдах шатны шүүх 2017-08-14-ний өдрийн 1811 дугаар магадлалаар уг шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна. Хяналтын шатны шүүх 2017-12-14-ний өдрийн 001/ХТ2017/01627 дугаар тогтоолоор шийдвэр,магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан /хх 8-10,11-13,44/ бөгөөд ийнхүү тогтоол гаргахдаа “...З.Н- 7,000,000 төгрөгийг “...зээлийн гэрээний зүйл...” гэсэн байхад түүний төлөөлөгч нь уг мөнгийг “...лангуу түрээслэх эрхийг худалдсан үнэ.” гэж тайлбарлан нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэлд заагаагүй эрх хэмжээг эдэлсэн байна...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийжээ. Өөрөөр хэлвэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөнөөс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 184/ШШ2017/01341 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1811 дугаар магадлалыг хяналтын шатны шүүх тус тус хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.   

      Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэж, 2018-02-12-ны өдөр 184/ШШ2018/00396 дугаар шийдвэр гаргаж, З.Н-ын нэхэмжлэлтэй М.Б-д холбогдох “...зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,000,000 төгрөг, хүү 1,120,000 төгрөг, алданги 3,500,000 төгрөг нийт 11,620,000 төгрөг...” гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг шийдвэрт /хх 14-16/ талууд гомдол гаргаагүй байв.  

      Дээр дурдсанаас үзвэл, зээл 7,000,000 төгрөг, хүү 1,120,000 төгрөг, алданги 3,500,000 төгрөг нийт 11,620,000 төгрөг шаардсан З.Н-ын нэхэмжлэлтэй М.Б-д холбогдох хэргийн талаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-02-12-ны өдрийн 184/ШШ2018/00396 дугаартай хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа нь тогтоогдсон байна.   

      2/. М.Б-гаас 7,000,000 төгрөг гаргуулах тухай энэ хэргийн талаар шүүх дүгнэлт хийхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгоно.

    З.Н- 2018-08-23-ны өдөр нэхэмжлэл гаргаж, М.Б-гаас 7,000,000 төгрөг шаардаж, үндэслэлээ “...2014-04-26-ны өдрийн зээлийн гэрээг шүүх хүчин төгөлдөр бус гэж шийдвэр гаргасан тул уг хэлцлээр шилжүүлсэн мөнгийг гаргуулна...” гэж заасан байгааг дээр дурдсан.

      Тодруулбал, 2014-04-26-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэхдээ уг гэрээний үр дагаварыг шүүх шийдвэрлээгүй бөгөөд энэ талаар зохигч гомдоогүй буюу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-02-12-ны өдрийн 184/ШШ2018/00396 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

      Хүчин төгөлдөр болсон шийдвэрийн талаар өөр хэргийг шийдвэрлэхдээ дүгнэлт хийх нь Иргэний хуулийн 8,9 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн зохицуулалтыг   зөрчинө. Иймд хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангасан нь буруу байна. 

       3/. 7,000,000 төгрөг гаргуулах тухай З.Н-ын шаардлагад хариуцагч нь “..зээлийн мөнгө биш, харин лангуу түрээсэлсэн мөнгө..” гэх агуулга бүхий тайлбар өгсөн  тул энэ талаар тус шүүхээс дүгнэлт хийх шаардлагатай гэж үзлээ.    

     Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

     Нэхэмжлэгч нь 7,000,000 төгрөгийг хариуцагчид зээлүүлсэн гэж шаардсаныг шүүх  хэрэгсэхгүй болгосон тул уг мөнгийг өөр үндэслэлээр буюу “... лангуу түрээслэх маргаантай холбоотой ..” мөнгө гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчинө. Өөрөөр хэлвэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-02-12-ны өдрийн 184/ШШ2018/00396 дугаар шийдвэрээр 7,000,000 төгрөгийг “...зээлийн гэрээтэй холбоотой...” гэж үзсэн байгаа,уг шийдвэрээр тогтоогдсон үйл баримт энэ хэргийг шийдвэрлэхэд холбогдолтой байна. Иймд нэхэмжлэгчийн шаардаж буй 7,000,000 төгрөг нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой нь тогтоогдсон гэж үзнэ.

    Түүнчлэн, хяналтын шатны шүүхийн 2017-12-14-ний өдрийн 001/ХТ2017/01627 дугаар тогтоолоос хойш буюу хэргийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018-02-12-ны өдөр хэлэлцэж 184/ШШ2018/00396 дугаар шийдвэр гаргахад  нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг З.Н- өөрчлөөгүй байсныг  дурдах нь зүйтэй болно.   

      Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлд заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2018/02889 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 297 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасныг баримтлан М.Б-с 7,000,000 төгрөг гаргуулах тухай З.Н-ын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 126,950 төгрөгийг М.Б-д захирамжаар буцааж олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ