| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 187/2018/0360/Э |
| Дугаар | 945 |
| Огноо | 2018-10-11 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 945
Х.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Мөнхцэцэг,
шүүгдэгч Х.Б,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 376 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Б-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1802 0028 40175 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
З овгийн Х-ын Б, 1986 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ..................................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /;
Х.Б нь 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Буян-Ухаа агаарын замын хилийн боомтоор Дорлигийн Балжинням гэх нэртэй Т0030399 дугаарын буцах үнэмлэхээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Х.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.Б-г Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад зааснаар Х.Б нь тэнсэн харгалзсан хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар Х.Б-д засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Х.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, хэрэгт хураагдаж ирсэн Д овогт Б гэсэн нэршилтэй Т0030399 дугаартай буцах үнэмлэхийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1163 дугаар “Шүүхийн шийдвэрийг залруулах тухай” захирамжид:
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 376 дугаар шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар...” гэж шийдвэрлэсэн техникийн шинжтэй алдааг хасаж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Х.Б нь тэнсэн харгалзсан хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.” гэжээ.
Шүүгдэгч Х.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 376 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Дээрх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах шийтгэл оногдуулсан ба миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, үүнийгээ ч анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж байгаа болно.
Надад тэнсэн харгалзах ял оногдуулсан хэсгийг хууль буруу хэрэглэж, хуулиар оногдуулж болохоос илүү хүнд ял оногдуулсан гэж үзэж гомдол гаргаж байгаа бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргээ хүлээж анхнаас нь үнэн зөв мэдүүлсэн зэргийг харгалзан үзээгүй гэж үзэж байна. Миний бие бүтэн өнчин бөгөөд надад түшиг тулгуур болох хүн байхгүй ганцаараа амьдардаг. Би тэнсэн харгалзах ялаас доогуур торгох ял оногдуулж өгөхийг хүсч байна. Учир нь би гадагшаа явж ажил хийх хүсэлтэй байдаг. Иймд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 376 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн тэнсэн харгалзах ялыг хөнгөрүүлж, торгох ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Н.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гаргасан байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж шүүхэд шилжүүлэхийг хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих” ял оногдуулахаар заасан байна.
Прокуророос энэ зүйлд заагаагүй тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр яллагдагчид танилцуулсан нь дээрх хуулийн зохицуулалттай зөрчилдсөн байна.
Иймд прокуророос шүүгдэгч Х.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлэхдээ “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ оногдуулах санал гарган танилцуулж”, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаж үзэх үүрэгтэй бөгөөд эдгээр нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй бол өөрөөр хэлбэл, яллагдагч прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн эсэх, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх зэрэг нь эргэлзээ бүхий байхад шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн нь буруу гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Х.Б нь “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор тэнсэж, хянан харгалзсаныг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг хангагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хуралдсан байхад шүүх хуралдааны тэмдэглэлд 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэж буруу бичсэн, энэ нь эрхэлсэн ажилдаа хайнга хандсанаас үүдэлтэй болохыг дурдаж, цаашид анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 376 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Бд холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.
2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Х.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД Б.ЗОРИГ
Ш.БАТ-ЭРДЭНЭ