Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 29

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

хохирогч Б.Давааням,

шүүгдэгч Д.Гантулга, түүний өмгөөлөгч Э.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Тогооч овогт Дамдинжавын Гантулгад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625010898 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Тогооч овогт Дамдинжавын Гантулга, 1971 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн Гурван булаг суманд төрсөн, халх, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо Монгол ташуур ХХК-д бутлагч ажилтай, урьд 2001 онд Баянзүрх дүүргийн шүүхээс эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар эрх хасч 80.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ГМ 71093015 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Д.Гантулга нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 2-ын задгайд оршин суух хохирогч Б.Даваанямтай “урьд зээлсэн нүүрсний мөнгө төлөх” асуудлаас буюу хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан улмаар түүний баруун хөл рүү өшиглөж газар унагаан нүүрэн тус газар нь өшиглөснөөс биед баруун шилбэний далд хугарал, дээд уруулд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

 

Хохирогч Б.Давааням шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр би хүүхдээ цэцэрлэгт өгчихөөд гэртээ байж байсан. Гэтэл Гантулга орж ирээд нүүрс зээлээч гэхэд нь нүүрс зээлэхгүй, мөнгөний хэрэг болоод байна гэж хэлсэн. Гэтэл Гантулга намайг гадаад ир гэж дуудсан. Тэгээд намайг чи нүүрс зээлчих л дээ гэж дахин гуйхаар нь чи урд нь зээлсэн нүүрснийхээ мөнгийг өгчихөөд зээл гэж хэлээд бид хоорондоо маргалдсан. Гантулга миний хөл рүү өшиглөөд намайг унахад дахин миний нүүр рүү өшиглөсөн. Тэгээд манай эхнэр Гантулгыг хөөж явуулсан. Дараа нь би гэмтлийн эмнэлэгт очиж хөлөө үзүүлэхэд хөл хугарсан гэж хэлсэн. Одоо Гантулгад гомдол санал байхгүй” гэв,

Хохирогч Б.Давааням мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 02 сарын 17-ны өдөр би өглөө бага хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 2-ын задгайд орших гэртээ ирсэн ба хоол халааж идээд сууж байтал гэрийн хаалгаар манай хажуу талын монгол ташуур ххк-ын хашааны манаач Гантулга шагайгаад нүүрс өгөөч гэсэн. Тэгэхээр нь би чамд нүүрс зээлэхгүй ээ өмнөх мөнгөө өгчихөөд нүүрс ав гэж хэлсэн. Тэгтэл Гантулга намайг гараад ир гэсэн, эхнэр хойноос чи гарч яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Би Гантулгатай хамт гартал Гантулга надад хандаж нүүрс өгчихөлдөө би хэд хоногоос мөнгийг нь өгнө гэж хэлсэн, би нүүрс өгөхгүй ээ өмнөх мөнгөө өгч байж ав гэж хэлсэн. Тэгэхэд Гантулга сүртэй пизда вэ гээд нүүрээ миний нүүрэнд тулгахаар нь Гантулгын амнаас муухай архины үнэр бас амныхан яр шарх нь харагдаад байхаар нь өрөөсөө холдуулаад аядуухан түлхсэн чинь надруу үсчиж цовчоод өрөлт аваад сонин болоод байсан ба хүрч ирээд намайг заамдахаар нь дахиад түлхсэн. Тэгээд би согтуу хүнтэй маргахгүй гээд эргээд харах гэтэл намайг түлхээд л унагаах шиг болоод нүүр рүү өшиглөсөн. Дараа нь миний хөлний шагай руу өшиглөчихлөө гэж бодсон яагаад гэвэл эхлээд нүүр рүү өшиглөсний дараа миний шагай янгинаад явчихсан юм, эхнэр хэлэхдээ Гантулга чиний шагай руу өшиглөөд унасны дараа нүүр рүү чинь өшиглөсөн гэж хэлсэн юм. Би тухайн үед Гантулгыг өөрөөсөө холдуулчихаад эргэж харах хооронд Гантулга намайг унагаах гээд түлхэхдээ давхар хөл рүү хавсарч өшиглөөд миний шагайг хугалсан, унасан хойно нүүр рүү нэг удаа өшиглөсөн дараа нь манай эхнэр гарч ирээд Гантулгыг хөөсөн юм...” гэсэн мэдүүлэг. /хх13-15/,

Гэрч: Б.Төмөртогоо мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...тэр хоёрыг гэрээс гараад 2-3 минутын дараа гэрийн гадаа пижигнээд байхаар нь би гутлаа өмсөөд араас нь гартал Гантулга нь манай нөхрийг нэг удаа өшиглөсөн. Тэгтэл манай нөхөр хөл сонин болчихлоо гээд доошоо тонгойгоод хөлөө илтэл Гантулга нүүр рүү нь өшиглөхөд манай нөхөр газар унасан дахиад өшиглөх гэхээр нь би чи одоо болиоч дээ яаж байгаа юм бэ гээд түлхээд холдуулаад чи хүнээс ингэж юм гуйдаг юмуу гэж хэлсэн ба цаана манай нөхрийн хамар амнаас нь цус гарчихсан босож чадахгүй байнаа гээд, хэвтээд байсан. Ийм л асуудал болсон. “...Заамдаж байгаад хавсарч унагаах гээд баруун шагай руу нь нэг удаа өшиглөсөн, тонгойход нь нүүр рүү өшиглөсөн, намайг харахад ийм л зүйл болсон юм...” гэсэн мэдүүлэг. /хх17-18/,

Гэрч Б.Лхагвасүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өглөө манай гэрийн хажууд байдаг найз Гантулгын гэрт унтаж байтал гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гартал аав Давааням газар баруун хөлийнхөө шагайн хэсгийг гараар барьчихсан хөл эвгүй болчихлоо гээд сууж байсан. Д.Гантулга ах цаашаа явж байсан, би хүрээд ир гээд дуудахад тоохгүй цааш явсан. Аавын хөлний гэмтлийг Д.Гантулга ах учруулсан байх...” гэсэн мэдүүлэг. /хх-19/,

Гэрч Э.Энхцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Удалгүй эхнэр нь араас нь гарсан би бас удалгүй араас нь гарсан. Намайг гарахад Давааням ах доошоо тонгойгоод хөлөө барьчихсан байсан ба Гантулга нүүр рүү нь өшиглөж байгаа харагдсан. Өөр цохиж зодсон зүйл болоогүй. Гантулгатай хамт амьдардаг надаас нэгээр эгч нэг хүүхэн байдаг тэр 2 бол байнга архи ууж хоорондоо зодолдоод байдаг юм...” /хх-20/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн шинжээчийн №2521 тоот дүгнэлтэнд:

  1. Давааннямын биед баруун шилбэний далд хугарал, дээд уруулд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүсэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 -т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт, /хх-24/,

Хохирогч Б.Даваанямын мэдүүлэг /хх-15/, гэрч Б.Төмөртогоогийн мэдүүлэг /хх17-18/,  гэрч Б.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /хх-19/, гэрч Э.Энхцэцэгийн мэдүүлэг /хх-20/, шинжээчийн дүгнэлт /хх24/, яллагдагч Д.Гантулгын мэдүүлэг /хх32, 34, 35/, ял шалгах хуудас /хх-38/, шүүгдэгчийн урьд ял шийтгүүлсэн таслан шийдвэрлэх тогтоол /хх39-40/, сэжигтэн Д.Гантулгын Монгол ташуур компанид гаргасан хүсэлт /хх-60/, хохирлын тодорхой хэсгийг төлж барагдуулсан баримт /хх-67/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Д.Гантулга нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 2-ын задгайд оршин суух хохирогч Б.Даваанямтай “урьд зээлсэн нүүрсний мөнгө төлөх” асуудлаас буюу хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан улмаар түүний баруун хөл рүү өшиглөж газар унагаан нүүрэн тус газар нь өшиглөснөөс биед баруун шилбэний далд хугарал, дээд уруулд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Д.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Гантулгыг бусдын бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогч Б.Давааням нь шүүгдэгч Д.Гантулгад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Гантулга нь урьд нэг удаа шүүхээр ял шийтгүүлж байсан боловч хуульд заасан ялтай байх хугацаа дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Тогооч овогт Дамдинжавын Гантулгыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.   Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Д.Гантулгыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Гантулгад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

           4.  Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Гантулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Д.Гантулгад оногдуулсан  1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай. 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

       7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Гантулгад бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР