Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2019/00854

 

“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/03605 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 262 дугаар магадлалтай

“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Н” ХХК, “Ш” ХХК-иудад холбогдох,

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол Сэлэнгэ 888/13343/ 48А байрны нэг давхарт байрлах 372.3 м.кв талбайг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Баттөрийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шагдарсүрэн, Ж.Цэцэгсүрэн, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Баттөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч нь иргэн Дэмчигсүрэнгийн Бат-Ундралтай 2014 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 2401/01/IC тоот зээлийн гэрээ байгуулж 400 000 000 /дөрвөн зуун сая/ төгрөгийг 12 сарын хугацаатайгаар олгосон. Зээлдэгч уг зээлийг Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Сэлэнгэ 888/13343/ 48А байрны 1 давхарт байрлах 372.3 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авах зориулалтаар авсан болно. Зээлдэгч Д.Бат-Ундрал нь дээрх зээлийн өр төлбөрийн асуудлаар банктай харилцан тохиролцож, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Төлбөр барагдуулж өмчлөх эрх шилжүүлэх гэрээний дагуу тус банкинд уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Сэлэнгэ 888/13343/ 48А байрны 1 давхарт байрлах Ү-2204054488 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий 372.3 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Чны өмчлөлд шилжин бүртгэгдсэн. Чны өмчлөлийн дээрх үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг одоо “Н” ХХК болон “Ш” ХХК-иуд нь ажлын байрны (оффисын) зориулалтаар ашигласаар байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгийг суллаж өгөхгүй, банкны эрх ашгийг зөрчсөөр байна. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Чинд үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болсон атал одоо хүртэл банкны өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг дээрх хариуцагч нар өөрсдийн хууль бус эзэмшилдээ байлгасаар байгаа болно. Энэ асуудлаар хариуцагч нарт удаа дараа мэдэгдэж, дуудан уулзах зэргээр арга хэмжээ авсан боловч үр дүнд хүрээгүй болно. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу “Н” ХХК болон “Ш” ХХК-иас өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэхийг шаардаж нэхэмжлэл гаргаж байна.

“Н” ХХК болон “Ш” ХХК-ийн хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Сэлэнгэ 888/13343/ 48А байрны 1 давхарт байрлах Ү-2204054488 тоот улсын бүртгэлийн дугаар Чны өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Н” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн “Н” ХХК болон “Ш” ХХК-ийн хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Сэлэнгэ 888/13343/ 48А байрны 1 давхарт байрлах Ү-2204054488 тоот улсын бүртгэлийн дугаар Чны өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэсэн шаардлагатай, хариуцагчаар “Н” ХХК болон “Ш” ХХК-г тус тус татсан нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Тухайлбал, нэхэмжлэлийн шаардлагад “Н” ХХК болон “Ш” ХХК-ийн хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Сэлэнгэ 888/13343/ 48А байрны 1 давхарт байрлах Ү-2204054488 тоот улсын бүртгэлийн дугаар Чны өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэсэн байна. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагад Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Сэлэнгэ 888/13343/ 48А байрны 1 давхарт байрлах Ү-2204054488 тоот улсын бүртгэлийн дугаар Ч гэж бичсэнээс үзэхэд Ү-2204054488 гэсэн тоо нь “Ч” ХХК-ийн өөрийн бүртгэлийн дугаар уу, түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар уу гэдэг нь тодорхойгүй байна. Хариуцагчаар татагдсан “Н” ХХК нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Сэлэнгэ 888 /13343/ 48А байрны 1 давхарт байрлах Ү-2204054488 тоот улсын бүртгэлийн дугаар Чны өмчлөлийн үйлчилгээний зориулалттай 372.3 м.кв талбайтай байрны цорын ганц хууль ёсны өмчлөгч байхад ямар үндэслэлээр “Ш” ХХК-ийг хариуцагчаар татсан нь ойлгомжгүй байна.

2. Хариуцагчаар татагдсан “Н” ХХК нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Сэлэнгэ 888/13343/ 48А байрны 1 давхарт байрлах Ү-2204054488 тоот улсын бүртгэлийн дугаар Чны өмчлөлийн үйлчилгээний зориулалттай 372.3 м.кв талбайтай байрны цорын ганц хууль ёсны өмчлөгч мөн байтал нэхэмжлэгч нь уг үл хөдлөх эрхийг эзэмших эрхийн гэрчилгээг хууль бус аргаар өөрийн нэр дээр давхардуулан гаргаж авсан нь энэ асуудлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлогдсон байдаг. Хэдийгээр үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрхийн гэрчилгээ нь өмчлөлийн эрхийн баталгаа гэж үзэх боловч гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байх тул үүнтэй холбогдуулан энэ иргэний хэрэгт сөрөг нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ сэргээлгэхээ үүгээр мэдэгдэж байна.

Зүй нь нэхэмжлэгч манай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус өмчилж байгаа энэ байдлаасаа татгалзаж, манай зээлийн барьцаа хөрөнгийг банкны тухай хууль тогтоомжийг зөрчин давхар барьцаалж бусдад их хэмжээгээр зээлсэн мөнгөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг хангахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ш” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “Н” ХХК болон “Ш” ХХК-ийн хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Сэлэнгэ 888/13343/ 48А байрны 1 давхарт байрлах Ү-2204054488 тоот улсын бүртгэлийн дугаар Чны өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэсэн шаардлагатай, хариуцагчаар “Н” ХХК болон “Ш” ХХК-ийг тус тус татсан нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч ямар үндэслэлээр манай компанийг энэ хэрэгт хариуцагчаар татсан нь тодорхойгүй байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Сэлэнгэ 888/13343/ 48А байрны 1 давхарт байрлах Ү-2204054488 тоот улсын бүртгэлийн дугаар Чны өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө манай компанид хамааралгүй бөгөөд бусдаас авах зээлийн гэрээний хэлэлцээрийн явцад уг зээлийн барьцаанд тавигдсан, ингэхдээ зээлийн гэрээг халхавчилсан бэлэглэлийн гэрээгээр бусдад шилжсэн байсан нь цаашлаад худалдах-худалдан авах гэрээ болж хувирч, гуравдагч этгээд болох одоогийн энэ хэргийн нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн эзэмшилд хууль бусаар очсон, улмаар уг өмчлөлийн хууль ёсны өмчлөгчийн эрхийг сэргээх асуудал тавигдах нь зүйтэй гэж үзэж байгаа.

2. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөдлөх эд хөрөнгө нь одоо манай компанийн байрлан үйл ажиллагаагаа явуулж байгаа үл хөдлөх эд хөрөнгө биш бөгөөд одоо манай компани байрлан үйл ажиллагаагаа явуулж байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь өөр эзэмшигчтэй үл хөдлөх эд хөрөнгө гэдгийг үүгээр мэдэгдье.

Иймд хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг хангахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/03605 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Сэлэнгэ 888/13343/ 48А байрны 1 давхарт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204054488 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 160 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 2 160 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 262 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/03605 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ш” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 160 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Баттөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч ИХШХШТХ-ийн 172-р зүйлийг үндэслэн доорх хяналтын гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь “Ш” ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. “Ш” ХХК нь энэ хэрэгт анхнаасаа хариуцагч болохгүй, маргаж буй үл хөдлөх хөрөнгөд хамааралгүй, тусдаа гэрчилгээтэй өөр байранд үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байтал одоо үйл ажиллагаа явуулж байгаа энэ байрнаас нь албадан гаргахаар шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх хурал болох үед энэ байдлаа хэлж нотлох баримтаар өөрийн үйл ажиллагаа явуулдаг байрны гэрчилгээг гаргаж өгөх хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШТ хуулийн 76-р зүйлийн 76.1.1-т “76.1.1 .хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох;” гэсэн заалтыг зөрчсөн, өөрөөр хэлбэл хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд шаардлагатай хангалттай нотлох баримт бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх хурал 2018 оны 11 сарын 28-нд болсон бөгөөд “Н” ХХК анхан шатны шүүх хурал болсон энэ өдөр буюу 2018 оны 11 сарын 28-нд өмгөөлөгч Л.Мөнхсайхантай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан өмгөөлөгчөөрөө авсан байдаг /хх 46-р тал/. Өмгөөлөгч Л.Мөнхсайхан анхан шатны шүүх хурал болсон энэ өдөр өмгөөлөгчид эрх үүрэг тайлбарласан тухай баримт /хх 28-р тал/, нөлөөллийн мэдүүлэг /хх 29-р тал/, хэрэг танилцуулсан баримт /хх 43-р тал/ зэрэгт гарын үсэг зурсан байна. Түүнчлэн анхан шатны шүүх өмгөөлөгч Л.Мөнхсайхантай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хэрэгт авагдаагүй гэсэн үндэслэлээр өмгөөлөгч Л.Мөнхсайханыг шүүх хуралд ажиглагчаар оролцуулжээ /хх 69-р тал/.

Дээрх баримтуудаас үзэхэд анхан шатны шүүх нь “Н” ХХК-ийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг бодитоор хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШТ хуулийн 167-р зүйлийн 167.1.5, 168-р зүйлийн 168.2.1-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил болсон байна.

Өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ бодитойгоор хэрэгжүүлж чадаагүйн улмаас хариуцагч нь өөрийн хүсэл зоригоо хууль зүйн хэлбэрт оруулан илэрхийлж чадахгүйд хүрч улмаар шүүхийн шийдвэр нь ИХШХШТ хуулийн 116-р зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.

ИХШХШТ хуулийн 166-р зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй атал давж заалдах шатны шүүх дээр дурдсан нөхцөл байдлыг хянан үзэж үнэлэлт дүгнэлт өгөөгүй байгаа нь ИХШХШТ хуулийн 172-р зүйлийн 172.2.2-т заасан шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зөрчил болсон байна.

Иймд ИХШХШТ хуулийн 176-р зүйлийн 176.2.5-д зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

“Ч” ХХК нь “Н” ХХК, “Ш” ХХК-иудад холбогдуулан, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол Сэлэнгэ 888/13343/ 48А байрны нэг давхарт байрлах 372.3 м.кв талбайг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч нарын өмгөөлөгч шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн үндэслэлээ:  “...анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчиж, хариуцагч “Н” ХХК-ийн өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулах эрхийг хязгаарласан, нотлох баримт бүрдүүлэх, гаргаж өгөх хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгосон байхад давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй, зөрчлийг засуулаагүй...” гэжээ.

Нэхэмжлэгч “Ч” ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр олгогдсон Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Сэлэнгэ 888/13343/ 48А байрны 1 дүгээр давхрын үйлчилгээний заал хаягт байршилтай 372.3 м.кв талбайтай, Үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Дугаар 000491637 гэрчилгээг үндэслэн дээрх өмчийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “Н” ХХК нь чөлөөлүүлэхээр шаардаж буй хөрөнгийг өөрийн өмч гэж, хариуцагч “Ш” ХХК чөлөөлүүлэхээр шаардаж буй талбайд үйл ажиллагаа явуулдаггүй тул манай компани хариуцагч биш гэж тус тус маргажээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн чөлөөлүүлэхээр шаардаж буй талбайд хариуцагч “Ш” ХХК  үйл ажиллагаа явуулдаггүй, манайд хамааралгүй гэж тайлбарлаж байхад хэргийн нөхцөл байдал, бодит байдлыг бүрэн тогтоолгүй, хариуцагч “Ш” ХХК-ийн хууль бус эзэмшлээс хөрөнгийг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3.-т эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй гэжээ.

“Ч” ХХК нь Д.Бат-Ундралтай байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-ний үндсэн дээр шаардаж буй хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “Ч” ХХК тус өмчийг өөрийн өмчлөлд шилжүүлж авах үед тус объект нь өмчлөх эрхийн талаар маргаантай, хариуцагч “Н” ХХК тус хөрөнгийг 2012 оноос хойш эзэмшиж, тухайн байранд байрлаж үйл ажиллагаа явуулж байсныг мэдсэн, мэдсээр байж авсан гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч нь эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэхийг зээлдэгч буюу худалдагч Д.Бат-Ундралаас шаардах эрхтэй, харин хууль ёсны эзэмшигчид шаардлага гаргах эрхтэй болох нь тогтоогдоогүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1.-д хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргана гэжээ.

Тус нэхэмжлэлд шүүгч 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 10 дугаар сарын 22, 11 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч нарт нэхэмжлэлийг гардуулан өгсөн байх ба хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариу тайлбараа 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн байна.

Шүүх 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэх тухай захирамж гаргахдаа шүүх хуралдаан товлосон үндэслэлээ заагаагүй, улмаар хариуцагч “Н” ХХК шүүх хуралдаан дээр нотлох баримт бүрдүүлэх, сөрөг нэхэмжлэл гаргах, гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.-д заасан хугацаанд талуудад эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангах үүрэгтэй, зохигч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзээгүй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол буруу биш байна.

 Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг засуулалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн нь зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 168 дугаар зүйлийн 168.1.1. дэх заалтад нийцээгүй гэж үзнэ.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч “Н” ХХК-ийн өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд оролцсон, үйлчлүүлэгч нь өмгөөлөгч авч, эрхээ хамгаалуулах эрхээр хангагдсан байх тул хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/03605 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 262 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Ш” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 160 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Х.СОНИНБАЯР     

                           ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД