Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 183/2016/00989/И |
Дугаар | 001/ХТ2019/00898 |
Огноо | 2019-06-11 |
Маргааны төрөл | Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компаний хувьцаа, бусад үнэт цаасны маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2019/00898
Л.Бын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02766 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 266 дугаар магадлалтай
Л.Бын нэхэмжлэлтэй,
Ж.Чд холбогдох,
2005 оны 05 дугар сарын 06-ны өдрийн “Т” ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, Ж.Чгээс “Т” ХК-ийн 314 114 ширхэг хувьцаа, 2008-2016 оны хувьцааны ногдол ашиг 190 210 617.80 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түвшинтамирын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхуяг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж, хариуцагч Ж.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Д.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Лутаа асан иргэн Ж.Ч нар 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “Т” ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг байгуулсан байдаг. Тус “Т” ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг Чингэлтэй дүүргийн 60 дугаартай нотариатч Ц.Сайнбаяр 2005 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 196 дугаарт бүртгэн гэрчилсэн. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/02046 дугаар шийдвэрээр нотариатын дээрх үйлдлийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 803 дугаар магадлал болон Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 001/ХТ2016/00805 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2-т ...Нэг тал нь өөрт бэлэн байгаа бүх эд хөрөнгө буюу түүний хэсгийг нөгөө талын өмчлөлд шилжүүлэх, эсхүл хязгаартайгаар эзэмшүүлж, ашиглуулах /узуфрукт/-аар үүрэг хүлээсэн гэрээг нотариатаар заавал гэрчлүүлнэ... гэж заасан. Нотариатын тухай 1997 оны хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т ...Нотариатын үйлдлийг эрхлэн хийх зааврыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална... гэж хуульчилсан болно. Хууль зүй дотоод хэргийн сайдын 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 216 дугаар тушаалаар баталсан Нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар-ын 4 дүгээр зүйлийн 4.1.1.4-т ...бэлэн байгаа эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, хязгаартайгаар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ /Иргэний хуулийн 190.2 дугаар зүйл/...-г заавал нотариатаар гэрчлүүлэхээр заажээ. Иргэн Р.Лутаа асан болон Ж.Ч нарын хооронд байгуулагдсан 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Т” ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийн 7-д ...нотариатаар бүртгүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр болно... гэж заасан бөгөөд хэлцлийг гэрчилсэн нотариатын үйлдэл хууль бус болох нь шүүхээр тогтоогдсон. Дээрх зүйлээс үндэслэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/02046 дугаар шийдвэрээр 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Т” ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон тул уг хэлцэл хүчин төгөлдөр бус болох хууль зүйн үндэслэлтэй. Ийнхүү иргэн Ж.Ч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр компанийн хувьцаа эзэмшигч гэсэн нэрээр ногдол ашиг авч байгаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Миний бие иргэн Л.Б нь Р.Лутаа агсаны өв залгамжлагч болох нь 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Бүртгэлийн 02 дугаартай “Т” ХК-ийн хувьцааг өв залгамжлан авсан өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдох тул энэхүү нэхэмжлэлийг гаргах эрхтэй гэж үзэх нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. Иргэн Р.Лутаа асан болон иргэн Ж.Ч нарын хооронд байгуулагдсан 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Т (ХК)-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д байх тул хүчин төгөлдөр бусд бусд тооцож, Ж.Чгээс “Т” ХК-ийн 314 114 ширхэг хувьцаа, 2008-2012 оны хувьцааны ногдол ашиг 85 547 833 төгрөг, 2013-2016 оны хувьцааны ногдол ашиг 104 662 784,80 төгрөг, нийт 190 210 617,80 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 1992 онд Оёдлын төв үйлдвэр хувьчлагдаж “Т” хувьцаат компани үүсэн байгуулагдахад анхны хувьцаа эзэмшигчдийн нэг болж улмаар 1996 онд “Т” ХК 687 680 ширхэг хувьцаа нэмж гаргахад нэр бүхий 7 хувьцаа эзэмшигч нартай гэрээ байгуулж дээрх хувьцааг хуваан эзэмшиж байсан. Эдгээр хувьцаа эзэмшигч нарын 5 нь өөрийн эзэмшлийн хувьцаанд ногдох хөрөнгөө тусгаарлан авч өөр компани үүсгэн байгуулсан. Хувьцаагаа зарсан зэрэг өөрчлөлтүүд орсны дараа миний бие хувьцаа эзэмшигч Р.Лутаатай харилцан тохиролцож өмнө байгуулж байсан гэрээ хэлэлцээрүүдийг тодотгох, нэмэлт өөрчлөлт оруулах замаар 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “Т” ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэл, хамтран шийдвэрлэх, ажиллах бусад зүйлийн талаарх хэлцлүүдийг байгуулсан. Тухайн үед Р.Лутаа “Т” ХК-ийн нэмж гаргасан хувьцааны асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж, түүний нэр дээр бүртгэгдсэн хувьцааны шилжилт хөдөлгөөн, арилжааг зогсоосон учир өөрийн эзэмшлийн хувьцааг шилжүүлж авах боломжгүй байсан бөгөөд 2006 оны 11 сард уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тэгтэл Р.Лутаа нас барьж хүү Л.Б нь өв залгамжлагч болж 2007 оноос хувьцаа эзэмшигч болж өв залгамжлагчийн хувьд Р.Лутаатай хийсэн дээрх 2 хэлцлийн үүргийг биелүүлэх байтал Л.Б нь Энэ гэрээ хэлцлийг мэдэхгүй, надад байхгүй, манай аав ийм гэрээ хэлцэл хийгээгүй, гарын үсэг нь биш, хууль бус хэлцэл учир хүчингүй болгуулна гэх мэтээр асуудалд хандаж байсан. Ингээд миний бие Л.Бтай холбогдуулан 2010 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд Р.Лутаа асаны өв залгамжлагч Л.Бын нэр дээр бүртгэлтэй байгаа хувьцаанаас миний эзэмших эрхтэй хувьцааг, мөн түүний өөртөө хувиарлаж авсан ногдол ашгийн мөнгийг тус тус гаргуулах нэхэмжлэл гаргасан. Л.Б 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Т” ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Шүүх энэ асуудлыг 2 жил шалгаад 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 999 дүгээр шийдвэрээр дээрх 2 хэлцэл нь хууль ёсны хүчин төгөлдөр хэлцэл байна. Л.Б өв залгамжлагчийн хувьд хэлцлийн үүргийг гүйцэтгэх үүрэгтэй гээд Л.Бын нэр дээр бүртгэлтэй байгаа “Т” ХК-ийн хувьцаанаас 314 114 ширхэг хувьцааг, мөн Л.Баас 66 906 282 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.Ч надад олгохоор, мөн Л.Бын гаргасан 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Т” ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба талуудын гаргасан гомдлыг хянан хэлэлцээд Улсын дээд шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 751 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа 2013 оны 5 сард миний бие Р.Лутаа асаны өв залгамжлагч Л.Баас 314 114 ширхэг хувьцаагаа шилжүүлэн авсан.Л.Бын шүүхэд гаргасан “Т” ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг шат шатны шүүх хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн Ж.Ч би өөрийн эзэмшлийн хувьцаагаа эзэмшиж “Т” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс гарсан тогтоол шийдвэрийг үндэслэн Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвөөс ногдол ашгаа авч байгаа билээ. Иймд Л.Бын гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр бусад тооцуулах гээд буй Р.Лутаа, Ж.Ч нарын хооронд байгуулагдсан 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Т ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг хуульд нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл мөн гэж дүгнэж шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 999 дугаартай шийдвэр өнөөг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа. Нэхэмжлэгч нь 2012 онд шийдвэрлэгдсэн дээрх иргэний хэрэгт сөрөг нэхэмжлэлээр одоогийн нэмэгдүүлсэн шаардлагатай ижил агуулгатай буюу ...иргэн Ж.Ч нь хууль бусаар ногдол ашиг авч байгаа... гэх үндэслэлээр ногдол ашиг шаардаж байсан. Өөрөөр хэлбэл миний бие хуульд харшлаагүй, хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр “Т” ХК-ийн тодорхой тооны хувьцааны эзэмшигч болж түүнд ногдох ногдол авч байгаа нь хууль ёсны үйлдэл. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02766 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Бын хариуцагч Ж.Чд холбогдуулан 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Т” ХКомпанийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, Ж.Чгээс “Т” ХК-ийн 314 114 ширхэг хувьцаа, 2008-2012 оны хувьцааны ногдол ашиг 85 547 833 төгрөг, 2013-2016 оны хувьцааны ногдол ашиг 104 662 784.80 төгрөг, нийт 190 210 617.80 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Баас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 249 403 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 266 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02766 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 249 403 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түвшинтамир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Л.Бын нэхэмжлэлтэй иргэн Ж.Чд холбогдох 2005 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Т” ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэл /цаашид “Хэлцэл” гэх/-ийг хүчин төгөлдөр бусд тооцож, Ж.Чгээс “Т” ХК-ийн 314 114 ширхэг хувьцаа, 2008-2012 оны хувьцааны ногдол ашиг 85 547 833 төгрөг, 2013-2016 оны хувьцааны ногдол ашиг 104 662 784, 80 төгрөг, нийт 190 210 617,80 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02766 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 266 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсгийг баримтлан дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.
Давж заалдах шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болох нь дараах үндэслэлээр тогтоогдож байна. Үүнд:
Анхан болон давж заалдах шатны шүүхүүд "Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсгийн хүрээнд тодорхойлж, 2005 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Т” ХХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх шаардлага зөрчсөн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна" гэж дүгнэсэнд гомдолтой байна.
Давж заалдах шатны шүүх “...гэрээний зүйл нь “Т” ХК-ийн 314 114 ширхэг хувьцааг хуваан эзэмших, шилжүүлэх тохиролцоо байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан гэрээнд заагдаж буй хөрөнгө нь Т ХК-ийн 314 114 ширхэг хувьцаатай холбоотой байх бөгөөд эдгээр хувьцаа эзэмших эрх нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5 дахь хэсэгт зааснаар эдийн бус хөрөнгө болно.." гэж заасан нь учир дутагдалтай дүгнэлт болжээ.
Учир нь Иргэний хуулийн 83 дугаар зүйлд “Аливаа этгээд нь хуулиар хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюун санааны үнэт зүйлс, эрхийг олж авч болох ба энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно” гэж заасан бөгөөд мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-т Эд хөрөнгө үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө байна”, 84 дүгээр зүйлийн 84.3-т "Энэ хуулийн 84.3-т зааснаас бусад эд юмс хөдлөх хөрөнгөд хамаарна” гэж заасан байдаг.
Харин Иргэний хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 -д "Хууль буюу гэрээнд заасан бол эд хөрөнгийн дагалдах бичиг баримт буюу үнэт цаасыг шилжүүлснээр тухайн эд хөрөнгийн емчлөх эрх шилжсэнд тооцно” гэж зааснаар үнэт цаас нь тухайн эд юмс буюу эд хөрөнгийг өмчлөх эрхийг нотлож буй дагалдах бичиг баримт бөгөөд Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд заасан эд юмсын эрх зүйн дагуу үнэт цаасыг шилжүүлснээр /Иргэний хуулийн онолын тайлбар 2010 он-197-198 тал/ түүгээр гэрчлэгдэх эрх ч мөн шилжүүлж байгаа этгээдэд шилждэг. Харин ийнхүү хувьцаа буюу үнэт цаасыг өмчлөх эрхээ бусдын өмчлөлд шилжүүлж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2-т заасны дагуу нотариатын оролцоотойгоор гэрчлүүлснээр тухайн хэлцэл хүчин төгөлдөр болох хуулийн зохицуулалт үйлчлэх учиртай.
Түүнчлэн Компанийн тухай хууль /1999 он/-ийн 33 дугаар зүйлийн 33.1-д "Үнэт цаасны тухай хуульд цаасны дагуу хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг эрхийг гэрчилнэ" гэж заасан нь үнэт цаасыг эдийн бус баялаг буюу оюуны үнэт зүйл шууд дүгнэхэд учир дутагдалтай байх атал Давж заалдах шатны шүүх “... хувьцааг Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5 дахь хэсэгт зааснаар эдийн бус хөрөнгө болно..." гэж тодорхойлсон нь буруу байна.
Учир нь нэгэнт өөрт байгаа эд хөрөнгийн өмчлөх эрхийг нотолсон дагалдах бичиг баримтыг бусдын нэр дээр өмчлөх эрхийг нь шилжүүлж байгаа гэрээ хэлцлийн тухайд Иргэний хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2-т "...өөрийн бэлэн байгаа хөрөнгөө, эсхүл түүнийхээ хэсгийг бусдад шилжүүлэх үүрэг хүлээж байгаа этгээд бүр энэ гэрээг нотариатын оролцоотойгоор байгуулах үүрэгтэй" гэж заасан нь хамаарах хууль зүйн үндэслэлтэй юм.
Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр ^гэрчлүүлнэ" гэж заасан хуулийн шаардлага хангагдсан дээрх нөхцөлд өмч хөрөнгөө бусдад шилжүүлж буй гэрээ хэлцэл нь хуулийн хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т “хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн бол хэлцэл хийсэн" гэж үзэхээр зохицуулсан хуулийн зохицуулалтыг огтхон ч анхаарсангүй.
Хэдийгээр Давж заалдах шатны шүүх нь хэлцлээр Ж.Чд “Т” (ХК) Компанийн 314 144 ширхэг хувьцааг шилжүүлэн, хувааж эзэмшихтэй холбоотой тохиролцоо болохыг зөв дүгнэсэн боловч “...Иргэний эрх зүйн харилцааны оролцогч нь өөрийн өмчлөл, эзэмшлийн тодорхой хөрөнгийг захиран зарцуулах бусдад шилжүүлэхтэй холбоотой хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх шаардлагыг хуулиар тусгайлан заагаагүй байна..." гэж Иргэний хуулийн 190 дугаар зүйлийн 190.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэж чадаагүйд гомдолтой байна.
Давж заалдах шатны шүүх “Маргаж буй гэрээний зөвхөн “Т” ХХК-ийн хувьцааг хэн хэн, хэдэн ширхэгийг хувааж эзэмших талаар тохиролцсон болохоос тухайн этгээдүүдийн хөрөнгийг бүхэлд нь эсхүл тодорохой хэсэг хувь хэмжээгээр тооцон шилжүүлсэн агуулга байхгүй байна. Өөрөөр хэлбэл, тодорхой эдийн бус хөрөнгөтэй холбоотой хэлцэл байна” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэсэнд гомдолтой байна.
Анхан болон давж заалдах шатны шүүхүүд талууд өөрсдийн эзэмшиж байгаа “Т” ХК-ийн хувьцааг цаашид хэрхэн эзэмших талаар харилцан тохиролцсон агуулгаар хийгдсэн гэрээ байна гэж дүгнэхдээ ямар нотлох баримтыг үндэслэж, хувьцааг хэн хэн хэдэн хувиар эзэмших эсэх асуудал нь нэг тал нөгөө талдаа хөрөнгө шилжүүлэхтэй огт хамааралгүй мэтээр дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг эрхийг гэрчлэх атал хувьцаа түүнд ногдох эд хөрөнгийн эрхийг тодорхой эдийн бус хөрөнгө гэж дүгнэснээрээ Иргэний хуулийн эд хөрөнгийн ерөнхий зарчимтай зөрчилдсөн болохыг хяналтын шатны шүүхээс анхаарахыг хүсье.
Хэрэгт авагдсан бүхий л шүүхийн шийдвэр, магадлал тогтоолоор хэлцэлд дурдагдсан хувьцаа нь талийгаач Р.Лутаагийн өмчлөл, эзэмшил болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж, төлбөр тооцооны төвд түүний нэр дээр бүртгэлтэй “Т” ХК-ийн хувьцаа болох талаар үйл баримт тогтоогддог, хариуцагч Ж.Чимидцэрэн энэ талаар маргаагүй байхад илт хийсвэр дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх, нотлох баримтууд дээр үндэслэсэн байх шаардлагыг хангаагүй болно.
Анхан шатны шүүхийн “...Хэрэгт авагдсан баримтаар болон зохигчдын тайлбар зэргээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл өмнө нь гаргаж байсан сөрөг нэхэмжлэлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагын хууль зүйн үндэслэлээс өөр байх хэдий ч нэхэмжлэлийн зуйл болох “Т“ ХК-ийн хүвьцааг хувааж эзэмших хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэл мөн гэж дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэх заалтад хамаарна гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно..." гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүйд гомдолтой байна.
Анхан шатны шүүх нь дээрх дүгнэлтийг хийх нь тодорхой байсан гэдгийг энэ ялдамд дурдахаас аргагүй байна. Учир нь дээрх хэрэг маргааны талаар шүүгч нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 183/Ш32018/00543 дугаар захирамж гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг удирдлага болгож хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан ба ингэхдээ мөн л шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт гэж дээрх үндэслэлийг заасан байдаг нь шүүгчийн дотоод итгэл үнэмшилтэй холбоотой юм.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан “... Шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй ...” гэсэн зарчим зөрчигдөх нь шүүх хурлын эхнээс ойлгомжтой байсан бөгөөд шүүгч нэхэмжлэлийн үндэслэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдааны явцад гаргаж байсан тайлбар болон дүгнэлтийг хууль зүйн ухамсрыг баримтлан өөрийн дотоод итгэлээр үнэлэх хүсэлгүй байсан.
Маргаан бүхий 2005 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Т” ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах эсхүл хүчин төгөлдөр бус байх хэлцлийн аль шаардлага нь байгааг огт ялгалгүйгээр шууд өмнө гаргаж байсан ... Мөн 2005 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2 хэлцэл нь 9 дүгээр тогтоол 2005 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүчингүй болсноос хойш буюу “биржийн бус замаар хувьцаат компанийн хувьцааг худалдахыг эрх зүйн хувьд зогсоосноос” хойш журам зөрчиж хийсэн байх тул маргаан бүхий 2 хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хууль бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна ...” гэсэнтэй хамаатуулан дүгнэлт өгсөнд гомдолтой байна.
Хэдийгээр Ж.Чимидцэрэнгийн нэхэмжлэлтэй Л.Бад холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр бий боловч тухайн хэрэг маргааны нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл огт өөр гэдгийг шүүхээс анхаараагүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 2005 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Т” ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэл”-ийг анхнаасаа хуулийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж байгаад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийгээгүй болно.
Иргэн Л.Б нь 2005 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Т” ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Ж.Чгээс “Т” ХК-ийн 314 ширхэг хувьцаа, 2008-2012 оны хувьцааны ногдол ашиг 85 547 833 төгрөг, 2013-2016 оны хувьцааны ногдол ашиг 104 662 784, 80 төгрөг, нийт 190 210 617.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн 3 шаардлага гарсан атал анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь хувьцаа болон ногдол ашгийн мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудад огт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, шийдвэрлээгүй орхигдуулсан бөгөөд хяналтын шатны шүүхээс Үнэлэлт, дүгнэлт өгч үндэслэл бүхий шийдвэрийг гаргана гэдэгт итгэлтэй байна.
Иймд хяналтын шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02766 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 266 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Батсүх гомдолд гаргасан хариу тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэг. Гомдлын нэг, хоёр дахь үндэслэлийн талаар.
1. Нэхэмжлэгч “...Р.Лутаа, Ж.Ч нарын хооронд 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан “Т” ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бусад тооцуулах...”-аар шаардсан бөгөөд уг гэрээний зүйл нь “Т” ХК-ийн хувьцаа байдаг.
Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулсан этгээд өөрийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр “санал өгөх", “ногдол ашиг авах”, “компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдснаас олсон орлогоос хувь хүртэх” зэрэг эрхийг гэрчилдэг биет бус зүйл.
Анхан шатны шүүх “...дээрх хэлцэл ... нэхэмжлэлийн үндэслэл болгосон Иргэний хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2-д заасан ... гэрээнд хамаарахгүй ...” гэж, давж заалдах шатны шүүх “...гэрээний зүйл нь “Т” ХК-ийн 314 114 ширхэг хувьцааг хуваан эзэмших, шилжүүлэх тохиролцоо байна. ... эдгээр хувьцаа эзэмших эрх нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5 дахь хэсэгт зааснаар эдийн бус хөрөнгө болно...” гэж тус тус дүгнэсэн нь Компанийн тухай хуулийн дээрхи зохицуулалтад нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт болсон гэж үзэж байна.
Гомдол гаргагчийн зүгээс Р.Лутаа, Ж.Ч нарын хооронд байгүудагдсан “”Т” ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэл”-ийн зүйл болох “Т” ХК-иин хувьцааг эд хөрөнгө гэж үзэж Иргэний хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсэгт зааснаар уг гэрээг нотариатаар заавал гэрчлүүлэх ёстой гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн “...талууд өөрсдийн эзэмшиж байгаа “Т” ХК-ийн хувьцааг цаашид хэрхэн хуваан эзэмших талаар харилцан тохиролцсон агуулгаар хийгдсэн гэрээ байна...” гэж дүгнэхдээ нотлох баримтад үндэслээгүй гэсэн агуулга бүхий гомдлыг нэхэмжлэгчийн төлөөлөгч гаргажээ.
Р.Лутаа, Ж.Ч нарын хооронд 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан “Т” ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэл нь маргааны гол зүйл болж байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, түүний үр дагаврыг арилгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Энэ гэрээний нэр болон зохицуулалтын агуулга нь бүхэлдээ “...гэрээний талууд “Т” ХК-ийн нэмж гаргасан хувьцааг цаашид хэрхэн хуваан эзэмшихтэй холбоотой харилцааг зохицуулсан...” болохыг нотлож байгаа.
Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийг нотлох баримтад үндэслээгүй дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Хоёр. Гомдлын гурав дахь үндэслэлийн талаар.
Нэхэмжлэгч шүүхэд дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан:
1. Иргэн Р.Лутаа болон Ж.Ч нарын хооронд байгуулагдсан 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Т” ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах,
2. Ж.Чгээс түүний эзэмшилд байгаа “Т” ХК-ийн 314 114 ширхэг хувьцаа, мөн 2008-2012 оны хувьцааны ногдол ашиг 85 547 833 төгрөг, 2013-2016 оны ногдол ашиг 104 662 784.80 төгрөг, нийт 190 210 617.80 төгрөгийг Ж.Чгээс гаргуулах,
Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “...хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү...” гэж тодорхойлсон боловч “маргаан бүхий хэлцэл”-ийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төлгөлдөр бус байх хэлцэлд хамаарах хуулийн заалтыг үндэслэл болгосон.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ мөн л хүчин төлгөлдөр бус байх хэлцэлд хамаарах Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтыг үндэслэл болгосон байдаг.
Түүнчлэн нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар “хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцэл”-тэй холбоотой асуудлаар ямар нэгэн шаардлага, тайлбар гаргаж байгаагүй атлаа “...маргаан бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, эсхүл хүчин төгөлдөр бус байх хэлцлийн аль шаардлага нь байгааг огт ялгалгүйгээр шууд өмнө гаргаж байсан шийдвэртэй хамаатуулан дүгнэлт өгсөн... ” гэсэн гомдол нь гаргасан нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэлийн нэг дэх шаардлагад дурдсан “маргаан бүхий хэлцэл”-ийг “хуульд нийцсэн эсэх”, “хүчин төгөлдөр хэлцэл мөн эсэх” асуудлаар үүссэн маргааныг 2012 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн 999 дүгээр шийдвэрээр хянан шийдвэрлэсэн.
Тухайн үед уг иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хэргийн нэхэмжлэгч Л.Б нь хариуцагчаар оролцсон бөгөөд тэрээр “...Р.Лутаа, Ж.Ч нарын хооронд байгуулагдсан 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Т” ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бусад тооцуулах... ” шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргаж, уг “маргаан бүхий хэлцэл”-ийн дагуу Ж. Чгийн авч байсан ногдол ашиг болох 18 273 571.56 төгрөг гаргуулахаар шаардсныг шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг.
Сүхбаатар дүүргийн шүүхийн дээрх шийдвэрээр одоогийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад буй “маргаан бүхий хэлцэл”-ийг “...Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хэлцлийн шинжийг агуулсан, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасны дагуу хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон, утга агуулгаараа хуультай зөрчилдөөгүй, хүчин төгөлдөр хэлцэл байна... ” гэж дүгнэсэн нь өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгаа.
Л.Бын Хан-Уул дүүргийн шүүхэд гаргаад байгаа одоогийн нэхэмжлэлийн үндэслэл буюу “хэлцлийг гэрчилсэн нотариатын үйлдэл хууль бус” гэх үндэслэлээр Архивын газрын бичиг болон нотариатчийн бүртгэлийн дэвтрийн хуулбар 6 хуудас баримтуудад үндэслэн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 999 дүгээр шийдвэр, Нийслэлийн шүүхийн 681 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 751 дүгээр тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргаж байсан ба уг хүсэлтийг УДШ-ийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцээд шийдвэрлэсэн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 234 дүгээр тогтоолоор Л.Бын гаргасан дээрх хүсэлтийг нь хангах үндэслэлгүй гэж шийдвэрлэж байсан талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан.
Ж.Ч нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасныг үндэслэн “Т” ХК-ийн 314 114 ширхэг хувьцаа /цаашид “маргаан бүхий хувьцаа” гэнэ/-ны өмчлөх эрхийг хэлцлээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх аргаар эрхийн хамгаалалт хийлгэхээр нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрийн үндсэн дээр тухайн эрхийг олж авсан.
Тэрээр нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох “маргаан бүхий хувьцаа”-т өмчлөх эрхтэй болохыг тогтоосон Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 999 дүгээр шийдвэр өнөөг хүртэл хуулийн хүчин төгөлдөр байгаа бөгөөд уг шийдвэрийг өөрчилсөн, хүчингүй болгосон нэг ч баримт энэ иргэний хэргийн материалд байхгүй тул Ж.Чг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
Л.Б 2012 онд Сүхбаатар дүүргийн шүүхээр шийдвэрлэгдсэн иргэний хэрэгт гаргасан сөрөг нэхэмжлэлээрээ “маргаан бүхий хэлцэл”-ээс үүссэн үр дагаврыг одоогийн нэхэмжлэлдээ дурдсантай ижил агуулгатай буюу “...иргэн Ж.Ч нь хууль бусаар ногдол ашиг авч байгаа... ” гэж тайлбарлан маргаж байсан.
Дээрхээс үзвэл нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн үндсэн дээр Ж.Чгийн авсан ногдол ашгийг хүчин төгөлдөр бус хэлцлээс үүссэн үр дагавар хэмээн үзэж түүнийг гаргуулахаар шаардаж байгаа нь шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсгийг зөрчсөн.
Анхан шатны шүүх дээр дурдсан хууль зүйн үндэслэл, нотлох баримтын хүрээнд “...нэхэмжлэлийн зүйл болох “Т” ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэл мөн гэж дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт хэрэг шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэх заалтад хамаарна...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт нийцсэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болсон гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо дурдсан “..шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй...” гэсэн зарчим зөрчигдсөн, шүүгч нэхэмжлэлийн үндэслэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын ... гаргаж байсан тайлбар болон дүгнэлтийг хууль зүйн ухамсрыг баримтлан өөрийн дотоод итгэлээр үнэлэх хүсэлгүй байсан, маргаан бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, эсхүл хүчин төгөлдөр бус байх хэлцлийн аль шаардлага нь байгааг огт ялгалгүйгээр шууд өмнө гаргаж байсан шийдвэртэй хамаатуулан дүгнэлт өгсөн, тухайн хэрэг маргааны нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл огт өөр гэдгийг шүүхээс анхаараагүй. Нэхэмжлэгчийн зүгээс ... хэлцлийг анхнаасаа хуулийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж байгаад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийсэнгүй, нэхэмжлэлийн 3 шаардлага гаргасан байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд хувьцаа болон ногдол ашгийн мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудад огт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, шийдвэрлэгдээгүй орхигдуулсан... гэх зэрэг гомдлууд нь үндэслэлгүй бөгөөд хуульд нийцээгүй гэж үзэж байна.
Гурав. Л.Бын гаргасан нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийн талаар.
Нэхэмжлэгч нь “хэлцлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр гарснаараа өмнөх шийдвэрлэгдсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс өөр, шинэ үндэслэл” гэж тайлбарлаад энэ үндэслэлээр “маргаан бүхий хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бусд тооцуулах асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд нийцээгүй байна.
Тухайлбал: 1-т нэхэмжлэгч Л.Б нь хэлцлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хууль бус гэж анх удаа маргаж байгаа асуудал биш, 2-т нэхэмжлэгчийн эцэг Р.Лутаа болон хариуцагч Ж.Ч нарын хороонд 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан “маргаан бүхий хэлцэл”-ийг хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа, 3-т “маргаан бүхий хэлцэл”-ийг гэрчилсэн нотариатчийн үйлдэл шүүхийн шийдвэрээр хожим хүчингүй болсон нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл болохгүй... тул шүүх түүний 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байсан.
Учир нь шинээр дахин гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад хамаарах “маргаан бүхий хэлцэл”-ийг хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар “маргаан бүхий хэлцэл”-ийг хууль зөрчсөн, хүчин төгөлдөр, эсхүл хүчин төгөлдөр бус эсэх үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар Л.Б нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 999 дүгээр шийдвэртэй хэргийн зохигчийн хувьд нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар дахин нэхэмжлэл гаргах, маргах эрхгүй.
Л.Б “маргаан бүхий хэлцэл”-ийг гэрчилсэн нотариатчийн үйлдэл шүүхийн шийдвэрээр хожим хүчингүй болсон гэх асуудлаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан журмын дагуу хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах эрхтэй боловч энэ асуудлаар хүсэлт гарган шийдвэрлүүлчихсэн.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь заалт, 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн Л.Буннбатын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгөхийг хүсье.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Л.Б нь Ж.Чд холбогдуулан 2005 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Т” ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, Ж.Чгээс “Т” ХК-ийн 314 114 ширхэг хувьцаа, 2008-2016 оны хувьцааны ногдол ашиг 190 210 617.80 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн үндэслэлээ: “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн...” гэжээ.
2005 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Р.Лутаа, Ж.Ч нар “Т” ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэл хийж, тус хэлцлээр 1996 онд нэмж тараасан 687 610 ширхэг хувьцаанаас 1998, 2000 оны хэлцлээр тохирсон хувьцааг эзэмших, хамтын хөрөнгөөр зах зээлээс худалдан авсан, нэмж гаргасан хувьцааг оруулсан хөрөнгө оруулалт, худалдан авсан байдлаар харилцан шилжүүлж Р.Лутаад 333 053 ширхэг хувьцаа, Ж.Чд 288 374 хувьцаа ногдохоор харилцан тохиролцжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний 101/ШШ2016/02046 дугаар шийдвэрээр дээрх хэлцлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцсон, тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсныг үндэслэн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2. дахь заалтыг үндэслэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үр дагавар болох хувьцааг буцаан авч, ногдол ашгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 999 дүгээр шийдвэрээр Ж.Чгийн нэхэмжлэлтэй Л.Бад холбогдох “Т” ХК-ийн 2008, 2009, 2010 оны ногдол ашигт 68 133 162 төгрөг гаргуулах тухай, хариуцагч Л.Бын 2005 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ““Т” ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 2006, 2007 оны ногдол ашгаас илүү авсан 18 273 571 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба анхан шатны шүүхийн шийдвэрийг Улсын Дээд шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 751 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн байна.
Түүнчлэн маргаж буй хэлцлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцсон шүүхийн шийдвэрийг үндэслэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн дээрх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар хүсэлт гаргасныг Улсын Дээд шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 234 дүгээр тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг нотлохгүй тул маргаж буй хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар дахин дүгнэлт хийж шийдвэрлэх боломгүй, энэ талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
Л.Б нь 2012 онд тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргахдаа 2006, 2007 оны ногдол ашгаас илүү авсан 18 273 571 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байсан бол энэ нэхэмжлэлд тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 314 114 ширхэг хувьцаа, тус хувьцаанд ногдох 2008-2016 оны ногдол ашиг 190 210 617.80 төгрөгийг гаргуулахаар шаардсан байх тул урьд шийдвэрлэгдсэн хэрэг гэж үзэх боломжгүй, шинээр гаргасан нэхэмжлэл гэж үзэж шийдвэрлэсэн нь буруу биш байна.
Маргаж буй хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр тул шүүх хариуцагчийг тус хэлцлийн үндсэн дээр үндэслэлгүй хөрөнгөжсөн талаарх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02766 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 266 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түвшинтамирын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 249 403 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД