Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 931

 

                                                           

 

 

 

 

 

                                                    Т.Бд холбогдох эрүүгийн

           хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Н.Нямцэцэг,

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 619 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Бы гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1811014120623 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Жангууд овгийн Толягийн Б, 1986 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /;

 

Шүүгдэгч Т.Б нь иргэн Д.Цг “Хууль сахиулах их сургуульд оруулж өгнө” гэж хуурч Д.Нэмэхжаргалаар дамжуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Берлин бургер” дотор 2017 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд 4.500.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 370.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Т.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Жангууд овогт Толягийн Быг бусдыг хуурч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Бд 1 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Т.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Т.Баас нийт 4.870.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Ц /РД:ЛМ99092271/-д олгож, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Т.Бд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялын хугацааг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тооцохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 619 дүгээр шийтгэх тогтоолоор намайг бусдыг хуурч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ялаар шийтгэсэн. Миний бие бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэнээ мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгээр хүлээн зөвшөөрч байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явцад хууль эрх зүйн мэдлэг дутмагаасаа болж үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаагаа ойлгуулж чадалгүй, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүйгээсээ болж хорих ялаар шийтгүүлсэн болно.

Миний бие 8-10 насны 2 хүүхэдтэй, эхнэр, хүүхдээ тэжээдэг. Урьд нь ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдож байгаагүй нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотолж байгаа. Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ үнэхээр гэмшиж байгаа бөгөөд хохирогч Цэдэнд учруулсан хохирлоо анхан шатны шүүх хурлын дараа төлж барагдуулж, уучлалт гуйсан.

Иймээс дээрх байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү.

Миний бие нь дахин гэмт хэрэг үйлдэхгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ үнэн сэтгэлээсээ гэмшиж байгаа гэдгээ дахин хэлмээр байна. Миний дээрх хувийн байдлыг харгалзан ял  шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Т.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Бы өмгөөлөгч Д.Бум-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүгдэгч Т.Бд давж заалдах шатны шүүх хуралдаанаас хууль зүйн туслалцаа үзүүлэхээр өмгөөлөгчөөр гэрээ байгуулан оролцож байна. Т.Баас хохирогч Д.Цд 4.870.000 төгрөгийг бэлнээр төлж, мөнгө хүлээлцсэн тухай баримтыг тус шүүхэд өгч байна. 4.870.000 төгрөгийг Т.Бы эхнэр нь Д.Цд өгсөн. Миний бие үйлчлүүлэгчийнхээ гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Т.Б нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн анхан шатны шүүх хуралдааны дараа 4.870.000 төгрөгийг хохирогчид төлсөн. Миний үйлчлүүлэгчийн холбогдсон шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарагддаг учраас хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор П.Нямцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Хэргийн зүйлчлэл тохирсон. Анхан шатны шүүхээс хорих ял оногдуулахдаа, түүний хувийн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, оновчтой оногдуулсан. Шүүгдэгч Т.Бы гаргасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй. Хавтас хэрэгт өгсөн мэдүүлгээр тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж мэдүүлсэн боловч 2017 оны 10 дугаар сард бусдад хохирол учруулсан хохирлоо анхан  шатны шүүх хуралдаан болтол төлөөгүй. Анхан шатны шүүх хуралдаанд авсан мөнгөө аваагүй гэж мэдүүлж байсан зэрэг нь шүүгдэгч өөрийн үйлдсэн гэмт хэрэгт ямар дүгнэлт өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх нь харагддаг. Анхан шатны шүүх хэргийг яаж шийдэх эсэхээс хамаарч бусдад хохирлыг төлж байгаа нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Т.Б нь иргэн Д.Цг “Хууль сахиулах их сургуульд оруулж өгнө” гэж хуурч Д.Нэмэхжаргалаар дамжуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Берлин бургер” дотор 2017 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд 4.500.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 370.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Цгийн “...2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бургер кинг” хоолны газарт аав Дашнямын хамтаар Нэмэхжаргал гээд эмэгтэйтэй уулзаж бэлнээр 3 сая төгрөг өгсөн. ...24-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амгалан дахь Хаан банкны салбараас 2 сая төгрөгийг Д.Нэмэхжаргалын Хаан банкны 5029399551 дугаарын данс руу нь шилжүүлсэн. “....дүрэмт хувцасны мөнгө болох 370.000 төгрөгийг өгөх хэрэгтэй байна” гэхээр нь би Багшийн дээдийн Төгөлдөр төвд уулзаж бэлнээр 370.000 төгрөг өгсөн чинь Нэмэхжаргал миний хажууд Одбаатар гэж хүний 5082024532 гэсэн данс руу хувцасны мөнгө гээд шилжүүлсэн. Амарсайханы Одбаатарыг хувцасны мөнгийг тушаах хүн байгаа юм гэсэн...” /хх-ийн 15-16/,

гэрч Д.Нэмэхжаргалын “...2017 оны 10 дугаар сарын үед, манай найз Ганзориг над руу яриад “Хууль сахиулахын их сургуульд оруулж өгдөг хүн байгаа юу” гэж асуухаар нь би “нэг хүнтэй яриад асууя” гэж хэлээд танил Б руу яриад “Хууль сахиулахын их сургуульд хүн оруулж өгдөг хүн чинь хүүхэд сургуульд оруулж өгч чадах уу” гэж асуусан чинь “за би нөгөө хүнтэйгээ яриад хариу хэлнэ” гэсэн. Тэгээд удалгүй Б над руу яриад “за болох юм байна, бичиг баримт, материалыг нь аваад ир” гэсэн. Тэгэхээр нь би Ганзориг руу яриад “болох юм байна” гэж хэлсэн. Тэгээд Ганзориг, Цэдэн, түүний аав надтай уулзсан. 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би “Бургер кинг” дотор 3 сая төгрөг авсан, маргааш нь миний данс руу 2 сая төгрөг шилжүүлсэн. Ингээд авсан 5 сая төгрөгөө өдөртөө Бд бэлнээр нь өгч байсан. Би дундаас нь 500.000 төгрөг өөртөө авсан. Тэгээд Бтай уулзаж байхад Б миний хажууд Хууль Сахиулахын их сургуульд багшаар ажилладаг гэсэн байхаа Одбаатар гэж хүнтэйгээ яриад тэр хүн цаанаас нь 2017 оны 11 дүгээр сарын үед оруулахыг бодъё гэж хэлсэн. Ингээд хүлээгээд одоог болтол оруулж чадахгүй байгаад байгаа юм. ...Б өөрөө л Үндсэн хуулийн цэцэд ажилладаг байсан, танилтай энэ тэр гэж хэлж байсан болохоор л хүн таньж магадгүй гэж бодсон юм. Б л надад 500.000 төгрөг өгсөн, ...Баас авсан 500.000 төгрөгийг Б.Цэдэнд буцаан өгсөн. ...” /хх-ийн 11, 17/,

 

гэрч А.Одбаатарын “...2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Б над руу яриад “хөгшөөн миний дансны хугацаа дуусчихаад мөнгө авч чадахгүй байна. Хүнээс мөнгө шилжүүлж авах гэсэн юм, чи дансаа ашиглуулаач” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд утсаар дансны дугаараа өгсөн. Тэгээд Бтай уулзаж 370.000 төгрөгийг хорооллын “Алтан төгрөг” худалдааны төвийн тэр хавиас авч өгсөн санагдаж байна. ...” /хх-ийн 23-24/,

шүүгдэгч Т.Бы “...Миний танил Нэмэхжаргал нь 2017 оны намар яг хэзээ гэдгийг нь санахгүй байна, “чи Хууль сахиулахын их сургуульд хүн оруулж өгч чадах уу, таньдаг хүн байна уу” гэж асуусан. Би тухайн үед бас хүн амьтантай хөөцөлдөөд бүтчих байх гэж бодоод Д.Нэмэхжаргалд “таньдаг хүн байгаа, асуудалгүй оруулж өгч чадна” гээд хэлчихсэн юм. Тэгээд Нэмэхжаргалаар дамжуулан Д.Ц гэгчийг Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө гэж хэлээд 5 сая төгрөг аваад 500.000 төгрөгийг нь Д.Нэмэхжаргалд зуулчилсаны хөлс гээд өгчихсөн юм. Ингээд 4.500.000 төгрөг авч, өөртөө байлгаж байгаад ганц, хоёр хүнээс асууж сураглаад бүтэхээргүй шинжтэй байсан ба мөнгийг нь бага, багаар хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгачихсан. Би тухайн үед мөнгөний хэрэг гараад 370.000 төгрөгийг нэмж авахдаа хувцасны мөнгө гэж хэлээд авчихсан ба тухайн мөнгө авах үед картаа хаячихсан байсан болхоор найз Одбаатарынхаа дансаар авсан болохоор л Хууль сахиулахын их сургуульд ажилладаг хүний данс гэж хэлсэн. ...” /хх-ийн 80-81/ гэсэн мэдүүлгүүд болон хэрэгт ач холбогдол бүхий бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

 

Шүүгдэгч Т.Б иргэн Д.Цг “Хууль сахиулах их сургуульд оруулж өгнө” гэж хуурч Д.Нэмэхжаргалаар дамжуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Берлин бургер” дотор 2017 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд 4.500.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 370.000 төгрөгийг залилан авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Шүүгдэгч Т.Бы “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг. Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заажээ.

Энэхүү заалтууд нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш байна.

 

Нөгөөтээгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

 

Шүүгдэгч Т.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Бд оногдуулсан ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийж, Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдыг хуурч залилсан хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Бы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Т.Бы эхнэр Б.Пүрэвдулам нь 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “Мөнгө хүлээлцсэн хэлцэл” хийж нотариатаар баталгаажуулан хохирогч Д.Цд гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 4.870.000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан зохицуулалтын хүрээнд хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаарх хууль зүйн дүгнэлт, хохирол зэрэг асуудлын талаар нэг бүрчлэн дүгнэлт хийж байвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: