Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2019/00901

 

А.Бы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 24 дүгээр шийдвэр,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар магадлалтай

А.Бы нэхэмжлэлтэй,

С.Бод холбогдох,

5 680 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч С.Бын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 3-р сарын 8-наас Идэр сумд очиж 3 сарын 10-наас эхлэн 3 сарын 17-ныг хүртэл өдрийн 30 000 төгрөгийн хөлсөөр ажилласан. Тэгээд ажиллаж байтал Б ах чи 2, 3-н хүн олоод 4 метртэй шургааг 4 000 ширхэгийг бэлдээд өгөөч. Уг нь Баян-Өлгий аймгаас 8000 ширхэг шургаагны захиалга авсан байгаа. Чи 4 000 ширхэгийг нь бэлдээд өгөөч. Би газар дээр нь 1 ширхэгийг нь 2 000 төгрөгөөр худалдаж авъя гэж хэлсэн. Тэгээд би 3 хүн олж аваад өдрийн 30 000 төгрөгөөр цалинжуулаад наашаа цаашаа явсан унааны зардал, хоолны зардлыг нь даагаад ажиллуулсан. Энхтөр, Батнасан хоёрыг 3 хоног 4 өдөр ажиллуулаад явуулсан. Отгонбаатар бид хоёр үлдээд 7 хоног ажилласан. Бид хоёр 7 хоногт 40 гулуу, ууланд үлдээсэн шургаагнуудыг хийсэн. Тэгээд ажиллуулсан 3 хүнийхээ хөлсийг өгөх гээд Б ах руу ярихад ахад нь одоогоор мөнгө байхгүй байна. Баян-Өлгий аймаг руу явсан том тэрэг ирээгүй байна. Чи түр зуур байж бай гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Ричфинанс” ББСБ-аас 800 000-гаад төгрөг зээлээд ажиллуулсан хүмүүсийнхээ цалин хөлсийг өгөөд ойр зуурын өрөө дарсан. Тэгээд буцаад очтол Б ах ахынх нь мөнгө бүтэхээ байлаа. Ахын дүү ахынхаа машиныг үзээд мөнгөнийхөө оронд ав гэж хэлсэн. Тэгэхээр нь машиныг нь үзтэл 2 хаалга нь хаагддаггүй, 6 дугуй нь наранд өгөрчихсөн, 2 араатай, 3 жил үзлэгт ороогүй, ямар ч бичиг баримтгүй Маятий машин байсан. Тэгээд бид хоёр машинаа шалгах гээд Шар ямаат гэдэг газраас зүсвэрийн мод ачаад ирж яваад машиных нь мотор цохисон. Тэгтэл Б ах энэ машин миний дүүд хань болохгүй юм байна. Ах нь Баян-Өлгийгөөс машин ирэхээр мөнгийг нь өгье гэж хэлсэн. Тэгээд бид машинаа Идэр сумын төв дээр чирж ирсэн. Тэгээд би Улиастай руу ирсэн. 4 сарын 10-даар ирсэн. Шургааг хийх 7 хоногийн хугацаанд 2 100 гаруй шургааг, 40 гулуу хийсэн. 40 гулууны мөнгийг Отгонбаатар бид хоёр 20, 20-н ширхэгээр нь тооцож хувааж авахаар тохиролцсон байсан. Гулууны захиалгыг өгөхдөө Б ах ...нэг ширхэгийг нь 10 000 төгрөгөөр авъя. Та хоёр хэдэн ширхэг ч хамаагүй гулуу бэлдчих гэж хэлсэн. Тэгээд Отгонбаатар бид хоёр хоёулханаа байсан болохоор 40 ширхэг гулуу л бэлдсэн. Тэгээд Отгонбаатар бид хоёрыг Улиастай руу ирэх гэж байхад Отгонбаатарын 20 ширхэг гулууны мөнгийг бэлнээр нь өгч байгаа харагдсан. Миний хийсэн гулууны мөнгийг шургаагны мөнгөтэй хамт өгнө гэж хэлсэн. Тухайн үед Отгонбаатарт 1 гулууг хэдэн төгрөгөөр бодож мөнгө өгснийг нь би сайн мэдэхгүй байна. Б ах надад хэлэхдээ ...эцсийн хугацаа 04 сарын 25-н гэхэд мөнгө орж ирнэ. Тэгээд мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэгээд хүлээгээд өгдөггүй. Сүүлдээ залгаад утасаа авахаа байчихсан. Тэгээд 06 сарын 07-нд намайг Баян-Өлгийгөөс залгахад Б ахын эхнэр нь утсыг нь аваад Б алга байна. Говь-Алтай явсан. Ирэхээр нь мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би манайх зурагтаа ломбарданд тавьчихсан. Мөнгөний хэрэг байна гэж хэлэхэд Чи чаддаг юм бол аваарай гэж хэлсэн. Ийм л зүйл болсон.

Одоо би Боос 6 080 000 төгрөг анх нэхэмжилснээс Баян-Өлгий аймагт ачааны том тэрэг өдрийн 40 000 төгрөгөөр барьдаг байсан цалин болох 400 000 төгрөгийг хасч, нийт 5 680 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Улиастай сумын А.Бтай анх танилцаад модны грушигээр 4 хоног ажиллуулсан. Гэтэл Б нь миний Маяти маркийн машиныг худалдан авах болж миний хүнд өгсөн мотоциклийг унаж аймгийн төв хүргээд модны грушигээр ажиллах 2 хүн авч ирсэн. Тэгээд миний хөрөөг миний бензинээр асааж бидэнтэй хамт модонд очиж шургааг хийсэн бөгөөд тэнд ажиллах хугацааны хоол хүнс байрлах байрыг би хариуцан бид хамт орж ажиллаж байсан юм. Б нь өөрийн биеэр нэг ч шургааг чирч гаргаагүй. Модон дотор хөрөөдсөн шургаагыг би өөрийн газ 66 маркийн машинаар ачиж чирч цагаалж ачихад бэлэн болгосон юм. Б нь өөрийн хийсэн 2 150 ширхэг шургаагыг надад өгснөөр 4 300 000 төгрөг нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Яагаад гэвэл мод хийх зөвшөөрөл түрээсийг нь би хариуцаж төлж эрхээ авсан. Үүнийг цуг ажиллаж байсан Пүрэвхүү, П.Наранханд, Ш.Батмөнх нар сайн мэднэ. 2 хүн хооллосон 130 000 төгрөг гэж бичсэн нь худлаа. Цөөхөн бэлэн гоймон, хэрчсэн гурилаас өөр юм авчраагүйг бид мэднэ. Манайх тэнд байсан хугацааны хоол хүнс, мах гурилыг хариуцаж гаргасан. Хийсэн шургааг ном журмын дагуу байгаа эсэхийг манай сумын ойн улсын байцаагч Ж.Мэндбаяр, ойн байцаагч Т.Энхээ нар шалгаж үзсэн учир хэний зөвшөөрлөөр хэн хийсэн гэдгийг сайн мэднэ. Тэр нэхэмжлээд байгаа 2 150 ширхэг шургааг буюу үнийг би хариуцаж төлөх боломжгүй ээ. Худалдан борлуулаагүй зарим хэсэг нь хураалттай байгаа. Гоожин төлсөн баримт зөвшөөрлийн хуудсыг хавсаргалаа. 2150 шургааг тоондоо хүрээгүй. Нарийн тоолбол бидний хамжиж хийсэн 1800 орчим шургааг байх болов уу.

Гэвч тэр нь Бы шургааг биш гэдгийг гэрчүүд мэднэ. Бичгийн баримтаар тодруулж болно шүү дээ. Бы том машин жолоодож хөлс авч байсан нь надад ямар ч хамааралгүй ээ. Өөрөө сайн дурын үндсэн дээр миний Маяти маркийн машиныг шургааг хийж худалдаж авахаар ярьсан учир ажиллах хугацааны 10 хоногийн хөлс 400 000 төгрөгийг надаар төлүүлэхээр нэхэмжлэх боломжгүй гэж бодож эсэргүүцэж байна. Би сайхан сэтгэл гаргаж шургааг хийлгэхээр машин техник, хоол хүнс, бензин тос, орон байраар хангаж хийсэн шургаагыг нь үнэлж авахаар ярьж тохирсон нь надад хор болж шүүхээр заргалдах хэмжээнд хүрнэ гэж бодсонгүй. Сэтгэл болон машинаа эвдүүлснээ тооцолгүй ажлын хөлсөнд 700 000 төгрөг өгөх өрд орж 100 000 төгрөг өгсөн нь миний алдаа болж байна. Миний машиныг эвдэж эдэлгээнд оруулсанд нь сөрөг нэхэмжлэл гаргаж хохирлоо төлүүлдэг байж гэж энэ хүний нэхэмжлэлийг авснаас хойш бодож байна. 20 ширхэг палкны 200 000 төгрөг нэхэмжилсэн нь бүүр ч үндэслэлгүй. Модонд хөрөөдөж миний машинаар цагаалж орхисон 20 ширхэг гулууг нэгийг нь 8 000 төгрөгөөр авч үнийг нь өгсөн. Палк нь сумын төвд зүсүүлсэн бэлэн бүтээгдэхүүн байдаг шүү дээ. Тэгэхээр Бы гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй юм гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч С.Боос 950 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Бд олгож, нэхэмжлэлээс 4 630 000 төгрөгийн шаардлагыг хасч хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 230 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч С.Боос улсын тэмдэгтийн хураамжид 29 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Бд олгож шийдвэрлэжээ.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 24 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Боос 4.640.000 төгрөг гаргуулж, А.Бд олгож, А.Бы нэхэмжлэлийн шаардлагаас 1.440.000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “улсын тэмдэгтийн хураамжид 29750 төгрөгийг гаргуулан гэснийг улсын тэмдэгтийн хураамжид 89.190 төгрөгийг гаргуулан” гэж шийдвэрт тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Бы давж заалдсан гомдлыг хангаж,

Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 82.480 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн хөлсөөр ажиллах гэрээг үндэслэж шийдвэрийг өөрчилсөн нь буруу гэж үзэж байна.

А.Б нь ажиллах хугацаандаа миний машиныг худалдан авахаар болж төлбөрт нь шургаа хийж өгнө гэж тохирсон байсан боловч машиныг маань эвдэрсэн гэдэг шалтгаанаар ажилласан хөлсөө нэхсэн. Би А.Бд төлөх ёстой 950 000 төгрөгөө л төлнө. Давж заалдах шатны шүүх А.Бы үндэслэлгүй нэхэмжилсэн 2150 шургаагны үнэ өмнө нь тооцож өгсөн чулууны үнийг надаас хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

А.Б л мод хийлгэнэ гэж хөлсний хүн авсан болохоос миний бие хөлсний ажилтан авах тухай ярилцаагүй учир хууль үүнийг харгалзан үзэх байх гэдэгт итгэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч А.Б нь С.Бод холбогдуулан 5 680 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 351 дүгээр зүйлийн 351.1.1.-д зааснаар хариуцагчаас 950 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 630 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д зааснаар хариуцагчаас 4 640 000 төгрөгийг гаргуулан, үлдэх 1 440 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Хэрэгт авагдсан баримтаар С.Б нь өдрийн 30 000 төгрөгөөр мод бэлтгэх ажил хийхээр А.Бтай тохиролцсон, талууд 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл, 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд нийт 20 хоног ажилласан. Энэ хугацаанд С.Бын хүсэлтээр 2 хүнийг 4 хоног, 1 хүнийг 7 хоногийн хугацаатай хамт ажиллуулсан боловч ажлын хөлсийг өдөрт 30 000 төгрөгөөр тооцож /30 000 х 2 хүн х 4 хоног + 30 000 х 1 хүн х 7 хоног/ нийт 450 000 төгрөгийг А.Бд төлсөн байна.

Нэхэмжлэгч нь ажилласан хугацааны хөлснөөс гадна бэлтгэсэн модны үнийг нэхэмжилснийг хариуцагч ажлын хөлсийг төлнө, бусдыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх хөлсөөр ажиллах гэрээ гэж тодорхойлжээ.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байна, ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хөлсийг төлөх үүрэг хүлээнэ. Харин хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохирсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүрэгтэй, гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байна.

Нэхэмжлэгч нь нэг өдрийн 30 000 төгрөгөөр мод бэлтгэх ажил хийхээр харилцан тохиролцсон талаар маргаагүй байгаагаас үзэхэд зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв бөгөөд Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

А.Б нь ажиллах хугацаанд 2 150 ширхэг шургааг, 40 ширхэг гулуу бэлтгэсэн гэх үндэслэлээр модны үнийг нэхэмжилсэн ба талууд бэлтгэсэн модыг худалдах-худалдан авахаар харилцан тохиролцсон нь баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангаж, ажилласан хугацааны хөлсийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн ажилласан 20 хоногийн ажлын хөлс /20 хоног х 30 000 төгрөг/ 600 000 төгрөг, мөн А.Баас хамт ажилласан хүмүүст төлсөн 450 000 төгрөг /600 000 + 450 000/ нийт 1 050 000 төгрөгийг төлөхөөс хариуцагчаас төлсөн гэх 100 000 төгрөгийг хасч, үлдэх 950 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байна.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын заримыг хангаж шийдвэрлэв,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...343 дугаар зүйлийн 343.1., 351 дүгээр зүйлийн 351.1.1. дэх хэсгүүдэд...” гэснийг “...359 дүгээр зүйлийн 359.1.-д” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89 190 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.УНДРАХ

                                    ШҮҮГЧ                                              Х.ЭРДЭНЭСУВД