Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/02012

 

 

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/02012

Улаанбаатар хот

                                

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол, 22 дугаар байрны 21 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянбожир овогт Шаравдоржийн Мягмардорж,

 

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, БХТН байрны 24 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Олхонуд овогт Зэвэгийн Азжаргал,

 

            Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Баянхошууны 32 дугаар гудамж, 28 тоот, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Утаа овогт Шаравын Даваадорж,

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүннарангийн 18 дугаар гудамжны 24 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ноён цорос овогт Нямаагийн Мөнхтөр нарын нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Нарны зам 29/1, Алтандөл байр, Журмак ХХК-д холбогдох тээвэрлэлтийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13 800 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмагнай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунхишиг, өмгөөлөгч Э.Уянгасайхан /үнэмлэх-0173/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энэрэл нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмагнай шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.Мягмардорж, З.Азжаргал, Ш.Даваадорж, М.Мөнхтөр нар нь 2015 оны 08 сарын 04-нөөс 12-ны хооронд БНХАУ-ын Эрээн хотын гаалийн хашаанаас Журмак ХХК-ны газрын тосны хайгуулын тоног төхөөрөмжийг том оврын авто машинаар тээвэрлэхээр тохирч дээрх ачааг ачсан бөгөөд тухайн ачааг 2015 оны 08 сарын 22-ны өдөр тээвэрлүүлэгчийн заасан газар буюу Увс аймгийн Малчин суманд буулгасан. Анх тээвэр хийх үед нэг машины тээврийн хөлсийг 7 300 000 төгрөгөөр тохирсон бөгөөд ачаа ачих үед урьдчилгаа 4 сая төгрөгийг жолооч тус бүрт өгсөн. Одоо нэг жолоочид өгөх тээврийн хөлсний үлдэгдэл төлбөр 3 000 000 төгрөг байна. Ингээд ачааг тогтоосон газар нь хүлээлгэн өгч дагалдах бичгийг Журмак ХХК-ны офисс дээр аваачиж өгсөн. Ачаа тээвэрлэх ажлыг Монгол улсын иргэн Баярбилэг  нь Журмак ХХК-нд Увс аймгийн Малчин сумруу тээвэрлүүлэх ачаа байна гэж хэлээд Журмак ХХК-ны ажилтнуудтай нэхэмжлэгч нарыг уулзуулсан. Нэхэмжлэгч нар Журмак ХХК-ниас тээврийн хөлсний үлдэгдэл төлбөрөө нэхэхээр “Баярбилэг манай компанид өртэй, та нар үлдэгдэл төлбөрөө Баярбилгээс гаргуулж ав” гэдэг. Мөн Эрээнд гаалийн хашаанд орж ачаа ачихад жолооч нараас гаалийн хашааны төлбөр гэж машин тус бүрээс 500 юань авсан бөгөөд энэ мөнгийг жолооч нар өөрсдөө төлсөн. Юаны ханш 300 төгрөг байсан тул тээврийн хөлсний үлдэгдэл төлбөр 3 300 000 төгрөг, нэг жолоочид ногдох төлбөр дээр гаалийн хашааны төлбөр 150 000 төгрөг нийт нэг нэхэмжлэгчид 3 450 000 төгрөг болно. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дахь хэсэгт зааснаар Журмак ХХК-ниас 13 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгоно уу гэв.

 

Хариуцагч Журмак ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунхишиг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2015 оны 8 дугаар сард БНХАУ-ын Эрээн хотоос Увс аймгийн Малчин сум руу тоног төхөөрөмжийн тээврийг иргэн н.Баярбилэгтэй үнэ тохиролцон хийлгэсэн. Тээврийн хөлсний урьдчилгааг бэлэн мөнгөөр төлж, үлдэгдлийг н.Баярбилэг урд өмнө нь манай компаниас авч төлбөрийг нь хийгээгүй байсан 54.8 тонн битумны үнэд шилжүүлэн тооцож зөрүүг тохирсон. Мөн Баярбилэг нь манай компаниас 68 сая төгрөг авсан бөгөөд жолооч нартай хэдэн төгрөгөөр тохирсныг мэдэхгүй. Бид Баярбилэгтэй тооцоогоо 100 хувь дууссан гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Баярмагнай нь Ш.Мягмардорж, З.Азжаргал, Ш.Даваадорж, М.Мөнхтөр нарыг төлөөлж Журмак ХХК-иас тээвэрлэлтийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13 800 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

Н.Энхбат, С.Ганзаяа, Н.Мөнхтөр, Ш.Мягмардорж, М.Сономцэрэн, З.Азжаргал, Э.Алтанбулаг, Л.Батзориг, Ш.Даваадорж нар нь 2016 оны 2-р сарын 18-ны өдөр П.Баярмагнайд итгэмжлэл олгож /хх 4-5/, итгэмжлэлээр Журмак ХХК болон Л.Баярбилэг нарт холбогдуулан тээврийн хөлсний үлдэгдэл төлбөр гаргуулах нэхэмжлэл гаргах болон хуульд заасан бусад эрхийг олгожээ. Итгэмжлэл хүчин төгөлдөр байна. 

 

Эдгээрээс Н.Мөнхтөр, Ш.Мягмардорж, З.Азжаргал, Ш.Даваадорж нарыг төлөөлж төлөөлөгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба төлөөлөгч нь эдгээр төлөөлүүлэгчийн хүсэл зоригийн дагуу нэхэмжлэл гаргасан гэж үзнэ. Бусад төлөөлүүлэгчийн хувьд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй талаар хоорондоо маргаагүй тохиолдолд хэдийд ч гаргах боломжтой бөгөөд нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсгэсэн хэмжээнд хэргийг шийдвэрлэх нь бусад төлөөлүүгчийн эрх ашгийг хөндөхгүй гэж дүгнэлээ.

  

Журмак ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 04-нөөс 12-ны хооронд БНХАУлсын Жэнтун интернэйшнл тээвэр зуучлалын компанийн захиалгаар Эрээн хотоос Увс аймгийн Малчин сум хүртэл Монголиа гладвилл Увс петролиум ХХК-ний газрын тосны тоног төхөөрөмжийг  тээвэрлэхдээ хувиараа тээвэр хийдэг жолооч нараар тээвэрлүүлжээ. Талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан байна.

 

Журмак ХХК нь тээвэрлэгч нарт хөлсийг бүрэн төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарч, нэхэмжлэгч нар тээврийн хөлсний үлдэх төлбөрт тус бүр 3 300 000 төгрөг, гаалийн талбайн төлбөр 150 000 төгрөг нийт 3 450 000 төгрөг гаргуулахаар шаардсан бол, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “...тээврийг н.Баярбилэгтэй тохирч хийлгэсэн, жолооч нартай хэдэн төгрөгөөр тохирсныг мэдэхгүй, түүнтэй тооцоогоо бүрэн дуусгасан” гэж тайлбарлажээ. 

 

Гэрч Л.Баярбилэг “Журмак ХХК-ний менежер Мэндээтэй найз, Мэндээ утсаар яриад Увс руу ачаа ачих гэсэн юм, таньдаг хүн байна уу, 10-аад машин хэрэгтэй гэсэн, би ганцхан Мягмардоржийг таньдаг бөгөөд ачаа ачих газрыг нь зааж өгсөн, 7 000 000 төгрөгөөр ачна гэдгийг хэлсэн,  Журмак компаниас хөлс 68 000 000 төгрөгийг хүлээн авч жолооч нарыг хилээр гарч ирсний дараа урьдчилгаа 4 000 000 төгрөгийг дүүгээрээ өгүүлсэн, өөрсдөө мэдэж байгаа, миний битумны асуудал тусдаа асуудал, үлдэгдэл мөнгийг Журмак компани өгөх ёстой, жолооч нар хөлсөө өөрсдөө 5 500 000 төгрөг болгож Журмак ХХК-тай тохирсон гэж хэлсэн..” гэж мэдүүлсэн байх ба талуудын тайлбар, Журмак ХХК ачаа тээвэрлүүлсэн, тээврийн хөлсөнд 68 000 000 төгрөг төлсөн, үүнээс жолооч тус бүр 4 000 000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй зэргээс дүгнэвэл, тээврийг Баярбилэгээр хийлгэсэн, жолооч нартай тохироогүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Түүнээс гадна, Журмак ХХК нь ачаа илгээгч болон хүлээн авагч нартай маргаан байхгүй гэх ба Л.Баярбилэгтэй хийх битумны төлбөр тооцоо нь эрх зүйн өөр харилцаанаас үүссэн, энэ нэхэмжлэлийн шаардлага, татгалзалтай холбоогүй гэж дүгнэлээ. 

 

Нэхэмжлэгч нар ачааг тогтоосон газар хүргэж, дагалдах бичгийг Журмак ХХК-ны оффист аваачиж өгсөн гэсэн тайлбарыг хариуцагч няцаагаагүй байна.

 

Нэхэмжлэгч тээвэрлэлтийн хөлсийг 7 300 000 төгрөг тохирсон гэх боловч үүнийгээ нотлоогүй, харин жолооч тус бүр 4 000 000 төгрөг хүлээн авсан талаар талууд маргаагүй, энэ талаар гэрч мэдүүлсэн, талууд гэрчийн мэдүүлгээс өөрөөр шаардлага, татгалзлаа нотлоогүй тул түүний  “...7 000 000 төгрөг тохирсон боловч жолооч нар өөрсдөө 5 500 000 төгрөгөөр тээвэрлэсэн” гэсэн мэдүүлгийг үндэслэн хөлсийг 5 500 000 төгрөгөөр тохирсон гэж дүгнэлээ.

Тээврийн хөлсний нэхэмжлэлийн шаардлагаас 1 500 000 төгрөгийн хэмжээнд хангаж, харин нэхэмжлэгч нарын БНХАУ-ын Эрээн хотын гаалийн талбайн төлбөрт 600 000 төгрөг төлсөн нь баримтаар нотлогдоогүй байх тул энэ хэсгийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нар нь 2015 оны 8 дугаар сарын 22-нд ачааг хүргэснээс хойш нэг жилийн дотор буюу 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан учир Иргэний хуулийн 385 дугаар зүйлийн 385.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ.

 

Хэргийн 39-55 дахь талд авагдсан Журмак ХХК-ний банкны дансны хуулга, зээлийн болон барьцааны гэрээ нь Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжид гаргасан гомдолтой холбоотой, 7-10, 156-157 дахь талд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тухайн тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийгдсэн талаар талууд маргаагүй, 135, 158-165 дахь талд авагдсан гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн талаар талууд маргаагүй болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Журмак ХХК-иас 6 000 000 /зургаан сая/ төгрөг гаргуулж Ш.Мягмардорж, З.Азжаргал, Ш.Даваадорж, М.Мөнхтөр нарт тус бүрт 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг буюу 7 800 000 /долоон сая найман зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Журмак ХХК-иас 110 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

 

 3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                                              

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Р.АЛТАНТУЯА