Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 110

 

Б.Б-, Х.Э-, М.Ц-, Ж.Н-, Д.Н-

нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/001616/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 590 дүгээр шийдвэртэй,

            Нэхэмжлэгч Б-гийн Б-,

            Нэхэмжлэгч Х-гийн Э-,

            Нэхэмжлэгч М-ын Ц-,

            Нэхэмжлэгч Ж-гийн Н-,

            Нэхэмжлэгч Д-ын Н- нарын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч “Шарын гол” ХК-д холбогдох  

          “Нэг удаагийн тэтгэмжийн мөнгө гаргуулах” тухай иргэний хэргийг

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайваны гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсаг,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч нараас:

Нэхэмжлэгч бид залуу наснаасаа эхлэн уурхайн үндсэн ажилчнаар томилогдон ажиллаж байгаад МШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгож группт орцгоосон. Дараа нь өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Бид уурхайд 20-оос 30 жил ажилласан байна. Ажлын хүнд нөхцлөөс болж бүгд л өвчтэй болцгоосон. Бид Геологи уул уурхайн салбарт ажиллаж байгаад үйлдвэрлэлийн  осол, мэргэжлээс  шалтгаалах  өвчний  улмаас  группт  байгаа  иргэдээс  өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбарт ажилласан жилээр үржүүлж нэг удаа тэтгэмж олгоно” гэж заасны дагуу “Шарын гол” ХК-ийн захиргаанд хандахад өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн.

Ингээд бид Шарын гол сумын Ахмадын хороонд хандахад 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дэмжсэн хариу өгсөн. Бас Шарын гол сумын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, “Шарын гол” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороонд хандахад бидний хүсэлтийг дэмжсэн албан бичиг тус тус хүргүүлсэн. Монголын Эрчим хүч геологи уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос “Шарын гол” ХК-ийн захирал, Төлөөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдэд хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай албан тоот ирүүлсэн. Монгол улсын уул уурхай эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргыг орлон гүйцэтгэгч Д.Дэлгэрцогтоос уурхайн гүйцэтгэх захирал Б.Батбаатарын нэр дээр ахмадуудын асуудлыг хууль дүрмийн дагуу яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн албан тоот ирүүлсэн боловч үүргээ биелүүлэхгүй байсан тул шүүхэд хандахад шүүхээс өмнө хөдөлмөрийн хуулийн дагуу маргааныг шийдвэрлэж болно гээд буцаасан. “Шарын гол” ХК-д маргааныг шийдвэрлэж өгөхийг хүсэж хандахад манай тал нааштай шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Зуучлагчийн үйл ажиллагаанд “Шарын гол” ХК-иас нэг удаа төлөөлөгч  ирж оролцоод дараа нь оролцохгүй гэсэн тул зуучлагчийн ажиллагаа дууссан. Дахин сумын Засаг даргад хандаж Хөдөлмөрийн хуулийн дагуу арбитр байгуулж өгөөч гэж хүссэний дагуу Засаг дарга 3 арбитрч томилсон.  Уурхайн зүгээс арбитрын үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ хэлсэн учир арбитрын хурал хийж дуусгасан.  Сумын Засаг даргын зүгээс Арбитрын зөвлөмжийг хэрхэн шийдвэрлэх талаар хариу өгнө үү гэж уурхайн захиргаанд 2 удаа албан тоот хүргүүлсэн боловч хариу өгөөгүй тул бид шүүхэд хандаж байна. Уурхайд Т.Дуламжав 29 жил, Ю.Зоя 25 жил, Ч.Алтангэрэл 30 жил, Л.Эрдэнэчулуун 25 жил тус тус ажилласан. Салбарын тарифын хэлэлцээрийн 5.5-д заасны дагуу тус бүрийн ажилласан жилийг салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр үржүүлсэн дүнгээр Т.Дуламжав 11.136.000 төгрөг, Ю.Зоя 9.600.000 төгрөг, Ч.Алтангэрэл 11.520.000 төгрөг, Л.Эрдэнэчулуун 9.600.000 төгрөг, Б.Б- 10.752.000 төгрөг, Ж.Н- 11.520.000 төгрөг, М.Ц- 8.448.000 төгрөг, Д.Н- 10.752.000 төгрөг, Х.Э- 8.448.000 төгрөгийг тус тус “Шарын гол” ХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайванаас:

Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д “Энэ хуулийн 12.5-д заасны дагуу хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах явцад үүссэн санал зөрүүтэй асуудлаар болон хамтын гэрээ, хэлэлцээрийн заалтыг биелүүлэх талаар шаардлага тавьж хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх эрхийг ажилтны төлөөлөгчид эдэлнэ” гэж заасан тул аливаа хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх эрхийг зөвхөн “Шарын гол” ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хороо эдлэхээр хуулиар зохицуулсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 “ажилтны төлөөлөгчид гэж ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл, тийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчдийг” ойлгоно гэж маш тодорхой хуульчлан тогтоосон. Өөрөөр хэлбэл хамтын маргаан үүсгэх нь хууль зүйн маш олон үр дагавартай, ажилтнуудын хувь заяатай холбоотой байдаг тул дурын хэн нэгэн этгээдэд хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх эрхийг олгохгүй зөвхөн тухайн байгууллагын нийт ажилтны хүсэл зориг байх ёстой гэдгийг хууль тогтоогч хатуу хуульчилж өгсөн. Хамтын маргаан үүсээгүй болохоор тухайн хамтын маргаантай холбоотой урьдчилан шийдвэрлэх зуучлагч, арбитрын ажиллагаа явагдана гэдэг ойлголт байхгүй. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт хамтын маргаан үүсгэсний дараа зуучлагч оролцуулна, мөн хуулийн 117.2 дахь хэсэгт ажилтны төлөөлөгчид ажил олгогчийн төлөөлөгчид хамтран Засаг даргад хандаж зуучлагч томилуулах хүсэлт тавьж улмаар зуучлагчийг томилно гэж зохицуулсан. Гэтэл “Шарын гол” ХК-ийн нийт ажилтнуудыг төлөөлөх эрхгүй, тухайн байгууллагын ажилчид биш хэдэн хүн хамтын маргаан үүсгэж цаашлаад хамтын маргааныг хянан шийдвэрлүүлэх ямар ч эрхгүй билээ. Мөн хөдөлмөрийн хамтын маргаантай холбоотой асуудлыг зуучлагчаар уу, арбитраар уу, шүүхээр үү аль нь байсан зөвхөн ажилтны төлөөлөгчид тухайн хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлт, тайлбар, нэхэмжлэл гаргах эрхтэй. Гэвч мөн л шүүхэд ажилтны төлөөлөгчид биш өөр этгээдүүд шүүхэд нэхэмжлэл гаргачихсан байгаа нь төлөөлөх эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэл гэж үзэх бүрэн үндэслэл байна. “Шарын гол” ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хороо нь хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх тухай хуулиар олгосон бүрэн эрхээ эдлээгүй буюу маргаан үүсгэх эсэхийг тухайн үйлдвэрчний эвлэлийн хороо өөрсдөө мэдэх эрхтэй гэдгээ Шарын гол ХК-д илэрхийлэн нотолсон бөгөөд тэр тухайгаа шүүхэд албан ёсоор мэдэгдэх тодорхойлолтоо гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох эсхүл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 590 дүгээр шийдвэрээр:

            Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар Б.Б-ид 5.376.000 төгрөг,  Д.Н-д 6.336.000 төгрөг, М.Ц-д 4.608.000 төгрөг, Ж.Н-д 5.760.000 төгрөг,  Х.Э-т 4.224.000 төгрөгийг тус тус “Шарын гол” ХХК-иас гаргуулан олгож, Б.Б-ийн   5.372.000 төгрөг, Д.Н-гийн 4.416.000 төгрөг, М.Ц-ийн 3.840.000 төгрөг, Ж.Н-гийн 5.760.000 төгрөг, Х.Э-ийн 4.620.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг баримтлан Т.Дуламжав, Ч.Алтангэрэл, Ю.Зоя, Л.Эрдэнэчулуун нарын нэхэмжлэлтэй “Шарын гол” ХК-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч нар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, “Шарын гол” ХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан нийт дүн болох 26.304.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж болох 289.470 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хамтын гэрээнд тусган хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгчдийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж дүгнэсэн хэрнээ шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурдсанаас үзэхэд хамтын гэрээнд тусган хэрэгжүүлэх ёстой хамтын хэлэлцээр болон Хөдөлмөрийн тухай хуулийн үндэслэл шаардлагыг хүлээн зөвшөөрснийг илтгэнэ. Хамтын гэрээ гэдэг бол ажил олгогч дангаараа бүх нөхцөлийг нь тохирч, дангаараа хүчин төгөлдөр болгодог асуудал биш байхад энэхүү асуудлыг хамтын гэрээнд байхгүй байсан ч тусгах ёстой асуудал байсан тул хамтын гэрээгүйгээр нэхэмжлэгчид шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хуулийг илт буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Хэлэлцээрийн заалтыг аль нэг тал хэрэгжүүлэхгүй буюу хамтын гэрээндээ тусган хэрэгжүүлэхгүй тохиолдолд хэлэлцээрийн аль нэг тал хамтын маргаан үүсгэж, хамтын маргааныг нь шийдвэрлэж хамтын гэрээндээ оруулсан тохиолдолд шаардах эрх үүснэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.Б- 10.752.000 төгрөг, Д.Н- 10.752.000 төгрөг, М.Ц- 8.448.000 төгрөг, Ж.Н- 11.520.000 төгрөг, Х.Э- 8.844.000 төгрөгийн тэтгэмж гаргуулахаар хариуцагч “Шарын гол” ХК-иас  шаарджээ.

            Хариуцагч  үүнийг эс зөвшөөрч  байгууллагын ажилчид биш, ажилчдыг төлөөлөх эрхгүй  этгээдүүд  нэхэмжлэл гаргасан  гэсэн агуулга бүхий  татгалзал тайлбар гаргасан байна.

            Нэхэмжлэгч  нар тэтгэмжийн хэмжээг   Геологи уул уурхайн  салбарын  тарифын хэлэлцээрийн 5.5-д заасны дагуу хүн тус бүрийн ажилласан жилийг  салбарын хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээгээр  тооцсон гэжээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж  шийдвэрлэжээ. Ингэхдээ  тэтгэмжийн хэмжээг салбарын тарифийн хэлэлцээрийн дагуу биш хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээ буюу 192.000 төгрөгөөр тооцжээ.

            Шүүх  нэхэмжлэгч нарын Шарын голын уурхайд  ажиллаж эхэлсэн, мэргэжлээс шалтгаалах өвчний  улмаас  групп тогтоолгосон,  группээс  өндөр насны тэтгэвэрт  шилжсэн огноо, хугацаа болон нийт ажилласан жилийг   хэрэгт авагдсан нотлох баримтанд  үндэслэн  зөв  тодорхойлсон байна. Уг  дүгнэлтийг  нэхэмжлэгч,  хариуцагч нар нь үгүйсгээгүй  болно.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, гомдлын үндэслэлд:  Хамтын гэрээгүйгээр нэхэмжлэгчид шаардах эрх үүсэхгүй гэжээ.

            “Шарын гол” ХК-ийн  захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2016, 2013 оны  хамтын  гэрээнд  ажиллаж байгаад  өндөр насны тэтгэвэрт гарах тохиолдолд ажилласан жилийг харгалзан салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тэтгэмж  олгохоор  тохиролцжээ.  Энэ хоёр хамтын гэрээнд  мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас групптэй байсан ажилтан өндөр насны тэтгэвэрт гарахад тэтгэмж  өгөх эсэх талаар тодорхой  заалт  байхгүй  хэдий ч Геологи уул уурхайн салбарын хамтын хэлэлцээрийн  5.5-д  “Геологи уул уурхайн салбарт ажиллаж байгаад  үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас  группэд байгаа иргэдээс  өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд  салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  салбарт ажилласан жилээр үржүүлж нэг удаа тэтгэмж олгоно” гэж   заасны дагуу   “Шарын гол” ХК  нэг удаагийн  тэтгэмж  олгохыг   сумын Хөдөлмөрийн маргаан зохицуулах арбитрын  зөвлөмж  гарч байсан  байна.

Өөрөөр хэлбэл  Геологи уул уурхайн салбарын  хэлэлцээр  нь  эрх зүйн  хэм хэмжээг тогтоосон   акт  мөн учир  түүнийг үндэслэж  тэтгэмж  тогтоосныг  хуулийн үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүх хариуцагч  байгууллагаас тэтгэмж гаргуулахдаа  тэтгэмжийн хэмжээг  дээрх актад зааснаар бус  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр  тооцохдоо  тэтгэвэрт  гарах үед  мөрдөгдөж байсан  хэмжээг  анхаараагүй  байна.

Нэхэмжлэгчид нь  2013 оны 5 дугаар сарын 29, 06 дугаар сар, 07 дугаар сар, 08 дугаар сарын 29-нд  тэтгэвэр тогтоолгосон  учир 140.400 төгрөг буюу 2011 оны  04 дүгээр сарын 05-наас  2013 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл  мөрдөгдөж байсан  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр  бодох ёстой  байжээ.

Иймд Б.Б-ид  3.831.200, Д.Н-д 4.633.200, М.Ц-д 3.369.600, Ж.Н-д 4.212.000, Х.Э-т 3.088.000 төгрөг  гэж  шүүхийн шийдвэрт  өөрчлөлт оруулвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 590 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын:  

“Б.Б-ид 5.376.000 төгрөг”  гэснийг   “3.831.200 төгрөг”,   “Д.Н-д 6.336.000 төгрөг” гэснийг  “4.633.200 төгрөг”,  “М.Ц-д 4.608.000 төгрөг” гэснийг    “3.369.600”, “Ж.Н-д 5.760.000 төгрөг” гэснийг   “4.212.000 төгрөг”,  “Х.Э-т 4.224.000 төгрөг” гэснийг “3.088.000 төгрөг” гэж,  нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох Б.Б-ийн 6.920.800 төгрөг, Д.Н-гийн 6.118.800 төгрөг, М.Ц-ийн 5.078.400 төгрөг, Ж.Н-гийн 7.308.000 төгрөг, Х.Э-ийн 5.360.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289.470 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                        ДАРГАЛАГЧ

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 О.НАРАНГЭРЭЛ

                                        ШҮҮГЧИД                                               С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                       С.ЭНХЖАРГАЛ