Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 1922

 

 

Д.Дуламсүрэн, Б.Хандсүрэн нарын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,\

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/01710 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Дуламсүрэн, Б.Хандсүрэн нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Батбаярт холбогдох   

Гэрлэлт цуцлуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Дуламсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Дуламсүрэн

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дуламсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Батбаяртай 1989 оноос гэр бүл болсон ба бидний дундаас 1990 онд хүү Б.Доржсүрэн, 1994 онд охин Б.Хандсүрэн төрсөн. Нөхөр Н.Батбаяр 2013 оноос эхлэн өөр хүнтэй гэр бүл болж, тусдаа амьдарч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “АЗЗАН” ХХК-ийн баруун талд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай барилга, газар, шинжээчийн дүгнэлтээр уг газрын үнэ 212 675 400 төгрөг болж байгаа, харин газар дээр байсан обьектийн үнэ 42 240 000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 131/1 дүгээр байрны 83 тоот орон сууцны зах зээлийн үнэ 62 355 000 төгрөг болж нийт 317 270 400 төгрөгөөс охин бид хоёрт ногдох хэсэг буюу 158 635 200 төгрөгийг хариуцагч Н.Батбаяраас нэхэмжилж байна. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 131/1 дүгээр байрны 83 тоот орон сууцны зах зээлийн үнэлгээг шүүхээс томилогдсон шинжээч хийсэн. Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай газар, уг газар дээр байсан обьектийн үнийг өмнө шүүхэд хандахад хийгдсэн үнэлгээнд тулгуурлаж гаргасан. Бид 2003 онд Япон улс руу явж ажилласан ба төмөр замд 2 өрөө байр, Москва хороололд 1 өрөө байр авсан. 2 өрөө байрыг зараад мөнгийг нь хуваасан тул маргаангүй. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 131/1 дүгээр байрны 83 тоот орон сууцыг бид хоёр Япон улсад ажилласан мөнгөөрөө авсан бөгөөд манай ээжийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Уг байрыг 2008 онд талийгаач ээж болон нөхөр Н.Батбаяр нар зарж, мөнгийг нь хувааж авсан бөгөөд уг байрны мөнгөнөөс охин бид хоёр аваагүй. Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “АЗЗАН” ХХК-ийн баруун талд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай газрыг би өөрийн хүчээр авсан бөгөөд газрыг нөхрийнхөө нэр дээр шилжүүлсэн. Тухайн үед Н.Батбаяр дөнгөж шоронгоос гарсан, ямар ч ажил төрөлгүй байсан. Би 2007 оны 5 дугаар сард Япон улсаас ирээд 12 дугаар сард нөхөртөө хэлэлгүй Бээжин явсан нь үнэн. Би 2007 онд гэрээсээ явахдаа бидний хамтын хөрөнгө болох дансанд байсан 9 000 орчим ам.долларыг аваад явсан нь үнэн хэдий ч уг мөнгө надад оногдох ёстой хөрөнгө гэж үзэж байна. Хариуцагч гакрыг 30 000 000 төгрөгөөр дээрх обьектийн хамт бусдад зарсан гэх боловч үүнээс илүү үнэ хүрэх газар юм. Хариуцагч Н.Батбаяр охин Б.Хандсүрэнгийн сургалтын төлбөрийг төлсөн талаар маргахгүй. Гэхдээ бид хоёр эд хөрөнгийн ногдох хэсгээс шаардах эрхтэй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 1989 онд гэр бүл болж 2 хүүхэдтэй болсон. Гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Учир нь: Д.Дуламсүрэн намайг хаяаад явснаас хойш би өөр хүнтэй хамтран амьдарч үр хүүхэдтэй болсон тул хамт амьдрах боломжгүй. Нэхэмжлэгч гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгээ шаардаж байгааг зөвшөөрөхгүй. Учир нь: Бид 2 аж амьдралаа дээшлүүлэх гэж 2003 онд Япон улс руу явж ажилласан. Ингээд төмөр замд 2 өрөө байр, Москва хороололд 1 өрөө байр авсан. Нэхэмжлэгч 2007 оны 5 дугаар сард Япон улсаас ирээд 12 дугаар сард сураггүй алга болсон. Цагдаад өгөөд шалгуултал урагшаа Хятад гараад явсан байсан. Тэрээр 2011 онд сална гэсэн өргөдөл өгсөн боловч нэхэмжлэгч өөрөө дахин сураггүй алга болоод шүүхээс нэхэмжлэлийг буцаасан. 1997 онд Гурвалжинд хашаа байшинтай байсан. Мөнгө байхгүй, амьдрал бүр болохоо байсан тул бид харилцан ярилцаад нэхэмжлэгчийн ярьж байгаа Москва хорооллын 83 тоот байрыг 2008 онд зарсан. Тус байрыг Д.Дуламсүрэн бид хоёр ажиллаж олсон мөнгөөрөө авсан боловч анхнаасаа хадам ээжийн нэр дээр байсан. Анх бид орон сууцыг 20 000 000 төгрөгөөр аваад буцааж 40 000 000 төгрөгөөр зарсан. Би 20 000 000 төгрөг авсан, харин Д.Дуламсүрэн болон түүний ээж 20 000 000 төгрөг авсан. Иймд нэхэмжлэгчийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 131/1 дүгээр байрны 83 тоот орон сууцны ногдох хэсгээс авна гэж шаардаж буй нь үндэслэлгүй. Харин нэхэмжлэгч 2007 онд гэрээсээ явахдаа хамтын хөрөнгө болох дансанд байсан 9 000 ам.доллар, 10 000 000 төгрөгийг аваад алга болсон. Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “АЗЗАН” ХХК-ийн баруун талд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай барилга, газрын мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Уг газар хураагдаад би дээрх обьектийг нураасан. Газар эзэмших эрхийн хугацаа дууссан. 5 жилээр сунгагддаг байсан. Би газрыг 30 000 000 төгрөгөөр обьектийн хамт бусдад зарсан нь үнэн. Гэхдээ уг газрыг бид хоёр гэр бүл байх хугацаандаа зарсан бөгөөд уг мөнгөнөөс би охин Б.Хандсүрэнгийн сургалтын төлбөр төлсөн, мөн хүүдээ мөнгө явуулсан. Бидний гэрлэлтийн хугацаанд эх нь нэг ч төгрөг гаргаагүй би л охин, хүү хоёртоо санаа тавьж ирсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Чой овогт Доржпүрэвийн Дуламсүрэн, Боржигон овогт Намжилийн Батбаяр нарын гэрлэлтийг цуцалж,

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасныг баримтлан дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 158 635 200 төгрөгийг хариуцагч Н.Батбаяраас гаргуулах тухай Д.Дуламсүрэн, Б.Хандсүрэн нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Дуламсүрэн, Б.Хандсүрэн нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Дуламсүрэнгээс 475 563 төгрөг, Б.Хандсүрэнгээс 475 563 төгрөг гаргуулж улсын орлогод, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Дуламсүрэнд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Дуламсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Н.Батбаяр бид хоёр хоорондын таарамжгүй байдлын улмаас 2007 оноос тусдаа амьдарч байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогддог, энэ талаар маргадаггүй. Гэтэл Н.Батбаяр 2007 оноос тусдаа амьдарсан, гэр бүлийн ямар нэгэн холбоогүй болсон байхдаа бидний 2002-2007 онуудад Япон улсад ажиллаж амьдарч байхдаа ээж Д.Даариймаагийн нэр дээр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 131/1 дүгээр байрны 83 тоот 1 өрөө орон сууцыг худалдаж авсан. Гэтэл Н.Батбаяр уг орон сууцыг 2008 онд зарж мөнгийг нь манай ээжтэй хувааж авсан гэж тайлбарладаг боловч энэ орон сууцыг бусдад худалдсаныг нь огт мэдээгүй. Уг орон сууцнаас ногдох хэсгээс охин Б.Хандсүрэн бид хоёрт өгч байгаагүй, охин Б.Хандсүрэн бид хоёр орон сууцыг зарсны дараа мөнгийг нь хувааж авах талаар Н.Батбаяр ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгээгүй, түүний манай ээжтэй ямар гэрээ хэлцэл хийж байр зарсныг мэдээгүй. Д.Даариймаа 2015 онд нас барсан бөгөөд Н.Батбаяр өөрийнхөөрөө тайлбарлаж байх ба түүний тайлбар хөтөлбөргүй, туйлын үнэн гэдгийг ямар нотлох баримтад тулгуурласнаа шүүхийн шийдвэрт тусгаагүй тул шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэдэгт эргэлзэж байна.

Түүнээс гадна ээж Д.Даариймаатай хамтарч Н.Батбаяр дээрх орон сууцыг худалдсан гэж байгаа бол түүнд ногдох хэсгээс гэр бүлийн бусад гишүүдэд ногдох ёстой гэж үзэж байна. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205031787 дугаартай Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрлэлийн зориулалттай барилга, газрын хувьд манай гэр бүлийн үндсэн хөрөнгө юм. Обьект, газрын эзэмших эрхийг Н.Батбаяртай гэр бүл байх хугацаандаа би өөрөө тухайн үед ганцаараа ажил эрхэлдэг байхдаа хөдөлмөрийн хөлсөөрөө 1995 онд бусдаас 600 000 төгрөгөөр худалдаж авсан. Обьект, газрыг худалдаж авахад нөхөр Н.Батбаяр шоронгоос дөнгөж гарсан, тодорхой эрхэлсэн ажилгүй байсан бөгөөд уг газар, барилгын эзэмших эрхийн бүртгэлийг нөхөр Н.Батбаярын нэр дээр бүртгүүлсэн. Шинжээчийн дүгнэлтээр 2007 онд обьектыг 42 240 000 төгрөгөөр, 2013 онд газрыг 212 675 400 төгрөгөөр тус тус үнэлсэн. Гэтэл Н.Батбаяр тухайн барилгыг "Капитал лизинг" ХХК-д худалдсан нь Н.Батбаярын болон "Капитал лизинг" ХХК-ийн Нийслэлийн газрын албанд хандаж гаргасан хүсэлт, албан бичгээр тогтоогддог. Тухайн үед газар эзэмших эрхийг худалдаж болохгүй ч уг эзэмших эрхийг бусдаас худалдаж авч байсан учраас Н.Батбаяр мөн уг эрхээ худалдсан нь тэд төлбөрийг тусдаа гэрээгээр зохицуулсан гэдгээр тогтоогдсон гэж үзэж байна. Хариуцагч өмчлөх эрхгүй буюу эзэмших эрхтэй газрыг бусдад худалдаж болохгүй төрийн өмч гэж тайлбарлаж байгаа боловч уг эрхийг "Капитал лизинг" ХХК-д худалдаж, ийнхүү худалдах, худалдан авах төлбөрийг тусдаа гэрээгээр зохицуулахаар Н.Батбаяр "Капитал лизинг" ХХК-тай гэрээ байгуулсан байдаг. Н.Батбаяр ч уг газар дээрх барилгыг буулгаж бусдад худалдсан гэх тайлбараар газар эзэмших эрхийг бусдад худалдсан болох нь нотлогддог.

Н.Батбаяр уг газрыг худалдсан мөнгөөр охин Б.Хандсүрэнгийн сургалтын төлбөр төлсөн, хүүдээ мөнгө явуулсан гэж тайлбарласнаар ч тогтоогдож байна. Гэр бүлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд гэрлэлт дуусгавар болохыг зохицуулсан байх бөгөөд уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар дуусгавар болохоор байна. Гэтэл шүүх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсэг гаргуулах шаардлагыг гэр бүл байх хугацаанд бусдад зарагдаж, гэр бүлийн хэрэгцээнд зарцуулагдсан нь тогтоогдсон гэж үзэж, нэхэмжлэгч намайг эдгээр хөрөнгийг бусдад зарж, борлуулсныг мэдээгүй, мэдэх боломжгүй байсныг хэрэгсэхгүй болгосон боловч эдгээр тайлбар нь ямар нотлох баримтаар тогтоогдож байгааг шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурдсангүй. Хариуцагчийн дээрх эзэмших эрхтэй газар, объектыг буулгаад бусдад худалдсан гэх тайлбарыг шүүх үнэлэхгүй байх үндэслэлээ тайлбарласангүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах, эсхүл хэрэгт авагдсан баримтыг үндэслэн шийдвэрийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Д.Дуламсүрэн, Б.Хандсүрэн нар хариуцагч Н.Батбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрч, бусад шаардлагыг эс зөвшөөөрч маргажээ.

Д.Дуламсүрэн, Н.Батбаяр  нар 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 1994 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээ авсан, тэдний дундаас 1990 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүү Б.Доржсүрэн, 1993 оны 10 дугаар сарын 29-ний өдөр охин Б.Хандсүрэн нар төрсөн үйл баримт тогтоогдсон, талууд өмнө нь байсан гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгийг захиран зарцуулсан талаар маргаагүй.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүд бусдынхаа зөвшөөрөлгүйгээр гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийг захиран зарцуулсан бол бусад гишүүд нь эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж болох тул нэхэмжлэгч Д.Дуламсүрэн, Б.Хандсүрэн нар шаардах эрхтэй гэж үзнэ.

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай газрыг хариуцагч Н.Батбаяр нь бусдад  30 000 000 төгрөгөөр худалдсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Шүүхээс томилогдсон “Итгэлт эстимэйт” ХХК-иас уг газрыг 212 675 400 төгрөгөөр үнэлсэн  дүгнэлт гаргасан байх бөгөөд газрын үнэлгээтэй холбоотой өөр баримт авагдаагүй байх тул дээрх үнэлгээг гэр бүлийн 4 гишүүнд хувааж тооцон, хариуцагчаас нэхэмжлэгч Д.Дуламсүрэн, Б.Хандсүрэн нарт тус тус 53 168 850 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 131/1 дүгээр байрны 83 тоот орон сууц нь хэний өмчлөлд байсан талаар баримт хэрэгт авагдсан бөгөөд Иргэний хуулийн 111 зүйлийн 111.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл бүртгэлээр баталгаажиж шилжигдэх ёстой. Түүнчлэн Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т зааснаар эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэгдсэн тохиолдолд уг эзэмшилд үндэслэн өмчлөх эрхийг тодорхойлох мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт хамаарахгүй.

Дээрх баримтуудыг талуудын гаргасан тайлбартаа харьцуулан дүгнэж үзвэл, Д.Дариймаагаас Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 131/1 дүгээр байрны 83 тоот орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр Б.Амаржаргалд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд үүнийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байсан тул бусад гишүүдэд адил тэгш хуваах дундын эд хөрөнгө гэж үзэхгүй юм.

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Энхтайваны  өргөн чөлөө, 131/1 дүгээр байрны 83 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Д.Дариймаа нь өөрийн өмчлөлийн зүйлээ Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар захиран зарцуулах нь Д.Дуламсүрэн, Н.Батбаярын нарын нэр бүл цуцлахтай холбоотой, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн ногдох маргаанд хамраалатай нөхцөл байдал байсан гэж үзэхгүй тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/01710 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Батбаяраас 53 168 850 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Дуламсүрэн, Б.Хандсүрэн нарт олгосугай” гэж, 3 дахь заалтад “хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Дуламсүрэнд олгосугай” гэснийг “хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 423 794 төгрөгийг нэхэмжлэгч Д.Дуламсүрэнд, 423 794 төгрөгийг Б.Хандсүрэн нарт тус тус олгосугай” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 951 126 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            Ч.ЦЭНД

                                                                                                            Д.БАЙГАЛМАА