Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 917

 

 

 

 

 

 

 

 

                                                           

 

 Д.Ү-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

             Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           

            прокурор Х.Ням-Эрдэнэ,

            шүүгдэгч Д.Ү-ийн өмгөөлөгч Д.Алтантуяа,

            хохирогч Э.П

хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

            нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 1115 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Х.Ням-Эрдэнийн бичсэн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 89 дүгээр эсэргүүцэл, хохирогч Э.П-ийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Ү-д холбогдох 1806008431080 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигин овгийн Д.Ү, Хэнтий аймагт 1985 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл зүйн багш мэргэжилтэй, Хүрээ амаржих газар ариутгагч сувилагч ажилтай, ам бүл 3; эх, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр цэргийн анги, 3 дугаар гудамжны 27 тоот оршин суух хаягтай боловч одоо Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Олзвойн-14 тоотод оршин сууж байсан, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: СП.................../,

 

Д.Ү нь 2018 оны 1 дүгээр сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтуугаар Э.П руу аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Ү-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ү-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, 1806008431080 дугаартай хэргийг прокурорт буцааж, Д.Ү-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор Х.Ням-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Д.Ү-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй гарсан. Учир нь:

 Хохирогч Э.П-ийн “... Би   Билгүүн,  Мөнгөөнөө  хоёртой  юм  яриад  сууж байхад Цээгий гэгч эмэгтэй баруун урд талаас над руу 2-3 метрийн орчим зайнаас нэг зүйл шидсэн ба тэр нь хананд ойгоод миний толгойн баруун доод хэсэгт оносон. Цээгий архиа уугаад хойноос нь сэнжтэй аяганд хийсэн зүйлийг уугаад шууд сэнжтэй аягаа над руу шидсэн. Тэр аяга нь миний зүүн нүдний гадна хэсэгт оносон...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/, гэрч Ж.Дарханбаярын “... ямар ч хэрүүл маргаан болох асуудал гараагүй байхад Үүрийнгэрэл ундааны сав аваад хажуудаа сууж байсан Э.П руу шидэхэд толгойн дээгүүр нь даваад хана оносон. Дахин тонгойж газар байсан цагаан бариултай, ногоон өнгийн, өндөр цайны аягыг аваад дахин Э.П руу шидэхэд сууж байсан дивааны ар талд унасан. Аяга шидсэний дараа Э.П зүүн гараараа, зүүн нүдээ дараад “за ёстой явъя” гээд босоод ирсэн. Э.П нь орж ирэхдээ зүүн нүд нь хавдсан болон ямар нэгэн зулгаралт байгаагүй...” /хх 39-40/, гэрч У.Аззаяагийн “... гэнэт Д.Ү ундааны хоосон сав аваад Э.П руу шидсэн нь оноогүй. 5 минут хэртэй сууж байгаад урдаа байсан ундааны сэнжтэй аягыг аваад Э.П руу шидэхэд арын хана оноод сэнж нь тасарсан...” /хх 41-42/, гэрч Б.Билгүүний “... Ямар ч байсан Д.Ү, Э.П руу ногоон өнгийн аяга шидсэн бөгөөд тэр аяга нь Э.Пгийн хойд талын ханыг оносон. Аяга хагарсан үгүйг мэдэхгүй. Тэгсэн Давхарбаяр, Д.Ү-ийг аваад галын өрөө рүү явсан. Харин Э.П нүд оночихлоо гэж байсан...” /хх 46-47/ гэх мэдүүлгүүд, хохирогч Э.П-ийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1463 / хх 48/, №319, /хх 57/, №476 /хх 85/ тоот дүгнэлтүүд, яллагдагч Д.Ү-ийн “... урьд нь үерхэж байсан Билгүүн нэг охин дагуулж орж ирсэн. Би хардаад тэр охин руу эхлээд ундааны сав, дараа нь шаазан аяга шидсэн гэж манай найз Дарханбаяр надад хэлсэн...” гэх мэдүүлэг зэргээр Д.Ү-ийн үйлдсэн хэрэг нь нотлогдсон.

Шүүхийн цагаатгах тогтоолд “... Э.П-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтлийг шүүгдэгч Д.Ү учруулсан нь ... тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ...” гэж тодорхойлсон нь ойлгомжгүй, хэргийн үйл баримтад буруу дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

Д.Ү нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч, хохирогчид хөнгөн хохирол учруулсан.

Шинжээчийн 1463, 319, 416 тоот дүгнэлтүүдээр хохирогчид учирсан тархи доргилт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн нүдний дотор булангийн зулгаралт, зүүн нүдний алимны салстын улайлт бүхий гэмтэл учирсан ба нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой байдал тогтоогдсон. Д.Ү-ийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч руу аяга авч шидэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байна. Тус шүүхийн цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн үнэлэлгүй орхигдуулсан гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн үнэлэлгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байх тул 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 1115 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Э.П-ийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 1115 дугаар цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тул тогтоолыг хүчингүй болгож, Д.Ү-д холбогдох дахин хэлэлцүүлж өгнө үү.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохдоо хэт нэг талыг баримтлан шүүхийн дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан.

Цагаатгах тогтоолд “зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал нь хуучин гэмтэл гэсэн байх тул тухайн хэрэг болсон цаг хугацаанаас өмнө үүссэн гэмтэл байна” гэсэн нь үндэслэлтэй гэж үзлээ” гэж дүгнэсэн нь бодит байдал дээр тогтоогдоогүй болно.

... Шүүх эмнэлгийн шинжээчдийн 319, 476, 57/18 дугаар дүгнэлтүүдэд хохирогч Э.Пгийн зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал гэдэг асуудлаар эргэлзээгүй, үндэслэл бүхий дүгнэлт гаргаж чадаагүй байна.

Тэргүүлэх зэргийн эмч, шинжээч эмч Б.Ариунзул, шинжээч эмч Т.Сэлэнгэ, Ш.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 319 тоот дүгнэлтэд тусгай мэдлэгийн хүрээнд дүрс оношилгооны эмч О.Оюунбаясгалангаар КТГ-н зургийг уншуулахад тэрээр хохирогч “Хамрын яс нь хугаралтай, таславч муруй... Зүүн нүдний ухархайн дотор хана хуучин хугаралтай...” гэж оношилсон боловч зүүний нүдний ухархайн хана хаана, аль хэсэгтээ ямар байдлаар хугаралтай болох, ямар шинж байдлаар хуучин хугарал гэж үзсэн талаар шинжээчдийн дүгнэлтэд тусгуулаагүй байна.

Мөн шинжээчийн дүгнэлт гаргахад оролцсон шинжээч эмч Б.Ариунзул “Зүүн нүдний ханын ухархайн хугарал гэмтэл нь 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хэрэг гарсан гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байсан. 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн "Окулапластик" эмнэлэгт орсон хагалгаа нь ... хуучин гэмтлийн улмаас орсон хагалгаа байсан ... зүүн нүдний ухархайн гэмтэл нь хэзээ яаж үүссэнийг тогтоох боломжгүй” гэж мэдүүлэхдээ хуучин гэмтэл гэдгийг нотолсон эх сурвалжаа заагаагүй, дээрх тайлбарыг хийхэд түүнд дүрс оношилгооны тусгай мэдлэг, чадвар байсан эсэх нь эргэлзээ төрүүлж байна. /хх 58/,

Шинжээч эмч О.Оюунбаясгалан мэдүүлэхдээ “... КТГ-ын зургаар шинэ хуучин гэмтлийг 70% ялгах боломжтой ... Ер нь дүрс оношилгооны зургаар 100 хувийн баталгаатай онош гэж байхгүй ... яагаад хуучин хугарал гэж оношлогдсон гэхээр хаван, хавдар байхгүй, цус хуралтгүй, нүдний ухархайн хананы байдлыг зураг дээрээс ... бичигдсэн онош байгаа гэж тайлбарлаж мэдүүлсэн нь хэргийн бодит байдлаас өөр байгаа юм. Шинжээчийн 1463 тоот дүгнэлтэд бичигдсэн хохирогчийн зүүн нүдэнд хийсэн үзлэг оношилгоотой зөрүүтэй байгаа тул түүний хийсэн дүгнэлт эргэлзээ төрүүлж байна. /хх 97-98/,

Ахлах зэргийн эмч, шинжээч эмч Г.Энхбаатар, шинжээч эмч Т.Чимэд-Очир, Б.Долгормаа, Б.Ганзориг, М.Золжаргал нарын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 476 тоот дүгнэлтэд тусгай мэдлэгийн хүрээнд дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмч, радиологч С.Чулуунсүхээр КТГ-н зургийг уншуулахад “... зүүн нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн хуучин хугаралтай, ... хамар ясны баруун хажуу хананы урд хэсэгт сэтэрсэн хуучин хугаралтай, таславч зүүн тийш бага зэрэг мурий...”  гэж тусгуулсан.

Шинжээчийн дүгнэлтэд “... КТГ-н зургийг дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмчээр дахин уншуулахад зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал нь хуучин гэмтэл гэсэн байх тул тухайн хэрэг болсон цаг хугацаанаас өмнө үүссэн гэмтэл байна” гэж дүгнэсэн атлаа зүүний нүдний ухархайн хана хаанаа, аль хэсэгтээ ямар байдлаар хугаралтай болох, ямар шинж байдлаар хуучин хугарал гэж үзсэн талаар шинжээчдийн дүгнэлтэд тусгуулаагүй байна.

Дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмч, радиологч С.Чулуунсүхийн мэдлэг мэргэжлийн түвшинг тодорхойлсон ямар нэг баримт хэрэгт авагдаагүй, шинжээчийн дүгнэлт гаргахад оролцсон түүнийг гэрчээр мэдүүлэг авч нотолгооны эх сурвалжийг тодруулаагүй байна.

Шинжээчийн 476 тоот дүгнэлтэд 1 ширхэг CиДи, 3 ширхэг КТГ зураг, 1 ширхэг рентген зургийг шинжээчийн бүрэлдэхүүн болон мэргэжилтэн дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмч, радиологч С.Чулуунсүх хүлээн авсан боловч шинжилгээнд ашигласан эсэх нь тодорхойгүй, хаанаас хэнээс ирүүлсэн КТГ-н зургийг шинжилгээнд ашигласан болох, ямар үндэслэлээр хуучин гэмтэл, тухайн хэрэг болсон цаг хугацаанаас өмнө үүссэн гэмтэл гэж үзсэн тодорхойгүй зэрэг нь эргэлзээ төрүүлж байна.

Эрүүл мэндийн яамны дүрс оношилгоо судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, АУ-ны доктор Б.Эрдэнэбулганы 57/18 дугаар шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчсөн байна.

Иймд шинжээчдийн 319, 476, 57/18 дугаар дүгнэлтүүд нь эргэлзээ бүхий нотлох баримт гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцохгүй байх хүсэлтийг шүүхэд гаргаж байсан боловч хүлээж аваагүй улмаар шүүхийн цагаатгах тогтоолын үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн 26.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг бүхэлд нь зөрчсөн.

Шүүх Д.Ү-д холбогдох хэргийн бодит байдлыг тогтоохдоо хэт нэг талыг барьж, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй. Үүнд:

Хохирогч Э.П нь 2018 оны 1 дүгээр сарын 13-ны шөнө танил Б.Билгүүний урилгаар гэрт нь очоод шүүгдэгч Д.Ү-ийн халдлагад өртөж зүүн нүдэндээ гэмтэл авсан болох нь “Окулапластик” эмнэлэгийн үзлэг, нөхөн сэргээх эмчилгээний баримт бичиг, анхны шүүх эмнэлэгийн үзлэг, шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 1463 дугаар дүгнэлтээр тогтоосон байхад яллагдагч Д.Ү, гэрч Дарханбаяр, У.Аззаяа, Б.Билгүүн эргэлзээтэй мэдүүлгийг шүүх цагаатгах тогтоолын үндэслэл болгосон байна.

Хохирогч Э.П 4 удаа мэдүүлгээ үнэн зөв өгсөн байхад түүнийг үнэлээгүй үндэслэлээ шүүх тогтоолдоо заагаагүй. Шүүхэд хэлэлцэгдэж байгаа нотлох баримтууд  хоорондоо болон хэргийн бусад нотлох баримттай харилцан зөрүүтэй байхад шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэх, бусад гэрч, хохирогчийн мэдүүлгийн үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй нь цагаатгах тогтоолд эргэлзээ төрүүлж байна.

Шүүх цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулгад дүгнэлт хийлгүй, ямар нэг эргэлзээ төрөхөөргүй нотлох баримтыг үндэслэж шийдвэрлээгүй болох нь прокурорын дүгнэлт, хохирогчийн өмгөөлөгчийн санал, хүсэлтийн үндэслэлийг няцаасан, үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 1115 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, энэ хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү...” гэв.

 

            Хохирогч Э.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

           

            Шүүгдэгч Д.Ү-ийн өмгөөлөгч Д.Алтантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан. Гэрчүүдийн мэдүүлэгт Д.Ү, Э.П нар алга дарам зайтай зэрэгцээд сууж байсан нь тогтоогдсон. Э.Пгийн цаана найз залуу Билгүүн нь сууж байсан гэдэг. Д.Ү нь хохирогчид хор уршиг учруулах гэж хүсч үйлдсэн бол хажуудаа сууж байсан Э.П-г цохиж зодох боломж байсан. Аяга аваад үнэхээр Э.П руу шидсэн үү, эсхүл урьд нь үерхэж байсан Билгүүн рүү шидсэн үү гэдэг нь эргэлзээтэй байна. Э.П мэдүүлэхдээ “3-4 метрийн зайнаас миний баруун урд талаас аяга шидээд тэр нь намайг оносон” гэж хэлдэг боловч гэрч нар “Э.П-ийн арын хананд ойгоод аяганы сэнж нь хагарсан” гэж хэлдэг. Ард талын хананд ойж хагарсан аяга урд талаас нь нүдийг нь ононо гэдэг байж боломгүй зүйл учраас гэрч нар бүгд үнэн зөв мэдүүлэг өгсөн байна. Аззаяагийн мэдүүлэгт “гурав хоногийн дараа Билгүүн, Эрдэнэзаяа бид нарыг хамт байхад Э.П хүрч ирсэн. Тэр үед ямар нэгэн гэмтэл бэртэлгүй зүгээр явж байсан” гэдэг. Хохирогчийн тал анхны шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэн олон удаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Прокурорын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгчийн гомдол хэргийн бодит үнэнтэй нийцэхгүй байгаа учир хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх, Д.Ү-д холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Д.Ү-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ гэрч Ж.Дарханбаяр, У.Аззаяа, Б.Билгүүн нарын хохирогч руу шидсэн зүйл “оноогүй”, “оносон эсэхийг мэдэхгүй” гэсэн мэдүүлгүүдэд үндэслэн “... шүүгдэгч Д.Ү нь Э.П руу ундааны сав, аяга шидсэн боловч тухайн эд зүйлүүд нь хохирогчийг оноогүй, ... шүүгдэгч нь хохирогчийг ямар нэгэн эд зүйлээр цохисон болох нь нотлогдохгүй байх тул хөнгөн зэргийн хохирол учруулсан гэж үзэхгүй ...” гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Энэ тухай прокурорын бичсэн эсэргүүцэл, өмгөөлөгчийн давж заалдсан гомдол үндэслэл бүхий гарчээ.  

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд “Д.Үүрийнтуяагийн шидсэн аяга зүүн нүдийг нь оносон” талаар хохирогч Э.П-ийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээлэл /хх 6/, хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх 36-37/ хэрэгт авагдсан байхад шүүх ач холбогдол бүхий эдгээр нотлох баримтуудыг  үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй. Мөн гэрч Ж.Давхарбаярын “... шидсэн хоёр зүйл нь П-г оноогүй... Аяга шидсэний дараа П зүүн гараараа зүүн нүдээ дараад “за ёстой явъя” гээд босоод ирсэн. П орж ирэхэд зүүн нүд нь хавдсан болон ямар нэгэн зулгаралт байгаагүй, хоёр нүд нь ижил харагдаж байсан...” /хх 40/ гэх мэдүүлэг, гэрч У.Аззаяагийн “... П руу шидсэн аяга арын ханыг оноод сэнж нь тасарсан. Чухам тасарсан сэнж нь П-г оносон, үгүйг мэдэхгүй...” /хх 41/, гэрч Б.Билгүүний “... Ү, П руу аяга шидээд, тэр аяга нь П-ийн сууж байсан талын ханыг оноод, хагарсан, үгүйг мэдэхгүй... харин П нүд оночихлоо гэж босч ирсэн...” /хх 46/ гэх мэдүүлэг, удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүдээр “хохирогч Э.П гаднаас орж ирэхэд нүдэндээ ил харагдах гэмтэлгүй байсан, Д.Ү түүн рүү аяга шидсэн, үүний дараа хохирогч нүдээ дарж “нүд оночихлоо” гээд босч ирсэн, хохирогчид гэмтэл учирсан” зэрэг шүүдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийхэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлууд тогтоогдож байхад үүнийг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулжээ.    

 

Иймд анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй нь тогтоолын дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй болохыг нотолж байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Д.Ү-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Харин хохирогч Э.П-ийн биед учирсан гэмтэл нь 3 удаагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шинжилгээ хийсэн эмч нар гаргасан дүгнэлтээ үндэслэл бүхий тайлбарласан байх тул “... шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй гарсан учраас нотлох баримтаар тооцуулахгүйн тулд хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах...” талаар өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээж аваагүй болно.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 1115 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Д.Ү-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

   2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхэлтэл Д.Ү-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

  

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН