Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2399

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******-ийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,,,т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Ж.оос тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Миний бие шүүх хуралдааны ирцийн хувьд ямар нэгэн санал, хүсэлт байхгүй бөгөөд өнөөдөр өмгөөлөгчид маань шүүх хуралдаан давхацсан тул хүрэлцэн ирж чадаагүй боловч тэдгээрийн эзгүйд хурлыг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй.

 

            Намайг “Үндэсний цахилгааны дамжуулах сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 35 тоот тогтоолоор томилж, надтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан.

 

            Би, энэхүү компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байхдаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, хөлсөөр ажиллах гэрээний эрх, үүргээ удаа дараа “сайн” гэсэн дүнтэй биелүүлж, сунгаж байсан тухай хэрэгт тодорхой баримтууд авагдсан байгааг шүүхээс анхаарахыг хүсье.

           

            Компанийн дүрэм болон хөлсөөр ажиллах гэрээнд зааснаар надад өгсөн эрх, үүрэг бол тухайн компанийг бүрэн удирдаж, зохион байгуулах, аливаа осол, гэмтэл гаргахгүй байх, сар, улирал, жилийн үр дүнгээр цалин дээр нэмж урамшуулал авах, гүйцэтгэсэн ажлаа төлөөлөн удирдах зөвлөлд тайлагнах зэргээр ажилладаг байсан ба хариуцагч Төрийн өмчийн хороонд намайг томилж, чөлөөлөх эрх хэмжээ байхгүй, үүнийг төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлэх ёстой юм.

 

            Гэтэл хариуцагч тал 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр намайг үүрэгт ажлаас чөлөөлсөнд гомдолтой байгаа бөгөөд энэхүү асуудлыг шийдвэрлүүлэх гэж 2 /хоёр/ жилийн хугацаанд шүүх байгууллагаар явж байна.

 

“Ү” хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар гүйцэтгэх захирлыг чөлөөлөх, шинээр томилох асуудлыг хэлэлцээгүй, хууль бус шийдвэр гаргасны дараагаар хэрэгт ийм асуудлыг хэлэлцсэн мэтээр тэмдэглэлд тусгаж, шийдвэрлэсэн баримт бүрдүүлсэн, миний өгсөн нотлох баримтаар төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх дуусгавар болоогүй байсан гэдгийг гэрчлэх юм.

 

            Хэдийгээр Төрийн өмчийн хороонд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар төрийн оролцоотой компанид төлөөлөх эрхтэй этгээдийг томилох эрх байдаг боловч компанийн гүйцэтгэх захирал нь тухайн төлөөлөгч биш юм, гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид удаа дараагийн шүүх хуралдаанд намайг энэхүү компанийн гүйцэтгэх удирдлага бөгөөд төрийн төлөөлөгч хэмээн тайлбарлаж, хариуцагчийг чөлөөлөх эрх хэмжээтэй гэх зэргээр хуулийг буруу мушгин гуйвуулж байна.

 

            Би, анх энэхүү асуудлаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл өгсөн боловч тус шүүхээс нэхэмжлэлийг буцаасан, одоо уг нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг иргэний хэргийн шүүх шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа ба миний бие төрийн ямар нэгэн албан хаагч биш, хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж байсан гүйцэтгэх захирал юм.

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс надтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг Хөдөлмөрийн хуулийн контракт гэрээ мөн хэмээн дүгнэсэнтэй санал нэг байдаг, учир нь, надтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ, түүний биелэлтийг дүгнэсэн актууд энэ талаарх үйл баримтыг тодорхой илэрхийлдэг.

 

            Иймд, намайг “Ү” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

 

             Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Төрийн өмчийн хорооны 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор “” хувьцаат компанид төрийг төлөөлөх этгээдээр М., В. нарыг томилсон боловч тус хорооны 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 377, 378  тоот тогтоолоор эдгээр төлөөлөгч болон Д. нарыг мөн тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн.

 

            Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 21 дүгээр зүйлийн 21.3-д зааснаар төрийн өмчит компанийн үйл ажиллагаанд оролцох төлөөллийг Төрийн өмчийн хороо томилохоос гадна тус компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1.-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хариуцагч тал мөн адил хэрэгжүүлдэг.

 

            Гэтэл “Цахилгааны дамжуулах үндэсний сүлжээ” хувьцаат компанийн төлөөлөгчид Төрийн өмчийн хорооны удирдамжийг биелүүлээгүй тул тэднийг ажлаас чөлөөлсөн бөгөөд компанийн дүрмийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг Төрийн өмчийн хороо хэрэгжүүлэх эрхийнхээ хүрээнд гүйцэтгэх захирал Ж.ийг ажлаас чөлөөлсөн байдаг.

 

            Нэхэмжлэгч тал энэхүү компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байхдаа удаа дараагийн үйлдлээр Тендерийн тухай хууль болон худалдан авалтын холбогдох журмуудыг зөрчсөн учраас шалгалт орж, нийтдээ 10 гаруй тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж, тухайн асуудлаар авилгатай тэмцэх газарт шалгагдаж байгаа юм. Ерөнхийдөө тухайн үед нэхэмжлэгчийг ажил, албан тушаалдаа хайнга хандсан, хөлсөөр ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлөх шийдвэр гарах байсан боловч хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусч байсан тул гэрээний хугацааг үндэслэн чөлөөлж, хожим түүнд хүлээлгэх хариуцлагын асуудлыг харъяа байгууллагаар шийдвэрлүүлэх гэж байсан.

 

            Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх журмын 1.2-т заасны дагуу Төрийн өмчийн хороо нь эрх бүхий төлөөлөгчийг томилох эрх, үүрэгтэй ба нэгэнт төлөөлөгчийн эрх, үүрэг дуусгавар болсон тул гүйцэтгэх удирдлагыг чөлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлсэн болно.

 

            Иймд, нэхэмжлэгч Ж.ийг хуульд заасан бүрэн эрхтэй этгээд хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

 

            Хэрэгт авагдсан баримтаар Төрийн өмчийн хорооны 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэлд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай хэлэлцсэн үйл баримт тодорхой байгаа тул энэ талаар маргах шаардлага байхгүй, нөгөө талаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа ийм хүнийг гүйцэтгэх удирдлагаар ажиллуулах нь ёс зүйн хувьд зөрчилтэй учраас эрүүгийн хэргийг шалгаж дуустал иргэний хэргийг түдгэлзүүлэх нөхцөл байдал үүссэн байгааг шүүх анхаарах хэрэгтэй байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.оос хариуцагч Төрийн өмчийн хороонд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Энэхүү хэрэгт шүүхээс 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар тодорхойлогдсон Төрийн өмчийн хороо татан буугдаж, Сангийн яамыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар эрх залгамжлан авагчаар тогтоож, улмаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг хариуцагчаар оролцуулсан байна.

 

Хэргийн харъяаллын тухайд,

 

            Хэрэгт авагдсан баримтаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 3681 тоот захирамжаар нэхэмжлэгч Ж.ийн гаргасан хариуцагч Төрийн өмчийн хороонд холбогдох 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 384 тоот тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг “захиргааны хэргийн шүүхийн харъяаллын маргаан биш” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан бол 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 3739 тоот захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн боловч 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 5768 тоот захирамжаар “нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдол /цаашид “нэхэмжлэл” гэх/-ыг шүүх харьяалан шийдвэрлэнэ” гэж, мөн 65 дугаар зүйлийн 65.1.1-д “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн” тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэжээ.

 

            Хэдийгээр нэхэмжлэгч Ж. Төрийн өмчийн хорооны 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 384 тоот тогтоолыг хүчингүйд тооцуулахаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болон нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр байна.

 

            Түүнчлэн нэхэмжлэгч тал “Цахилгааны дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан, энэхүү компани нь хуулийн этгээдийн хувьд төрийн өмчит хувьцаат компани бөгөөд гүйцэтгэх захирал нь төрийн албан хаагч биш байх тул нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой харилцааг Төрийн албаны тухай хуулиар зохицуулдаггүй ажээ.

 

            Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаар хариуцагч Төрийн өмчийн хорооны гаргасан захиргааны акттай холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх харъяалан шийдвэрлэх боловч нэхэмжлэгчийн гаргасан энэхүү маргаан нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан төрийн улс төрийн, тусгай, захиргааны албан хаагчдын ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоогүй байна.

 

  Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 12 дугаар зүйлийн 12.1.4, 13 дугаар зүйлийн 13.1, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар тус хэргийг Иргэний хэргийн шүүх харъяалан шийдвэрлэх зүйтэй.

 

            Хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар “” хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 35 тоот тогтоолоор нэхэмжлэгч Ж.ийг тус компанийн гүйцэтгэх захирлаар тухайн өдрөөс эхлэн томилж, түүнтэй төлөөлөн удирдах зөвлөлийн дарга хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байна.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Төрийн өмчийн хорооны 2012 оны 10 дугаар 18-ны өдрийн 448 тоот тогтоол, мөн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 37 тоот тогтоолоор хариуцагч талы санал болгосноор нэхэмжлэгчийг гүйцэтгэх захирлаар томилж, улмаар 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 04 тоот тогтоол, 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 04 тоот тогтоол болон 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 08 тоот тогтоолоор хөлсөөр ажиллах гэрээний хугацааг 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл сунгажээ.

 

            Хэрэгт авагдсан “” хувьцаат компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл уг компани 3 /гурав/ хувьцаа эзэмшигчтэй, төрийн 100 хувийн өмчлөлийн компани байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 164 тоот тогтоолоор энэхүү компанийг үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшигчдээр 41 хувийг Дэд бүцтийн яам, 39 хувийг Төрийн өмчийн хороо, 20 хувийг Санхүү, эдийн засгийн яаманд тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

             Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-т “Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанид төрийн болон орон нутгийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журмыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар, төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгох, гүйцэтгэх удирдлагыг томилох, төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороо, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга болон тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заажээ.

 

              Өөрөөр хэлбэл, төрийн өмчит буюу төрийн оролцоотой компанид төрийг төлөөлж хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх этгээдийг томилох, чөлөөлөх харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулах бол харин компанийн гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх, төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгох, томилох асуудлыг Компанийн тухай хуулиар тусгайлан зохицуулна.

 

             Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д зааснаар Төрийн өмчийн хороо нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийг төлөөлж хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй этгээдийг томилж, түүний үйл ажиллагаанд хяналт тавих бөгөөд тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2-т зааснаар томилогдсон этгээд энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасны дагуу тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний эрх, үүргийг давхар хэрэгжүүлдэг байна.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Төрийн өмчийн хорооны 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор “” хувьцаат компанид төрийг төлөөлөх этгээдээр Сангийн яамыг төлөөлж М., Төрийн өмчийн хороог төлөөлж В. нарыг томилсон боловч тус хорооны 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 377, 378  тоот тогтоолоор эдгээр төлөөлөгч болон Эрчим хүчний яамны төлөөлөгч Д. нарыг хувьцаа эзэмшигчийн төлөөлөгч этгээд болон компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний ажил үүргээс чөлөөлсөн байна.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Төрийн өмчийн хорооны 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 10 тоот тэмдэглэл, 384 тоот тогтоолоор “” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ж.той байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

            Хариуцагчийн тус шүүхэд гаргасан хариу тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Төрийн өмчийн хорооны тогтоолоор энэхүү компанийн төрийн төлөөлөгч болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлсөн тул Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар төрийг төлөөлөх эрх бүхий этгээдийг томилох болон тус компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг Төрийн өмчийн хороо хэрэгжүүлэх учраас гүйцэтгэх захирал Ж.ийг чөлөөлөх бүрэн эрх хариуцагчид шилжсэн нь үндэслэлтэй бөгөөд нэгэнт түүнтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусч байсан тул чөлөөлөхөд зөрчил үүсэхгүй” хэмээн тайлбарлаж, татгалзсан.

 

            “” хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 07 тоот тогтоолоор баталсан компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1 “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна. Компани нь Улсын Их хурал, Засгийн газрын шийдвэрийн дагуу хувьчлагдах эсхүл хувьцааг бусад этгээдэд худалдах хүртэл компанийн хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхийг үүсгэн байгуулагчийг төлөөлж Төрийн өмчийн хороо хэрэгжүүлнэ” гэж, мөн 9 дүгээр зүйлийн 9.3.9-д “Төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн гүйцэтгэх удирдлагыг Төрийн өмчийн хорооны удирдамжийн дагуу томилох, чөлөөлөх, түүний бүрэн эрхийг тогтоох” гэж тус тус заажээ.

 

            Энэхүү дүрмийн 8 дугаар зүйлийн  8.1-д заасныг хариуцагчийн төлөөлөгч тайлбарлахдаа “Төрийн өмчийн хороо нь тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхтэй тул гүйцэтгэх захирлыг чөлөөлөх эрх хэмжээг мөн адил эдэлнэ” гэсэн.

 

            Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасны дагуу хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдснаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг эрх эдэлнэ. Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-т зааснаар төрийн өмчит хувьцаат компанид төрийг буюу хувьцаа эзэмшигчийг төлөөлж томилогдсон этгээд дээр дурьдсан болон Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бусад асуудлаар санал гаргах эрхийг эдлэх бөгөөд үүн дотор гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэхэд таслах эрхтэй оролцох юм.

 

            Тийм ч учраас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д зааснаар төрийн өмчит компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэхээр томилогдсон этгээд тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.1-д заасны дагуу гишүүдийн буюу хувьцаа эзэмшигчдийн хурал болон төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд таслах эрхтэй оролцож, хурлаар хэлэлсэн асуудалд төрийг төлөөлж санал, хүсэлт гаргах эрхтэй.

 

            Тодруулбал, хуульд зааснаар төр - өөрийн өмчийн оролцоотой компанид хувьцаа эзэмшигчийн эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ тодорхой төлөөлөгчөөр дамжуулан оролцох, тухайн этгээд Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 62 дугаар зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.1-д зааснаар хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх тул Компанийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу компанийн гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх асуудлыг  шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцоно.

 

            Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т зааснаар хувьцаат компани заавал төлөөлөн удирдах зөвлөлтэй байх бөгөөд тус хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-д заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөл нь гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх эрхийг хэрэгжүүлэх ба компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол тус эрхийг Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3-д зааснаар хувьцаа эзэмшигчийн хурал хэрэгжүүлж болно.

 

            Гэтэл “” хувьцаат компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.5.10-д “компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас төлөөлөн удирдах зөвлөлд гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх талаар удирдамж өгөх”, мөн 9 дүгээр зүйлийн 9.3.9-д “төлөөлөн удирдах зөвлөл нь Төрийн өмчийн хорооны удирдамжийн дагуу гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх, бүрэн эрхийг тогтоох эрх хэмжээг хэрэгжүүлэх” тул нэхэмжлэгч Ж.ийг томилох, чөлөөлөх асуудлыг төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлэх эрх хэмжээтэй байна.

 

            Тодруулбал, Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-т зааснаар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь гагцхүү хувь хүн байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11  дүгээр зүйлийн 11.6, 21 дүгээр зүйлийн  21.3-д зааснаар Төрийн өмчийн хороо нь зөвхөн төрийн өмчит компанид төлөөлөх хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх эрх эдлэх ба компанийн гүйцэтгэх удирдлага нь төрийн өмчит компанийн хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх төлөөлөл биш тул хариуцагчид тухайн төлөөлөн удирдах зөвлөлийн гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх эрх шилжихгүй юм.

 

            Иймд, хариуцагч Төрийн өмчийн хороо нь хуулиар олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргаж, гүйцэтгэх захирал Ж.ийг ажлаас чөлөөлсөн байна.

 

            Нэхэмжлэгч болон “” хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нарын хооронд байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д “Компанийн хувь нийлүүлэгчдийн эд хөрөнгийг үр ашигтай эзэмшин, ашиглаж, захиран зарцуулснаар компанийн үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалт, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхтэй холбогдон үүсэх талуудын харилцааг зохицуулах, эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлоход энэхүү гэрээний зорилго оршино” гэж, түүнчлэн 2 дугаар зүйлийн 2.2-т “Төрийн өмчит хувьцаат компанийн 282,989,377,900.00 төгрөгийн хөрөнгийг гүйцэтгэх захиралд томилогдсон өдрөөр тасалбар болгон зохих журмын дагуу хүлээлгэж өгнө. Жил бүр жилийн эцсийн тайлан тэнцлийн дүнгээр хөрөнгийг баталгаажуулж, гэрээний сунгалтад тусгаж байх” гэж тус тус заажээ.

 

            Мөн нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 2014 оны биелэлтийг дүгнэсэн баримт,  тухайн гэрээний 3  дугаар зүйлийн 3.1-д “Компанийн тухай хууль, холбогдох хууль дүрмийн хүрээнд компанийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, аж ахуйн менежментийг боловсронгуй болгох, техник технологийг шинэчлэх, тухайн жилийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг биелүүлэх, үйлдвэрлэлийн хөдөлмөрийн хамгаалал, осол аюулгүй ажиллагааг хангаж, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанарыг өндөр түвшинд хүргэж, ажиллагсдын нийгмийн асуудлыг оновчтой шийдвэрлэж ажиллах” гэж гүйцэтгэх захирлын эрх, үүргийг тодорхойлсноос үзвэл энэхүү гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан контракт гэрээний шинжийг агуулсан байна.

 

            Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д “Талууд контракт байгуулах үедээ хугацаа, ажилтны гүйцэтгэх ажлын эцсийн үр дүн, ажил олгогчийн өмнө хүлээх үүрэг, контрактыг дүгнэх журам, ажилтны мэдэлд олгож буй хөрөнгийн хэмжээ, түүнийг эзэмшин, ашиглах, захиран зарцуулах журам, ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөлөлт болон үйл ажиллагааны хүрсэн үр дүн, ашгаас олгох хувь хэмжээ, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхой заасан байна” гэсэн контрактын агуулгын тодорхойлолтонд нийцэж байна.

 

            Түүнчлэн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 93 тоот тушаалаар баталсан “Контракт байгуулж иргэнийг авч ажиллуулж болох ажил /мэргэжил/, албан тушаалын жагсаалт”-д дурьдснаар аж ахуйн нэгж байгууллагын захирал, гүйцэтгэх захирал, ерөнхий менежертэй контракт гэрээ байгуулж болох бөгөөд ажил, мэргэжлийг “Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолт-д дурьдсанаар ойлгох ажээ.

 

Өөрөөр хэлбэл, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 06 тоот тушаалаар батлагдсан “Монгол Улсын үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолт 08”-ын Үндсэн бүлгийн 1 дүгээр хэсэгт заасан менежерийн албан тушаалд аж ахуйн нэгж байгууллагын захирал, гүйцэтгэх захирал орох хамаарах бөгөөд тэрээр энэхүү ажлын байрны жагсаалтад зааснаар бага бүлгийн 112-т заасан ажил үүргийг гүйцэтгэх тохиолдолд түүнтэй контракт гэрээ байгуулж болно.

 

Иймд, нэхэмжлэгч Ж. болон “Цахилгааны дамжуулах үндэсний сүлжээ” хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар контракт гэрээ байгуулагдсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасны дагуу контрактыг энэ хуульд зааснаас гадна 41.1.1-ээс 41.1.4-т заасан үндэслэлээр тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т заасан ажилтан болон ажил олгогч цуцлах эрхтэй бөгөөд тухайн тохиолдолд буюу нэхэмжлэгчийн ажил олгогч нь “” хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл юм.

 

Гэтэл энэхүү компанийн төрийг төлөөлөгч болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг дуусгавар болсон байхад Төрийн өмчийн хороо нь Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчиж, ажилтантай байгуулсан контракт гэрээг цуцалсан байна.        

             

            Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ж.ийг урьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгчийн сарын цалин хөлс 1,200,120.00 төгрөг бөгөөд тэрээр 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр болох 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нийт 760 хоног буюу 25 сар ажилгүй байсан, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тодорхойлвол нийт 30,403,040.00 төгрөг болж байх тул үүнийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Нэгэнт нэхэмжлэгчийг эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж байгаатай холбогдуулан тус хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийх нь ажил олгогч талын хүлээх үүрэг юм.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тал тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийг тус тус үндэслэн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 309,965.00 төгрөг гаргуулж, улсын орлогод төлүүлэх нь зүйтэй юм.

    

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 болон 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.ийг “Цахилгааны дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын  ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 30,403,040.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, энэхүү олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагчаас 309,965.00 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.МАНДАЛБАЯР