Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2017/00015

 

Ж.Равдандоржийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан,  Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/00238 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1809 дүгээр магадлал,

Нэхэмжлэгч : Ж.Равдандорж,

Хариуцагч : Төрийн өмчийн хороонд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Д.Дэлгэрмаа /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар/, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2012.10.22-ны өдрийн 35 тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилогдсон. Би тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш ажил, албан үүргээ сайн гүйцэтгэж ирсэн. Төрийн өмчийн хорооноос гүйцэтгэх захирлын 2014 оны гэрээний биелэлтийг дүгнэх асуудлыг Төрийн өмчийн хорооны хурлын хэлэлцэх асуудалд оруулаагүй, гэрээний биелэлтийг үнэлүүлж, дүгнүүлэх боломж олгоогүй. Гэтэл 2015.5.21-ний өдөр ТӨХ-ны хурал болсон бөгөөд тус хурлаар бүх Цахилгаан эрчим хүчний системийн 18 компанийн гүйцэтгэх захирлуудыг байлцуулан ажлыг дүгнэсэн. Ингэхдээ компанийн тайлан хэлэлцэнэ гэсэн ч  гэнэт намайг  үлдээсэн. Эрчим хүчний яам, Уул уурхайн үйлдвэрийн яам, Аж үйлдвэрийн яам, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга  нар хурлаас  гарч явсан учир  энэ би хурал хийгээгүй гэж үзэж байгаа. Мөн уг хуралд намайг оролцуулна гээд оролцуулаагүй юм. Гэтэл Төрийн өмчийн хорооны 2015.5.21-ний өдрийн 384 тогтоолоор намайг ээлжийн амралттай байхад ажлаас чөлөөлсөн. Төрийн өмчийн хороо нь Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 39 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд энэ нь гүйцэтгэх захирлыг бие даан дангаар чөлөөлөх бүрэн эрхгүйг харуулж байна. Миний гэрээний хугацаа 2015.6.05-ны өдөр дууссан. ТӨХ нь Төлөөлөн удирдах зөвлөлд санал өгөх эрхтэй болохоос чөлөөлөх, өөрчлөх эрх эдлэхгүй. Манай компани нь 100 хувь төрийн өмчийн компани мөн. Төрийн өмчийн хороо нь Төлөөлөн удирдах зөвлөлд санал өгөх эрхтэй. Манай компанийн төлөөлөн удирдах зөвлөл 9 гишүүнтэй. Үүнд Эрчим хүчний яамнаас 3, ТӨХ-2, Сангийн яам-1, хараат бус гишүүн 3 /энэ нь эрчим хүчний байгууллагад ажиллаж байсан хүмүүс/ байдаг. Миний нэг сарын цалин 1.200.124 төгрөг мөн. Үр дүнгийн шагнал нь үндсэн цалингийн 60 хувиар олгогддог. Би ТӨХ-ны 2015 оны 5 дугаар сарын 377, 378 дугаар тогтоолыг шүүхэд ирсэн үед танилцаж мэдсэн. Би эхний үед мэдэхгүйн улмаас Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд ажлаас буруу халсан тухай гомдол гаргасан. Иймд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг олгуулж, нийгмийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн өмчийн хорооны 2015.5.21-ний өдрийн 384 дүгээр тогтоолоор Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ж.Равдандоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт Төрийн өмчийн хорооны бүрэн эрхийг хуульчлахдаа төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөгчийг томилж, түүний үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй байхаар заасан. Мөн Төрийн  өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх түр журмын 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Хувь нийлүүлэгчдийн хуралд таслах эрхтэй оролцох төрийн өмчийн төлөөлөгчийг Хорооны шийдвэрээр томилж, удирдамжийг батлан, итгэмжлэл олгоно гэж заасан байдаг. Засгийн газрын 2001 оны 164 дүгээр тогтоолын 5 дахь заалтад зааснаар төрийн өмчит эрчим хүчний компанийн хувьцааны 41 хувийг Эрчим хүчний яам, 39 хувийг Төрийн өмчийн хороо, 20 хувийг Сангийн яам тус тус эзэмшдэг байсан. Иймд Төрийн өмчийн хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 6, Төрийн өмчийн хорооны 2005 оны 66 дугаар тогтоолоор баталсан журмын 5 дугаар зүйлийн 1 дэх заалтуудыг тус тус үндэслэн төрийн өмчит эрчим хүчний компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд таслах эрхтэй оролцох төрийн өмчийн төлөөлөгчөөр Сангийн яамнаас 1, Эрчим хүчний яамнаас 1, Төрийн өмчийн хорооноос 1 ажилтныг томилсон. Энэ эрх хэмжээний хүрээнд Төрийн өмчийн хороо нь 2015.3.05-ны өдрийн 127 дугаар тогтоолоор Сангийн яам, Төрийн өмчийн хороонд ажиллаж байгаад ажлаасаа гарсан 2 хүний оронд холбогдох албан тушаалтнуудыг шинээр томилсон. Харин Эрчим хүчний яамны төлөөлөгчөөр урьд нь томилогдон ажиллаж байсан Төрийн нарийн бичгийн даргыг хэвээр үлдээсэн юм.  Эрчим хүчний яамны төлөөлөл болох Д.Дэлгэрцогт, Сангийн яамны төлөөлөл болох М.Батгэрэл, Төрийн өмчийн хорооны төлөөлөл болох В.Дарханбаатар нар нь 2015.4.28-29-ний өдрүүдэд болсон Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцохдоо Төрийн өмчийн хорооны удирдамж, зааврыг зөрчсөн тул Төрийн өмчийн хорооны 2015.5.21-ний өдрийн 377 дугаар тогтоолоор тэднийг чөлөөлсөн. Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх түр журмын 1.2-т заасны дагуу Төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх чиг үүргийг Төрийн өмчийн хороо гүйцэтгэнэ /ТӨХ/. Нөгөө талаас ТӨХ-ны гишүүнийг Засгийн газраас томилдог бөгөөд яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, тэр дундаа Эрчим хүчний яам болон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар ТӨХ-ны гишүүн байдаг. Өөрөөр хэлбэл ТӨХ-ны хуралдаан нь хувьцаа эзэмшигчийн төлөөлөл оролцож, саналаа өгсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд Компанийн тухай хуулийн  62.1.7-д заасан төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох хувьцаа эзэмшигчийн эрхийг эдэлж, 2015.5.21-ний өдрийн 378 дугаар тогтоолоор Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ /ЦДҮС/ ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүх гишүүдийг чөлөөлсөн.  Төрийн өмчийн хорооны эрх залгамжлагч нь Сангийн яам мөн. ТӨХ-ны 66 дугаар тогтоолын Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд таслах эрхтэй оролцохоор, Засгийн газрын 2001 оны 164 дүгээр тогтоолоор төрийн өмчит эрчим хүчний компанийн хувьцааны 41 хувийг Эрчим хүчний яам, 39 хувийг Төрийн өмчийн хороо, 20 хувийг Сангийн яам тус тус эзэмшихээр зохицуулсан. Төрийн өмчийн хорооноос таслах эрхтэй Төрийн өмчийн этгээдийн төлөөлөгчийг томилдог. Төрийн өмчийн хорооны хуралдаан нь Компанийн тухай хуулийн 62.1.7-т зааснаар бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох эрхтэй тул Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг үүргээс нь чөлөөлснөөр Төрийн өмчийн хороо төлөөлөлгүй болсон. Иймд  нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/00238 дугаар шийдвэр гаргаж,  Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 364 зүйлийн 364.1-т заасныг баримтлан  2.386.623 төгрөгийг  Сангийн яамнаас гаргуулж, нэxэмжлэгчид олгож,  нэxэмжлэлээс 2015-06-08-с  нэг жил нэг сар ажилгүй байсан хугацааны цалин олговор  56.881.188 төгрөг гаргуулах  шаардлагыг хэрэгсэxгүй болгож,  нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих  дансанд шилжүүлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч Сангийн яаманд даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1809 дугаартай магадлал гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/00238 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Равдандоржийг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-аас 20.792.770 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлэс 38.475.041 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д даалгаж, улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасан журмын дагуу хуваарилан өөрчилж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчтэй байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн контрактын гэрээ гэж үзэж, Иргэний хуулийн хуулийн 359.1 дэх заалт үйлчлэхгүй гэж дүгнэсэн нь гэрээний талуудын чөлөөт байдалд халдсан, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь Иргэний хуулийн 359.2-т зааснаар бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болдог. Ж.Равдандорж нь энэхүү гэрээний нөхцөлтэй танилцаж, гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, сайн дураараа гарын үсэг зурж баталгаажуулсан. Мөн Төрийн өмчийн хороо нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцлах эрхгүй, ТУЗ цуцлах эрхтэй байсан хэмээн дүгнэсэн нь буруу. Учир нь Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн дүрмийн 8.1, 8.3, 9.1-т тус тус заасны дагуу ТУЗ гишүүдийг Төрийн өмчийн хорооны тогтоолоор томилж, чөлөөлнө гэж заасан. ТУЗ болон Компанийн тухай хуулийн 75.1.-т зааснаар Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт шийдвэр гаргах эрх барих байгууллага юм. Иймд Төрийн өмчийн хороо нь Компанийн тухай хуулийн 62.1.7-т заасны дагуу хувьцаа эзэмшигчийн эрхийг эдэлж, 2015.5.21-ний өдрийн 378 дугаар тогтоолоор ТУЗ-ийн бүх гишүүдийг чөлөөлж, мөн гүйцэтгэх захирлыг чөлөөлсөн. Мөн нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний хугацаа 2015.6.05-ны өдөр дуусгавар болсон. Энэ нь түр орлон гүйцэтгэгчийн 384 дүгээр тогтоолоор тогтоогддог. Аливаа хугацаатай гэрээний хугацаа дуусгавар болсноор гэрээ дуусгавар болдог. Тийм ч учраас гэрээний 8.2-т энэ тухай зохицуулсан. Мөн ажилд нь эгүүлэг тогтоож, цалин хөлсийг олгохдоо магадлал гарах өдрөөр тооцон олгож байгаа нь үндэслэлгүй. Учир нь гэрээний хугацаа 2015.6.05-ны өдөр дуусгавар болохоор байхад ажил олгогчийн эрхэд бүдүүлгээр халдаж байгаа нь гэрээний талуудын чөлөөт байдал, гэрээний эрх чөлөөт байдлыг алдагдуулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ж.Равдандорж нь Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх  нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн байх бөгөөд хэрэгт байгаа баримтын хэмжээнд хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгов.

 Ж.Равдандорж Төрийн өмчийн хорооны 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 384 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргаж /хх 109/, хариуцагч тал нэхэмжлэлийн талаар шүүхэд гаргасан хариу тайлбартаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдтэл иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хүсэж байжээ. Төрийн өмчийн хорооны 2015 оны  384 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүх хэрхэн шийдвэрлэсэн тухай баримт хэрэгт байхгүй байхад энэ нэхэмжлэлийн талаар эрх зүйн дүгнэлт өгөх нөхцөл бүрдээгүй гэж үзнэ.

Нөгөө талаар, шүүх маргааны зүйл буюу зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааны төрлийг зөв тодорхойлсон гэж үзэх боломжгүй байна. Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээний аль, аль нь иргэдийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой боловч нөхцөл, агуулга, эрх зүйн үр дагавар нь өөр, өөр байдаг тул гэрээний төрлийг эрх зүйн үндэслэл бүхий байдлаар тодорхойлохгүйгээр гэрээний харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/00238 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1809 дүгээр магадлалыг  тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс  чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      П.ЗОЛЗАЯА

                                                 ШҮҮГЧ                                             Б.УНДРАХ