Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2014

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Р-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/02399 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Р-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ТӨБ,ЗГ-т холбогдох,

                                                                

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлиийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ж.Р-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: З.У, Л.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Намайг "Үндэсний цахилгааны дамжуулах сүлжээ" төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 35 тоот тогтоолоор томилж, надтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан.

Би энэхүү компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байхдаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, хөлсөөр ажиллах гэрээний үүргээ удаа дараа "сайн" гэсэн дүнтэй биелүүлж байсан.

Компанийн дүрэм болон хөлсөөр ажиллах гэрээнд зааснаар надад өгсөн эрх, үүрэг бол тухайн компанийг бүрэн удирдаж, зохион байгуулах, аливаа осол, гэмтэл гаргахгүй байх, сар, улирал, жилийн үр дүнгээр цалин дээр нэмж урамшуулал авах, гүйцэтгэсэн ажлаа төлөөлөн удирдах зөвлөлд тайлагнах зэргээр ажилладаг байсан ба хариуцагч Төрийн өмчийн хороонд намайг томилж, чөлөөлөх эрх хэмжээ байхгүй, үүнийг төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлэх ёстой юм.

Гэтэл хариуцагч тал 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр намайг үүрэгт ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

"Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ" хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар гүйцэтгэх захирлыг чөлөөлөх, шинээр томилох асуудлыг хэлэлцээгүй, хууль бус шийдвэр гаргасны дараагаар хэрэгт ийм асуудлыг хэлэлцсэн мэтээр тэмдэглэлд тусгаж, шийдвэрлэсэн баримт бүрдүүлсэн, миний өгсөн нотлох баримтаар төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх дуусгавар болоогүй байсан гэдгийг нотлох юм.

Хэдийгээр Төрийн өмчийн хороонд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар төрийн оролцоотой компанид төлөөлөх эрхтэй этгээдийг томилох эрх байдаг боловч компанийн гүйцэтгэх захирал нь тухайн төлөөлөгч биш юм.

Надтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан контракт гэж үзэж байна. Учир нь уг гэрээний биелэлтийг дүгнэсэн актууд энэ талаарх үйл баримтыг тодорхой илэрхийлдэг.

Иймд намайг "Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ" төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү" гэв.

 

Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төрийн өмчийн хорооны 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" хувьцаат компанид төрийг төлөөлөх этгээдээр М.Б, В.Д нарыг томилсон боловч тус xopooны 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 377, 378 тоот тогтоолоор эдгээр төлөөгч болон Д.Д нарыг мөн тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн.

Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт зааснаар төрийн өмчит компанийн ажиллагаанд оролцох төлөөллийг Төрийн өмчийн хороо томилохоос гадна тус компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хариуцагч тал мөн адил хэрэгжүүлдэг.

 Гэтэл "Цахилгааны дамжуулах үндэсний сүлжээ" хувьцаат компанийн төлөөлөгчид Төрийн өмчийн хорооны удирдамжийг биелүүлээгүй тул тэднийг ажлаас чөлөөлсөн бөгөөд компанийн дүрмийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг Төрийн өмчийн хороо хэрэгжүүлэх эрхийнхээ хүрээнд гүйцэтгэх захирал Ж.Р-ийг ажлаас чөлөөлсөн байдаг.

Нэхэмжлэгч тал энэхүү компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байхдаа удаа дараагийн үйлдлээр Тендерийн тухай хууль болон худалдан авалтын холбогдох журмуудыг зөрчсөн учраас шалгалт орж, нийтдээ 10 гаруй тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж, тухайн асуудлаар авилгатай тэмцэх газарт шалгагдаж байгаа юм. Ерөнхийдөө тухайн үед нэхэмжлэгчийг ажил, албан тушаалдаа хайнга хандсан, хөлсөөр ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлөх шийдвэр гарах байсан боловч хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусч байсан тул гэрээний хугацааг үндэслэн чөлөөлж, хожим түүнд хүлээлгэх хариуцлагын асуудлыг харьяа байгууллагаар шийдвэрлүүлэх гэж байсан.

Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх журмын 1.2-т заасны дагуу Төрийн өмчийн хороо нь эрх бүхий төлөөлөгчийг томилох эрх, үүрэгтэй ба нэгэнт төлөөлөгчийн эрх, үүрэг дуусгавар болсон тул гүйцэтгэх удирдлагыг чөлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлсэн болно.

Иймд хуульд заасан бүрэн эрхтэй этгээд нэхэмжлэгч Ж.Р-ийг хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан баримтаар Төрийн өмчийн хорооны 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэлд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай хэлэлцсэн үйл баримт тодорхой байгаа тул энэ талаар маргах шаардлага байхгүй, нөгөө талаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа ийм хүнийг гүйцэтгэх удирдлагаар ажиллуулах нь ёс зүйн хувьд зөрчилтэй учраас эрүүгийн хэргийг шалгаж дуустал иргэний хэргийг түдгэлзүүлэх нөхцөл байдал үүссэн байгааг шүүх анхаарах хэрэгтэй байна гэв.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 болон 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Р-ийг "Цахилгааны дамжуулах үндэсний сүлжээ" төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 30 403 040 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, энэхүү олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагчаас 309 965 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан  шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-д Төрийн болон орон нутгийн оролцоотой компанид төрийн болон орон нутгийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журмыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д төрийн өмчийн оролцоотой этгээдэд төрийн өмчийн төлөөлөгчийг томилж, түүний үйл ажиллагаанд хяналт тавихаар заасан. Төрийн өмчийн хорооны 2005 оны Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх түр журмын 1.2-т Төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх чиг үүргийг Төрийн өмчийн хороо гүйцэтгэнэ гэсний дагуу "ЦДҮС" ТӨХК нь 100 хувь төрийн өмчит компанийн хувьд төрийн өмчийн төлөөлөх эрх нь Төрийн өмчийн хороонд бүрэн шилжсэн юм.

Мөн "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" хувьцаат компанийн хувьцаа ззэмшигчдийн хурлын 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 07 тоот тогтоолоор баталсан компанийн дүриийн 8 дугаар зүйлийн 8.1-д "Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна. Компани нь Улсын Их хурал, Засгийн газрын шийдвэрийн дагуу хувьчлагдах эсхүл хувьцааг бусад этгээдэд худалдах хүртэл компанийн хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхийг үүсгэн байгуулагчийг төлөөлж Төрийн өмчийн хороо хэрэгжүүлнэ”, мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.3.9-д "Төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн гүйцэтгэх удирдлагыг Төрийн өмчийн хорооны удирдамжийн дагуу- томилох, чөлөөлөх, түүний бүрэн эрхийг тогтооно" гэж заасан байдаг.

Төрийн өмчийн хороо /хуучин нэрээр/-ны 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 10 хуралдаанаар “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК Эрчим хүчний төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хуралд таслах эрхтэй оролцох төрийн өмчийн төлөөлөгч Д.Дэлгэрцогт, М.Батгэрэл, В.Дарханбаатар нарыг тухайн өдрөөр тасалбар болгон чөлөөлөх, Төлөөлөн удирдах зөвлөлийн бүх гишүүдийг мөн өдрөөр тасалбар болгон чөлөөлж, тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Р-ийн "Хөлсөөр ажиллах гэрээ"-ний хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр тус тус гарсан.

Өөрөөр хэлбэл "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд төрийг төлөөлж таслах эрхтэй гишүүдийг, мөн ТУЗ-ийн гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөнөөр төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх эрх нь дээр дурьдсан хууль, журам, дүрмийн дагуу Төрийн өмчийн хороонд бүрэн шилжсэн юм.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т зааснаар хувьцаат компани заавал төлөөлөн удирдах зөвлөлтэй байх бөгөөд тус хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-д заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөл нь гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх эрхийг хэрэгжүүлэх ба компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол тус эрхийг Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал хэрэгжүүлж болно. Гэтэл "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.5.10-д "компанийн хувьцаа ззэмшигчдийн хурлаас төлөөлөн удирдах зөвлөлд гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх талаар удирамж өгөх", мөн зүйлийн 9 дүгээр зүйлийн 9.3.9-д "төлөөлөн удирдах зөвлөл нь Төрийн өмчийн хорооны удирдамжийн дагуу гүйцэтгэх удирдлагыг томилох, челөөлөх, бүрэн эрхийг тогтоох эрх хэмжээг хэрэгжүүлэх" тул нэхэмжлэгч Ж.Р-ийг томилох, чөлөөлөх асуудлыг төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлэх эрх хэмжээтэй байна.

Тодруулбал, Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-т зааснаар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь гагцхүү хувь хүн байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дүгээр зүйлийн 11.6, 21 дүгээр зүйлийн 21.3-д зааснаар Төрийн өмчийн хороо нь зөвхөн төрийн өмчит компанид төлөөлөх хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх эрх эдлэх ба компанийн гүйцэтгэх удирдлага нь төрийн өмчит компанийн хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх төлөөлөл биш тул хариуцагчид тухайн төлөөлөн удирдах зөвлөлиин гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх эрх шилжихгүй юм. Иймд хариуцагч Төрийн өмчийн хороо нь хуулиар олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргаж, гүйцэтгэх захирал Ж.Р-ийг ажлаас чөлөөлсөн байна гэж дүгнэсэн.

Төрийн өмчийн хороо /хуучин нэрээр/ нь Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, хууль нийцүүлэн гаргасан журам, дүрэм, зааврын дагуу зохих тогтоол, шийдвэрээ гаргасан байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Ж.Р- нь хариуцагч ТӨБ,ЗГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлиийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 35 тоот тогтоолоор нэхэмжлэгч Ж.Р-ийг тус компанийн гүйцэтгэх захирлаар тухайн өдрөөс эхлэн томилж, түүнтэй төлөөлөн удирдах зөвлөлийн дарга хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан ба “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Ж.Р-той байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацааг 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар сунгасан үйл баримт тогтоогджээ.

 

Төрийн өмчийн хорооны 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 384 тоот тогтоолоор “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Р-той байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Анхан шатны шүүх “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.5.10-д компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас төлөөлөн удирдах зөвлөлд гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх талаар удирдамж өгөх, мөн 9 дүгээр зүйлийн 9.3.9-д төлөөлөн удирдах зөвлөл нь Төрийн өмчийн хорооны удирдамжийн дагуу гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх, бүрэн эрхийг тогтоох эрх хэмжээг хэрэгжүүлэх тул нэхэмжлэгч Ж.Р-ийг томилох, чөлөөлөх асуудлыг төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлэх эрх хэмжээтэй байна гэж дүгнэсэн нь зөв байна.

 

Учир нь Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-т зааснаар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь гагцхүү хувь хүн байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 21 дүгээр зүйлийн 21.3-д зааснаар Төрийн өмчийн хороо нь зөвхөн төрийн өмчит компанид төлөөлөх хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх эрх эдлэх ба компанийн гүйцэтгэх удирдлага нь төрийн өмчит компанийн хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх төлөөлөл биш тул хариуцагчид тухайн төлөөлөн удирдах зөвлөлийн гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх эрх шилжихгүй юм.

 

Иймд, хариуцагч Төрийн өмчийн хороо нь хуулиар олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргаж, гүйцэтгэх захирал Ж.Р-ийг ажлаас чөлөөлсөн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Мөн нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсгийн заалтад нийцсэн байх тул нэхэмжлэгч Ж.Р- болон “Цахилгааны дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар контракт гэрээ байгуулагдсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасны дагуу контрактыг энэ хуульд зааснаас гадна мөн үйлийн 41.1.1-ээс 41.1.4-т заасан үндэслэлээр мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т заасан ажилтан болон ажил олгогч цуцлах эрхтэй бөгөөд тухайн тохиолдолд буюу ажил олгогч нь “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл юм.

 

            “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн төрийг төлөөлөгч болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг дуусгавар болсон байхад Төрийн өмчийн хороо нь Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчиж, ажилтантай байгуулсан контракт гэрээг цуцалсан байх тул нэхэмжлэгч Ж.Р-ийг урьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцжээ.

 

   Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтанд ажилгүй байсан хугацаа болох 760 хоног, цалин хөлстэй тэнцэх олговорт 30 403 040 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдааны явцад хариуцагчаас гаргасан нотлох баримтыг шүүх аваагүй гэх гомдол үндэслэлгүй байна. Учир хариуцагч талаас шүүх хуралдааны өмнө нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаан дээр гаргаж өгөх зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдэг тогтоогдохгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/02399 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч ТӨБ,ЗГ- улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА