Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2019/00978

 

Б.Тийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2019/00104 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 463 дугаар магадлалтай

Б.Тийн нэхэмжлэлтэй,

Б.Лид холбогдох,

Гэм хорын хохиролд 7 800 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Лтой 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр банкны АТМ дээр дараалал дайрлаа гэж маргалдсаны улмаас намайг цохисон. Зодуулсны улмаас биед хөнгөн гэмтэл учирч, эмчлүүлж хэвэндээ орох шаардлагатай болсон. Энэ хугацаанд Байшинт өргөө констракшн ХХК-тай гэрээ байгуулж, гэрээний дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу явах шаардлагатай байсан боловч нүүрэндээ гэмтэл авсан тул яваагүй бөгөөд гэрээний 5 300 000 төгрөгийн ажил хүчингүй болсон. Мөн эрүүгийн хэргийг шалгах явцад өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч 1 000 000 төгрөгийг төлсөн. Гэмтлийг эдгэх хугацаа 1 сар болсон тул энэ хугацаанд ажлаа хийж цалин аваагүй тул 1 сарын хөдөлмөрийн хөлс буюу цалин 1 500 000 төгрөгөөр хохирсон. Иймд нийт 7 800 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэм буруугийн асуудал дээр маргаангүй байгаа. 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр банкны АТМ дээр дугаарлаж байхад урдуур дайрлаа гэж маргаан үүсгэсэн. Хариуцагч цохих болсон шалтгаан бол эхлээд нэхэмжлэгч Б.Т нь Б.Лийн эхнэрийн чих рүү нь цохисон тул хариу цохисон. Сонгдо эмнэлэг дээр очиж 350 000 төгрөгөөр оёдол хийлгэсэн. Хариуцагч Б.Лийн хувьд өөрийг нь цохисон бол ингэж зодоон үүсгэхгүй байсан. Эрүүгийн хэрэг шалгагдаж байхад нэхэж байгаа мөнгөн дүнг их байсан учраас эвлэрээгүй. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд “...мөнгө нэхэж байгаа бол баримтуудыг гарга...” гэсэн боловч авчраагүй. Өмгөөлөгчийн зардлын хувьд Эрүүгийн хуулийн 503 дугаар зүйлд зааснаар өмгөөлөгчтэй оролцох 6 үндэслэлд энэ хэрэг хамаарахгүй байдаг. Өмнө нь өмгөөллийн зардлыг 300 000 төгрөгөөр хийж байсан гэж хэлсэн боловч өнөөдөр өмгөөллийн зардал 1 000 000 төгрөг гэж байна. Нэхэмжлэгчийн хувьд мөнгө нэхэх эрхтэй боловч нотлогдох ёстой. Мөн цалин авч байсан бол нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, цалингийн тодорхойлолт байх ёстой. Ийм баримт хэрэгт байхгүй. 5 300 000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэх гэрээ байгаа боловч 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр цохиулснаас болоод 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр орж ирэх мөнгө яагаад ороогүй вэ гэдэг нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, гэмтсэнээс болж энэ гэрээ цуцлах, хэрэгжих боломжгүй болсон шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2019/00104 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Лоос 1 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Тт олгож, үлдэх 6 800 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 56.3-т заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 28 550 төгрөг гаргуулан улсын орлого /Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2601025961 тоот данс/-д оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 463 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2019/00104 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 28 550 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, хууль буруу хэрэглэж тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн үйл баримтанд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

УДШ-ийн 2009-05-22-ны өдрийн 15 дугаартай “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим зүйл, заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай” тогтоолын 6.3 дахь хэсэгт “Энэ заалтын “хохирол арилгах үндэслэл, нөхцөл” гэдэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах зөвхөн хуульд заасан, эрх зүйн хэм хэмжээнд тусгагдсан, хууль дээдлэх, шударга ёсны зарчимд нийцсэн, эрх бүхий байгууллагын хууль ёсны үйл ажиллагаагаар баталгаажсан үндэслэл, нөхцлийг ойлгоно.” гэж заажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт “...тул хариуцагчаас 1 000 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.” гэжээ.

Нэхэмжлэгч эрүүгийн хэрэгтээ өмгөөлөгчтэйгөө хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийж, үйлчилгээний хөлсийг бэлнээр олгосон талаар нотлох баримт хэрэгт авагдсан боловч тус үйлчилгээний хөлсийг өмгөөлөгчдөө тус дүнгээс өгсөн талаарх хангалттай нотлох баримт байхгүй, нэхэмжлэгч нь өөрөөсөө ямар эх үүсвэрээс тус үйлчилгээний хөлсийг гаргасан талаарх нотлох баримт байхгүй, түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд ажлын байртай, банкинд харилцах данстай байна гэж заасны дагуу өмгөөлөгчийн дансаар, эсхүл бэлнээр өгсөн бол өмгөөлөгчөөс хувь хүний орлогын албан татварын тайлан, хамаарал бүхий нөхөрлөлөөс ААНОАТ-ын тайлангаар баталгаажаагүй байхад шүүхээс өмгөөлөгчийн зардлыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан заавал өмгөөлөгчтэй оролцох шүүх хурал биш байсан, түүнчлэн эрүүгийн хэргийн шүүх хурал дээр шүүхийн зүгээс хэдийгээр өмгөөлөгч авах нь Үндсэн хуульд заасан эрх нь боловч эрүүгийн хэргийн холбогдогч Б.Л нь гэм буруугийн тал дээр маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа талаар хохирогчид тайлбарлаж өгсөн.

Хохирогч нь өмгөөлөгч авах эрхтэй боловч, үүрэгтэй бус, өмгөөлөгчийн зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал биш юм.

Мөн Б.Л нь бусдын биед хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн байхад шүүх Иргэний хуулийн “Эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах” гэсэн 510 зүйлийн 510.1-д заасныг үндэслэн шийдвэр гаргасан байна.

Иргэний хуулийн 497.1-д “...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан боловч гэм хор өмгөөллийн зардал нь өөр өөр ойлголт юм.

Б.Л нь ИХ-ийн 505.1-д заасны дагуу эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах, түүнтэй холбоотой асарч сувилах, нэмэгдэл хоол, сувилалын газар зэрэг эрүүл мэндтэй нь холбоотой зардлуудыг төлөх үүрэгтэй.

Гэрээгээр тохироогүй, эсхүл эрүүгийн хэрэгт заавал өмгөөлөгчтэй оролцох хэрэг биш байхад тус дүүргийн шүүхээс нэхэмжлэгчид өмгөөлөгчийн зардлыг нь шийдвэрлэж байгаа нь шүүхийн практикт буруу жишиг тогтоож байна.

Иймд шийдвэр, магадлалын хяналтын журмаар гаргасан хэсгийг хүчингүй болгож, хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Т нь Б.Лид холбогдуулан гэм хорын хохиролд 7 800 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, хариуцагчаас 1 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч Б.Т эрүүл мэндэд гэм хор учирсны улмаас бизнесийн гэрээ хийж олох байсан 5 300 000 төгрөгийн орлогоор хохирсон, гэмтлийн эдгэх хугацаа нэг сар болсон тул нэг сарын цалин хөлстэй тэнцэх олговорт 1 500 000 төгрөгийг гаргуулах, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны хөлсөнд 1 000  000 төгрөгийг төлсөн үндэслэлээр нийт 7 800 000 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1215 дугаартай шийтгэх тогтоолоор хариуцагч Б.Лийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Эко худалдааны төв дотор Б.Ттэй маргалдаж, түүний нүүрэн тус газар нь цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн, тус тогтоол хуулийн хүчин Т болсон байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ...хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1.-д гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэжээ.

Иймд нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй, хариуцагч хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлсний үндсэн дээр нэхэмжлэгчээс эрүүгийн хэрэгт эрх ашгаа хамгаалуулахаар өмгөөлөгч хөлсөлж, түүнд төлсөн 1 000 000 төгрөгийг хохиролд тооцож, хариуцагчаас гаргуулахаар, нэхэмжлэлийн бусад шаардлагыг баримтаар тогтоогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс “...нэхэмжлэгч нь өмгөөлөгч авах шаардлагагүй хэрэгт өмгөөлөгч авсан, өмгөөлөгчид хөлс төлснөө татварын тайлан, бусад баримтаар нотлоогүй, өмгөөлөгчийн зардал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал биш..., шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэнгүй...” гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.

Б.Т нь нэр бүхий өмгөөлөгчтэй Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, тус өмгөөлөгч эрүүгийн шүүх хуралдаанд Б.Тийн эрх ашгийг хамгаалж оролцсон, улмаар гэрээгээр тохирсон хөлсийг хүлээн авсан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон тул хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас хохирсон эрх ашгаа хамгаалуулахаар өмгөөлөгч хөлсөлж, түүнд төлсөн хөлсийг нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцсон нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. дэх заалтыг зөрчөөгүй байх тул гомдол үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2019/00104 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 463 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүүгийн гомдлыг хангахгүй орхихсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29 000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР      

                           ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД