Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2017/00498

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2017/00498

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймгийн, Сүмбэр сумын 2 дугаар баг, Лүн гудамжны 05 тоотод оршин суух, Жалайр овогт Дашхүүгийн Мянгаа,

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймгийн, Сүмбэр сумын 1 дүгээр баг, 133 дугаар гудамжны 21 тоотод оршин суух, Жалайр овогт Мянгаагийн Болорчулуун,

Нэхэмжлэгч: Булган аймгийн, Бүрэгхангай сумын 4 дүгээр баг, Дархан 5 дугаар гудамжны 04 тоотод оршин суух, Жалайр овогт Мянгаагийн Ганцогт нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1955 онд Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хороолол, 54 дүгээр байрны 28 тоотод оршин суух, Уухан овогт Жамъяанжамцын Цэдэнсодномд холбогдох бусдын хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж, орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Ж.Цэдэнсодномын сөрөг нэхэмжлэлийг 2017 оны 11 сарын 13-ны өдөр тус тус хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа, хариуцагч Ж.Цэдэнсодном, хариуцагчийн өмгөөлөгч Т.Урангэрэл, гэрч Ц.Хандсүрэн, Т.Баяраа, нарийн бичгийн дарга Г.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Жалайр овогт Дашхүүгийн Мянгаа, Жалайр овогт Мянгаагийн Болорчулуун, Жалайр овогт Мянгаагийн Ганцогт нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Болорчулуун, М.Ганцогт бид аавынхаа хамт Улаанбаатар хот, Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хороолол, 54 дүгээр байрны 28 тоот хаягт байрлах 28м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг хамтран өмчилдөг бөгөөд бидний эгч М.Болортуяа, М.Болорчулуун бид Говьсүмбэр аймгаас ирж очин амьдарч байгаад М.Болорчулуун би Улаанбаатар эрдэм дээр сургуульд 1999 он хүртэл 1 жил суралцаад түүнээс хойш бид Говьсүмбэр аймаг, Булган аймагт тус тус амьдарч байгаа билээ. Гэтэл 2014 онд манай аав, ээж хоёр дээр Ж.Цэдэнсодном гэж хүн, хуулийн зөвлөх гэгч нэг эмэгтэй хүнтэй ирж уулзсан байдаг бөгөөд М.Болорчулуун намайг төрчихөөд удаагүй, хүүхэд өвчтэй таталт өгчихсөн, түргэн дуудчихаад хүлээж байх үед аав маань манайд орж ирээд ... Багануураас хүмүүс ирсэн, итгэмжлэл, эсхүл бэлэглэлийн гэрээ ч юмуу нотариатаар орж хийж өг гээд байна гэж хэлэхэд нь би гайхаж, ... хүүхэд өвчтэй байхад та юу яриад байгаа юм бэ, манай байр байж л байгаа биз дээ, яах гээд байгаа юм бэ гээд өнгөрсөн. Түүний дараа 2016 онд Ж.Цэдэнсодном гэдэг хүн надтай ирж уулзахад нь би та нарыг ирэх үед би бидний дундын өмчлөлийн орон сууцанд танайхыг амьдарч байгааг мэдсэн, би учрыг нь ойлгож байж тантай уулзана... гээд өнгөрсөн. Саяхан ээжээс энэ талаар асуухад ...Баярсайхан гэдэг багш хамт ажилладаг гээд энэ хүнийг дагуулж ирээд энэ хүн 200.000 төгрөг гаргаж ирснийх нь 100.000 төгрөгийг нь Баярсайхан аваад 100.000 төгрөгийг нь надад өгсөн. Түүнээс хойш надад 50.000 төгрөг өгсөн, өөр ямар ч мөнгө өгөөгүй... гэж хэлсэн. Дээр дурьдсаны дагуу хүн ирж уулзах үед бидний дундын өмчлөлийн орон сууцыг өөр хүмүүс хууль бусаар эзэмшиж байгааг бид мэдсэн бөгөөд тухайн орон сууц нь бидний эцэг Д.Мянгаад ажлын газраас нь анх өгсөн, эцэг, эхийн маань босгосон хөрөнгө тул бид аав, ээжийнхээ амьд сэрүүнд орон сууцны талаар хөндөх гээд яах вэ гэж боддог байсан, бусдад хөлслүүлж байгаа эсэх талаараа бидэнд ярьдаггүй байсан. Бид Ж.Цэдэнсодном гуайтай уулзаж улсын бүртгэлийн гэрчилгээг минь өгөх, орон сууцыг маань чөлөөлж өгөх, эсхүл зах зээлийн ханшаар худалдаж авах эсэх талаар тохиролцоонд хүрэх гэсэн боловч тэрээр орон сууцыг маань сайн дураар чөлөөлж өгөхгүй, шүүхээр шийдүүлэх хүсэлтэй байна гэдгээ мэдэгдсэн болно. Иймд бидний өмчлөлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хороолол, 54 дүгээр байрны 28 тоот хаягт байрлах 28м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг Ж.Цэдэнсодномоос гаргуулан өгч, орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж, иргэн Ж.Цэдэнсодномыг байрнаас албадан гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Мянгаа, М.Болорчулуун, М.Ганцогт нар нь Улаанбаатар хот, Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хороолол, 54 дүгээр байрны 28 тоот хаягт байрлах 28м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг хамтран өмчилдөг. М.Болорчулуун нь 1999 он хүртэл Багануур дүүрэгт Улаанбаатар эрдэм дээд сургуульд суралцаж байхдаа энэ байранд амьдарч байсан. Түүнээс хойш М.Болорчулуун нь Говьсүмбэр аймагт, М.Ганцогт нь Булган аймагт тус тус амьдарч байгаа. Цэдэнсодном гэдэг хүн нь 1999 оноос одоог хүртэл энэ хүмүүсийн байранд амьдарч байна. Ийнхүү амьдарч байсныг Болорчулуун 2016 онд Цэдэнсодном гуай өөртэй нь ирж уулзах үед мэдсэн. Нэхэмжлэгч нарын дундын өмчлөлийн орон сууцыг өөр хүн хууль бусаар эзэмшиж байгааг мэдээд өмчлөгч нар маань шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн орон сууц бол эцэг, эхийнх нь босгосон хөрөнгө тул хүүхдүүдийнх нь хувьд аав, ээжийнхээ амьд сэрүүнд орон сууцны талаар хөндөх гээд яах вэ, тэр хоёр маань өөрсдөө мэдээд бусдад хөлслүүлж, амьдрал ахуйдаа нэмэр болгож байгаа байлгүйдээ гэж бодож байтал ийм асуудал үүссэн байгаа. Ж.Цэдэнсодном гуайтай уулзаж улсын бүртгэлийн гэрчилгээг минь өгөх, орон сууцыг маань чөлөөлж өгөх, эсхүл олон жил амьдарсан юм чинь зах зээлийн ханшаар худалдаж авах боломжтой эсэх талаар ярилцсан боловч шүүхээр шийдүүлэх хүсэлтэй байна гэдгээ утсаар мэдэгдсэн байдаг. 1994 оны Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслээд хэлцэл хийсэн гэж тайлбарладаг, худалдах, худалдан авах гэрээний хувьд 1994 оны Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 1-т хуульд заагдаагүй боловч агуулгын хувьд үл харшлах хэлцлээр иргэний эрх зүйн харилцаа үүснэ гэж заасан байдаг. Мөн 39 дүгээр зүйлийн 5-т иргэд хоорондын хиймэгц биелэх хэлцлээс бусад хэлцлийг хуульд өөрөөр заагаагүй бол бичгээр хийнэ гэсэн шаардлагыг тавьдаг. 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3-т бичгээр хийгдсэн хэлцлийг хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэсгийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн тохиолдолд хийсэн гэж үзнэ гэсэн заалт байгаа. Мөн 1994 оны Иргэний хуулийн 203 дугаар заалт нь худалдах, худалдан авах харилцааг зохицуулсан заалт байна. Энэ нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлнэ гэж заасан байгаа. Тэгэхээр худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа талуудын хооронд үүсээгүй, хариуцагчийн өмчлөх эрх нь 122 дугаар зүйлийн 2-т зааснаар үүсээгүй. Хамтран өмчлөх эд хөрөнгийнхөө хувьд хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхдээ гэр бүлийн гишүүд болох Болорчулуун, Мянгаа, Ганцогт нартай харилцан тохиролцож, тэдгээрийн зөвшөөрлийн үндсэн дээр хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх ёстой байтал тэдгээртэй тохиролцсон талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна, иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.Цэдэнсодном шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: М.Болортуяа нь 1999 онд 95 дугаар сургуулийн сургалтын менежир Баярсайхантай уулзаж манайх хөдөө нүүж байгаа юмаа, орон сууцаа зах зээлийн ханш болох 500.000 төгрөгөөр зарна авах хүн байна уу гэсэн байсан. Би тэдний санал болгосны дагуу Баярсайхан багшаар зуучлуулан уг орон сууцыг үзэхэд нэг разетка, унтраагуур байхгүй, тосгуургүй, шүршүүргүй, ямар ч засваргүй, олон хүнд дамжуулан түрээслэгдсэн, ашиглалтын зардал нь төлөгдөөгүй их хэмжээгээр хуримтлагдсан, өртэй айлын бүртгэлд албан ёсоор бүртгэгдэж цахилгаанаа таслуулсан ийм орон сууц байсан. Өмчлөгч Ц.Хандсүрэн, Мянгаа бид ярилцаад орон сууцны ашиглалтын хуримтлагдсан өр төлбөр, бусад зардлыг уг байрыг худалдах худалдан авах үнэнд нь шингээгээд нийт 480.000 төгрөгөөр өгч авалцсан. Тухайн үед худалдан авсан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээн дээр 5 өмчлөгч Хандсүрэн, Д.Мянгаа, М.Ганцогт, М.Болорчулуун, Г.Нямцогт нарын нэр байсан. Худалдагч Ц.Хандсүрэн, Д.Мянгаа нар нь надаар орон сууцны ашиглалтын бүх төлбөрийг төлүүлж, орон сууцны үнийг байраа суллаж өгсний дараа авахдаа Манай гэр бүлийнхэн бүгд Говьсүмбэр аймаг руу шилжиж байгаа, тэнд нүүж очоод гэр орноо төвхнүүлж, өөрснөө болон үр хүүхдээ хичээл сургууль, ажил төрөлд оруулчихаад буцаж ирээд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлээд өгье гээд 0018024 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн цэнхэр гэрчилгээг эх хувиар нь надад өгсөн. Би тухайн үед багшаар цаг наргүй ажиллаж байсан тул Ц.Хандсүрэн, Д.Мянгаа нарыг хайж, араас нь эрэл сурал болж чадаагүй, ирээд өмчлөх эрхээ шилжүүлээд өгнө гэж итгэж найдаж хүлээж байсан. 2004 онд байрны өмчлөгч нар Багануурт бүгд хамт ирж орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлэн, өмчлөх эрхээ өөрөө бүртгүүлээд аваарай гээд явсан. Би уг гэрээг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт өмчлөх эрхээ бүртгүүлэхээр очиход бэлэглэгч Ц.Хандсүрэн, Д.Мянгаа нар нь хуучин хүчингүй болсон улаан паспортаар нотариатын үйлдэл хийлгэсэн байсан нь өмчлөгчөөр бүртгэхэд шаардлага хангахгүй гэдэг үндэслэлээр Багануур дүүргийн Бүртгэлийн хэлтэс миний өмчлөгчөөр бүртгүүлэх мэдүүлгийг хүлээн аваагүй, өмчлөгчөөр бүртгэхээс удаа, дараа татгалзаж байсан юм. Энэ тухай бид Д.Мянгаа, Ц.Хандсүрэн нарт мэдэгдэж, өөрсдөө ирж чадахгүй бол ирж очих боломжтой хүнд итгэмжлэл хийгээд өгөөч гэхэд Ц.Хандсүрэн, Д.Мянгаа нар нь 2013 оны 5 сард өөрсдийн өмчлөлийн орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, захиран зарцуулах эрхийг Саранцэцэгт олгосон итгэмжлэл хийж өгсөн. Дээр өгүүлсэн үйл баримтаас маргаан бүхий орон сууцыг би хөлслөөгүй, харин 1999 оны 07 сараас өнөөдрийг хүртэл 18 жил 4 сарын хугацаанд шударгаар эзэмшиж ашигласан шударга өмчлөгч гэдэг нь нотлогдоно. Энэ байрыг анх Баяраа багш надад зуучилсан, би Хандсүрэн гуайг бол танихгүй. Тухайн үед ямар ч гэрээ хийлгүйгээр байрыг авсан. 2014 онд Мянгаа гуай, Хандсүрэн гуай нартай очиж уулзсан. 2015 онд Болорчулуунтай уулзсан, дараа нь Нямцогттой нь Налайхад очиж уулзахад би мэдэхгүй гэж хэлсэн. Өмчлөх эрхийг элдэв шалтаг тоочин шилжүүлж өгөөгүй байдлаа ашиглан сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Ж.Цэдэнсодном шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: Маргаан бүхий орон сууцыг надад худалдахад уг байр нь 5 өмчлөгчтэй байсан бөгөөд өмчлөгч нар надаар ашиглалтын буюу орон сууцны 112.641, хогны 1050 төгрөг, цахилгааны 61.780 төгрөг, тоолуурын 11.000 төгрөг, тосгуурын 15.000 төгрөг, шүршүүрийн 18.000 төгрөг, унтраалга, разетканы 4500 төгрөг нийт 240.000 төгрөгийн төлбөрийг холбогдох газруудад төлүүлээд худалдах нийт үнийн дүнгээс хасч тооцон үлдэгдэл 256.000 төгрөгийг /200.000+56.000/ өмчлөгч Ц.Хандсүрэн нь хэсэгчлэн бэлнээр авч байсан юм. Энэ байранд би 17 жил олны нүдэнд илээр амьдарсан. Ямар ч өр төлбөрт ороогүй, ашиглалтын зардлаа төлөөд явж байсан, энэ байрыг хөлсөлж суугаагүй. 1999 оны 7 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл би маргаан бүхий орон сууцыг нийт 480.000 төгрөгөөр урдах өмчлөгч нараас худалдан авч хорооны хүн ам, өрхийн бүртгэлд хамрагдаж, орон сууцтай холбоотой бүхий л төлбөрийг төлж байдаг атлаа орон сууцыг өмчлөх эрхээ урдны өмчлөгч нарын буруутай үйлдлийн улмаас баталгаажуулан улсын бүртгэлд бүртгүүлж чадахгүй хохирч байгаа, Ж.Цэдэнсодном намайг Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хорооллын 54 дүгээр байрны 28 тоот 2 өрөө орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Мянгаа, М.Болорчулуун, М.Ганцогт бид хариуцагч Ж.Цэрэнсодномын 2017.11.07-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч нь ээжид маань мөнгө өгсөн талаар тайлбарладаг боловч Д.Мянгаа, М.Болорчулуун, М.Ганцогт бид өөрсдийн байрны өмчлөгч бөгөөд бидэнд мэдэгдэлгүйгээр зөвхөн ээжтэй маань хэлцэл хийх ямар ч эрхгүй билээ. Бидний эгч болох М.Болортуяа нь 1999 оны 7 сарын сүүлээр Баярсайхан багшид байр зарах талаар огт хэлж байгаагүй бөгөөд 1999 онд Багануур ороогүй, тухайн үед буюу 1999 оны 06 сарын 22 ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал суманд хүүхдээ төрүүлж нялх биетэй байсан. М.Болорчулуун миний бие өөрийн байрандаа амьдардаг байсан бөгөөд намайг амьдарч байхад манай байрны ванн, разетка, угаалтуур, унтраалга, тосгуур, шүршүүр бүгд байсан. Засвар хийх шаардлагагүй бүх өрөөний обой цаас нь бүтэн, шалны хулдаас урагдаж цоорсон зүйлгүй, цонх түгжээ хэвийн байсан бөгөөд бид байраа бусдад хөлслүүлж байгаагүй билээ. 1999 оны зун манай ээж Хандсүрэн нь Багануур дүүрэгт намайг авахаар ирсэн байсан үеэр Баярсайхан багш Цэдэнсодномыг дагуулж ирээд та байраа энэ хүнд зарчих үнэ мөнгийг нь сайн өгнө гэж хэлээд зарахыг ятгаж байсан талаар би саяхан ээжээсээ асууж байж мэдсэн. Би энэ тухай Ж.Цэдэнсодном гуайг ирж уулзах хүртэл юу ч мэдээгүй байсан. Хариуцагчийн өмгөөлөгч нь 2004 оны 5 сарын 17-ны өдөр Багануур дүүрэгт ирж орон сууц бэлэглэлийн гэрээг байгуулж өмчлөх эрхээ надад шилжүүлэхээр болсон гэж худлаа тайлбар гаргасан байна. Бид тухайн үед Багануур ороогүй, хамаатан садан биш, найз нөхөд биш, бэлэглэлийн гэрээг хийх ямар ч шаардлага, шалтгаан байхгүй бөгөөд тухайн гэрээнд зурсан гарын үсэг нь бидний гарын үсэг биш хавсаргасан гэх улаан паспорт нь Д.Мянгаа миний паспорт биш байна. Энэхүү хуурамч гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байгаагаас үзэхэд хариуцагч нь ямар ч ёс зүйгүй, бидний өмчлөлийн орон сууцыг өөрийн болгох гэж хууль бусаар оролдож байсан гэдэг нь харагдаж бидний хувьд гомдолтой байна. Бид эцэг эхээсээ 2013 оны 05 сарын 09-ний өдөр Саранцэцэгт олгосон гэх итгэмжлэлийн талаар тодруулахад мэдэхгүй ямар ч байсан энэ байранд түр сууж болно гэсэн гэрээ хийж өг гээд машиндаа суулгаад аваад явсан. Бид ойлгохдоо байрандаа түр хугацаагаар суух гэрээ юм байна гэж ойлгосон. Энд гарын үсэг зур гэсний дагуу бид гарын үсгээ зурсан гэж хэлдэг. Ж.Цэдэнсодном нь бидний өмчлөлийн орон сууцанд ямар нэгэн хөлс төлөлгүй өнөөдрийг хүртэл олон жил амьдарчихаад эцэст нь шударга өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргаж байгаад маш их харамсаж байна гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагад өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч илээр амьдарсан гэж байна. Иргэний хуульд зааснаар эзэнгүй эд юмсыг илээр, тодорхой хугацааны туршид эзэмшиж байгаа тохиолдолд түүний өмчлөгчөөр тогтоогдох эрх зүйн боломж бололцоо байдаг. Гэвч энэ бол эзэнгүй эд юмс биш. Улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар улсын бүртгэл үнэн зөв байх гэсэн зарчим үйлчилдэг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар өмчлөгч нар тодорхой байгаа. Тиймээс илээр амьдарсан бол өмчлөгч байх ёстой гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй шаардлага гэж үзэж байна. Хөлсөлсөн хөлслөөгүй гэдэг асуудал дээр өмчлөгч нарын хувьд маргаагүй, ямар ч байсан энэ хүн тухайн байранд 18 жил амьдарсан. Орон сууцны ашиглалтын зардлыг төлсөн гэдэг үндэслэл нь шударга өмчлөгчөөр тогтоолгох үндэслэл бас биш. Яагаад гэхээр орон сууцны ашиглалтын зардлыг ашиглаж байгаа хүн нь Цэдэнсодном гуай өөрөө, энэ зардлаа төлөх үүрэгтэй, холбогдох гэрээгээ ч байгуулах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу үүргээ биелүүлээд явж байсан байх, тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гэрч Т.Баяраа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 1996 онд дүү маань хөдөөнөөс шилжиж ирэх болсон. 54-28 тоот 2 өрөө байрыг сургуулиас манай дүүд өгсөн байр байсан. Дүү маань олон хүүхэдтэй болохоор тэр байраа 3 өрөөгөөр солихоор зар тавьсан. Зарын дагуу Мянгаа гуай, Болортуяа хоёртой уулзалдсан. Мянгаа гуайтай гэрээ хийгээд, зөрүүг нь өгөөд 4 дүгээр байрны 3 өрөө байрыг өөрийн 54-28 тоот 2 өрөө байраар сольсон. Мянгаа гуай, Болортуяа хоёр энэ байрандаа амьдардаггүй байсан. Говьсүмбэрт байдаг гэж байсан. Тухайн үед надад байрыг хараад байж бай гээд түлхүүрээ өгөөд явсан санагдаж байна. Тэр байрны мөнгө төгрөг нь төлөгдөхгүй асуудал болоод байсан. Болортуяа нааш цааш ирж очихдоо надаас мөнгө зээлээд явдаг байсан санагдаж байна. Цэдэнсодном, Батчулуун багш хоёр хөдөөнөөс шилжиж ирээд орон байргүй байсан. Би тэгээд Болортуяатай энд ийм хүмүүс байнаа, хөлслөөд оруулж болох юм уу? байрны тог усны мөнгө хуримтлагдчихлаа гэж хэлсэн. Тэгээд ярьж тохироод байраа хөлслүүлэхээр болоод талийгаач Батчулуун багшийнх тэр байранд орсон. Тэрнээс хойш юу болсныг би хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан эхлээд хөлсөлж сууна гээд орсон, сүүлд нь яасныг мэдэхгүй. Мянгаа гуайн анх сольсон 3 өрөө байр Мянгаа гуайн өөрийнх нь нэр дээр байсан гэв.

Гэрч Ц.Хандсүрэн шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай нөхөр Мянгаагийн нэр дээр Багануур дүүргийн 4 дүгээр байранд 3 өрөө байр байсан, дараа нь 2 өрөө байраар сольсон, сольсон байр нь одоо маргаад байгаа байр байгаа юм. Энэ байр манай охин Болорчулуун, Ганцогт бид гурвын нэр байсан санаж байна, Мянгаа байсан үгүйг санахгүй байна. Байраа Цэдэнсодном гэдэг хүнд хөлслүүлж орхиод 200.000 төгрөг авсан, би 100.000 төгрөгийг нь аваад 100.000 төгрөгийг нь Баяраа гэдэг хүнд өгсөн. Гэр рүүгээ явах болоод мөнгөний хэрэгцээ гараад авсан юм. Цэдэнсодном байрныхаа гэрчилгээг өгчих, өгөхгүй бол мөнгө өгөхгүй гээд байхаар нь аргагүйн эрхэнд гэрчилгээгээ эх хувиар нь Цэдэнсодномд би өгсөн, намайг байраа энэ хүнд хөлслүүлээд орхисон гэдгийг манай хүүхдүүд мэдэхгүй, би хэлээгүй. Дараа нь нэг удаа ирж 50.000 төгрөг авсан, байрандаа суулгахдаа хугацааны талаар тохироогүй. Тэр байранд Баяраа багш ярьж байгаад л Цэдэнсодномыг оруулсан, 2004 онд хийсэн бэлэглэлийн гэрээний талаар би мэдэхгүй, Сараа гэдэг хүн манайд ирээд байрыг сунгахгүй бол болохгүй гээд өвгөнийг шалгааж байгаад нэг юман дээр гарын үсэг зуруулсан, би байраа хөлслүүлсэн болохоос зарна гэж ерөөсөө хэлээгүй. Хүүхдүүд намайг байрандаа хүн суулгасан гэдгийг сүүлд Цэдэнсодномыг очиход мэдсэн гэв.

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад:

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Д.Мянгаа, М.Болорчулуун, М.Ганцогт нар нь хариуцагч Жамъяанжамцын Цэдэнсодномд холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж, орон сууцнаас албадан гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч нэхэмжлэгчээс худалдан авсан гэж марган, нэхэмжлэгч нарт холбогдуулан орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч Д.Мянгаа нь 1996 онд Багануур дүүргийн 3 дугаар хороо 54 дүгээр байрны 1 дүгээр орц, 28 тоот, 2 өрөө байрыг 2675 дугаартай Орон сууц ашиглах эрхийн бичиг-ийн үндсэн дээр эзэмшиж байсан, 1997 оны 09 сарын 12 ны өдөр Багануур дүүргийн орон сууц хувьчлах товчоонд өргөдөл гаргаж 1997 оны 12 сарын 29-ний өдөр 0018024 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ авч, хамтран өмчлөгчөөр М.Ганцогт, М.Болорчулуун, Ц.Хандсүрэн, Г.Нямцогт нарын нэрийг гэрчилгээний хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүд гэдэгт тэмдэглүүлжээ.

1998 оны 11 сарын 09-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт тухайн орон сууцны өмчлөгчөөр М.Болорчулуун, М.Ганцогт, Д.Мянгаа нарыг бүртгүүлэхээр бүртгэлийн мэдүүлэг гаргасан байх ба 54-28 тоот байрны өмчлөгч нь М.Болорчулуун, М.Ганцогт, Д.Мянгаа нар болох нь 2017 оны 10 сарын 06-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 11 сарын 24-ний өдрийн 570 дугаартай эд хөрөнгийн лавлагаа, хавсаргаж ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байх ба маргаан бүхий байр нь М.Болорчулуун нарын 3 хүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байна.

Багануур дүүргийн 3 дугаар хороо 54 дүгээр байрны 28 тоот 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчид нь М.Болорчулуун, М.Ганцогт, Д.Мянгаа нар болох нь баримтаар тогтоогдож байх тул 1994 оны Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 1-д Өмчлөгч эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардан нэхэмжлэх эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгчид нь шаардлага гаргах эрхтэй юм.

1994 оны Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 1-д Зөрчигдсөн эрхийг хамгаалахын тулд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа гурван жил байна, 3-т Хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэл гаргах эрх үүссэн өдрөөс эхлэн тоолно, 4-т Хуульд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэл гаргах эрх нь эрх зөрчигдсөн өдрөөс буюу эрх зөрчигдсөнийг хожим мэдсэнэдгээр хугацаа дууссан өдрөөс эхлэн үүснэ гэж тус тус зааснаар өмчлөгч М.Болорчулуун нь өмчлөх эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэн 2016 оноос тооцоход хөөн хэлэлцэх хуульд заасан хугацааны дотор шаардлагаа гаргасан, нэхэмжлэл гаргах эрх нь 2016 оноос эхлэн үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч Ж.Цэдэнсодном нь маргаж буй орон сууцыг худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр 1999 онд нэхэмжлэгч Д.Мянгаа, түүний эхнэр Хандсүрэн нараас худалдан авсан гэж маргаж байгаа ба 1994 оны Иргэний хуулийн 122 дугаар зүйлийн 2-д Хуульд эд хөрөнгө шилжүүлэх гэрээг зохих байгууллагаар гэрчлүүлэх буюу бүртгүүлэхээр заасан бол ийнхүү гэрчлүүлсэн буюу бүртгүүлсэн үеэс уг эд хөрөнгийг өмчлөх эрх үүснэ, 203 дугаар зүйлийн 3-д Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 2002 оны Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно, гэж тус тус зааснаар худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, улмаар маргаж буй байрны өмчлөх эрх хариуцагч Цэдэнсодномд шилжээгүй, энэ талаарх бичгийн баримт хэрэгт авагдаагүй байна.

1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д Өмчлөгч хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлснээр түүний өмчлөх эрх баталгаажна, 2-д Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэх гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүснэ, 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй , 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэн хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны төв байгууллагад бичгээр гаргана гэж тус тус зааснаар зохигч талуудын хэн аль нь 54 дүгээр байрны 28 тоот 2 өрөө байрыг өмчлөх эрхийг шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг гаргаагүй байна.

1994 оны Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 3-д Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн нь дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил тэгш эрх эдэлнэ. уг эрхээ хэрэгжүүлэхдээ гэр бүлийн насанд хүрсэн бүх гишүүнтэй тохиролцох ба үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахдаа тэдгээрийн зөвшөөрлийг бичгээр авна. Энэ шаардлагыг биелүүлээгүй хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргана. Энэ тохиолдолд өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр авсан байна гэж тус тус зааснаар маргаж буй орон сууц нь Ц.Хандсүрэнгийн өмчлөлийн хөрөнгө биш түүний гэр бүлийн гишүүд болох Д.Мянгаа, М.Болорчулуун, М.Ганцогт нарын 3 хүн өмчлөх эрхтэй болох нь баримтаар тогтоогдож байхад Ц.Хандсүрэн нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад дур мэдэн худалдах эрхгүй этгээд юм.

1994 оны Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 5-д Иргэд хоорондын хиймэгц биелэхээс бусад хэлцлийг хуульд өөрөөр заагаагүй бол бичгээр хийнэ, 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3-т Хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлвэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлснээр хэлцэл хийгдсэн гэж үзнэ, 44 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3-т бүрэн эрх олгогдоогүй этгээдийн хийсэн хэлцлийг төлөөлүүлэгч нь зөвшөөрөөгүй бол хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцож болно гэж тус тус зааснаар Ц.Хандсүрэн, хариуцагч Цэдэнсодном нарын хооронд амаар хийсэн хэлцэл нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Мянгаа, М.Болорчулуун, М.Ганцогт нарын бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж, орон сууцнаас албадан гаргуулах шаардлагыг хангаж, орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

1994 оны Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 3-д Өмчлөгч буюу хууль ёсоор эзэмшигч нь эд хөрөнгөө өөрийн хүсэл зоригоос гадуур алдсан байвал уг эд хөрөнгийг үнэ төлбөртэй олж авсан шударга эзэмшигчээс шаардан нэхэмжлэх эрхтэй. Энэ тохиолдолд эд хөрөнгийг үнэ төлбөртэй олж авсан шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн этгээдээс учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагч Цэдэнсодном нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс шүүхэд нэхэмжлэл гарган шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нараас Улсын тэмдэгийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 31.238 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цэдэнсодномоос 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.

2002 оны Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д Гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өмнө үйлчилж байсан хууль тогтоомжоос илүү тааламжтай нөхцөл олгож байгаа шинээр баталсан хууль тогтоомжийг хэрэглэж болно гэж заасан бөгөөд хэргийн оролцогчид хэрэг маргаанаа өмнө үйлчилж байсан хууль тогтоомжоор шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг харгалзан 1994 оны Иргэний хуулийг баримтлан шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.1994 оны Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хороолол, 54 дүгээр байрны 28 тоот 2 өрөө орон сууцыг Ж.Цэдэнсодномын хууль бус эзэмшлээс чөлөөлж, 0018024 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгон, хариуцагч Ж.Цэдэнсодномыг 54 дүгээр байрны 28 тоот 2 өрөө орон сууцнаас албадан гаргасугай. Хариуцагч Ж.Цэдэнсодномын нэхэмжлэгч Д.Мянгаа, М.Болорчулуун, М.Ганцогт нарт холбогдуулан гаргасан орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагч Ж.Цэдэнсодномоос сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 31.238 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Цэдэнсодномоос 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ