Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 01942

 

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2017/01942

 

 

Э.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/01494 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Бд холбогдох,

 

157 648 575 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Э.Г

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Д

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Т, Л.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Солонгос улсын иргэн Н Г Х-д 60 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж барьцаанд нь Н Г Х-гийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Голден Вилл хотхоны 102 дугаар байр 1002 тоот хаягт оршин байх 185,35 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг барьцаалан зээлийн гэрээ байгуулсан юм.

Н Г Х-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Р.Ц нь 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр надад дахин мөнгө зээлэх санал тавьсан. Би өөрийн танил Ч.Бд хэлж миний зүгээс 30 000 000 төгрөг, Ч.Б 100 000 000 төгрөг гаргаж нийт 130 000 000 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Н Г Х-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цтай Ч.Б зээлийн гэрээ байгуулж  төгрөгийг 2 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр мөн дээрх байрыг барьцаалан зээлийн гэрээ байгуулсан юм.

2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр миний зээлсэн 60 000 000 төгрөг, мөн Баярсайхан бид хоёрын дундаас зээлсэн 130 000 000 төгрөгийг нийлүүлэн хүү, алданги тооцож нийт 335 422 500 төгрөгийг нэхэмжлэн шүүхэд хандсан ба шүүхээс 335 422 500 төгрөгийг Н Г Х-гийн зээлийн барьцааны хөрөнгөөс гаргуулахаар шийдвэрлэсэн юм. Албадан дуудлага худалдаагаар зээлийн барьцаа хөрөнгө худалдагдахгүй байсан тул Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо Голден Вилл хотхоны 102 дугаар байр 1002 тоот 185,35 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг Ч.Бы нэр дээр шилжүүлсэн байдаг.

Иймд Ч.Б бид хамтран Солонгос улсын иргэн Н Г Х-д зээлүүлсэн 190 000 000 төгрөг, түүний хүү, алданги, нийт 335 422 500 төгрөгийн үлдэгдэлд тооцож авсан Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо Голден вилл хотхон 102 дугаар байр 1002 тоот хаягтай Ү-2204041747 үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаартай, 185,35 м.кв талбай бүхий орон сууцнаас өөрт ногдох хэсгийг буюу 157 648 575 төгрөгийг хариуцагч Ч.Баас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Э.Г нь Н Г Х-д зээлийн гэрээ байгуулж, 60 000 000 төгрөгийг зээлсэн. Э.Г нь би 60 000 000 төгрөгийн Н Г Х-д зээлчихсэн, мөнгөө аваагүй байгаа гэж хэлсэн бол би 130 000 000 хэзээ ч зээлэхгүй. Ганц энэ байр нь барьцааны зүйл байгаа гэсэн бол би хэзээ ч мөнгө зээлэхгүй байсан.

Тухайн үед би Н Г Х-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цтай 130 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, мөнгөө тэр өдөр нь бэлнээр Цд өгсөн. 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Э.Гийн 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаалбарт Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо Голден Вилл хотхоны 102 дугаар байр 1002 тоот 185,35 м.кв 5 өрөө орон сууц авагдаж үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэгдсэн байсан бол дахиад би 2014 оны 06 дугаар сарын 17-ны 130 000 000 төгрөгийн барьцаанд уг эд хөрөнгийг бүртгэх боломжгүй байсан.

Р.Ц гэрчийн мэдүүлэгтээ “Ч.Баас би 130 000 000 төгрөг авч, зээлийн гэрээ байгуулсан” гэдгээ хүлээн зөвшөөрсөн. 600 000 000 төгрөгийн тоног төхөөрөмжийг Э.Г бүгдийг нь зараад мөнгийг нь авчихсан. Мөн Э.Г нь н.Тулгын мөнгийг Н Г Х-гоос авч өгсөн талаараа надад хэлээгүй. Э.Г нь Н Г Хд зээл зуучилж өгсөн гээд бүх байгуулсан зээлийн гэрээнээс 10 хувийг нь авдаг байгаа. Мөн Э.Г нь Р.Цгийн шилжүүлсэн 10 000 000 төгрөг, нийт 20 000 000 төгрөгийг авчихсан. Э.Г зээлийн гэрээний дагуу Н Г Хгоос 570 маркийн автомашин, 600 000 000 төгрөгийн тоног төхөөрөмж, бэлнээр 20 000 000 төгрөг авчихсан.

Р.Ц нь надад Э.Г 60 000 000 төгрөгийнхөө зээлийн гэрээний дагуу автомашиныг авсан тул маргаан бүхий байранд хамааралгүй гэдгийг бичиж өгсөн. Би 130 000 000 төгрөгийн Э.Гэд өгч, буцааж авч өгсөн зүйл байхгүй. Зээлийн гэрээний дагуу 130 000 000 төгрөгийг Р.Цд бэлнээр 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өгсөн, уг зээлийн 30 000 000 төгрөгийг Гансүхээс зээлээгүй.

 Би өөрийнхөө 130 000 000 төгрөгийг Р.Цд гэрээ байгуулсан өдөр бэлнээр өгсөн. Солонгос улсын иргэн Н Г Хгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цтай 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг Г.Гэрэлт-Од байгуулсан.Уг зээлийн гэрээгээр 130 000 000 төгрөгийн үндсэн зээл, хүү, алданги төлөх үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл, хүү, алдангийг нэмээд 319 450 000 төгрөг болсон.

2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Р.Цтай гэрээ байгуулж, шүүхээр орж төлөхийг хүлээн зөвшөөрч шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу барьцааны хөрөнгө болох Голден Виллийн 5 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар худалдан борлуулах гэж оролдсон боловч зарагдаагүй, арга буюу би өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан. Учир нь  би өөрийн бизнесийн хөрөнгө оруулалтын мөнгөө Р.Цд зээлүүлсэн байсан тул яаралтай эргэлтийн мөнгөтэй болох шаардлагатай учраас өөрийн найз Г.Гэрэлт-Одоос орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч тус орон сууцыг банкинд барьцаанд тавьж зээл авсан. Би өөрийн зээлүүлсэн мөнгөндөө уг орон сууцыг авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Э.Гтэй би ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй, зээлийн гэрээ байгуулсан Солонгос Н Г Хгоос нэхэмжлэхгүй, надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дах хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 9 148 575 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ч.Баас 148 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Гд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хяНам шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 946 193 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 900 450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Уг шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Баярсайхныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Э.Г нь 2014 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээг Солонгос улсын иргэн Н Г Хтой хийсэн байдаг бөгөөд зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Голден Вилл хотхон 102 дугаар байр 1002 тоот орон сууцыг барьцаалсан байдаг. Энэ зээлийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой. Гэтэл Гансүх нь барьцаалбарыг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь зааснаар уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

Э.Г, Н Г Х нарын барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хуулийн шаардлага хангаагүй болохыг мэдсэн Э.Г Ч.Баярсайхныг ашиглах болсон.

Учир нь тэр өөрийнхөө мөнгийг буцаан төлөөгүй байхад Ч.Баас дахин 130 000 000 төгрөгийг Р.Цтай гэрээ хийлгэдэг. Ч.Баярсайхны гэрээнүүд нь хуулийн шаардлага хангасан гэрээ байсан.

Н Г Х нь Р.Цд Ч.Бтай зээлийн гэрээ байгуулж зээлийн барьцаанд өөрийн байрыг барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэлийг өгсөн байдаг. Харин Э.Гийн зээл болон барьцааны гэрээтэй холбогдолтой ямар нэгэн эрх өгөөгүй.

Гэтэл Э.Г Р.Цг Г.Гэрэлт-одтой зээлийн гэрээ хийлгэж Ч.Б Э.Г, Н Г Х нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний биелэгдээгүй байсан гэдгийг хэн ч нотлоогүй.

Э.Г нь үндэслэлгүйгээр хөрөнгөжихөөр Р.Цг ашиглан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1830 дугаар шүүгчийн захирамж гаргуулж авсан. Энэхүү гэрээ нь эвлэрлийг баталсан тул давах эрхгүйгээр шийдвэр гаргуулан Н Г Хгийн хөрөнгийг ганцаараа авах зорилго нь биелэгдсэн боловч Ч.Б мөнгөө авах эрх нь нээлттэй байгаа.

Анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгүүдийг анхаарч үзээгүй. Г.Гэрэлт-Од, Р.Ц нарын зээлийн гэрээнд Э.Гийн мөнгө байх ёстой гээд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Гэрч нарын мэдүүлгээс Э.Г нь бусдын мөнгийг бусдад зээлдүүлж их хэмжээний шан харамж авдаг, бусдад өгөөрэй гэсэн хүүний мөнгийг өөрөө авч завшдаг зэргийг мэдүүлсэн байхад шүүх түүнд ач холбогдол бүхий дүгнэлт өгөлгүй хэргийг хэт 1 талыг барьж хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна

Э.Г нь бусдын гэрээгээр халхавчлан, үндэслэлгүйгээр дахин дахин мөнгө авах аргыг санаачлан зохион байгуулж байгаа нь гэрч нарын мэдүүлэгээр хангалттай нотлогдон тогтоогдоод байхад шүүх яагаад Ч.Баярсайхныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн дүгнэлт гаргасныг ойлгохгүй байна.

Р.Цд Н Г Х нь Э.Гийн 60 000 000 төгрөгийг нэгтгэн шийдвэрлүүлэх эрх өгөөгүй байхад Г.Гэрэлт-Одтой зээлийн гэрээ байгуулсан нь Э.Гийн зохион байгуулсан зүйл. Г.Гэрэлт-Од цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “Гансүх ах надруу залгаад чиний гарын үсэг хэрэг болоод байна гэсэн. Би очоод зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан. Тэгтэл Э.Г ах “чамд энэ талаар мэдэх шаардлага байхгүй” гэсэн гэж мэдүүлдэг.

Хариуцагч талаас шүүхэд гэрчээр Г.Гэрэлт-Одыг оролцуулах, мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1830 дугаар шүүгчийн захирамжийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны материалыг гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй, хүсэлтийг хүлээн аваагүй нь хэргийн бодит үнэнийг тогтооход чухал ач холбогдол бүхий баримтыг үнэлэх боломжийг алдсан тул шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Э.Г нь хариуцагч Ч.Бд холбогдуулан 157 648 575 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Г, түүний өмгөөлөгч Г.Даваахүү, хариуцагчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нар оролцсон байх бөгөөд шүүгч шүүх хуралдааны дэг танилцуулж, шүүх хуралдааны даргалагч болон нарийн бичгийн даргаас татгалзан гаргах үндэслэл байгаа эсэхийг асууж, эрх, үүргийг талуудад тайлбарлан өгсний дараа зохигчдоос шүүх  хуралдаанд гаргах хүсэлт байгаа эсэхийг асуухад хариуцагчийн өмгөөлөгч нь нотлох баримтууд шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүхээс хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд хариуцагчийн өмгөөлөгч нь хариуцагч Ч.Быг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлт гаргасан бөгөөд үүнд нэхэмжлэгч талаас татгалзаагүй тул шүүгч хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.

 

            Хариуцагч Ч.Быг шүүх хуралдаан эхэлсний дараа танхимд оролцуулахдаа анхан шатны шүүхээс түүнд эрх, үүргийг нь тайлбарлах, үүнтэй холбоотойгоор нотлох баримт гаргах болон шүүх хуралдаан даргалагч, нарийн бичгийн даргаас татгалзан гаргах хүсэлтийг асуулгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хариуцагч Ч.Бы Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг зөрчсөн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

 

            Түүнчлэн анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлоогүй, зохигчдын хооронд үүссэн харилцааг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

 

            Нэхэмжлэгч Э.Г хариуцагч Ч.Б нарын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсан эсэх үйл баримтын хувьд маргаантай, нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгө шилжүүлсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн нэхэмжлэгч 335 422 500 төгрөгийн 47 хувь буюу 157 648 575 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа нь тодорхой бус, нэхэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй байхад давж заалдах шатны шүүхээс энэ талаар эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

            Дээр дурдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхой бус, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/01494 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 900 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

                             ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА