Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2019/00991

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/00130 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар магадлалтай

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Н” ХХК-ийн Үнд холбогдох,

Хариуцагчтай хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Цэцгээ, түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Б.Цэцгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь ноосон хивс, хивсэнцэр үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. 2018 оны 11 дүгээр сарын эхээр “Н” ХХК-ийн ажиллагсдын Үны дарга Б.Цэцгээ гэх хүн “Э” ХХК-ийн ажиллагсдыг хууль бус ажил хаялтанд уриалж, ажил хаялтын талаар ажилтнуудтай ажлын байранд, хувцас солих өрөөнд хурал цуглаан хийж байна. Энэхүү үйл ажиллагаагаа зохион байгуулахдаа ажлын цагаар ажиллагсдыг олон тоогоор нь цуглуулан өөрийгөө манай компанийн Үны дарга хэмээн итгүүлэх замаар манай компанийн ажиллагсдыг хууль бус ажил хаялтанд уриалж байна. Мөн ажиллагсдыг хууран мэхэлж ажил хаях тухай зөвшөөрлийн бичиг хийлгэж аван гарын үсэг цуглуулж байгаа нь өөр компанийн үйлдвэрчний эвлэлийн даргын эрх хэмжээнээс хальсан зүйл юм. Б.Цэцгээгийн зохион байгуулж байгаа уулзалтууд нь ажиллагсдын сэтгэл санааг үймүүлснээр ажлын бүтээмж, идэвх санаачлагыг нь бууруулж байгаа төдийгүй хөдөлмөрийн аюулгүй байдлыг алдагдуулах эрсдэлийг бий болгож, компанид болон ажилтнуудад хохирол учруулж байна.

Хариуцагчийн явуулж байгаа ажиллагаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан ажил олгогч, 3.1.2-т ажилтан, 3.1.4-т заасан хамтын гэрээ, 3.1.6-д заасан ажил олгогчийн төлөөлөгчид, 3.1.7-д заасан ажил олгогчийн төлөөлөгчид гэх ойлголтонд эрх зүйн харилцаанд оролцогчид биш бөгөөд манай компани болон "Н" ХХК-ийн ажиллагсдын Үны хооронд одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ямар нэг баримт бичиг, хэлцэл, хэлэлцээр байхгүй байтал ийнхүү удаа дараа ажил хаялт зохион байгуулах, хэвлэлийн хурал хийж компанийн нэр хүндэд халдах зэрэг сүрдүүлэх утга бүхий албан бичгийг /2018 оны 11 сарын 12-ны өдөр № 90 дугаартай, 11 сарын 19-ний өдөр №93 дугаартай/ ирүүлсэн, "Н” ХХК-ийн ажиллагсдын Ү болон манай компанийн хооронд ямар нэг гэрээ хэлцэл байхгүй бөгөөд манай компанитай Хөдөлмөрийн тухай хуулийн 115-118 дугаар зүйлд заасан хамтын маргааныг эхлүүлээгүй, зуучлагч урьж оролцоогүй, арбитраар хэлэлцээгүй, шүүхээр уг асуудлыг хянуулаагүй байж мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1.4-д зааснаар ажил хаялт зохион байгуулахаар ажилтны ажлыг гүйцэтгүүлэхгүй байх, хууль бус ажил хаялтанд уриалах зэргээр хууль зөрчсөн ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй, өөр компанийн ажиллагсдын Ү гэх Улсын бүртгэлийн гэрчилгээтэй атлаа шүүхэд хандаж манай компанитай хамтын гэрээ байгуулах эсэхээ шийдвэрлүүлэх боломжтой байхад уг эрхээ хэрэгжүүлээгүй манай компанийн дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож ажиллагсдын сэтгэл санааг үймүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг алдагдуулах, бүтээл буурах ,үйлдвэрлэлийн осол гарах нөхцөл байдлыг бүрдүүлээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймээс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-д тус тус заасны дагуу манай компани нь “Н” ХХК-ийн ажиллагсдын Үтой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Одоогийн “Э” ХХК “Н” ХХК-иуд нь “Э” гэсэн ХК буюу хувьцаат компани байгаад улмаар “Э” ХХК болсны дараа “Э” ХХК-ийг өөрчлөх, тусгаарлах замаар үүсгэн байгуулагдсан толгой болон охин компанийн статустайгаар дүрмэндээ зааж улсын бүртгэлд бүртгүүлсэн компаниуд юм.

Шүүх нэхэмжлэгч болон түүний толгой компани “Н” ХХК-ийн дүрэм, гэрчилгээ, компанийн зохион байгуулалтыг өөрчилсөн толгой компанийн ерөнхий захирлын 2015 оны 06 дугаар сарын 30-ны 15/02 тоот тушаалын хуулбар улсын бүртгэлээс ирсний дараа энэ байдалд тодорхой болно гэж ойлгож байна. Энэ маргаанд Үйлдвэрчний эвлэл болон ажил олгогч хуулийн этгээдийн эрх зүйн байдал маргааны үндэслэл болж байгаа тул дээрх баримтууд гол хариулт болж өгнө. Нэг корпус барилга дотор үйл ажиллагаагаа явуулдаг нэг чиглэлийн үйлдвэрлэл эрхэлдэг компани нь үйл ажиллагааныхаа чиглэлээр зохион байгуулалтаа өөрчилсөнтэй холбогдуулан үйл ажиллагааны зохицол, нийлэмжийг харгалзан “Э” ХХК-ийн Ү нь 2015 оны 08 дугаар сарын 26-нд Тэргүүлэгчдийн хурлаа хийж нэршлээ өөрчлөн “Н” ХХК-ийн ажиллагсдын Ү болж улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээгээ шинээр авсан. Ингэснээр Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, гишүүнчлэлд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, хуучин “Э” ХХК-ийн үндсэн ба туслах цехүүдэд ажиллаж байсан гишүүд шинээр байгуулагдсан компаниуддаа харьяалагдан гишүүнчлэл хэвээрээ байгаа. Үүний дараа Хөдөлмөрийн тухай хуулийн хоёрдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу дээр дурдсан толгой ба охин таван компанийн удирдлага ажил олгогчийг төлөөлж, манай Ү ажилтныг төлөөлж хамтын гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 25-нд байгуулсан. Энэ гэрээний хугацаа дуусч дараагийн хамтын гэрээг байгуулах санал яригдах үеэс саналын зөрүү гарч улмаар манай Үг ганцхан толгой компани буюу “Н” ХХК-тай Хамтын гэрээ байгуулах эрхтэй гэж үгүйсгэсэн байдлыг хуульч М.Ганзоригийн ятгалга дор хамтын гэрээний оролцогч бусад компани тавих болсон. Энэ талаар удаа дараа тайлбарласан бичиг өгч, ерөнхий захирал Ш.Энхбаярт хандсан боловч амжилт олоогүй, ажил олгогч компаниуд ойлгохыг хүсээгүй. Ийм нөхцөл үүссэн учраас ажилтныг төлөөлөх Үйлдвэрчний эвлэлийн зүгээс хамтын маргаан үүсгэсэн. Хамтын маргааны асуудлаар шаардлага, мэдэгдэл хүргүүлж үр дүнд хүрээгүй учир хуульд заасан журмаар Баян-Өндөр сумын Засаг даргын захирамжаар Хөдөлмөрийн хамтын маргааны зуучлагч томилуулан ажилласан. Зуучлагч нэг Хамтын гэрээ байгуулах үндэслэлтэй гэсэн тэмдэглэл гаргасан боловч ажил олгогч хүлээн аваагүй.

Ийм учраас дахин Баян-Өндөр сумын Засаг даргын захирамжаар Хөдөлмөрийн арбитр томилуулсан. Арбитраас мөн л нэг Хамтын гэрээ байгуулах үндэслэлтэй гэсэн зөвлөмж гарсан боловч түүнийг ажил олгогч хүлээн аваагүй тул ажил хаялт зохион байгуулах эрх Үйлдвэрчний эвлэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлд зааснаар үүссэн. Ү энэ тухай ажил олгогчид мэдэгдсэн бөгөөд ажил хаялтыг шууд зохион байгуулах хүч бололцоо Үйлдвэрчний эвлэлд дутагдалтай, үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татварын суутгал шилжүүлэлтийг 2018 оны 05 сараас ажил олгогч зогсоож ҮЭ-ийн хүчийг сулруулах бодлого зориуд явуулж байгаа тул Үйлдвэрчний хорооны зүгээс энэ байдлыг ажиллагсдад тайлбарлах, тэдний санаа бодлыг сонсох, тандах зарим үйлдэл хийсэн нь хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй.

Ү компанийн зохион байгуулалтыг дагаж зөвхөн нэршлээ өөрчилсөн, манай гишүүд нэхэмжлэгч компани ажиллаж байгаа, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны Хамтын гэрээнд нэхэмжлэгч “Э” ХХК нь ажил олгогчийн талд оролцож байсан, Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татварыг 2018 оны 05 дугаар сар хүртэл суутган өгч байсан зэргээс дүгнэлт хийхэд нэхэмжлэгч нь манай Үтой Хамтын гэрээ байгуулах субъект мөн болно. Харин нэхэмжлэгч нь Үйлдвэрчний эвлэлийг үгүйсгэн, гишүүн биш ажиллагсдыг үйлдвэрчний эвлэлийн эсрэг ашиглахаар зориуд зохион байгуулж Үг ганцхан толгой компани буюу “Н” ХХК-тай гэрээ байгуулах эрхтэй гэж үгүйсгэсэн маргалдаж яваа нь Монгол улсын олон улсын гэрээ болох Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 87, 98, 135 дугаар конвенцуудыг илт зөрчиж байгаа болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/00130 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.2, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Н” ХХК-ийн ажиллагсдын Үтой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоолгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК-ийн Үноос 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/00130 дугаар шийдвэрийг хэвээр үлээж, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэнгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж,

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Цэцгээ, түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хянуулахаар энэ гомдлыг гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааныг шийдвэрлэх, нэхэмжлэгч ажил олгогч талын эрх ашгийг хамгаалахдаа, тэнд ажиллагсдын Үндсэн хуульд заасан эвлэлдэн нэгдэх эрх, түүнийгээ эдлэх арга баталгааг өөрсдөө сонгох эрхийг дэндүү явцуу буруу тайлбарлан хуулийг хэрэглэж, энэ талаарх Монгол Улсын Олон улсын гэрээний заалтыг хэрэглэхээс зайлсхийж, эс хэрэгссэнээс үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадсангүй.

1. Ажил олгогч хуулийн этгээд болон ҮЭ-ийн эрх зүйн байдал хэрхэн өөрчлөгдсөн, хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлын тухайд.

“Э” гэж нэг хуулийн этгээд болох ХХК ажиллаж байгаад Компанийн тухай болон Иргэний хуульд заасан журмаар толгой болон охин 5 компани болон өөрчлөн байгуулагдсан, уламжлалт “Э” нэрээ нэг охин компанид үлдээсэн болох нь “Э” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлын 2015 оны 05 сарын 29-ны №3 тоот тогтоолоор тодорхой байна.

Нэгэнт компани өөрчлөн байгуулагдсан тул “Э” ХХК-ийн Үйлдвэрчний хороо хэвээр байх нь цаашид нэршлийн хувьд дан ганц “Э” гэх охин компанид хамаарах шинжтэй болох тул Үны Тэргүүлэгчид 2015 оны 08 сарын 26-нд 29 тоот тогтоол гаргаж компанийн бүтэц өөрчлөгдсөн тул “Э” ХХК-ийн ҮЭ-ийн хороог “Н” ҮЭ-ийн хороо болгон толгой компанийн нэршлээр өөрчлөн гэрчилгээ, тамга солиулахаар шийдвэрлэж хэрэгжүүлсэн байна.

Энэхүү өөрчлөлтийг ажил олгогчид болон ажилтны төлөөллийн байгууллага ҮЭ-ийн хороо аль аль нь хүлээн зөвшөөрч эрх зүйн зөрчилгүй гэж үзэн 2016 оны 04 сарын 25-нд “Н” ХХК-ийн ажил олгогчийг төлөөлж толгой компанийн захирал болон охин компанийн захирлууд, Нийт ажилтныг төлөөлж ҮЭ-ийн хорооны дарга болон охин компанийн төлөөлөл ҮЭ-ийн хорооны тэргүүлэгч гишүүд гарын үсэг зурж Хамтын гэрээ байгуулж 2 жил мөрдөж ажиллажээ.

Дээрх өөрчлөлтөөр “Э” ХХК-ийн ҮЭ-ийн хороонд бүртгэлтэй ҮЭ-ийн гишүүд толгой болон охин компанийн ажиллагсад болон тархсан бөгөөд ҮЭ-ийн гишүүнчлэлд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна. Энэ нь "Э" ХХК 2018 оны 5 дугаар сар хүртэл 200 орчим /186-220/ гишүүний ҮЭ-ийн татварыг Хамтын гэрээнд тохирсноор суутган ҮЭ-ийн хорооны дансанд шилжүүлж байснаар батлагдаж байна. Энэ нь нэг ажлын байртай толгой охин компаниудын ажиллагсад нэг Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад эвлэлдэн нэгдэн орохыг хангалттай нотлох бөгөөд ингэснээрээ ямар нэг хууль тогтоомж зөрчсөн, хэн нэгний эрх ашгийг хохироосон зүйл байхгүй байна.

2. “Н” ХХК-ийн ажиллагсдын Ү “Э” ХХК-тай Хамтын гэрээ байгуулах субъект болох эсэх эрх зүйн байдлын талаар.

Ажил олгогчийн маргаж шүүхэд шаардлага болгон тавьж байгаа асуудал энэ тул шүүх энд зөв дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх ёстой.

Ажил олгогчийн маргаж, шүүхэд тавьж байгаа асуудал нь ҮЭ-ийн хорооны нэршил буюу “Н” ХХК-ийн ажиллагсдын ҮЭ-ийн хороо нь ганцхан тэр компанидаа л хамааралтай гэх асуудал. Гэтэл 2015 оны 1 дүгээр сарын 29-ний Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15-17-д зааснаар ийм Үйлдвэрчний хороо байгуулагдаж улсын бүртгэлд бүртгэгдсэн ямар ч зүйл байхгүй. Харин “Э” ХХК-ийн ҮЭ-ийн хороо нь “Э” ХХК өөрчлөн байгуулагдсантай холбоотойгоор толгой компанийн нэрээр нэрээ өөрчилсөн болох нь дээр дурдсан ҮЭ-ийн Тэргүүлэгчдийн 29 тоот тогтоол, улсын бүртгэлийн гэрчилгээ тамгаар батлагдана.

Хэрэгт авагдсан ҮЭ-ийн Хорооны бүх гишүүдийн төлөөллийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны тайлан сонгуулийн хурлын бүх материалаар гишүүд нь охин ба толгой компанид тархан байрласан нэг ҮЭ-ийн хороо ажиллаж байгаа болох нь толгой болон охин компанид ажиллаж байгаа ҮЭ-ийн гишүүд төлөөллөө сонгон төлөөлөгчдийн хурал хийж эрхээ хэрэгжүүлсэн болох нь тодорхой харагдана.

Гишүүд нь бүх охин компаниудад тархан байрлаж ажиллаж байгаа ҮЭ-ийн хороо нь өмнө мөрдөж байсан нэг Хамтын гэрээний хугацаа дууссаны дараа шинэ Хамтын нэг гэрээ байгуулах санал тавьснаас талуудын хооронд Хамтын маргаан үүсч Хөдөлмөрийн тухай хуульд заасан процесс явагдаж Хөдөлмөрийн тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд заасан эрх ажилтны төлөөлөлд үүссэн байгаа.

Ажил олгогч талтай нэг Хамтын гэрээ байгуулахаар ҮЭ-ийн зориод байгаа гол үндэслэл нь толгой компани “Н” ХХК-ийн хувьцааны 76 хувийг Шагдарсүрэнгийн Энхбаяр, 23 хувийг Шагдарсүрэнгийн Баярсайхан гэх нэг ашиг сонирхолтой хүмүүс эзэмшдэг, “Э” ХХК-ийн энгийн хувьцааг 100 хувь “Н” ХХК эзэмшдэг учраас охин компаниудын удирдлага, өмчлөл, санхүү эдийн засгийн бүхий л гол шийдвэрийг гаргах эрх толгой компани, түүний хувьцаа эзэмшигчдэд байгаа тул нэг Хамтын гэрээ ажилтны эрх ашгийг илүү хамгаалах үндэслэлтэй холбоотой юм.

3. “Э" ХХК-ийн Үйлдвэрчний эвлэл, түүнд нэгдсэн гишүүдийн эсрэг, тэднийг үгүйсгэсэн хууль зөрчсөн уйл ажиллагааны талаар.

а. Монгол улсад улсын бүртгэлд бүртгэлтэй 1220 ҮЭ-ийн байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрийн 14 нь салбарын, 22 нь нутаг дэвсгэрийн ҮЭ-ийн Холбоод бөгөөд бусад нь анхан шатны ҮЭ-ийн хороо юм. МҮЭ-ийн Холбооны дүрмийг хүлээн зөвшөөрсөн дээрх холбоод МҮЭ-ийн Холбооны гишүүн бөгөөд өөр өөрсдийн дүрэмтэй. Анхан шатны ҮЭ-ийн хороод өөрийн дүрэмгүй бөгөөд хүлээн зөвшөөрч нэгдсэн Холбооныхоо дүрмийг баримталж ажилладаг. МҮЭ-ийн Холбооны дүрмийн 11.3-т "Аж ахуйн нэгж, байгууллагын дэргэд "ҮЭ-ийн хороо" олон салбар нэгж хэсэгтэй томоохон байгууллага, нутаг дэвсгэрийн болон ажил мэргэжлийн ижил төстэй байгууллагын ажилтнууд эвлэлдэн нэгдэж "ҮЭ-ийн нэгдсэн хороо” байгуулан ажиллаж болно" гэж журамласан бөгөөд энэ заалт нь Орхон аймгийн ҮЭ-ийн Холбооны дүрмийн 10.9 дэх заалтад адилаар томьёологдсон байна.

Энэ нь Үндсэн хуульд заасан иргэний эвлэлдэн нэгдэх үндсэн эрх, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Үйлдвэрчний эвлэлүүд үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд чөлөөтэй явуулах эрхэд нийцэж байгаа ба өмчлөгч нэгтэй, компанийн бодлого шийдвэрийг тодорхойлогч эрх ашиг бүхий этгээд нь нэгдмэл, нэг ажлын байранд үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн хуулийн этгээдийн дунд нэг ҮЭ-тэй байхыг хязгаарлах ямар ч үндэслэл байхгүй.

Ажил олгогч нь ҮЭ-ийн хорооны статусыг ганцхан “Н” ХХК-д хамаарна гэж үгүйсгэснээс хойш ҮЭ-ийн хороо гишүүдээсээ асуумж авахад толгой охин компанид ажилладаг ҮЭ-ийн гишүүдийн 95 хувь нь нэг ҮЭ-ийн хороотой байхыг дэмжсэн байгаа нь ажиллагсад эвлэлдэн нэгдэх Үндсэн хуулийн эрхээ хэрэгжүүлэх хэлбэрээ өөрсдөө тодорхойлж байгаа хэлбэр бөгөөд үүнийг хууль бус гэж тооцох ямар нэгэн үндэслэл байхгүй, Хамтын нэг гэрээ байгуулах явдал нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь заалтад бүрэн нийцнэ.

"Э" ХХК-ийн удирдлага ҮЭ-ийн хороог үгүйсгэхийн хамт ажилтны төлөөлөгчидтэй Хамтын гэрээ байгуулж ажиллагсдын эрхийг хамгаална гэж тайлбарладаг. Гэтэл өнөөх ажилтны төлөөлөгчид гэх ажилчид нь ҮЭ-ийн гишүүд байдаг. Ажилтны төлөөлөгчид ямар ч Хамтын гэрээний төсөл санаачилж, хэлэлцээрт орох төлөөллөө чөлөөтэй сонгож, хамтын хэлэлцээр явуулаагүй байхад захиргаа нь Хамтын гэрээ гэх бичиг зохиож зарим ажилчдаар гарын үсэг зуруулах замаар дүр үзүүлсэн Хамтын гэрээ санаачилдаг нь хүний эрхийг өөрсдийн эрх ашгийн тоглоом болгож байгаа хэлбэр юм.

Монгол Улсын үндсэн хуулийн Аравдугаар зүйл, Олон улсын гэрээний тухай Монгол Улсын хуулиар зохицуулсан дараах зохицуулалтыг шүүх анзаарах, хэрэглэх ёстой байсан гэж үзнэ. Үүнд:

- НҮБ-аас 1948 онд баталсан Монгол улс 1969 онд элсэн орсон Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын /ОУХБ/-ын 87 дугаар Конвенцийн 2 дугаар зүйл, мөн НҮБ-аас 1948 онд баталсан Монгол улс 1969 онд элсэн орсон ОУХБ-ын 98 дугаар Конвенцийн 1 дүгээр зүйлийн 1, 4 дүгээр зүйлд заасан ажилчид байгууллага байгуулах, эвлэлдэн нэгдэх эрхийн баталгааг ажил олгогч зөрчиж байгааг,

- НҮБ-аас 1971 онд баталсан Монгол улс 1995 онд элсэн орсон ОУХБ-ын "Үйлдвэрийн газарт ажилчдын төлөөлөгчдийн эрхийг хамгаалах болон тэдэнд олгогдох бололцооны тухай” 135 дугаар Конвенцийн 5 дугаар зүйлд "Тухайн үйлдвэрийн газарт Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид болон хамт олны дундаас сонгогдсон төлөөлөгчдийн аль аль нь байгаа тохиолдолд сонгогдсон төлөөлөгчдийг холбогдох Үйлдвэрчний эвлэл, түүний төлөөлөгчийн байр суурийг сулруулах зорилгоор ашиглахгүй байх, түүнчлэн холбогдох бүхий л асуудлаар сонгогдсон төлөөлөгчид болон үйлдвэрчний эвлэл, түүний төлөөлөгчдийн хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжинэ" гэж заасныг шүүх хэрэглэн маргааныг шийдвэрлэх ёстой.

Дээр дурдсан үндэслэлүүдийг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзэж зохих дүгнэлт хийлгүй ажил олгогч “Э” ХХК бие даасан хуулийн этгээд гэдэг үүднээс хандаж, бие даасан компанийн дэргэд үйлдвэрчний эвлэлтэй байх эсэхээ ажиллагсад өөрсдөө шийднэ, хамтарч дундаа нэг нэгдсэн Үйлдвэрчний эвлэлтэй байх эсэхээ ажилчдаасаа санал авч шийдэх ёстой, бие даасан хуулийн этгээд "Э" ХХК-тай нэг Хамтын гэрээ байгуулахаар одоогийн ҮЭ-ийн хороо шаардах эрхгүй гэж маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хууль эрх зүйн зохицуулалтыг бүрэн судлан үзэж зөв хэрэглээгүй, ажиллагсдын эвлэлдэн нэгдэх эрхийг хууль бусаар үгүйсгэж, Үндсэн хуульд заасан эрх зүйн байдлыг дордуулан Хамтын гэрээ байгуулах замаар эрх ашгаа эвлэлдэн нэгдэж хамгаалах эрхийг үгүйсгэх замаар хүний үндсэн эрхэд халдсан байна.

4. Үйлдвэрчний эвлэл болон ажиллагсдын эрхийг хязгаарлах агуулгаар шүүхэд хандсан тухай.

2016 оны 4 дүгээр сарын 25-нд Хамтын гэрээ байгуулж байсан субъектуудын хооронд Хамтын маргаан үүсч Хөдөлмөрийн тухай хуульд заасан зуучлагч, арбитр томилуулж зөвлөмж гарч, ажил олгогч түүнийг биелүүлэхээс татгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлд заасан ажил хаях эрх үүссэн байхад мөн хуулийн 120.1-д заасан ажиллагсад, ҮЭ-ийн бүх гишүүдийн хурал хийж ажил хаях эрхийг хэрэгжүүлэх нөхцөл байдал үүссэн яг тэр цаг үед ҮЭ, ажиллагсдын хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах зорилгоор нэхэмжлэгч тал энэ маргасныг үүсгэсэн бөгөөд тэдний нэхэмжлэлийн агуулга нь ҮЭ-ийг хууль бус ажил хаялтад ажиллагсдыг уриалсан, ажилчдыг хууран мэхэлсэн гэх зохиомол үгэнд шат шатны шүүх хууртаж байгаа нь харамсалтай.

Ажил олгогч тал 2016 оны 4 дүгээр сарын 25-ны Хамтын гэрээний 1.3, 1.4 дэх заалтыг зөрчин 2018 оны 5 дугаар сараас гишүүдээс ҮЭ-ийн татвар суутгахыг зогсоон ҮЭ- ийн хороог санхүүгийн чадамжгүй, даргыг нь цалингүй болгоод нэг жил болж байгаа нь ҮЭ-ийг үйл ажиллагааны чадамжгүй болгоход чиглэсэн Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж байгаад шүүх дүгнэлт өгөх ёстой.

5. Шүүгч Б.Бямбасүрэн зөвхөн нэхэмжлэгчийн нэр, гарын үсэг өөр, нэхэмжлэлийн агуулга, хариуцагч нэг "Эрдэнэт текс" ХХК, "Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй хоёр хэргийг ИХШХШТ хуулийн 68.3-т зааснаар нэгтгэн шийдвэрлэх нь зохимжтой байхад татгалзаж, хэргийн оролцогчдод илүү түвэгшил бий болгосон, шүүгчийг өөрийг нь татгалзсан татгалзлыг шийдвэрлэхдээ шүүгчдийн зөвлөгөөнийг өөрөө даргалж татгалзлыг хүлээн аваагүй нь ИХШХШТ хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 ба 92.8 дахь заалтыг зөрчсөн тул энэ нь шүүхийн шийдвэр хүчингүй болох ИХШХШТ хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4- т заасан үндэслэлийг бий болсон байхад давж заалдах шатны шүүх үл тоож байгааг юу гэж үзэхийг хяналтын шатны шүүх анхаарах шаардлагатай.

Энэ хэргийг шийдвэрлэхдээ Хүний эрх, түүнийгээ хэрэгжүүлэх арга журмыг эрхээ хэрэгжүүлэгч хуулийн хүрээнд өөрсдөө тодорхойлох том дэвсгэр дээр хармаар байтал шүүх, шүүгчид хуулийн этгээдийн бүртгэлийн хүрээнд дэндүү явцуу хандаж байгаа нь буруу гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2019.01.15-ны 00130 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2019.03.21-ний 45 тоот магадлалыг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Булганчимэг гомдолд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолтой танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн шийдвэр болсон юм.

1. Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо “...“Э” гэж нэг хуулийн этгээд болох ХХК ажиллаж байгаад Компанийн болон Иргэний хуульд зааснаар толгой болон охин 5 компани болон өөрчлөн байгуулагдсан уламжлалт “Э" нэрээ охин компанид үлдээсэн...” гэжээ. Нэхэмжлэгч “Э” ХХК нь 2014 онд үүсгэн байгуулагдсан ба бүтэц орон тоогоо 229 ажилтантайгаар баталсан байдаг. Эдгээр ажилтнуудтай Компанийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч Компанийг хуулийн дагуу итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох гүйцэтгэх захирал Ц.Урнаа Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ /3.1.3.“хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог;/ байгуулж, ажилтан /3.1.2.“ажилтан” гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг;/, ажил олгогч /3.1.1.“ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг;/ болж хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцож байгаа юм. Түүнээс нэхэмжлэгч компанийн ажилтнууд “Натурал төкстайл групп" ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцож, цалин хөлс авдаггүй.

... “Э ХХК-ний Үйлдвэрчний хороо хэвээр байх нь цаашид нэршлийн хувьд дан ганц, Э” гэж охин компанид хамаарах шинжтэй тул Үны Тэргүүлэгчид тогтоол гаргаж, “Н” ХХК-ний ҮЭ хороо болгон нэршлээ өөрчилсөн..." гэжээ. Ингэснээрээ харин ч хариуцагч нь “Э” ХХК болон “Н” ХХК-ийг тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болохыг энэхүү гомдлоороо баталсан байна. Түүнчлэн нэхэмжлэгч “Э” ХХК-ний дэргэд Ү бүртгэгдээгүй талаарх лавлагаа Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн байдаг ба энэхүү баримт хэрэгт байгаа. Иймд “Н” ХХК-ний ажиллагсдын Ү бусад өөр компанийн ажиллагсдыг төлөөлөх эрхгүй. “Н” ХХК-ний ажиллагсдын Үнд нэхэмжлэгч компанийн ажилчид элсэх хүсэлт өгөөгүй учир тус хорооноос гарах хүсэлт өгөх шаардлагагүй юм. Хэрэгт энэ талаарх баримт байхгүйгээс гадна гишүүний батлах ч байдаггүй. Мөн нэхэмжлэгч компанийн ажилтнуудад “Н” ХХК-ний ажиллагсдын Ү буюу өөр компанийн үйлдвэрчний эвлэлээр ашиг сонирхлоо хамгаалуулах хүсэл сонирхол байхгүй болно.

"... эрх зүйн зөрчилгүй гэж үзэн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр толгой “Натурал төкстайл грулп” ХХК-ний ажил олгогчийг төлөөлж толгой компанийн захирал болон охин компанийн захирлууд, нийт ажилтныг төлөөлж Үны дарга болон охин компанийн төлөөлөл Үны тэргүүлэгчид гарын үсэг зурж хамтын гэрээг 2 жилийн мөрдөж ажиллажээ...” гэжээ. Маргаан бүхий хамтын гэрээ 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ дуусгавар болсон байдаг. Энэхүү хамтын гэрээ нэхэмжлэгч компанийн ажилтнуудын хуулиар хамгаалагдсан эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хамтын гэрээ байсан тул үүнийг залруулж, “Натурал төкстайл групп” ХХК-ний ажиллагсдын Үтой нэхэмжлэгч компани дахин хамтын гэрээ байгуулаагүй юм. Түүнчлэн ажилтнуудынхаа цалингаас хууль бус татвар авч тусдаа үйл ажиллагаа явуулдаг компаний үйлдвэрчний эвлэлийн дансанд шилжүүлж байсан ба энэхүү хууль бус үйл ажиллагаагаа таслах зогсоосон. Цаашид нэхэмжлэгч компани өөрсдийн компаний ажилтнуудынхаа ажил мэргэжлийн онцлогт тохирсон, тэдгээрийн хуульд заасан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хамтын гэрээг ажилтны төлөөлөлтэйгээ байгуулах болно. Магадгүй ажилтнууд Үйлдвэрчний эвлэлийн тухай хуульд зааснаар эвлэлдэн нэгдэх эрх нь нээлттэй. Үүнийг анхан шатны шүүх болон нэхэмжлэгч “Э” ХХК-ийн зүээс хязгаарлаагүй. Харин “Натурал текстайл групл” ХХК-ний үйлдвэрчний эвлэлээс “Э” ХХК-ийн ажилтнуудад нөлөөлж байгаа нь хууль бус учир энэхүү хууль бус үйл ажиллагааг зогсоохоор шүүхэд “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-д тус тус заасны дагуу манай компани нь “Н” ХХК-ийн ажиллагсдын Үтой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болсон юм.

2. Хамтын маргаан үүсч Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар процесс явагдаж Хөдөлмөрийн тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд заасан эрх ажилтны төлөөлөлд үүссэн байгаа..." гэжээ. Гэтэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2018 оны А/211 тоот захирамжаар Хөдөлмөрийн маргаан зохицуулах зуучлагч, мөн 2018 оны А/242 дугаар захирамжаар хөдөлмөрийн маргааныг хэлэлцэх хөдөлмөрийн арбитрчдыг зөвхөн “Н” ХХК болон “Н” ХХК-ний ажиллагсдын Үны хооронд үүссэн маргааныг зохицуулахаар томилсон байдаг. Иймд тус хамтын маргаан нь нэхэмжпэгч компанид хамааралгүй юм.

“... “Э”ХХК-ний хувьцааг 100 хувь “Н”ХХК эзэмшдэг учраас охин компаниудын удирдлага, санхүү эдийн засгийн бүхий л гол шийдвэрийг гаргах эрх толгой компани, түүний хувьцаа эзэмшигчдэд байгаа...” гэжээ. Гэтэл Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйл “9.1.Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ.

9.2 Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй.

9.3 Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ.” гэсэн байдаг. Хэдийгээр нэхэмжлэгч компанийн 100 хувийн хувьцааг “Н” ХХК эзэмшдэг боловч Иргэний хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар тус тусдаа захирал, өөр өөрийн гэсэн эд хөрөнгөтэй, эрх зүйн чадвар чадамжтай хуулийн этгээдүүд юм.

3. “Э" ХХК-ний Үйлдвэрчний эвлэл түүнд нэгдсэн гишүүдийн эсрэг, тэднийг үгүйсгэсэн хууль зөрчсөн үйл ажиллагааг нэхэмжлэгч компани зохион ажилчид өөрсдөө сайн дураараа эвлэлдэн нэгдэж үйлдвэрчний эвлэл байгуулах эрх цъ нээлттэй байгаа ба энэ эрхийг нэхэмжлэгч компаний захиргааны зүгээс хязгаарласан зүйл байхгүй юм. Нэхэмжлэгч компаний ажилтнуудад "Н” ХХК-ний ажиллагсдын Ү буюу өөр компаний үйлдвэрчний эвлэлээр ашиг сонирхлоо хамгаалуулах хүсэл сонирхол байхгүй болно.

4. ”...нэхэмжлэгчийн нэр, гарын үсэг өөр, нэхэмжлэлийн агуулга, хариуцагч нэг "Эрдэнэт текс” XXК, “Э" ХХК-ний нэхэмжлэлтэй хоёр хэргийг нэгтгэж шийдвэрлэх нь зохимжтой байхад хэргийн оролцогчдод илүү түвэгшил бий болгосон...” гэсэн байна. “Эрдэнэт текс” ХХК, “Э” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлага нь өөр өөр байсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т зааснаар нэгтгэх шаардлагагүй. Мөн "... шүүгчийг өөрийг нь татгалзсан татгалзлыг шийдвэрлэхдээ шүүгчдийн зөвлөгөөнийг өөрөө даргалж татгалзлыг хүлээн аваагүй...” гэсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд ерөнхий шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзсан тохиолдолд түүнийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэхдээ ерөнхий шүүгчийн эзгүйд шийдвэрлэнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй учир түүнийг хууль зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8-д “Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан буюу тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөгөөний олонхийн саналаар шийдвэрлэн тогтоол гаргана." гэсэн байдаг.

Иймээс хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 130 дугаар шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

“Э” ХХК нь “Н” ХХК-ийн Үнд холбогдуулан хариуцагчтай хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч нь хариуцагчтай  хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийх, улмаар хяналтын журмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...хариуцагчийн төлөөлөгч Б.Цэцгээ нь “Эрдэнэт” хивс ХХК-ийн ажилчдыг хууль бус ажил хаялтанд уриалж, ажил хаялтын талаар ажилтнуудтай ажлын байранд, хувцас солих өрөөнд хурал цуглаан хийж байна. Мөн ажиллагсдыг хууран мэхэлж, ажил хаях тухай зөвшөөрлийн бичиг хийлгэж, гарын үсэг цуглуулж байгаа нь өөр компанийн Үны эрх хэмжээнээс хальсан байна.  Өөр компанийн Ү манай компанийн ажилчдын сэтгэл санааг үймүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг алдагдуулах, бүтээмж буурах, үйлдвэрлэлийн осол гаргах нөхцлийг бүрдүүлээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул манай компани “Н” ХХК-ийн ажиллагсдын Үтой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоож өгнө үү...” гэж тайлбарласан байна.

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: “...”Э” ХХК-ийн Ү нь 2015 оны 08 дугаар сарын 26-нд Тэргүүлэгчдийн хурлаа хийж, нэршлээ өөрчлөн “Н” ХХК-ийн ажиллагсдын Ү болж улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээгээ шинээр авсан. Ингэснээр Үны үйл ажиллагаа, гишүүнчлэлд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Үүний дараа 2016 оны 04 дүгээр сарын 25-нд таван компанийн удирдлага ажил олгогчийг төлөөлж, манай Ү ажилтныг төлөөлж хамтын гэрээг байгуулсан. Гэрээний хугацаа дуусч, дараагийн хамтын гэрээ байгуулах санал яригдах үеэс компаниудын удирдлагаас саналын зөрүү гарч, улмаар манай Үг үгүйсгэж байгаа юм. Хариуцагч нь хууль бус үйл ажиллагаа явуулаагүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй...” гэж маргажээ.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.-т зааснаар “хамтын гэрээ” гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хэлнэ.

Үйлдвэрчний эвлэлүүдийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд зааснаар иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй, гагцхүү өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаварлалгүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй.

Үйлдвэрчний эвлэлд гишүүнээр элсэх буюу гишүүнээс гарахыг тулган шаардаж болохгүй. Үйлдвэрчний эвлэлүүд нь мэргэжил, үйлдвэрлэлийн шинжээр байгуулагдаж үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд бие даан чөлөөтэй явуулна. Үйлдвэрчний эвлэлүүд сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, холбоо байгуулах эрхтэй.

“Э” ХХК нь ажил олгогчийн төлөөлөл өөрийн компанийн ажилчдын нэгдсэн Үны төлөөлөлтэй хамтарч хамтын гэрээ байгуулах, хэлэлцээ хийх эсэх талаар тохиролцох бус ажилчдын эвлэлдэн нэгдэх эрхэд үндэслэн  нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж үзнэ.

Шүүх хэргийг шийдвэрлэх үед талууд хамтын гэрээ байгуулсан гэж үзэх эсэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн зохицуулалтыг хэрэглэх эсэх талаар зохигч мэтгэлцээгүй тул хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад хамааралтай хуулийн этгээдүүдийн харилцан хамаарал, эрх зүйн байдал болон нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулсны эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2. дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

Иймд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, өөрчлөлт оруулах боломжгүй гэж үзэж, шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/00130 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР      

                           ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД