Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2019/00992

 

“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/00075 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 514 дүгээр магадлалтай

“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Г” ХХК, “М” ХХК-иудад холбогдох,

“Г” ХХК-иас 2 ширхэг цахилгаан үүсгүүр гаргуулах, “Г” ХХК, “Монголиа проперти деволопмент” ХХК-иудаас ус зайлуулах насос 10 ширхэг, Хамгаалалтын төмөр труба 696 метр, хомучик, Б цахилгааны хайрцаг 13 ширхэгийг биетээр, хүлээлгэн өгсөн бусад эд хөрөнгийн үнэ 18 193 560 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа, өмгөөлөгч М.Мөнхжаргал нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа, хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгалан, хариуцагч “Монголиа проперти деволопмент” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ш” ХХК нь “М” ХХК-ийн захиалгаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-12 хаягт байрлах Олон Улсын Санхүүгийн төвийн барилгын ажлыг 2012 оноос гүйцэтгэж эхэлсэн. Энэ хугацаанд гүйцэтгэгч “Ш” ХХК нь нэгдүгээр шатны ажил буюу газрын гүнд бэхэлгээ хийх зориулалттай бетон шон суурийн ажил болон 2 дугаар шатны ажил болох хавтан суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүний дараа “Ш” ХХК дараагийн шатны ажлыг хийж эхэлсэн бөгөөд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 2015 оны өвөл барилгын ажлаа зогсоосон. Ажил зогсох үед гүйцэтгэсэн ажлыг хөлдөлтөөс хамгаалах болон бусад шаардлагатай бэлтгэл ажлыг бүрэн хийж захиалагч талд мэдэгдэж, барилгын талбайг түр хугацаанд хүлээлгэж өгсөн. Улмаар 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр захиалагч “М” ХХК-иас манай компани болон “Г” ХХК-ийн төлөөлөгч нарыг байлцуулан Олон Улсын Санхүүгийн төвийн барилгын талбайд байсан манай компанийн өмчлөлийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжүүдийг “Г” ХХК болон “М” ХХК-д түр хугацаагаар хүлээлгэн өгч, эд хөрөнгийг гэмтээж, үрэгдүүлсэн тохиолдолд учирсан хохирлыг зах зээлийн үнээр тооцон төлөхөөр тохиролцож, барилгын талбайд байгаа тоног төхөөрөмж болон эд зүйл хүлээлцсэн актыг “Г” ХХК-тай, барилгын талбай хүлээлцэх бичгийг “М” ХХК-тай үйлдсэн. Эдгээр актаар усны насос 21 ширхэг, насосны дагалдах хэрэгсэл материал, хамгаалалтын төмөр труба 696 метр, хомучик 310 ширхэг, аюулгүйн тор 258 м.кв, генератор 2 ширхэг, А цахилгааны хайрцаг 1 ком, цахилгааны тоолуурын хамт, Б цахилгааны хайрцаг тоолуурын хамт 14 ком, DN300*7 ган хоолой 230 метр нийт 384 516 юань буюу 142 776 962.92 төгрөгийн тоног төхөөрөмж, эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн. Дээрх тоног төхөөрөмж, эд хөрөнгийг манай компани БНХАУ-аас худалдан авсан бөгөөд эдгээрийн нийт үнэлгээг нэхэмжлэл гаргасан өдөр зарласан Монгол банкны ханшаар тооцож гаргасан. Манай компани захиалагчтай тохиролцсоноор 2016 оны 4 дүгээр сараас барилгын ажлаа үргэлжлүүлэн хийж эхлэх байсан боловч “М” ХХК нь өнөөдрийг хүртэл биднийг ажиллуулахгүй байгаа бөгөөд хариуцагч “М” ХХК болон “Г” ХХК-иуд манай өмчлөлийн дээрх эд хөрөнгийг буцааж өгөхгүй, барилгын талбайд байлгаж, барилгын ажилдаа ашиглаж, өөрсдөө ашиг шимийг нь хүртэж, бидэнд хохирол учруулсаар байна.

Иймд “Ш” ХХК-ийн өмчлөлийн 2 ширхэг цахилгаан үүсгүүр буюу генераторыг хариуцагч “Г” ХХК-ийн хууль бус эзэмшлээс, Олон улсын санхүүгийн төвийн барилгын талбайд байгаа ус зайлуулах насос 10 ширхэг, хамгаалалтын төмөр труба 696 метр, хомучик, Б цахилгааны хайрцаг 13 ширхэг эд хөрөнгийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс, эвдэрч гэмтсэн, дутсан эд хөрөнгүүд болох 11 ком ус зайлуулах насосны үнэ 6 516 928 төгрөг /1 ширхэг 592 448 төгрөг/, 21 ширхэг насосны дагалдах хэрэгсэл, материалын үнэ 398 378.44 төгрөг, аюулгүйн торны үнэ 978 852 төгрөг /1 ширхэг 3 702.8 төгрөг/, Б цахилгааны хайрцаг 1 ширхэг цахилгааны тоолуурын хамт үнэ 79 674 төгрөг /1 ширхэгийн үнэ/, DN300*7 ган хоолой 230 метрийн үнэ 10 219 728 төгрөг /1 метр 44 433.6 төгрөг/ нийт 18 193 560 төгрөгийг хариуцагч “М” ХХК болон “Г” ХХК-иудаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Г” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Энэ маргаан “Ш” ХХК болон “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан Газар шорооны ажлын гэрээ-ний үндсэн дээр үүссэн бөгөөд тус гэрээний сонгон шалгаруулалтын баримт бичгийн L хэсэгт зааснаар БНХАУ-ын Хонг Конг дахь олон улсын арбитрын харьяаллын маргаан байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзэж байна. Эдгээр тоног төхөөрөмж нь талбайд маш их зай, газар эзэлж байгаа бөгөөд барилгын ажилд саад болж байна. Мөн тухайн тоног төхөөрөмжүүдийг хадгалах, хамгаалахын тулд ихээхэн зардал гаргаж хамгаалалтын ажлын хүмүүс нэмж ажиллуулсан. Тиймээс манай компани эдгээр тоног төхөөрөмжүүдийн өмчлөгчөөс хамгаалалтын албаны зардал болон талбай ашигласны зардлыг шаардах болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэхүү нэхэмжлэл манай компанитай холбоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “М” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хамтран хариуцагчийн хэрэгжүүлж буй Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороолол, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-12 хаягт барихаар төлөвлөгдсөн Олон Улсын Санхүүгийн Төв барилгын төслийн газар шорооны болон хамгаалах шон суурь, хавтан, хөрсний ус зайлуулах ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч тал оролцон шалгарсан. Нэхэмжлэгч болон хамтран хариуцагч нар гүйцэтгэх ажил, хугацаа, ажлын хөлс зэрэг үндсэн нөхцөлийг харилцан тохиролцож тодорхойлон 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Барилгын төслийн газар шорооны болон хамгаалах шон суурь, хавтан, хөрсний ус зайлуулах ажлын гэрээг байгуулсан. Хариуцагч, нэхэмжлэгч нарын хоорондох актанд дурдсан аливаа эд хөрөнгө нь газар шорооны ажлын гэрээний дагуу үнэ нь төлөгдөж хамтран хариуцагчийн өмчлөлд шилжсэн гэрээний зүйл, хамтран хариуцагчийн шударга эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд хамтран хариуцагч даалгасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн.

Төслийн талбай дээрх тэдгээр эд хөрөнгө нь хамтран хариуцагчийн өмчлөлийн хөрөнгө юм. Газар шорооны ажлын гэрээний нарийвчилсан зохицуулалт бүхий салшгүй хэсэг болох хавсралтын L хэсэгт нэхэмжлэгч болон хамтран хариуцагч нарын хооронд аливаа маргаан гарсан тохиолдолд талууд маргаанаа Монгол Улсын хуулийг баримтлан БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс болох Хонг Конг дахь арбитраар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцож арбитрын хэлцэл хийсэн байна. Арбитрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9 дэх хэсэгт заасны дагуу талууд арбитрын хүчин төгөлдөр хэлцэлтэй. Талууд аливаа маргаанаа арбитраар харьяалуулан шийдвэрлүүлэхээр хэлэлцэн тохиролцож арбитрын хэлцэл хийсэн тул нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.3 дахь хэсэгт заасан хэргийн харьяалал зөрчин нэхэмжлэл гаргасан.

Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу хамтран хариуцагч тал энэхүү нэхэмжлэлд холбогдох маргааныг арбитраар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяаллыг зөрчиж нэхэмжлэл гаргасан тул хэргийг хэрэгсэхгүй болгох эсхүл нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/00075 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар 2 ширхэг цахилгаан үүсгүүр /генератор/-ийг хариуцагч “Г” ХХК-иас, ус зайлуулах насос 10 ширхэг, хамгаалалтын төмөр труба 696 метр, хомучик, Б цахилгааны хайрцаг 13 ширхэг зэргийг хариуцагч “М” ХХК болон “Г” ХХК-уудаас тус тус гаргуулан нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 11 ширхэг ус зайлуулах насосны үнэ 6 516 928 төгрөг, 21 ширхэг насосны дагалдах хэрэгсэл материалын үнэ 398 378.44 төгрөг, аюулгүйн торны үнэ 978 852 төгрөг, Б цахилгааны хайрцаг 1 ширхэг, цахилгааны тоолуурын хамт үнэ 79 674 төгрөг, DN300*7 ган хоолой 230 метрийн үнэ 10 219 728 төгрөг, нийт 18 193 560 төгрөгийг хариуцагч “М” ХХК болон “Г” ХХК-иудаас гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 871 835 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, “М” ХХК болон “Г” ХХК-иудаас улсын тэмдэгтийн хураамжид 772 108 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 514 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 181/ШШ2019/00075 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч “Г” ХХК-иас 2 ширхэг цахилгаан үүсгүүр /генератор/-ийг гаргуулах, хариуцагч “Г” ХХК, “М” ХХК-ийн хууль бус эзэмшлээс ус зайлуулах насос /10 ширхэг/, хамгаалалтын төмөр труба /696 метр/, хомучик, Б цахилгааны хайрцаг /13 ширхэг/ зэрэг эд хөрөнгө гаргуулах, бусад эд хөрөнгийн үнэ болох нийт 18 193 560 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч “М” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 772 108 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа, өмгөөлөгч М.Мөнхжаргал нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх магадлалдаа "Талуудын хооронд байгуулагдсан шон суурийн ажил гүйцэтгэх гэрээ, уг гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлээгүй тохиолдолд ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилгын талбай дахь буюу уг талбайд суурилагдсан тоног төхөөрөмжүүдийг хэний өмчлөлийн зүйл болохыг эцэслэн шийдвэрлээгүй гэж үзнэ" хэмээн үндэслэж, хариуцагч нарын хууль бус эзэмшил нотлогдоогүй хэмээн үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дээрх тоног төхөөрөмжийн өмчлөгч нь хэн болох, тухайн зүйлийг эзэмшилдээ байлгах эрхтэй эсэх нөхцөл байдал тогтоогдсоны дараа шаардлагатай гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” хэмээн заасан нь үндэслэлгүй юм. Учир нь талуудын хооронд байгуулагдсан шон суурийн ажлын гэрээ, түүний үүрэгтэй холбоотой маргаан болох “Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 88 500 ам.доллар буюу 209 285 685 төгрөгийг “М” ХХК-иас гаргуулах” шаардлага бүхий маргаан нь шүүх эсхүл арбитрын журмаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа боловч тус маргаан нь хариуцагчийн хууль бус эзэмшлээс тоног төхөөрөмж, эд хөрөнгө гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгтэй огт хамааралгүй, маргааны зүйл болж буй тоног төхөөрөмж, эд хөрөнгүүд нь шон суурийн ажлын гэрээний төлбөрт багтаагүй буюу гэрээнд энэ талаар зохицуулсан заалт, тусгасан зүйл нэг ч байхгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны өмч тул дээрх маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн ч тухайн эд хөрөнгө, тоног төхөөрөмжүүдийн өмчлөлтэй холбоотой, уг эд хөрөнгүүд хэний өмчлөлийн зүйл болохыг тогтоосон шийдвэр огт гарахгүй юм. Учир нь, эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа гэх маргааны тухайд, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч “М” ХХК-иас нэхэмжилсэн 88 500 ам.доллар нь “Ш” ХХК нь “Шон суурийн ажлын гэрээ”-нд заасан ажлыг захиалагчид хүлээлгэн өгсөнөөс хойш 12 сарын дотор ямар нэгэн доголдол гарсан тохиолдолд гүйцэтгэгч нь ажлын гүйцэтгэлээ хариуцах баталгаа /барьцаа/ болгон үлдээсэн, ажлын нийт хөлсний үнийн дүнгийн 2,5%-тэй тэнцэх хэмжээний мөнгө болох 88 500 ам.доллар бөгөөд ажлыг ийнхүү хүлээлгэж өгсөнөөс хойш 12 сарын хугацаанд буюу 2016 оны 10 сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд ажлын гүйцэтгэлд ямар нэг доголдол, дутагдал гараагүй тул баталгаа болгон үлдээсэн, ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрөө гаргуулахаар нэхэмжилсэн байдаг. Дээрх байдлаар, уг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн ч хэрэг маргааныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх зарчмын хүрээнд шүүх эсхүл арбитраас дээрх тоног төхөөрөмжийн өмчлөгч хэн болох, тухайн зүйлийг эзэмшилдээ байлгах эрхтэй эсэх нөхцөл байдлыг тогтоохгүй, энэ талаар дүгнэлт өгөхгүй боломжгүй нь илэрхий байхад давж заалдах шатны шүүхээс "...талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцааг дуусгавар болгох талаарх маргааныг шийдвэрлүүлж, дээрх тоног төхөөрөмжийн өмчлөгч хэн болохыг тогтоосны дараагаар дахин нэхэмжлэл гаргах...”-аар зааж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгчийг өмчлөгч гэж үзэх, нөгөө талаар хариуцагч байгууллагуудын эзэмшлийг хууль бус гэж үзэхгүй юм" гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүх хэрэгт авагдсан байгаа хууль бус эзэмшлээс шаардаж байгаа эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч өмчлөх эрхтэйг нотлох баримтууд болох 2016.01.16-ны өдрийн “IFC-ын талбай дээрх тоног төхөөрөмж болон эд зүйл хүлээлцсэн жагсаалт”, түүний баталгаат орчуулга, 2016.01.16-ны өдрийн “Барилгын талбай хүлээлцэх бичиг”, түүний баталгаат орчуулга, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /2ш генөратор/-ийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь огт үнэлээгүй байна. Эдгээр нотлох баримтаар “Ш” ХХК эд хөрөнгүүдийг өмчлөх эрхтэй болох нь тогтоогддог төдийгүй хариуцагч компаниуд эд хөрөнгүүдийг барилгын ажилтай холбоотойгоор хүлээн авч, буцаан өгөх, хэрэв үрэгдүүлж устгавал үнийг нэхэмжлэгчид нөхөн төлөх нөхцөлтэйгөөр хүлээн авсан болох нь тогтоогддог.

Энэхүү маргааныг өмнө нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэж байгаад хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан байдаг ба тус шүүхийн 2016 оны 12-р сарын 28-ны өдрийн 00038 дугаар тогтоолд “Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн эд хөрөнгийг гаргуулах тухай шаардлага гаргасан байх тул нэхэмжлэлийг газар шорооны ажлыг гэрээтэй холбоотой гэж үзэх үндэслэл байхгүй тул уг нэхэмжлэлийг шүүх харьяалан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.” хэмээн дүгнэсэн байдаг. Мөн энэхүү хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03-р сарын 31-ний өдрийн 831 дугаар магадлалд “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгө гаргуулахаар тодорхойлсон боловч бусдын хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардаж буй эд хөрөнгөө тодорхой заагаагүй байна. Өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардаж буй нөхцөлд тухайн эд хөрөнгийг нэг бүрийн шинжээр тодорхойлох боломжтой байдлаар тодорхойлох шаардлагатай” хэмээн уг нөхцөл байдлыг тодруулахаар хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан байдаг. Өөрөөр хэлбэл, дээрх хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаас үзэхэд өмнө нь тус хэргийг анхан болон давж заалдах журмаар хянан шийдвэрлэж байсан шүүхүүдийн зүгээс уг нэхэмжлэлийн шаардлагыг талуудын хооронд байгуулагдсан гэрээнд хамааруулалгүй, эд юмсын эрх зүйн хүрээнд авч шийдвэрлэж байсан байдаг. Учир нь, нэхэмжлэгч нь хариуцагч нараас “Шон суурийн ажлын гэрээ”-ний үүргийн биелэлтийг, эсхүл тус гэрээнээс үүдэлтэй хохирлыг гаргуулахаар шаардаагүй бөгөөд харин уг гэрээнээс огт хамааралгүй байдлаар өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тухайн эд хөрөнгө, тоног төхөөрөмжүүд хэний өмчлөлийн зүйл болохыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байсан атал ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн явдалд нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03-р сарын 20-ны өдрийн 514 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөр гомдолд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Хэргийн үйл баримтын талаар:

Хамтран хариуцагчийн хэрэгжүүлж буй Монгол Улс, Улаанбаатар хот 14251, Сүхбаатар дүүрэг, 5-р хороолол, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-12 хаягт (Барилгын талбай гэх) барихаар төлөвлөгдсөн Олон Улсын Санхүүгийн Төв барилгын төсөл (Барилгын төсөл гэх)-ийн Газар шорооны болон Хамгаалах шон суурь, Хавтан, Хөрсний ус зайлуулах ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтанд нэхэмжлэгч тал оролцон шалгарсан. Улмаар нэхэмжлэгч болон хамтран хариуцагч нар гүйцэтгэх ажил, хугацаа, ажлын хөлс зэрэг үндсэн нөхцөлийг харилцан тохиролцож тодорхойлон 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Шон суурийн ажлын гэрээ (Шон суурийн ажлын гэрээ гэх), 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Барилгын төслийн Газар шорооны болон Хамгаалах шон суурь, Хавтан, Хөрсний ус зайлуулах ажлын гэрээ (Газар шорооны ажлын гэрээ гэх)-г байгуулсан.

Талууд Шон суурийн ажлын гэрээний салшгүй хэсэг болох хавсралт буюу Тендерийн асуулга №17R (Тендерийн асуулга-1 гэх) болон Газар шорооны ажлын гэрээний салшгүй хэсэг болох хавсралт буюу Тендерийн асуулга №30 (Тендерийн асуулга-2 гэх)-ыг тус тус байгуулж гэрээний дагуу гүйцэтгэх ажлын хэмжээ, үр дүн хүлээлцэх журам, ажлын хөлс, хөлс төлөх арга, журам, хугацаа зэргийг нарийвчлан тохиролцсон бөгөөд Нэхэмжлэгч тал үүнийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зуран, тамга дарж гүйцэтгэсэн болно. Талууд Тендерийн асуулгуудыг Шон суурийн ажлын гэрээ болон Газар шорооны хавсралт бичиг баримтын жагсаалтад оруулж, гэрээний бүрдэл хэсэг мөн болохыг гэрээ тус бүрийн 3.0 дахь заалтад тусгайлан дурдсан. Тендерийн асуулга-1-ын j хэсэг, Тендерийн асуулга-2-ын L хэсэгт Нэхэмжлэгч болон Хамтран хариуцагч нарын хооронд аливаа маргаан гарсан тохиолдолд талууд маргаанаа Монгол Улсын хуулийг баримтлан БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс болох Хонг Конг дахь арбитраар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцож арбитрын хэлэлцээр (Арбитрын хэлэлцээр гэх) хийсэн.

Нэгэнт талууд, аливаа маргаанаа арбитраар харьяалуулан шийдвэрлүүлэхээр хэлэлцэн тохиролцож арбитрын хэлэлцээр хийсэн тул нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.3 дахь заалтууд буюу хэргийн харьяаллыг зөрчин нэхэмжлэл гаргасан гэж үзэж, Монгол Улсын Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Арбитрын хэлэлцээртэй боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд аль нэг тал тайлбар гаргахаасаа өмнө уг маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бол шүүх аль нэг талын хүсэлтээр арбитрын хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус, эсхүл биелүүлэх боломжгүй гэж үзсэнээс бусад тохиолдолд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгоно гэж заасны дагуу хамтран хариуцагч тал анхан шатны шүүхэд тайлбар, хүсэлт гаргасан.

Хэдийгээр анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн №181/Ш32018/12175 дугаар захирамжаар ИХШХШТХ-ийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч тухайн шатны шүүхийн бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хянан хэлэлцээд, Шүүгчийн захирамжийг ямар нэгэн тодорхой хуулийн үндэслэлгүйгээр зөвхөн “...Нэхэмжлэгч бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг шаардаж байна гэж тодорхойлсон байхад ... хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна” гэх үндэслэлээр хүчингүй болгосон.

Улмаар нэхэмжлэлийг анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг 2019 оны 01 дүгээр сарын 02-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 181/ШШ2019/00075 дугаар шийдвэрээр Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, 2 ширхэг цахилгаан үүсгүүр /генератор/-ийг хариуцагчаас, ус зайлуулах насос 10 ширхэг, хамгаалалтын төмөр труба 696 метр, хомучик, Б цахилгаан хайрцаг 13 ширхэг зэргийг хамтран хариуцагч болон хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 11 ширхэг ус зайлуулах насосны үнэ, 21 ширхэг насосны дагалдах хэрэгсэл материалын үнэ, аюулгүйн торны үнэ, Б цахилгаан хайрцаг 1 ширхэг, цахилгаан тоолуурын үнэ, ган хоолойн үнэ зэрэг нийт 18 193 560 төгрөгийг хариуцагч болон хамтран хариуцагчаас гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.

Хамтран хариуцагч нь Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй хэмээн эс зөвшөөрч Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, талуудын хооронд Шон суурийн ажлын гэрээ, Тендерийн асуулга, талбай хүлээлцсэн баримт, хүлээлгэн өгсөн акт зэрэг гэрээ хэлцэл болон холбогдох баримт үйлдэгдэж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, нэхэмжлэлд заасан тоног төхөөрөмжүүд нь дээрх гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой талуудын эрх ашигт хамааралтай эд хөрөнгө байх боломжтой, гэрээтэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй, улмаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй зэрэг үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон магадлан шийдвэрлэсэн. Энэхүү давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулан үзсэний үндсэн дээр гарсан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр юм.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд заасан үндэслэлүүдэд гаргах тайлбар.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан зүйлс нь Давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнийг тодорхойлох үндэслэл болж чадахгүй байна. Талууд хоорондоо гарсан аливаа маргаанаа арбитраар шийдвэрлүүлэх хүсэл зоригоо бүрэн илэрхийлж үндсэн гэрээний хавсралт болгон оруулж, гарын үсгээ зурж тамга тэмдгээ дарсан бөгөөд энэ нь хүчин төгөлдөр арбитрын хэлцэл болох урьд өмнө нь шат шатны шүүхээр тогтоогдсон. Энэхүү арбитрын хэлцлийн дагуу Нэхэмжлэгч тал арбитрт хандан нэхэмжлэл гаргасан талаар тайлбарыг Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан. Энэхүү арбитрын ажиллагааны явцад ажил гүйцэтгэхэд хэрэглэсэн тоног төхөөрөмж, эд зүйлсийн эзэмшил шилжсэн эсэх талаар шаардлагаа гарган, шийдвэрлүүлэх бүрэн боломжтой юм. Дээр дурдсанаар Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулан үзсэний үндсэн дээр гарсан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр юм.

Нэхэмжлэгч нь хэдийгээр хэд хэдэн хариуцагчид буюу хариуцагч, хамтран хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч чухам ямар шаардлагыг хэнд холбогдуулж гаргаж байгааг тодруулаагүй бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Монгол Улсын Дээд Шүүхийн 01 дугаар зөвлөмжид нэхэмжлэгч хэд хэдэн шаардлагыг хоёр буюу түүнээс дээш этгээдэд холбогдуулан гаргахдаа хариуцагч нарт хамтран хариуцуулж байгаа эсэх, эсхүл хариуцагч тус бүрт өөр өөр шаардлага гаргаж байгаа эсэхийг тодруулаагүй, түүнчлэн хуулийн этгээд, эсхүл иргэнд холбогдуулж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 66 дугаар зүйлийн 66.1, 67 дугаар зүйлийн 67.1.2-т заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэл юм хэмээн маш тодорхой тайлбарласан байна. Хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Анхан шатны шүүх хуралдааны үед Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахыг хүсч аль хариуцагчид ямар шаардлагыг холбог дуулж гаргаж байгаа, ямар төрлийн болон нэг бүрийн шинж чанараар тодорхойлогдох эд хөрөнгийг гаргуулахыг шаардаж байгаа талаар асуухад Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй. Нэхэмжлэл тодорхой бус, Нэхэмжлэлийн шаардлагыг хоёр хариуцагчийн хэнд нь ямар шаардлагыг холбогдуулсныг тодорхойлоогүй нь Нэхэмжлэлийг ИХШХТХ-ийн 66 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж үзэх үндэслэл болох бөгөөд Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байхад, хэнд ямар шаардлага холбогдуулсныг тодруулалгүй шийдвэр гаргасан нь Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно. Анхан шатны шүүхийн энэхүү байдлыг Давж заалдах шатны шүүх залруулсан болно.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзсэний үндсэн дээр, Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэл үгүй байх тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 514 дүгээр магадлалыг хэвээр үлдээн хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

“Ш” ХХК нь “Г” ХХК-иас 2 ширхэг цахилгаан үүсгүүр гаргуулах, “Г” ХХК, “Монголиа проперти деволопмент” ХХК-иудаас ус зайлуулах насос 10 ширхэг, Хамгаалалтын төмөр труба 696 метр, хомучик, Б цахилгааны хайрцаг 13 ширхэгийг биетээр, хүлээлгэн өгсөн бусад эд хөрөнгийн үнэ 18 193 560 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч “Г” ХХК-иас 2 ширхэг цахилгаан үүсгүүр гаргуулж, хариуцагч “Г” ХХК, “Монголиа проперти деволопмент” ХХК-иудаас ус зайлуулах насос 10 ширхэг, Хамгаалалтын төмөр труба 696 метр, хомучик, Б цахилгааны хайрцаг 13 ширхэгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна

“Ш” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...”Монголиа проперти деволопмент” ХХК-ийн захиалгаар баригдах Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-12 хаягт байрлах Олон Улсын Санхүүгийн төв барилгын төслийн Газар шорооны болон Хамгаалах шон суурь, Хавтан, хөрсний ус зайлуулах ажлыг хийж 2012 оноос эхлэн гүйцэтгэж, 2015 оны 10 дугаар сард дуусгасан.

Улмаар дараагийн шатны ажлыг хийж эхэлсэн бөгөөд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 2015 оны өвөл барилгын ажлыг зогсоож, барилгын талбайг түр хугацаанд хүлээлгэн өгсөн. 2016 оны 01 дүгээр сарын 16-нд захиалагч талыг байлцуулан барилгын талбайд байсан хөрөнгийг “Г” ХХК-д хүлээлгэн өгсөн бөгөөд 2016 оны 04 дүгээр сараас барилгын ажлаа үргэлжлүүлэн хийх гэтэл ажиллуулаагүй. Иймд хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмж, үнийг хууль бус эзэмшлээс гаргуулна...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч “Г” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, энэхүү нэхэмжлэл манайд хамааралгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж, хариуцагч “Монголиа проперти деволопмент” ХХК нь “...нэхэмжилж байгаа хөрөнгө нь Газар шорооны гэрээний дагуу үнэ нь төлөгдөж, манай компанийн өмчлөлд шилжсэн хөрөнгө бөгөөд газар шорооны ажлын гэрээний нарийвчилсан зохицуулалтад заасны дагуу гэрээтэй холбоотой маргаан гарвал арбитраар харьяалуулан шийдвэрлүүлэх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Анхан шатны шүүх талуудын хоорондох маргааныг гэрээний үүрэгт хамааралгүй, эд хөрөнгийн өмчлөлийн талаарх маргаан гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх талуудын хоорондох гэрээний маргаан шийдвэрлэгдээгүй байгаа тул хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байхад шүүх энэ талаар  тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

“Ш” ХХК нь “Монголиа проперти деволопмент” ХХК-тай Олон Улсын санхүүгийн төв барилгын төслийн 1, 2 дугаар шатны Газар шорооны болон Хамгаалах шон суурийн ажлын, Хавтан, хөрсний ус зайлуулах ажлын гэрээ тус тус байгуулж, гэрээний дагуу ажлыг гүйцэтгэсэн байна.

Цаг хүйтэрч, ажил үргэлжлэх боломжгүй болсон үндэслэлээр нэхэмжлэгч нь эд хөрөнгөө барилгын талбайд үлдээж, хариуцагчид түр хүлээлгэн өгсөн боловч хавар болоход нэхэмжлэгчээр барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлээгүй тул эд хөрөнгөө хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд зориулж, гэрээний төсөвт тусгагдаж нийлүүлсэн хөрөнгө тул захиалагчийн хөрөнгө гэж тус тус маргасан байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг нэхэмжлэгч нь өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн эсхүл захиалагчийн хөрөнгөөр гүйцэтгэсний алин болох, эсхүл тус ажлыг гүйцэтгэх гэрээний үнийн дүнд ажил гүйцэтгэхэд шаардлагатай тоног, төхөөрөмж, дагалдах эд хөрөнгийн үнэ багтсан эсэх, багтсан бол гэрээ дуусгавар болсноор тухайн хөрөнгө хэний эзэмшил, ашиглалтад үлдэх талаар тохиролцсон эсэх нь тодорхойгүй, энэ талаар зохигч мэтгэлцээгүй, хэрэгт баримт авагдаагүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Түүнчлэн хариуцагч “Г” ХХК нэхэмжилж буй хөрөнгө тус компанид хамааралгүй гэж эзэмшлийн талаар маргаагүй байхад уг эд хөрөнгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Арбитрын журмаар шийдвэрлэгдэх “Ш” ХХК, “Монголиа проперти деволопмент” ХХК-иудын хоорондын маргаанд энэ маргааны зүйл болсон тухайн ажлыг гүйцэтгэсэн эд хөрөнгөтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүх дээрх арбитрын журмаар шийдвэрлэх маргаан шийдвэрлэгдсэний эцэст маргаж буй хөрөнгийн эзэмшил хууль бус эсэх нь тогтоогдоно гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулсны эцэст хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх, дүгнэх, улмаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/00075 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 514 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 772 108 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР      

                           ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД