Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2019/00869

 

С.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/03693 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 294 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч С.О-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ТК” ХХК-д холбогдох,

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Жаргалын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Базарсад, Д.Ууганбаяр, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие С.О нь анх 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №120/Б тоот тушаалаар “ТК” ХХК-д орлогын нягтлан бодогч ажилд орж улмаар тус компанид 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №008/Б тоот тушаалаар ахлах нягтлан бодогчоор 2018 оны 02 дугаар сар хүртэл ажиллаж байсан. Би “ТК” ХХК-д нийт 6 жил тасралтгүй ажиллаж байсан ба энэ хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй болно.

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/18 тоот тушаал гарч хүний нөөцийн ажилтан дуудаж таныг ажлаас халах тушаал гарсан гэж танилцуулсан. Намайг ор үндэслэлгүйгээр ажлаас халсан. Ажлаас халсан тушаалд Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчин анхан шатны дутуу бүрдүүлдэг мөнгөн хөрөнгөнд хий баримтгүй орлого зарлагын гүйлгээ хийж, бараа материал болон мөнгөн гүйлгээ гаргах бүрт бүртгэл хийгдэггүй, 2014-2017 онд данс бүртгэл дутуу хөтөлсөн, нэмэгдсэн өртөгийн албан татварын тайлангаа Татварын тухай хуулинд заасан цаг хугацаанд гаргаж тайлагнаагүй, дутуу гаргасан гэх үндэслэлүүдийг дурдаж ажлаас халсан нь үндэслэлгүй. ... Би тус байгууллагад 2014 онд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаагүй, орлогын нягтлан бодогчоор ажиллаж байсан.

Хариуцагч намайг дээрх зөрчлүүдийг гаргасан гэж үзэж байгаа бол 2014-2017 оны зөрчлүүд дээр тухайн үед нь сахилгын шийтгэл оногдуулалгүйгээр 2018 оны 02 дугаар сард сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас халж байгаад гомдолтой байна.

Иймд “ТК” ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №Б/18 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Нэхэмжлэгч С.О нь тухайн үеийн захирал Д.Баярсайханы 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 120/Б тоот тушаалаар нягтлан бодогчоор ажилд авч, 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 008/Б тоот захирлын тушаалаар ахлах нягтлан бодогчоор ажилласан. Нэхэмжлэгч С.О нь “Комфорт таун” ХХКд нягтлан бодогчоор 2015 оноос хойш давхар ажиллаж, Д.Баярсайханы хууль бус үйлдлийг нуун дарагдуулах, хамтрах, туслах мөн “ТК” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтыг дутуу бүрдүүлэх, баримтгүй орлого, зарлагын баримтын гүйлгээ хийж, бараа материал болон мөнгөн гүйлгээ гаргах бүрт бүртгэл хийгээгүй, компанийн данс бүртгэл дутуу хөтөлсөн, тайланг цаг хугацаанд нь гаргадаггүй, тайланг дутуу гаргах зэргээр ажил олгогчийн итгэлийг алдсан.

... “Юнайтед индепендент аудит” ХХК-иар компанийн санхүүгийн тайланд аудитын шалгалт хийлгүүлсэн бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн АТ/04-13 тоот аудиторын дүгнэлтээр “ТК” ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх санхүүгийн тайланд аудитын шалгалт хийж “ТК” ХХК-д нэхэмжлэгч С.О нь гүйцэтгэх захирал Д.Баярсайхантай нийлж нийт 412 565 114 төгрөгийн хохирол учруулсан болох нь хөндлөнгийн аудиторын дүгнэлтээр тогтоогдсон. ...Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл гаргасны дагуу нэхэмжлэгч С.О, Д.Баярсайхан нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Хөдөлмөрийн гэрээний 9.6 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч С.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/18 тушаал хууль зүйн үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/03693 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1-т зааснаар ТК ХХКомпанийн захирлын 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ТК ХХКомпанид даалгах тухай Сүхбатын Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар С.О улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 294 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар еарын 06-ны өдрийн 102/ШШ2018/03693 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

... “ТК” ХХК-д санхүү бүртгэлийн алба байдаггүй. Хэрэгт 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Эко констракшин” ХХК-ний санхүү бүртгэлийн албаны албан тушаалтнууд оролцсон хурлын тэмдэглэл байдаг. Тухайн хуралд оролцсон албан тушаалтнууд нь хариуцагч байгууллагын ажилчид биш бөгөөд С.Оийн ажил үүргийг дүгнэх албан тушаалтнууд биш юм. Аудитын дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Тус аудитын дүгнэлтээр нэхэмжлэгчийг цаашид ажиллахдаа анхааруулж зөвлөмж гаргасан гэж ойлгогдохоор байна. “CSI аудит” ХХК-ийн дүгнэлтээр нэхэмжлэгч С.О нь алдаа дутагдал гаргасан бол сахилгын шийтгэл оногдуулах арга хэмжээ авах эрх нь ажил олгогчид 2017 онд байсан боловч энэхүү үүргээ биелүүлээгүй нь ажил олгогчийн буруу.

...Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт зааснаар ажлаас халах үндэслэл тогтоогдохгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Харин шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн тодорхой заалт, хэсгийг оновчтой хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлалд энэ агуулгаар өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч С.О нь хариуцагч “ТК” ХХК-д холбогдуулан компанийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч “ТК” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч, С.О ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл хийсэн нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон, ажлаас халагдсан тушаал авснаас хойш хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлээ гаргаагүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.-д зааснаар хуулийн этгээдэд эд хөрөнгө захиран зарцуулах эрх мэдэл хэрэгжүүлэх ажил, албан тушаалд ажилладаг ажилтан адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өмчийн бусад төрөл, хэлбэрийн өмчлөгчтэй эрхэлж байгаа ажил, албан тушаалтайгаа ижил, эсхүл удирдах, хяналт тавих шинжтэй ажил, албан тушаалд ажиллахаар зэрэгцсэн гэрээ буюу контракт байгуулахыг хориглосон байдаг.

Гэтэл нэхэмжлэгч С.О нь ажил олгогч “ТК” ХХК-ийн эрхэлдэг үйл ажиллагаатай ижил үйлчилгээ явуулдаг “Комфорт таун” ХХК-д нягтлан бодогчоор давхар ажилласнаас гадна тэрээр ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргасан болох нь “Комфорт таун” ХХК нь “ТК” ХХК-д 247 649 117 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан баталгаа, “ТК” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитын тайлан, аудитын шалгалтын дүгнэлт, материал, хурлын тэмдэглэл, С.Оийн өөрийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч С.О нь ажил олгогчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б\18 дугаартай ажлаас чөлөөлөх тушаалыг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гардан авч, гарын үсэг зурсан атлаа шүүхэд гомдлоо 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан шаардлагад нийцээгүй байна. Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах учиртай. Хоёр шатны шүүх энэ талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.-д заасан 11 үндэслэлийн аль нэгийг тухайлан заагаагүй байхад давж заалдах шатны шүүх алдааг залруулаагүй нь учир дутагдалтай болжээ. Энэ агуулгаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 294 дүгээр магадлал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/03693 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “128 дугаар зүйлийн 128.1.-т” гэснийг “128 дугаар зүйлийн 128.1.2-т” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН