Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 965

 

С.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:         

          прокурор А.Сайнбаяр,

          шүүгдэгч С.Х-ын өмгөөлөгч З.Цэнгэнбаяр,

          нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1159 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Х-ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч С.Х-д холбогдох 1806 0149 30705 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

И.М овгийн С-гийн Х, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт ................................................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЦВ83062167/;

С.Х нь 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Ханбилгүүдэй” цэцэрлэг дотор хүүхэд зодсон байна гэх шалтгаанаар тус цэцэрлэгийн туслах багш ажилтай Э.Ц-г цохих, үсдэх, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Х-ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Х-ыг торгуулийн 450.000 төгрөгийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Х-д мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.Х нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Х гаргасан давж заалдах гомдолдоо: “...С.Х миний бие 2018 оны 8 дугаар сарын 13 өдрийн 1159 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн шинжээчийн 2117 дугаартай дүгнэлтэд тусгагдсан Э.Ц-гийн биед учирсан гэмтлийг миний бие учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн. Энэ нь өөрийн эрүүл мэндийн эсрэг хууль бус буюу тулгарсан довтолгооны эсрэг хийсэн үйлдэл юм. Э.Ц текнийхээ ард зогсчихоод “яасан зодсон уу, яасан” гэж хэлэхээр нь би “чи гарж ирээд наад үгээ хэлчих” гэхэд өөрөө хажууд гарч ирээд миний гар луу цохисон, тухайн үед миний баруун гар маш их өвдсөн ба гараа бариад байж байтал намайг Э.Ц заамдан авахад нь би цааш нь түлхсэн, эргэн зууралдаад өвчтэй байсан гарыг минь мушгихад нь би гарыг нь тавиулахын тулд Э.Ц-гийн үснээс зулгаагаад шилбэ рүү нь өшиглөсөн,  үйл явдал хоромхон зуур л болсон.

2. 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн шинжээчийн 2125 дугаартай дүгнэлтээр миний биед “баруун шууны доод 1\3 тэмтрэхэд бага зэрэг эмзэглэн зовиуртай, баруун шуу, бугуйгаар өвдөнө, баруун сарвууны долоовор хурууны хумс хугарсан” гэж тусгагдсан.

Тухайн шинжээчийн дүгнэлтийг гаргах тодорхой хугацаа байсаар байтал үзлэг хийсэн өдрөө шинжээч эмч дүгнэлт гаргасан байсан.

Шинжээч эмч Ц.Бадрал нь тухайн үедээ томографи хийлгээд ир гэсэн мөртлөө хугацаа хүлээхгүй шууд дүгнэлтээ гаргасан. Нэмж материал өгөх гэж хоёр ч удаа очиж уулзахад аваагүй, байцаагчтай өг гээд аваагүй.

О.Төр-Од байцаагчид өгөх гэж хоёр ч удаа ажил дээр очиход байхгүй, утсаар ярихад утсаа авахгүй, эсвэл “ажилтай байна, хүүхэд өвчтэй байна, түр хүлээж бай, дараа аяндаа дуудаж авна” гээд байсан. Энэ үед миний бие өвчтэй байсан учраас цэргийн төв эмнэлэгт цагаан мах эргэж, судас тайруулах мэс засалд 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хагалгаанд орсон. Мэс засалын дараа явж чадахгүй, сар шахуу боолт хийлгэж хэвтэрт байсан. Энэ хооронд Цагдаагийн байгууллагаас нэг ч удаа дуудаагүй бөгөөд 2018 оны З дугаар сарын 16-ны өдөр шинжээчийн дүгнэлтийг танилцуулах гэж дуудсан. Нэмэлт материалууд хавтас хэрэгт байгаа бөгөөд миний баруун бугуйн үений “компьютер томограф”-аар шөвөг яс сэтэрсэн гэж байгаа бөгөөд эмнэлгийн карт, гипс, уяа боолт, бинт, эм тариа авсан баримтууд өгсөн байгаа болно. Эмнэлгийн картад харьяа дүүргийн мэс заслын эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэж байсан. Дээрх баримтуудаас миний эрүүл мэндэд учирсан хохирол байсныг нотолж байгаа бөгөөд эрүүл мэндэд хууль бус довтолгоон байсныг давхар нотолж байна.

3. Намайг шинжээчийн дүгнэлтийг танилцахаас өмнө хохирогч Э.Ц 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр ирээд танилцаад явсан байсан бөгөөд Э.Ц нь “гаргах санал байхгүй, эвлэрэх санал тавьсан байсан, гомдол саналгүй, 500.000 төгрөг замын зардал болон бусад зардал хэрэгтэй байна” гэхээр нь өмгөөлөгчөөрөө дамжуулж өгсөн. Мөн хохирогч “энэ хэргийг хэрэгсэхгүй болгож, хааж өгнө үү, миний ч буруу байсан” гэж бичиж өгсөн учраас би дахин шинжээч томилуулаагүй, мөн хүүхдээ зодуулсан, нотлох баримт шалгуулах талаар ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй. Мөн Э.Цгийн эрх зүйн байдлыг дордуулахыг хүсээгүй учир уучилсан.

4. О.Төр-Од байцаагч миний мэдүүлгийг Э.Ц-тэй муудалцсан хэсгийг өөрөөр бичсэн байсан. Засуулах гэсэн чинь “өргөдлөө бичиж бай, тэр хооронд засъя” гэж хэлсэн. Байцаалт авах гээд байна, яараад байна гээд уншуулаагүй гарын үсэг зуруулсан. Дараа нь орой ажил дээр нь уулзахад “та зассан уу” гэсэн  чинь “компьютер болохгүй байна. Эсвэл дараагийн байцаагчид хэлээд засуулчих” гэж хэлсэн. Мөн миний хүүхдэд шинжээч томилж өгөөгүй ба ажлаа сайн мэдэхгүй байна, шинэ хүн болохоор ахлахаасаа асууж байгаад болно гээд яваад байсан. Дээрх үйл явдлыг манай өмгөөлөгч гэрчилнэ. О.Төр-Од байцаагч тэр үед нярай хүүхэдтэй байсан учраас бид хүний мууг үзээд яахав гээд ямар нэгэн гомдол гаргаагүй, хүлээцтэй хандсан.

5. Хохирогч Э.Ц, гэрч Б.Д, Б.О нарын мэдүүлгээр “элэг, бөөр, гэдэс нуруу луу өшиглөөд зодоод байсан” гэсэн. Хэрэв толгой дээр нь дэвслээд, элэг, бөөр, гэдэс рүү нь өшиглөсөн бол энэ хэсэгт хөхрөлт, няцралт үүсэх байсан ба шинжээчийн дүгнэлтэд тусгагдах байсан. Энэ үйл явдал болох үед зөвхөн Э.Ц, гэрч С.Э, бид 3 л байсан. Харин намайг яг үснээс зулгааж, шилбэ өшиглөх үед цаанаас нь багш нар гарч ирж салгасан юм. Харин салгасаны дараа миний уур хүрч хашхирсан нь үнэн.

6. Нэгэнт хохирогч бид 2 эвлэрсэн учраас нотлох баримт шалгуулах талаар хүсэлт гаргаагүй, энэ талаар миний бие мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн.

Хавтас хэрэгт 2018 оны 1 дүгээр сарын 27 болон 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн эхоны зурагнуудыг Э.Ц өгсөн байдаг ба энэ 2 зураг нь 4 хоногийн зайтай авахуулсан зурагнууд байсан. Эхний зураг 6 долоо хоногтой жирэмсэн гэдэг бол дараагийн “зурагт умайд ургийн цэврүү тодорхойлогдохгүй, эндометр 0,56 см, доплероор судасжилт тодорхойлогдохгүй, баруун өндгөвчид 3.6х2.6см эхо негатев үүсгэвэртэй, жирэмсний эрт үеийн бүрэн зулбалт дараах байдалтай” гэжээ.

2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн эхо зургаар умайн ургийн цэврүү тодорхойлогдохгүй гэдэг нь анхнаасаа ураг үүсээгүй, ураг үүссэн бол доплероор судасжилт тодорхойлогдох юм байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр эхийн савны хананаас ураг нь судсаар бэхлэгдэж амьдардаг юм байна. Хэрэв зулбасан бол савны хананаас тасарсан судасжилтуудын ором үүсэх ёстой байсан. Мөн өндгөвчид З.6х2.6см эхо негатив үүсгэвэртэй гэдэг өндгөвчний том хэмжээний уйланхай буюу киста байгааг зааж байна.

Гэтэл 4 хоногийн өмнөх зураг энэ уйланхай нь байхгүй байна. Жирэмсэн үед эндометр харагдахгүй юм байна. Эмэгтэй хүнд 0.1-0.9 см хүртэл эндометр үүсээд эргээд 0.9-0.1 хүртэл буурдаг, энэ нь биений юм буюу сарын тэмдэг ирэх үед үүсдэг байна. Дээрх 2 зураг нь нэг хүний зураг гэдэг нь эргэлзээтэй байна. Шинжээчийн дүгнэлтэд “дээрх зулвалт нь гэмтлийн болон гэмтлийн бус шалтгаантай эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна” гэсэн тул дээрх нотлох баримтуудыг шалгуулах хүсэлт гаргаагүй.

Мөн “тухайн зүйлийг хүлээн зөвшөөр, тэгэхгүй бол чамайг бид хүндрүүлэн шалгаж болно шүү” гэж дарамт шахалт ирж байсан.

7. Аргагүй хамгаалалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар амьд явах, халдашгүй чөлөөтэй байх..., болон бусад эрхээ эдлэх энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтойг хууль цаазын хэрэгсэл бөгөөд хууль зүйн мөн чанарын хувьд эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн, түүнчлэн уг хуулиар хамгаалагдсан ямар ч хохирол, хор уршигт хүргэж болох боловч гэмт хэрэгт тооцдоггүй, гэмт хэргийг үгүйсгэдэг онцгой нөхцөл байдал юм. Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхийг хуульчилсан бөгөөд аргагүй хамгаалалт нь халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон, эсрэг дайралтаар илэрдэг шууд санаатай үйлдэл билээ. Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу өөрийн амь нас, эрүүл мэндийг хууль бус халдлагаас хамгаалж, довтлогч этгээдийн үйлдэл нь эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан бодит хууль бус халдлагын эсрэг хийгдсэн байгаа аргагүй хамгаалалт мөн гэж үзэж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

8. Миний бие нь 2 настай, 4 настай хоёр хүүхэдтэй, бага охин маань төрөөд гуравхан хоногтой байхад эцэг нь хаяад явсан, одоо өдрийн цагаар таксинд явж хоёр хүүхдээ тэжээдэг. Миний эх С.Энхтуяа, эцэг Сүхээ нь хоёулаа гуч гаруй жил цагдаагийн байгууллагад нэр төртэй ажиллаж байгаад цагдаагийн хошууч цолтой тэтгэвэрт суусан.

Би эцэг, эхийнхээ мэргэжлийг эзэмшсэн бөгөөд, хүүхдүүдээ жаахан том болохоор мэргэжлийнхээ ажлыг хийнэ гэж боддог. Гэтэл энэ хэрэгт холбогдсоноос хойш ирээдүйд хуульч мэргэжлээр ажиллах боломжгүй, хоёр хүүхдээ хэрхэн өсгөх талаар санаа зовж байна. Иймд хувийн байдлыг минь харгалзан үзнэ үү. ...” гэжээ.

Шүүгдэгч С.Х-ын өмгөөлөгч З.Цэнгэнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч С.Хын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Аргагүй хамгаалалт хийсэн нь үнэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтүүдийг хүлээн авч шийдвэрлээгүй. Гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоож чадаагүй. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...С.Х-ын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, шүүх түүний үйлдсэн гэмт хэргийг зөв дүгнэж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагад нийцжээ.

Шүүгдэгч С.Х нь 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Ханбилгүүдэй” цэцэрлэг дотор хүүхэд зодсон байна гэх шалтгаанаар тус цэцэрлэгийн туслах багш ажилтай Э.Ц-г цохих, үсдэх, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Э.Ц /хх 7-9, 14-15, 17-19/, гэрч Б.Д /хх 20-22/, Б.О /хх 23-25/, С.Э /хх 29-31/, Ж.Э /хх 63-64/ нарын мэдүүлсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Э.Ц-гийн биед тархи доргилт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээнд зулгаралт, баруун гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоодлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн 2117 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 39-42/,

 

хохирогч Э.Ц-гийн томографикийн шинжилгээ /хх 32/, хохирлын баримтууд /хх 34-36/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.Хыг бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч С.Х “... аргагүй хамгаалалт хийсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Б.Д-ын “... С.Х нь Э.Ц-гийн үснээс зулгаачихсан, бөөр гэдэс рүү нь өшиглөөд байсан. ...” /хх 20-22/,

Б.О-ын “... С.Х нь Э.Ц-гийн үснээс зулгаагаад газар унагаан чирээд, толгой руу нь нөгөө гараараа цохиод, элэг, бөөр, нуруу луу нь өшиглөөд зодоод байсан. Би салгах гээд очиход С.Х “та нар цаашаа байцгаа, бүгдийг чинь ална шүү” гээд орилоод байсан. ...” /хх 23-25/ гэж мэдүүлсэн мэдүүлгүүд, Э.Цгийн биед “хөнгөн хохирол” учирсан тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2117 дугаартай /хх 39-42/ шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар С.Хын “аргагүй хамгаалалт хийсэн” гэх давж заалдах гомдлын үндэслэл нь няцаан үгүйсгэгдэж байна. Хохирогч Э.Цгийн зүгээс С.Хын амь нас, эрүүл мэндийн эсрэг чиглэсэн үйлдэл хийсэн байдал тогтоогдоогүй бөгөөд С.Хыг тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэж үзэх баримт хавтас хэрэгт авагдаагүй байна

Иймд шүүгдэгч С.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1159 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.                                              

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                              Д.ОЧМАНДАХ

                                                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ