Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 01960

 

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2017/01960

 

 

 “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01825 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХБ” ХХК-д холбогдох,

 

ХБны 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн хорооны 19/1004 дугаартай шийдвэрийн Угтвар болзлууд хэсгийн ХБинд үлдэгдэлтэй дэд зээлээс бусад зээлүүдийн үндсэн төлбөрийг бүрэн төлж хаасан байх гэсэн хэсгийг хүчингүй болгуулах, БҮК-1 төслийн 13 тэр бум төгрөгийн зээлийн гэрээ байгуулж зээл олгохыг ХБинд даалгах, БҮК-1 төслийн зээл олгоогүйгээс учирсан хохиролд 5.616.554.154 төгрөг гаргуулах тухай гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С, Б.Х

Хариуцагчийн өмгөөлөгч: З.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Э” ХХК нь Экспортыг дэмжих, импортыг орлох 888 төслийн хүрээнд Засгийн газраас ХБаар дамжуулан БҮК-1 төслийн 13 тэрбум төгрөгийн зээл авах хүсэл зоригийг ХБинд илэрхийлсэн.

ХБны төвийн 2014 оны 10 дугаар сарын 22 өдрийн 833а тоот зээлийн хорооны шийдвэрээр “Э” ХХК-д 13 тэрбум төгрөгийн Монгол 888 төслийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 9% хүүтэй, эхний 12 cap хүү төлөх нөхцөлтэй олгохоор шийдвэрлэсэн.

Зээлийн гэрээ байгуулах, зээл олгохын өмнөх шаардлагыг цементийн агуулахыг нэмж барьцаалах, банкны зөвшөөрөлгүй ногдол ашиг хуваарилахгүй байх , БҮК-1 төслийн борлуулалтын орлогоос ХБны зээлийг төлүүлэх, БҮК-1 төслийн үйл ажиллагаанд хяналт тавих гэж тохирсон.

“Э” ХХК-д 13 тэрбум төгрөгийн зээлийг БҮК-1 төслийн үндсэн тоног төхөөрөмж худалдан авахад зориулж олгохыг зөвшөөрч “Э” ХХК-ийн хүсэл зоригийг хүлээн авч зөвшөөрсний дагуу дэд зээлдэгч “Э” ХХК-д олгох 13 тэрбум төгрөгийн зээлийг 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар ЭДХ1 Хөгжлийн банк нь арилжааны банкуудтай /ХБ/ байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн 4 дүгээр зүйлд “Арилжааны банк дараах эрхтэй 4.2.2-д "Засгийн газраас шийдвэрлэсэн тохиолдолд төсөл санхүүжүүлэхэд зориулан олгох зээлийн эх үүсвэрийг байршуулахыг шаардах” гэсний дагуу ХБ 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 21/8825 тоот албан бичгээр Хөгжлийн банкнаас “Э” ХХК-д 13 тэрбум төгрөгийн зээлийг үндсэн тоног төхөөрөмж худалдан авахад зориулж олгохоор шийдвэрлэсэн тул төслийн эх үүсвэрийг ХБны 5000000015 тоот дансанд шилжүүлж өгөхийг шаардсан.

Энэ нь “Э” ХХК болон ХБны хооронд байгуулагдах зээлийн гэрээний гол нөхцлийг Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-д заасны дагуу тохиролцож улмаар ХБ нь хүсэл зоригийг баталгаажуулж 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 833а тоот ХБны төв зээлийн хорооны шийдвэр гаргасан болно.

Иймд  талууд гэрээний гол нөхцөлөө тохиролцож Иргэний хуулийн 196.1.2-д заасны дагуу ХБны зээлийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 833а тоот шийдвэрийг баталгаажуулан дэд зээлдэгч “Э” ХХК болон зээлдүүлэгч Хөгжлийн банкинд хүргүүлснээр талуудын хооронд гэрээ байгуулаглагдсан гэж тооцно.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Байшин үйлдвэрлэх комбинат-1 /БҮК-1/ төслийн нэмэлт санхүүжилтыг арилжааны банкны /ХБ/ гаргасан хүсэлтийг үндэслэн, холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгасаны дагуу 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны 10 тоот тогтоолоор нэмэлт санхүүжилтийг батлан дэд зээлдэгч “Э” ХХК-д 13 тэрбум төгрөгийн зээлийг олгохыг зөвшөөрсөн болно.

2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын 2/126 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр ХБинд хандаж “Засгийн газрын 2013 оны 239 болон 2014 оны 212 дугаар тогтоолуудын дагуу экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн төслүүдийг санхүүжүүлэх ажлын хүрээнд танай банкнаас дэд зээл олгохоор эцсийн шийдвэр гарч, батлагдсан “Э” ХХК-ийн зээлийг дамжуулан санхүүжүүлэх хүсэлтийг үндэслэн, Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10 тоот тогтоолын дагуу тус дэд зээлдэгчид саранхүүжилт олгохыг шийдвэрлэсэн. Иймд Засгийн газрын 212 дугаар тогтоолоор батлагдсан экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн төслийг санхүүжүүлэх, хяналт тавих, тайлагнах журмын 2, 3 дахь заалт болон танай банктай байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн 1029, З-ЭИ-С-2014- 94 тоот Дамжуулан зээлдүүлэх гэрээний 2.1.7-д тусгасны дагуу дэд зээлдэгч “Э” ХХК-тай зээлийн гэрээ гэрээг байгуулан ирүүлнэ үү гэсний дагуу ХБны төв зээлийн хороо 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж гаргасан 19/1004 шийдвэр нь Хөгжлийн банкнаас олгох БҮК-1 төслийн үндсэн тоног төхөөрөмжийн зориулалтын зээл 13 тэрбум төгрөгийг “Э” ХХК-ийн хөрөнгө оруулалтын хугацаа нь дуусаагүй зээлүүдийг хаах хууль бус шийдвэрийг гаргаж, Засгийн газраас олгосон зээлийн зориулалтыг дур мэдэн өөрчилж үндсэн тоног төхөөрөмж худалдан авахаар өөрийн банкны гаргасан зээлийн хорооны шийдвэрийг өөрчилж, зээлдэгч “Э” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг ноцтой зөрчиж, 2016 оны 8 дугаар сард хугацаа дуусах зээлийн гэрээг урьдчилан төлүүлж хаахаар шийдвэрлэсэн нь зээлдүүлэгч ХБ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ дангаараа зөрчиж, ХБны төв зээлийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 833а тоот шийдвэрийнхээ эсрэг шийдвэр гаргаж, зээл олгох нөхцөл тохиролцоогоо зөрчиж Засгийн газрын шийдвэр болон зээлдэгчийн эрхэд хууль бусаар халдаж шийдвэр гаргасан нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан үүргээ зөрчсөн байна.

 ХБ санаатайгаар Улсын Их хурал болон Засгийн газар, Хөгжлийн банк “Э” ХХК-ийг хууран мэхэлж, Монгол 888 төслийн хүрээнд зээл олгох 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 833а тоот төв банкны зээлийн хорооны шийдвэрээ өөрчилж, стратегийн ач холбогдол бүхий үндэсний үйлдвэрлэлийн хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж улмаар Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1, 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.1.5-д заасныг зөрчсөн.

 ХБ нь 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ХБны төв зээлийн хорооны 833а тоот шийдвэрээр зээлийн гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон тохиролцооноос ямар ч үндэслэлгүйгээр татгалзаж, “Э” ХХК-ийг хууран мэхэлж улмаар БҮК-1 төслийн үндсэн тоног төхөөрөмж худалдан авах 13 тэрбум төгрөгийн зээлийн зориулалтыг “Э” ХХК-ийн хугацаа нь дуусаагүй хөрөнгө оруулалтын зээлүүдийг хаахаар санаатай өөрчилсөн. Банкнаас зээлийн мөнгийг өөр зээлийн өрөнд суутгахаар шийдвэрлэсэн нь банкны зээлийн үйл ажиллагааны зорилгод нийцэхгүй, зээлдэгч “Э” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байна.

Гэтэл Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэр, Хөгжлийн банкны 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны 10 тоот тогтоолоор 13 тэрбум төгрөгийн зээлийг “Э” ХХК-ийн БҮК-1 төсөлд олгох шийдвэр гаргаж, уг шийдвэрийг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2/126 тоот мэдэгдлээр ХБинд хүргүүлсэний дараа ХБ 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдриин 19/1003 дугаартай 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ХБны төв зээлийн хорооны 833а тоот шийдвэрийн нөхцлийг хэвээр үлдээснээ бидэнд мэдэгдсэн боловч өөрийн банкны явцуу эрх ашгийн төлөө 833а тоот шийдвэртээ хууль бус нэмэлт засвар зөвхөн нэг талын эрх ашиг сонирхлыг илэрхийлсэн тулган шаардалт хийж угтвар болзол нэртэйгээр ХБинд үлдэгдэлтэй дэд хөтөлбөрийн зээлээс бусад зээлүүдийг бүрэн хаасан байх, үндсэн зээлийн хувьд эхний 12 сард хөнгөлөлттэй гэж, барьцаанд байгаа хоёр газрыг зарж борлуулах тохиолдолд зээлээс 2 тэрбум төгрөгийг төлүүлэх, зээл хугацаа хэтэрсэн тохиолдолд банк оролцож зарж борлуулан зээлийг төлүүлэх гэсэн нэмэлт засваруудыг хийж бидэнд хүргүүлсэн байна.

Засгийн газрын хуралдааны 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэр, Хөгжлийн банкны 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны 10 тоот тогтоолоор 13 тэрбум төгрөгийн зээлийг “Э” ХХК-ийн БҮК-1 төсөлд олгохоор шийдвэр гаргаж, уг шийдвэрийг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын 2/126 тоот мэдэгдлээр “Э” ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээнүүдийг байгуулан зохих газруудад бүртгүүлэн ирүүлэхийг ХБинд мэдэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл зээлийн гэрээг байгуулаагүй зээл олгоогүй зээл олгоогүйгээс үүдэн “Э” ХХК-ийн БҮК-1 төслийн хэрэгжилтийг 2015.01.30-2015.06.30 хүртэл хугацаанд буюу 150 хоног зогсоосон хугацаанд манай компанийн олох байсан орлого 5.616.554.150 төгрөгийн хохирол учраад байна.

 Манай компани нь Монгол банкинд энэ талаар гомдол гаргасныг шалган үзэж Монгол банкны 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А-6/179 албан тоотоор ХБинд Танай банкны зээлийн хорооны шийдвэрээр Хөгжлийн банкнаас Байшин үйлдвэрлэх комбинат-1 төслийн санхүүжилтэд зориулан олгож буй зээлийн эх үүсвэрээс “Э” ХХК-ийн ХБнаас авсан эргэн төлөгдөх хугацаа нь дуусаагүй зээлийг бүрэн төлүүлэх шаардлага тавьж байгаа нь харилцагчийн эрх ашгийг зөрчсөн, холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй алхам болж байна. Иймд та бүхэн шийдвэрээ эргэн харж, өөрийн харилцагч байгууллагатай зөвшилцөж шийдвэрээ гарган бидэнд ирүүлнэ үү гэсэн нь ХБны хууль бус үйл ажиллагаа явуулж хэрэглэгчээ хохироосон, илтэд зах зээлд давамгай байдлаа ашиглан, хууль зөрчиж байгааг нотлож өгсөн бөгөөд ХБ өнөөдрийг хүртэл Монгол банкинд хариу хүргүүлэхгүй манай компанийн эрх ашгийг зөрчиж Хөгжлийн банкнаас авах БҮК-1 төслийн 13 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн зээлийг санаатайгаар хашин боогдуулж байна.

Улсын Их хурал, Засгийн газрын тогтоолоор дэмжигдэн хэрэгжиж буй тэргүүлэх чиглэлийн төслийн үйл ажиллагаанд салбарын яам буюу Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нь 2015 оны 03 сарын 06-ны өдрийн 1/680 тоот албан бичгээр ХБны гүйцэтгэх захирал Н.Като-д хандаж “Э” ХХК-иас 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 555 тоот албан бичгээр экспортыг орлох 888 төслийн хүрээнд танай банкнаас санхүүжигдэж буй БҮК-1 төслийн талаар гаргасан шийдвэрүүд хэрэгжихгүй тус байгууллагын ажилд хүндрэл учруулж байгаа тул Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн байна.

Иймд тус компанийн хэрэгжүүлж байгаа БҮК-1 төсөлд шаардлагатай зээлийн хөрөнгийг шийдвэрлэхэд гарч буй хүндрэлийн талаарх тайлбарыг тус яаманд ирүүлнэ үү. БҮК-1 төслийн үйл ажиллагаа хүндрэл учруулж буй байдлыг тодруулан салбарын яамнаас дэмжлэг үзүүлэх нөхцөл бололцоо арга замыг хайх гэсэн боловч ХБны зүгээс Барилга хот байгуулалтын сайдад хариуг ирүүлэхгүй илтэд өөрийн буруутай үйл ажиллагаа, дээрэнгүй байдлаа мөн л харуулж ямар ч хариу өгсөнгүй өнөөдрийг хүрлээ.

ХБ нь тодорхой хариу өгөхгүй яах нь мэдэгдэхгүй үл тоосон байдал гаргаж байсан тул бид ШӨХТГ-т хандсан. Манай компанийн зүгээс ХБны зах зээлдэх давамгай байдлаа ашиглаж, хэт монополь байдалтайгаар хэрэглэгчийнхээ эрх ашгийг зөрчсөн хууль бус үйл ажиллагааны талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 556 тоот албан бичгээр гомдол гаргасны дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/11 дүгээр удирдамжийн дагуу ХБ ХХК-ийн “Э” ХХК-д зээл олгохтой холбогдох үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтыг явуулсан болно.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ХБинд явуулсан хяналт шалгалтын талаар 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 6/16 тоот Улсын байцаагчийн дүгнэлтэд “ХБ” ХХК-ийн зүгээс өөрийн шаардлага гаргасан 2014 оны 10 дугаар сарын 22 өдрийн 833а дугаар шийдвэрийг зөрчин, Хөгжлийн банкны эх үүсвэрээс “Э” ХХК-д олгох БҮК-1 төслийн 13 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өөрийн банкаар дамжуулан зээлдүүлэхэд ХБинд үлдэгдэлтэй дэд хөтөлбөрийн зээлээс бусад зээлүүдийг бүрэн төлж хаасан байх барьцаанд байгаа 2 газрыг зарж борлуулах тохиолдолд зээлээс 2 тэрбум төгрөг төлүүлэх, Зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд банк оролцож зарж борлуулан зээлийг төлүүлэх гэсэн шаардлагуудыг нэмж тавьсан, уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд зээл олгохгүй байхаар шийдвэрлэсэн зэрэг нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.5, 7.1.9, 7.1.11 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэл болжээ” гэсэн.

ХБ нь 0232350, 0348975 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газруудыг барьцаанаас чөлөөлөхөд уг барьцааны зүйлүүдэд хамаарахгүй гэрээний үүргийг биелүүлсэн байх нөхцлийг тулгаж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.5, 7.1.9, 7.1.11, 12.1.10 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэл болсон.

Иймд ХБны 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн хорооны 19/1004 дугаартай шийдвэрийн Угтвар болзлууд хэсгийн ХБинд үлдэгдэлтэй дэд зээлээс бусад зээлүүдийн үндсэн төлбөрийг бүрэн төлж хаасан байх гэсэн хэсгийг хүчингүй болгож, БҮК-1 төслийн 13 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулж олгохыг ХБинд даалган, Хөгжлийн банкнаас БҮК-1 төсөлд олгох 13 тэрбум төгрөгийн зээлийг олгоогүйгээс БҮК-1 төслийн хэрэгжилт зогссоноос 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл олох байсан орлого 5.616.554.150 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк нь “Э” ХХК-д 2011 оноос хойш арилжааны банкнуудын дунджаас бага хүүтэй, урт болон дунд хугацааны хөрөнгө оруулалтын зээлүүдийг олгож ирсэн.

2014 оны 833а дугаар Зээлийн хорооны шийдвэр нь холбогдох хууль тогтоомжоор үндэслэн гарсан. Банкны дотоод үйл ажиллагаанд мөрдөгдөх байгууллагын банкны газарт өгч байгаа чиглэл юм Энэ нь “Э” ХХК-ийн ашиг сонирхолыг зөрчөөгүй, харин ч зээл олгохыг тодорхой нөхцөлтэйгөөр дэмжсэн шийдвэр болно. Энэ шийдвэр Банкны нууцын зэрэглэлд хамаарах баримт бичиг бөгөөд Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүх байгууллагын дотоод үйл ажиллагааг хянан шалгах зорилго, чиг үүрэггүй болно.

 2015 оны 19/1003 дугаар бүхий Зээлийн ерөнхий нөхцөлийн маягт нь Зээл хүсэгчийн санхүүгийн чадавхи, барьцаа хөрөнгө, эрсдэлийн үнэлгээ, хэрэгжүүлэх төслийг судлан үзээд илэрхийлж байгаа нэг талын санал юм. Өөрөөр хэлбэл, “Э” ХХК хүлээн аваагүй нөхцөлд эрх зүйн үр дагавар үүсэхгүй, хэлцэл хийгдээгүй юм.

“Э” ХХК нь 11/163, 11/165 дугаар зээлийн гэрээнүүдийн дагуу төлбөл зохих зээл, түүнийг хүүг төлөх хугацааг 270 гаруй хоногоор хэтрүүлсэний зэрэгцээ зээлийг зориулалтын бусаар ашигласан.

Энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйл, Зээлийн гэрээгээр тогтоосон журмыг тус тус зөрчсөн тул дээрх болзолыг тавихад хүрсэн. Энэ нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийг зохих ёсоор гүйцэтгэх, 208 дугаар зүйлийн 208.1-д заасан үүргийг хугацаанд нь гүйцэтгэх, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээл, хүүг буцаан төлөх; Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д заасан зээл, зээлийн хүүг буцаан төлөх тухай хуулийн зохицуулалтыг биелүүлэх шаардлагаас үүдэлтэй.

“Э” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 522 дугаар албан тоотоор хугацаа хэтэрсэн зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүг төлж барагдуулахаар шийдвэр гаргаж өгч тусламж үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг гаргасан. Мөн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 620 дугаар албан тоотоор банкны болзлыг хүлээн зөвшөөрсөн болно.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Экспортыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд олгох санхүүжилтийг нэр бүхий 13 арилжааны банкуудаар дамжуулан олгож байгаа. Эдгээр банкуудын нэг нь л ХБ юм. “Э” ХХК нь дээрх 13 арилжааны банкны алинд нь ч зээл хүсч хандах боломжтой бөгөөд ийнхүү хандсанаар ХБ “Э” ХХК-ийн өмнө зээл олгох үүрэг хүлээхгүй. Зөвхөн Монгол Улсын Хөгжлийн банк болон зээлдэгч банкнаас тавьж байгаа шаардлагыг бүрэн хангаж байгаа нөхцөлд л холбогдох гэрээ, хэлцлийг байгуулж, зээл олгоно.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар болон Монгол Улсын Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа Экспортыг дэмжих хөтөлбөр нь зөвхөн “Э” ХХК-д олгохоор зориулагдаагүй болно.

ХБ “Э” ХХК-ийн өмнө БҮК-1 төслийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн гэрээ байхгүй болно. Түүнчлэн Хөгжлийн банкнаас “Э” ХХК-ийн БҮК-1 төслийг санхүүжүүлэх зорилгоор ХБинд эх үүсвэр шилжүүлээгүй. Мөн “Э” ХХК зээлийн гэрээ байгуулахад тавигдах нөхцөлүүдийг биелүүлээгүй, хангахгүй байгаа.

Иймд банк зээл олгох үүрэг хүлээгээгүй, цаашилбал, зээлийн гэрээ болон холбогдох бусад гэрээ, хэлцэл хийгдээгүй, ХБинд Хөгжлийн банкнаас БҮК-1 төсөлд зориулан эх үүсвэр шилжүүлээгүй байхад хохирол нэхэмжлэх нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлд нийцэхгүй юм.

Иймд “Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3., 9.4.7., 227 дугаар зүйлийн 227.4., 451 дүгээр зүйлийн 451.1.-т заасныг баримтлан БҮК-1 төслийн 13 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулж олгохыг ХБинд даалган, БҮК-1 төслийн зээл олгоогүйгээс учирсан хохиролд 5.616.554.154 төгрөгийг ХБнаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.000.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч “ХБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу "ХБны зээлийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 833а тоот төв банкны зээлийн хорооны шийдвэр, мөн хууль бусаар гаргасан 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн хорооны дугаар 19/1003 шийдвэрийг хянаж, шалган үзэж ХБны 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн хорооны 19/1004 дугаар шийдвэрийн угтвар болзлууд хэсгийн ХБинд үлдэгдэлтэй дэд зээлээс бусад зээлүүдийн үндсэн төлбөрийг бүрэн төлж хаасан байх гэсэн хууль бус тулган шаардсан хэсгийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг үндэслэж хүчингүй болгож, ХБны 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 833а тоот Төв банкны зээлийн хорооны шийдвэрийн дагуу "Э" ХХК-ийн "БҮК-1" төслийн үндсэн тоног төхөөрөмжийг худалдан авахад зориулан экспортыг дэмжих, импортыг орлох 888 төслийн хүрээнд Засгийн газраас олгосон 13 тэрбум зээлийг “Э” ХХК-д Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 189 дүгээр зүйлийн 189.4-т заасны дагуу зээлийн гэрээ байгуулж олгохыг ХБинд даалгах гэсэн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараахь хуулийн зохицуулалтыг үл тоомсорлосон.

Үүнд "ХБ" ХХК-ийн зээлийн хорооны шийдвэрийг тухайн хуулийн этгээдээс гарч буй эцсийн бөгөөд эрх бүхий этгээдийн шийдвэртэй адилтгаж үзсэн нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт "Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно" гэж заасантай нийцээгүй. Мөн "ХБ" ХХК-аас "Э" ХХК-д хүргүүлсэн албан тоотыг зээлийн гэрээтэй адилтган үзэж зээл олгохыг даалгаж буй нь "Э" ХХК-ийн зээл авах тухай хүсэлт бүхий албан тоотыг үндэслэн зээл авахыг буюу зээлдэгч болохыг даалгаж буйтай агаар нэг бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 451.3 дах хэсэг болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийг зөрчсөн.

Ийнхүү талуудын хооронд эрх зүйн ямар нэгэн харилцаа үүссэн эсэх, улмаар хуульд зааснаар нэхэмжлэгч өөртөө зээл олгохыг шаардах эрхтэй эсэхийг баталгаажуулснаар зээлийг олгоход татгалзах зүйлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна" гэсэн нь "ХБ" ХХК-ийн хувьд шударга бус юм. Учир нь өөрсдийн судалж олгоогүй зээлийнхээ төлөө Монгол улсын Хөгжлийн банкны өмнө "Э" ХХК-ийн авсан зээлийн хүү, торгууль болон бусад зардлыг хариуцах нь илтэд хохиролтой юм.

Дээрх үндэслэл, нөхцөл байдлуудын улмаас 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Хамтран ажиллах санамж бичиг 6.2.5-д "Энэхүү 2 дугаар зүйлд заасан ерөнхий нөхцөлөөс бусад нөхцөлийг арилжааны банк нь өөрийн зээлийн бодлого журмын дагуу тогтоох ба төслүүдийг судалж зээл олгох, зээлийн явцын хяналтыг хийх зэргээр эргэн төлөлтийн эрсдэлийг Хөгжлийн банкны өмнө бүрэн хариуцна", 4.2-т "Төсөл нь тухайн банкны зээлийн бодлого, журмын дагуу тавигдах шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд зээл олгохоос татгалзах" гэж заасан бүрэн эрхийн хүрээнд шаардлага тавих эрхтэй.

Нөгөө талаас анхан шатны шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4 дэх хэсгийг хэрэглэсэн нь буруу бөгөөд хариуцагч компанид хэрэглэгдэх зохицуулалт биш юм. Учир нь зах зээлд давамгай аж ахуйн нэгжийн хууль бус үйл ажиллагаанаас энгийн иргэн, хуулийн этгээд, хэрэглэгчийн эрхийг хамгаалах зорилготой. Аж ахуй эрхлэгч, иргэн, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага нь Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар бөгөөд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д "Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар чиг үүргийнхээ дагуу дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ" гээд 15.1.6-д "зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих" гэж зааснаас үзвэл давамгай байдалтай аж ахуйн нэгжийг тухайн чиглэлээр бүрэн эрхийг хэрэгжүүлдэг төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр тогтоох ёстой байна.

Гэтэл энэхүү хэргийн 4 хавтас бүхий материалд болон хэргийн материалын гадна ч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын давамгай байдал аж ахуйн нэгжээр тогтоосон хэрэгт хамаарал бүхий тогтоол байхгүй бөгөөд байхгүй юм. Өөрөөр хэлбэл, шүүх хариуцагчид хамааралгүй хуулийн зохицуулалтыг хэрэглэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...нэхэмжлэгч зээл хүсч хариуцагчийн зүгээс зээлийн хорооны шийдвэр гарсан явдал нь зээлийн гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд хамааруулах бөгөөд талуудын хүсэл зориг зээл авах болон олгох тал дээр нэгдсэн тул Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2-т зааснаар хариуцагч ХБинд зээлийн гэрээ байгуулах үүрэг үүссэн гэж үзнэ" гэсэн нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Дээрх зохицуулалт нь гэрээ байгуулах үе шатанд хамаардаг бөгөөд гэрээ байгуулах шатанд үүрэг үүссэн гэж үзвэл уг үүрэг нь гэрээний үндсэн үүргийн гүйцэтгэлийг шаардахгүй бөгөөд гэрээ байгуулсантай адил үр дагаварт хүргэх ёсгүй тул шүүх хэрэглэх ёсгүй хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу болсон.

Шүүх хуралдаан эхлэхийн өмнө ирцтэй холбогдон хариуцагчийн өмгөөлөгчөөс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг гаргасан бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүхэд шүүх хуралдаан давхацсан байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс бус шүүхийн ажиллагааны улмаас шалтгаалсан гэнэт товлогдсон эдгээр шүүх ажиллагааг анхан шатны шүүх үл тоомсорлож өмгөөлөгчийн үндэслэл, нотлох баримт бүхий хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн эрхийг зөрчсөн.

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө хариуцагчийн өмгөөлөгчийн болон хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнтэй холбогдуулан өөр өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах тухай хүсэлтийг гаргасан. Гэтэл шүүх мөн хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд энэ нь Монгол улсын Үндсэн хуулийн Арванзугаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан "... хууль зүйн туслалцаа авах..." эрхийг хязгаарласан ажиллагаа болсон.

Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгасантай холбогдуулан үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцүүлэхэд хамааралгүй нотлох баримтыг хасуулах болон улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх хүсэлтийг гаргасан байсан.

Хариуцагчийн төлөөлөгч миний бие шүүх хураалдааны өмнө хэргийн материалтай танилцахад уг хүсэлтийг шийдвэрлээгүй байсан тул хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө дээрх хүсэлтээ дэмжиж дахин хүсэлт гаргахад даргалагч шүүгчээс "Эдгээр хүсэлтийг шийдвэрлэсэн бичгээр гаргаж амжаагүй" тухай хэлснээр мэдсэн болно. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчийн хэргийн материал, шүүгчийн захирамжтай танилцах, улмаар тэдгээрт гомдол, хүсэлт гаргах эрхэд хүртэл хамаарах асуудлыг орхигдуулан шүүх хуралдаан хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Шүүх хуралдааны дэгийн дагуу шүүх хэрэгт цугларсан баримт бичгийг шинжлэн судлуулахаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн төлөөлөгчөөс өөрсдийн шаардлага, татгалзалаа нотолж буй баримтынхаа хавтаст хэрэг дэх хуудасны дугаарыг тус бүртээ нэрлэн заасан боловч шүүх бүрэлдэхүүн уг баримтуудыг шинжлэн судалж, уншиж сонсголгүй шүүх хуралдааны дараагийн үерүү орж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчсөн.

Иймд "Э" ХХК-ийн нэхэмжлэлтэй "ХБ" ХХК-д холбогдох иргэний хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсгийг хүчингүй болгож, үлдэх хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

           

            Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “ХБ” ХХК-д холбогдуулан тус банкны 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн хорооны 19/1004 дугаартай шийдвэрийн Угтвар болзлууд хэсгийн ХБинд үлдэгдэлтэй дэд зээлээс бусад зээлүүдийн үндсэн төлбөрийг бүрэн төлж хаасан байх гэсэн хэсгийг хүчингүй болгуулах, БҮК-1 төслийн 13 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулж олгохыг ХБинд даалган, Хөгжлийн банкнаас БҮК-1 төсөлд олгох 13 тэрбум төгрөгийн зээлийг олгоогүйгээс БҮК-1 төслийн хэрэгжилт зогссоноос 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл олох байсан орлого 5 616 554 150 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 113 дугаар тогтоолоор иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд “Байшин үйлдвэрлэх комбинат-1” /БҮК-1/ төслийг хэрэгжүүлэх зорилгоор 13 115 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулах Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 2/518 тоот албан бичигт “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”-нд заасан материалуудыг бүрэн бүрдүүлж, эх үүсвэр шилжүүлэх тухай албан ёсны хүсэлт ирүүлсэн тохиолдолд “Э” ХХК-ийн хэрэгжүүлж буй “БҮК-1” төсөлд зориулж, ХБинд зээл олгохыг мэдэгдсэн байна.

 

            ХБны зээлийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 833а шийдвэрээр “Э” ХХК-д 13 тэрбум төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 9 хувийн хүүтэй, эхний 12 сар хүү төлөх нөхцөлтэй олгохоор зөвшөөрчээ.

 

            ХБны 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 21/8825 тоот албан бичгээр Монгол Улсын хөгжлийн банкинд зээлийн эх үүсвэрийг шилжүүлэх хүсэлтээ явуулсан бөгөөд Гурван талт гэрээг баталгаажуулснаар зээлийг олгоход татгалзах зүйлгүй болохыг илэрхийлж Хөгжлийн банкнаас 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 2/216 тоот албан бичгийг хүргүүлжээ.

 

            Гэтэл ХБны 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 19/1002, 19/1003, 19/1004 тоот шийдвэрүүдэд ХБнаас авсан эргэн төлөгдөх хугацаа нь дуусаагүй зээлийг бүрэн төлүүлэх шаардлагыг “Э” ХХК-д тавьсан байна.

 

            Талууд гэрээ байгуулах эсэх нь талуудын хүсэл зоригийн хүрээнд, гэрээ байгуулах чөлөөт байдлын зарчимд хэрэгждэг бөгөөд Иргэний хуулийн 187 дугаар зүйлд гэрээ байгуулах шатанд тодорхой үйлдэл хийх, хохирол учирсан бол хохирлоо арилгуулах зэрэг шаардах эрхийг тодорхойлсон. Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2 дахь хэсэгт заасан гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой үүрэг үүсэж болох агуулгыг илэрхийлсэн бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлага нь аль алинд хамаарахгүй байна.

 

            Түүнчлэн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4 дэх хэсэгт тухайн зах зээлд давамгай байгаа этгээдүүд өөрт нь хандсан хүмүүстэй заавал гэрээ байгуулах үүргийг олгосон. “ХБ” ХХК-ийг давамгай байдалтай аж, ахуй нэгж гэдгийг тогтоосон хэрэгт хамаарал бүхий баримт, захиргааны байгуулллагын шийдвэр байхгүй бөгөөд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор “ХБ” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийг давамгай байдалтай аж, ахуй нэгжээр тогтоосон боловч уг актад гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2016/0428 дугаар шийдвэрээр уг актыг илт хууль бус болохыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан.

 

            Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 6/16 тоот дүгнэлт, 6/42 тоот албан шаардлагуудыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 0485 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2016/0578 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 363 дугаар тогтоолоор тус тус илт хууль бус акт болохыг тогтоожээ.

 

            Түүнчлэн Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах зөвлөлийн 2007 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01 тоот тогтоолоор ХБ ХХК-ийг орон нутагт давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоосон бөгөөд Улаанбаатар хотын хувьд давамгай байдалтай аж, ахуй нэгж биш байна.

 

Дээрх хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4, 187 дугаар зүйлийн 187.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй байх тул зээлийн гэрээ байгуулахыг “ХБ” ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Түүнчлэн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн хорооны 19/1004 дугаартай шийдвэрийн Угтвар болзлууд хэсгийн ХБинд үлдэгдэлтэй дэд зээлээс бусад зээлүүдийн үндсэн төлбөрийг бүрэн төлж хаасан байх гэсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус, зээлийн гэрээ байгуулж, олгохыг ХБинд даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь Хөгжлийн банкнаас БҮК-1 төсөлд олгох 13 тэрбум төгрөгийн зээлийг олгоогүйгээс БҮК-1 төслийн хэрэгжилт зогссоноос 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл олох байсан орлого 5.616.554.150 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ гэрээний санхүүжилт зогссоноос хохирол учирсан гэж тайлбарласан. Гэрээ байгуулагдаагүй тохиолдолд гэрээний санхүүжилт зогссонтой холбоотой хохирлыг гаргуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулах үе шатанд буюу гэрээ байгуулах үйл ажиллагаатай холбоотой өөрт учирсан хохирлыг тодорхойлж гаргаагүй байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.

 

Харин хариуцагч талын өмгөөлүүлэх эрхийг хангаагүй, хэргийн материалтай танилцуулаагүй гэх гомдол нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул уг гомдол үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01825 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2, 189 дүгээр зүйлийн 189.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн хорооны 19/1004 дугаартай шийдвэрийн Угтвар болзлууд хэсгийн ХБинд үлдэгдэлтэй дэд зээлээс бусад зээлүүдийн үндсэн төлбөрийг бүрэн төлж хаасан байх гэсэн хэсгийг хүчингүй болгуулах, БҮК-1 төслийн 13 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулж олгохыг ХБинд даалган, Хөгжлийн банкнаас БҮК-1 төсөлд олгох 13 тэрбум төгрөгийн зээлийг олгоогүйгээс БҮК-1 төслийн хэрэгжилт зогссоноос 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл олох байсан орлого 5.616.554.150 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “ХБ” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65 157 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

            ШҮҮГЧИД                                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА